Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0328

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0328

Улаанбаатар хот

 

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-Э

 

Нэхэмжлэгч: М.А

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл

Гуравдагч этгээд: Г.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 0* дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, болзол, шаардлага хангасан, шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан М.А ийг Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 122/ШШ2024/0007 дугаар шийдвэртэй;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-Э,

Гуравдагч этгээд Г.М нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 116/2023/0024/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч М.А-ээс Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, болзол, шаардлага хангасан, шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан М.А ийг Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд даалгах”-аар маргасан байна.

 

  2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0007 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1, 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуульд заасан болзол, Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан М.А-ийг Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

 

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-Э-ээс давж заалдах гомдолдоо:

 

  3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “.... Ойн албаны даргын албан тушаалтын тодорхойлолтыг баталж, тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг “Ой зүйч, судлаач, ойн инженер” гэж тодорхойлсон байхад хариуцагч салбар зөвлөл нь мэргэжлийн тусгай шаардлага хангахгүй этгээдийг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэн, сонгон шалгаруулалтад оролцуулж, тэнцсэнд тооцон улмаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 

“Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт”-ын мэргэжлийн индексийг нээлттэйгээр зарлаж ерөнхий индексээр тусгай шалгалтыг авч болох талаарх чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс өгсний дагуу шалгалтыг зохион байгуулсан. Тус шалгалттай холбооттойгоор нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 02/880 дугаар албан бичгээр “... Нэр дэвшигч Г.М нь албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг тус тус хангасан байна” гэх хариуг иргэн М.А-т хүргүүлсэн байдаг.

 

Дээрхээс дүгнэвэл Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалт нь Төрийн албаны тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1-д заасан төрийн албаны баримтлах зарчмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхээс тус хуульд заасан зарчмыг баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

 

3.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “....Шалгалтын комисс нь Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд Г.М-г бүртгэж, шалгалтад оролцуулан, хамгийн өндөр оноо авсанд тооцож тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан нь дээрх хууль, журмын зохицуулалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын тусгай шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр улсын хэмжээнд зарласан боловч оролцогч бүртгүүлээгүй шалгалт хойшлогдсон. Дахин тусгай шалгалтыг зарлаж Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар тусгай шалгалтыг улсын хэмжээнд зарлаж, шалгалтын бүртгэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд csc.gov.mn цахим шуудангаар зарлагдсан ажлын байранд өрсөлдөх иргэдийн материалыг хүлээн авсан.

 

Бүртгэлийг хянаж баталгаажуулалтыг хийхэд дэс түшмэлийн удирдах албан тушаалд /аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга/ 3 иргэн материал илгээсэн бөгөөд 1 иргэн дутуу материал ирүүлсэн тул бүртгэлийг цуцалж 2 иргэний илгээсэн материалыг хүлээн авч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” тогтоолд заасны дагуу бүртгэлийг баталгаажуулсан болно.

 

Монгол Улсын хэмжээнд Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн индексийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 тушаал, 2014 оны А/370 тушаал Магистр, доктор, 2017 оны А/52 тушаал, 2022 оны А/160 тушаал зэрэг тушаалуудаар баталсан байгаа. Мэргэжлийн индекс нь ерөнхий, төрлийн, нарийвчилсан гэж байдаг бөгөөд төрийн албаны зөвлөлөөс мэргэжлийн индексийг ерөнхий чиглэлийн дагуу дүйцүүлэн бүртгэх болох талаар арга зүйг сургалтаар чиглэл өгч байсан. Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын шаардлагад ой зүйч, судлаач, ойн инженер” гэж заасан байсан.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалын хавсралтад 08 ерөнхий чиглэлийг удирдлага болон тусгай шалгалтыг нээлттэй бүртгэсэн болно. Г.М-ийн мэргэжлийн индекс нь Бакалавр /080101/ Экологич, байгаль хамгаалал, магистр /05210201/, Хүрээлэн буй орчин судлал мэргэжил нь тухай албан тушаалын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил ажлын туршлагад ерөнхий индекс таарч байгаа мөн ажилласан жил туршлага нь аймгийн мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчин хяналтын улсын байцаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Усны нөөц хадгалалт, хамгаалалтын мэргэжилтнээр ажиллаж байсан туршлага зэргийг харгалзан бүртгэл хийсэн.

 

3.3. Мөн Төрийн албаны зөвлөлөөс мэргэжлийн индексийг ерөнхий чиглэлийн дагуу дүйцүүлэн бүртгэх талаар чиглэл өгч байсны дагуу Г.М-ийн мэргэжлийн индекс, чиглэлийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжилтэй дүйцүүлэн бүртгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д төрийн алба нь тогтвортой байх зарчмыг баримтална гэж заасан тул мэргэжлийн индексийг ерөнхий индекс дүйцүүлэн бүртгэсэн болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандан Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу тус шалгалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрнээ М.А-ийг Ойн албаны даргын албан тушаалд томилохыг даалгаж” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль тогтоомжид нийцээгүй болно.

 

Учир нь Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай”-ын тогтоолын 7.2-т “...шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу албан тушаалд нь томилохоор нэр дэвшүүлдэг болно. Гэтэл анхан шатны шүүхээс тус шалгалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байх тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 122/ШШ2024/0007 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандин-Эрдэнийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, болзол, шаардлага хангасан, шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан М.А-ийг Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд даалгах” гэж тодорхойлжээ.

1.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-Э-ээс “...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 5 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бүртгэл явуулсан бөгөөд бүртгэлтэй холбоотой гомдол, хүсэлт сонгон шалгаруулах комисст ирээгүй,... Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Хоёр. Хууль хэрэглээний талаар:

2.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д ““байгаль орчин” гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;”, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;” гэж зааснаас үзэхэд ой нь байгаль, экологийн өргөн хүрээг хамарсан ойлголт байна.

2.2. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;”, 17.3-т “Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 17.3.3-т “өөрийн харьяа ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;” гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд, ойн анги нь бие даасан салбарын нэгж биш харин аймгийн Байгаль орчны газарт харьяалагддаг, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байна.

2.3. Дээрх хуулийн заалттай уялдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын зохицуулалтын дагуу Дорнод аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалаар харьяа “Ойн анги” буюу “Ойн албаны” даргын албан тушаалын тодорхойлолтыг албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн боловсруулж баталсан байх бөгөөд уг албан тушаал нь ахлах, дэс түшмэлийн удирдах албан тушаал байна. /1-р хх-ийн 163-165 тал/

2.4. Уг тушаалаар батлагдсан Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “мэргэжил” гэсэн хэсэгт “ой зүйч, судлаач, ойн инженер” гэж тусгагдсантай холбогдуулан нэхэмжлэгч М.А-ээс “... Төрийн албаны зөвлөл нь Ойн албаны даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох ой зүйч, судлаач, ойн инженер” байх мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй Г.М г бүртгэн шалгалт оруулж, Ойн албаны даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй.

2.5. Ойн албаны даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын зар Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар зарлагдаж, шалгалтыг зохион байгуулах комисс 2023 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд цахим бүртгэлээр Монгол Улсын Их сургуулийг “Ойн судлал” мэргэжлээр төгссөн М.А-ийг болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг “экологич, байгаль хамгаалал” мэргэжлээр төгссөн гуравдагч этгээд Г.М нарыг шалгалтын комисс бүртгэхдээ Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар баталсан Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “мэргэжил” гэсэн хэсэгт тусгагдсан “ой зүйч, судлаач, ойн инженер” гэх шаардлагаас гадна бусад тусгай шаардлагууд болох “боловсрол, мэргэшил, туршлага” зэргийн харгалзан үзсэн нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын зохицуулалтыг зөрчөөгүй байна.

2.6. Түүнчлэн тухайн албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг нь Ойн салбарын хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өмнө хариуцахаар тусгагдсан байна.

2.7. Үүнээс үзвэл, дээрх 2 нэр бүхий иргэд Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар баталсан “Ойн албаны даргын хууль тогтоомжоор хэрэгжүүлэх чиг үүрэг, зорилт” хэсэгт тодорхойлсон, албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг болон тусгай шаардлага /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага/-уудыг хангасан байна.

2.8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд төрийн албаны шалгалтын өндөр оноог гуравдагч этгээд Г.М авч нэгдүгээрт, нэхэмжлэгч М.А 88 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байх тул төрийн албаны тусгай шалгалтын комиссын дүнг үндэслэн Г.М-г “Ойн албаны дарга”-ын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалттай нийцжээ.

2.9. Анхан шатны шүүх Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг ... албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Харин гуравдагч этгээд Г.М-г байгаль хамгаалал, экологийн бакалавр зэрэгтэй экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй тул “Ойн албаны даргын албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

2.10. Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалын Тушаах нь хэсгийн 2 дахь хэсэгт “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн мөрдсүгэй” гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр 2003 онд болон 2006 онд дээд сургууль төгссөн гуравдагч этгээд Г.М, нэхэмжлэгч М.А нарт холбогдуулж журмыг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.11. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 122/ШШ2024/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 33 дугаар зүйлийн 33.3, 33.4, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-ийн Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М.А-ийг Дорнод аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Дорнод аймаг дахь салбар зөвлөл даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                    О.ОЮУНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                   З.ГАНЗОРИГ 

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА