Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

                        улсын яллагч О.Баасанхүү,

                        хохирогчийн өмгөөлөгч  С.Санжаажамц

            шүүгдэгч Ж.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт Ж.Цэвэлмааг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000617 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Голомт банкинд Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн ажилтай, ам бүл-3, эх, ах нарын хамт Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-1 гудамж 191 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ахид овогт Жигжжавын Цэвэлмаа /регистрийн дугаар ЧМ 85031766/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.Цэвэлмаа нь 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар 19 дүгээр хорооны нутаг “Хуурай мухар”-ын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоуоtа fаnсагgо” маркийн 16-46 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" 9.1 "Жолооч ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 613 дугаартай

гэрэлтүүлгийн шонг Сүхбаатар 19 дүгээр хорооны нутаг Хуурай мухарын 11,12 тоот хашааг мөргөж онхолдсоны улмаас хохирогч П.Дорждэрэмийн биед хүнд, Д.Баттөмөрийн биед хүндэвтэр гэмтэл, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-д 715.250 төгрөгийн, иргэн Х.Адъяад 1.637.988 төгрөгийн, иргэн Г.Сүхбаатарт 201.569 төгрөгийн хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна өөр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна.” гэв,

 

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн "...2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Голомт” банкныхаа зуслангийн нээлтээс гэрлүүгээ харихаар болж өөрийнхөө эзэмшлийн 16-46 УБЧ дугаартай Т.Панкарго маркийн автомашиныг жолоодон хамт ажилладаг Баттөмөр, Дорждэрэм нарын хамтаар шөнийн 02-03 цагийн орчимд Санзайгаас гарч ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгээр явж байхад замд нэг замын цагдаа намайг дохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоох гэж байснаа зогсоогоогүй чигээрээ ойролцоогоор 60-70 орчим км цагийн хурдтай явж байгаад “Хуурай мухар”-ын эргэлтэн дээр замаас гарч замынхаа зүүн гар тал руугаа онхолдсон. Гэхдээ би осол хэрэг болсон газар дээр сүүлд нь явж очиход тухайн зам нь эргэлттэй зам биш байна лээ. Би өөрөө тухайн үед замын эргэлт байна гэж бодоод машинаа зүүн гар тал руугаа жолооныхоо хүрдийг дарсан байсан. Тэгсэн замаас гарч онхолдсон. Тэгээд хэсэг зуур ухаан алдаад сэрэхэд машин доошоогоо харчихсан машины баруун урд хэсэгт Баттөмөр уначихсан миний цаахна талд Дорждэрэм газар хэвтэж байсан. Тэгсэн тэр хавийн хүмүүс ирчихсэн удаагүй түргэн тусламж ирээд бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн зам жаахан эргэлттэй зам байсан. Тэгээд хурдаа тохируулж яваагүйгээс болж замаас гарч онхолдсон. Машиныг тухайн үед би жолоодон явсан. Харин жолоочийн хажуугийн урд сандал дээр Баттөмөр, арын сандал дээр Дорждэрэм сууж байсан. Мийний машины 2 зорчигч нар хоёулаа бэртэж гэмтсэн…” гэсэн мэдүүлэг /хх-171-173/,

 

Хохирогч П.Дорждэрэмийн “...2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө яг хэдэн цагийг нь санахгүй байна. Хамт ажилладаг Цэвэлмаатай таарч Цэвэлмаа “хот руу явлаа” гээд би Т.Панкерго маркийн автомашины арын суудал дээр сууж харин машиныг Цэвэлмаа нь жолоодон жолоочийн хажуугийн урд суудал дээр Баттөмөр суугаад бид 3 хот руугаа чиглэлтэй явсан. Тэгээд удахгүй замд явж байхад яг хаана гэдгийг нь санахгүй байна замын цагдаа манай машиныг дохих шиг болсон Тэгсэн Цэвэлмаа машинаа зогсоох гэж хурдаа сааруулж байснаа хурдаа нэмчихсэн. Тэр үед би “хурдаа хасаарай, удаан яваарай” гэж нэг хэлсэн. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-24-26/,

 

Хохирогч Д.Баттөмөрийн “...2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг Ойн булаг Голомт банкны зуслангаас Т.Панкарго маркийн 16-46 УБЧ улсын дугаартай автомашиныг Цэвэлмаа жолоодон би жолоочийн хажуугийн суудал дээр сууж арын суудал дээр Дорждэрэм суугаад бид нар хот руугаа орох гээд хөдөлцгөөсөн. Тэгээд Ойн булаг зуслангаас гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй явж байхад замд замын цагдаа манай машиныг зогс гэж дохисон. Тэгсэн Цэвэлмаа машиныхаа хурдыг сааруулаад дохиогоо өгөөд зогсох гэж байснаа нилээн хурдтай хөдлөөд явчихсан. Тэгсэн тухайн замын эргэлт ертөнцийн зүгээр зүүн зүг рүүгээ замаас гарчих шиг болсон тэгэхэд тухайн үед машин 2 эргэлдээд явчихсан тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Доржсүрэнгийн “...Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухарын замд замын зүүн талын урд хэсэгт байрлах 613 дугаартай Гэрэлтүүлгийн шонгийн суурь гэмтсэн газарт би өөрийн биеэр очиж үзэхэд Лед Гэрэлтүүлгийн толгой хагарч, СИП кабель тасарсан. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолын дагуу гаргасан үнэлгээгээр нийт 949.411 төгрөгийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-54/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Сүхбаатарын “...Манай хашааны баруун талын урд хэсгийн 10 гаран метрийн модон хашааг эвдсэн. Өөр эвдрэл гэмтэл учраагүй. Ослоос болж манай тэр хавиас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Миний учирсан хохирлыг төлсөн болохоор миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-62/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Адъяагийн “...2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэртээ байж байгаад гарч бие засаад гэрлүүгээ ороод унтаж байтал манай 11 тоотын хөрш Сүхбаатар нь утсаар залгаад гэрийн гадаа осол болчихсон байна. Манай танай гэрийн хашаануудыг эвдэлсэн байна гэж хэлсний дагуу гарч үзэхэд улаан өнгийн автомашин нь манай гэрийн төмөр хашаануудыг эвдээд баруун урд хэсэгт улаан автомашин нь доошоогоо харчихсан 4 дугуйнууд нь дээшээгээ харсан байдалтай байсан. Харин машины хажууханд нь эрэгтэй эмэгтэй 2 хүн уначихсан харин хашаан дотор талд бас нэг эмэгтэй газар хэвтэж байсан. ...одоо миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-65/

 

Гэрч Г.Сүхбаатарын “…2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна шөнийн 02-03 цагийн орчимд гэртээ байж байгаад бие засчхаад дөнгөж орон дээрээ гутлаа тайлаад орондоо ороод хэвтсэн чинь гадаа түс тас гээд явчихсан тэгээд гараад хартал бөөн тоос бужигнасан байсан тэгээд эргэж гэртээ ороод хувцсаа өмсөөд гараад иртэл нэг улаан өнгийн автомашин нь манай урд талын хашаанд дээшээгээ харсан байдалтай байсан. Харин машины баруун гар талын урд хаалганы харалдаа нэг эрэгтэй хүүхэд газар хэвтчихсэн, цаашаагаа хартал дахин машины хойд зүгт 2 эмэгтэй газар уначихсан нэг эмэгтэй нь нилээн муу хэвтэж байсан тэгээд би өөрийнхөө 88807017 дугаарын утсаар 102 болон 103 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсны дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийхэд нь би өөрөө хүмүүс хаана хаана унасан байсныг зааж өгч хэмжилтүүдийг хийлгэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-72/,

 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №9013 тоот актын “...П.Дорждэрэмийн биед шаант болон тахилзуурын ил хугарал, баруун дунд чөмөгний хоёрлосон далд, зүүн дунд чөмөгний ил хугарал, аарцаг ясны далд хугарал, хоёр шууны далд хугарал, зүүн өвдөг, шуунд шарх, гайморын хөндийн урд хана, зүүн 3, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-78/,

 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №9100 тоот актын “...Д.Баттөмөрийн биед зүүн богтос ясны далд хугарал, тархи доргилт, хуйхны шарх, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-83/,

 

Техникийн шинжээчийн 408 дугаартай “...”Тоуоtа fаnсаrgо” маркийн 16-46 УБЧ маркийн автомашины жолооч Ж.Цэвэлмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан уедээ тээврийн хэрэгсэл жолоодох" 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх-153-154/,     

 

Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, Согтолтын зэрэг шалгасан баримт /хх-10/, тэврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-11/, эмчилгээний зардлын баримтууд /хх-30-45/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогоол /хх-61, 64/, Виндо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-97-106, 112-123, 132-144/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-153-154/, шүүгдэгч Ж.Цэвэлмаагийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-201/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-205, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-207-210/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /212-217/,  эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн баримт /хх-219/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа нь 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар 19 дүгээр хорооны нутаг “Хуурай мухар”-ын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоуоtа fаnсагgо” маркийн 16-46 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" 9.1 "Жолооч ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 613 дугаартай гэрэлтүүлгийн шонг Сүхбаатар 19 дүгээр хорооны нутаг Хуурай мухарын 11,12 тоот хашааг мөргөж онхолдсоны улмаас хохирогч П.Дорждэрэмийн биед хүнд, Д.Баттөмөрийн биед хүндэвтэр гэмтэл, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-д 715.250 төгрөгийн, Х.Адъяад 1.637.988 төгрөгийн, Г.Сүхбаатарт 201.569 төгрөгийн хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь дээр дурдсан хохирогч П.Дорждэрэм, Д.Баттөмөр, иргэний нэхэмжлэгч Х.Адъяа, Г.Сүхбаатар  нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9013, 9100 тоот актын дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 408 тоот дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ж.Цэвэлмаагийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ж.Цэвэлмаа нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн П.Дорждэрэмийн бие махбодид хүнд, иргэн Д.Баттөмөрийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-д 715.250 төгрөгийн, Х.Адъяад 1.637.988 төгрөгийн, Г.Сүхбаатарт 201.569 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул түүнд энэ зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дээрх гэмт хэргийн хохирогч П.Дорждэрэмд 9.280.359 төгрөгийн, Д.Баттөмөрт 360.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т 715.250 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Адъяад 1.637.988 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Сүхбаатарт 201.569 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Цэвэлмаа нь хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан дээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Цэвэлмааг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч П.Дорждэрэм болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч П.Дорждэрэм нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг “иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ж.Цэвэлмаад ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Цэвэлмаагийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамжны 19 дүгээр байрны 77 тоот 46.42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.  

 

 

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.Цэвэлмаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

 

 

1.Шүүгдэгч Ахид овогт Жигжжавын Цэвэлмааг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Жигжжавын Цэвэлмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Цэвэлмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201624000617 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Цэвэлмаа энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол саналгүй, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Ж.Цэвэлмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6.Хохирогч П.Дорждэрэм нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Сүхбаатар дүүргийн 8-р хороо 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 19 дүгээр байрны 77 тоот 46.42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ж.Цэвэлмаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий   этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Цэвэлмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.БОЛДБААТАР