Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Ө.Бакытбек нарын бүрэлдэхүүнтэйгээр

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

         Улсын яллагч Э.Ууганзаяа

          Хохирогч Ц.*******

         Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Егөс овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2136000000095 дугаартай,178/2022/0138/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд авто машины засварчин мэргэжилтэй, ам бүл-5, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын Намаржин багт оршин суух, ******* регистрийн дугаартай,Егөс овгийн *******ын *******,

 

                                                Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Намаржин багийн “*******” гэх газарт хаваржих гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн ах Ц.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцадаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ц.*******г хутгалж биед нь зүүн талын суганы урд шугамаар 12 дугаар хавирганы доод ирмэгээр цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг дайрч, дэлүүг нэвтэлсэн шарх, дэлүүний задрал,цээж болон хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 9-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Намаржин багийн “*******” гэх газарт байх гэрт хийв... гэрээс баруун хойд зүгт дэрсэн дотор 25см урттай, бариул хэсгийн урд талд 1х0.5см улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1ш хутга байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-6х/

Эд зүйлд буюу хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8х/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний 272 дугаартай: ” Ц.*******гийн биед нь зүүн талын суганы урд шугамаар 12 дугаар хавирганы доод ирмэгээр цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг дайрч, дэлүүг нэвтэлсэн шарх, дэлүүний задрал,цээж болон хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл, тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд, “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-32х/

Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Ц.*******ийн хамт малаа хашаанд оруулчихаад гэр лүү явж байхад Ц.******* 2 хүүхдийг угж алга болголоо гээд загнаад байхаар нь  “чи яагаад хүүхэд загнаад байгаа” гээд гэрт ороод суусан. Гэрт ороод би ээжийг “та угж авчихгүй яасан юм бэ” гэж загнахад Ц.******* та яагаад ээжийг загнаад байгаа гээд ширээний цаанаас босож ирээд пиздаа чинь гээд хажуугаар өнгөрөх шиг болоод гэрийн хаалгаар гараад явсан.Ширээний араас намайг босох үед Ц.Төмөрсүх хажуугаар өнгөрсөн тэр үед бөөр лүү хатгах шиг болсон.Дээлээ тайлаад харахад цус гарч байсан. Тухайн үед Ц.******* тавагтай мах идэж байсан.Надад гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг./хх-48,74х/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаартай “хохирогчийн өмсөж байсан дээл, цамц, хутганд” мөр судлалын шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-66х/

Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны орой гэрт байхад ах Ц.*******, дүү Ц.******* нар гаднаас маргалдаж орж ирсэн. Ц.******* хоолоо идээд сууж байгаад ахыг ээж рүү загнахаар нь яагаад ээж загнаад байгаа гээд мах идэж байсан хутгаа гартаа бариад босох шиг болсон. Ах доошоо тонгойгоод намайг хутгалчих шиг боллоо гэсэн. Дээлийг тайлахад цус гарч байсан. Тэр 2 ширээний 2 талд сууж байсан. Хоорондоо маргалдаад босох шиг болсон. Ц.******* хутгаар мах идэж байсан. Хутгатайгаа хамт боссон.Тэр 2-ыг салгах хооронд Ц.******* хэвлийгээ дараад намайг хутгаллаа гэсэн. Тухайн үед Ц.******* гэрээс гараад явсан удалгүй буцаж ирээд Ц.*******г түшээд тээврийн хэрэгсэлд суулгасан гэсэн мэдүүлэг./хх-20х/

Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед эмнэлэг дээрээ байхад хүн хутгалуулсан гэх дуудлагаар ******* гэх айлд очиход Ц.*******, дүү Ц.*******, эмч Ганзул нар байсан. Би Ц.*******д үүссэн шархийг хөндөж хараагүй, боолт хийчихсэн анхны тусламж үзүүлсэн байсан болохоор цус тогтоох, судас хамгаалах дотуур цус алдалтын хүндрэлээс хамгаалах тариа хийж шууд эмнэлэгт авчирсан.Шарханд нь 8 ш оёдол тавьсан болно.” гэх мэдүүлэг /хх-27х/

Гэрч О.Жавзанханд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би нөхөр Ц.*******тай гэрлээд 3 жил болж байна. Манай нөхөр дээрээ 1 эгч, 6 дүүтэй хүн. Манай нөхөр бид 2 амралтын өдрүүдээр байнга хадам ээж, дүү Ц.*******, Ц.******* нар дээр очдог манай нөхөр ээж дүү нартайгаа эвтэй, энгийн харьцаатай байдаг.Урьд өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан хийдэггүй байсан. Дүү Ц.******* энгийн харьцаатай архи дарс ууж надаа лав харагдаагүй. Дүү нартайгаа эвтэй байдаг” гэх мэдүүлэг /хх-125х/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн тухай тухай/хх-94-97

Хохирогч Ц.*******гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-100-118х/

Шүүгдэгч Ц.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Намаржин багийн Засаг даргын тодорхойлолт, малын 2021 оны тооллогын баримтууд /хх-128-137х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-133х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ц.******* нь ахаа хутгалж хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч зүйлчлэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Ц.******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй ахуйн маргаанаас улбаалж хохирогч Ц.*******г босоод намайг цохих гэж байна гэж бодож санамсаргүйгээр хутгалсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Санаатайгаар хутгалах бодолгүй байсан. Сэтгэл санаа тухайн үед цочролд орж гэмт хэрэг үйлдсэн тул болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан  гэж зүйлчлэх саналтай гэж мэтгэлцсэн болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, санамсар, болгоомжгүйгээр үйлдсэн нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хохирогчийн буруутайгаас санамсаргүй хүнд хохирол учруулсан байна гэв.

Шүүгдэгч Ц.*******ийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой ах Ц.*******гийн хамт малаа хашаалж байхдаа малын угж алга хийсэн гэх шалтгаанаас болж хүүхэд загнахад ах Ц.******* нь хүүхдүүдийг өмөөрч дүү Ц.*******ийг загнаж, маргаан үүсгэсэн. Улмаар гэрт орж хохирогч Ц.******* угжны талаар ээжийгээ загнахад дүү Ц.******* ээжээ өмөөрч ахтайгаа маргалдаж мах идэж байсан хутгаар ах Ц.*******г босох үед нь хутгалж хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Харин гэр бүлийн хамаарал бүхий буюу төрсөн ахаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй тул гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1"гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох  бол гэр бүлийн хүчирхийлэл нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэлийн хэлбэртэй байхаар тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.******* нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ах Ц.*******д гэр бүлийн хүчирхийлэлийн аль нэг хэлбэрээр буюу бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдоогүй. Учир нь шүүгдэгч Ц.******* ах Ц.*******г “ээж рүү дайрч загналаа, дандаа ингэдэг юм гэсэн шалтгаанаас болж уур бухимдлаа барьж дийлэлгүй хутга хэрэглэж гэмтэл учруулсан нь ах дүү нарын гэр бүлийн ахуйн хүрээнд үүссэн маргаанаас шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.*******ид Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.*******гийн болон тухайн хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч Ц.*******, гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ц.*******гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн карт, хэрэг учрал болсон газрын үзлэг, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 дугаар сарын 24-ний 272 шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ах дүүгийн нэг нэгнээ хүндлэх ёс, уур бухимдлаа барьж дийлээгүйгээс, нөгөө талаас  ах хүний зүй бус харьцаанаас улбаалан хутга хэрэглэж биед нь халдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

          Иймд шүүгдэгч Ц.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний 272 шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Ц.******* хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримаа гаргажж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Ц.*******оос ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлын талаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн-133-р тал/  тогтоогдож байна.

Гэрч Г.Нямсүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ц.******* нь ******* сумын Намаржин багт ээж, ахын хамт мал маллаж амьдардаг. Ц.******* нь зан аашийн хувьд хэвийн олонтой явдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, багийн олон нийтийн ажилд идвэхитэй оролцдог залуу байгаа.Ах Ц.*******тай урьд өмнө нь маргалдаж, хэрэлдэж, цохилдож байгаагүй эв найртай, тус думтэй явдаг улсууд байгаа” гэх мэдүүлэг/хх-127х/

Гэрч Э.Мядагмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ц.******* нь манай нагац ахын хүүхэд байгаа.******* сумын Намаржин багт ээж, ахын хамт мал маллаж амьдардаг. Ямар нэгэн муу зуршилгүй. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.Амьжиргааны түвшин доогуур дундаж амьдралтай айл юм”гэх мэдүүлэг/хх-122х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн хуульд зааснаар 7 жил 5 сарын хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,шүүгдэгчээс гаргуулах төлбөр, зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдээс шалтгаалсан нөхцөл байдлыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

          Шүүгдэгч Ц.*******ид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөргүй байдал болон улсын яллагч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч Ц.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.4-т заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ц.*******ид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25см урттай бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Егөс овогт *******ын *******ид Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Шүүгдэгч Егөс овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Егөс овогт *******ын *******ид 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25см урттай бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Т.ЦЭЦЭГМАА

                                             ШҮҮГЧ                                                                Ө.БАХЫТБЕК