| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0275/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/292 |
| Огноо | 2022-09-07 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0275/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218002050319 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Э /РД: ........ /, ..... оны .... дугаар сарын ... -ний өдөр ..... аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машины тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , .......-ийн хамт ................ дүүргийн ..........дугаар хорооны ........ дугаар хэсгийн ..... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Э-ыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар үйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь ....... аймгийн ....... сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт “У” ХХК-ийн 6 давхар барилгын гадна шилэн фасадын ажлыг хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас туслах ажилтан Ц.М ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2022 онын 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед тухайн барилгын 1 давхраас B1 давхар руу унаж гавал тархины болон цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ын мэдүүлсэн: “Би өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 56,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218002050319 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.М-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 29, 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод талийгаачтай уулзсан. Талийгаач дүү маань сүүлийн 2-3 жил зун нь Сэлэнгэ аймаг Шаамар суманд ногоо тарьдаг бөгөөд намар болохоор барилга дээр Улаанбаатар хотод туслахын ажил хийж явдаг байсан. Сүүлд ажиллаж байсан бригаддаа 2-3 жил ажилласан юм шиг байна лээ. Талийгаач дүү маань хоёр хүүхэдтэй, эхнэр хүүхдүүд нь Сэлэнгэ аймагт амьдарч байгаа. Талийгаач дүү маань зан байдлын хувьд хүнд тусархуу хар буруу санаа байхгүй, даалгасан ажлыг чамбай сайн хийдэг, сайхан сэтгэлтэй хүн байсан. Архи дарс уугаад байдаггүй байсан. ...Талийгаачийн оршуулгын буяны ажлын цогц үйлчилгээний байгууллага болох Суварга Буян ХХК-ийн тооцоо 5,500,000 төгрөг, Буяны ажилд явсан хүний гар цайлгах зэдний зүйлийн зардал 4,435,000 төгрөг, буяны ажлын цайллага 3,500,000 төгрөг, талийгаачид алтан хайрцаг нээлгэх буяны ном уншуулах, газар лус аргадах лам хөлслөх, хойдын буян даатгах зардал зэрэгт 3,000,000 төгрөг, цогцос тээвэрлэх зардалд 1,000,000 төгрөг, бусад зардалд 2,256,000 төгрөг, талийгаачийн хойдын з амд буйн үйлдэж модны бутны суулгац авч тарьсан зардал 309,000 төгрөг болсон. Нийт буяны зардал 20,000,000 төгрөг болсон. Бусад зардал болон цогцсын тээврийн зардлын зэргийн баримтыг олж авч чадсангүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95, 97, 99 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8, 9-15 дахь тал/,
“Г т” ХХК-ийн давтан зааварчилгааны бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 26 дахь тал/,
“У” ХХК болон “Г т” ХХК-ийн гадна шилэн фасад болон метал хавтангийн материал нийлүүлж угсрах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 28-32 дахь тал/,
“Г т” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар болон Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар /хавтаст хэргийн 35, 36 дахь тал/,
“Г т” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сургалтын бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/,
“Г т” ХХК-ийн эрсдэлийн үнэлгээний хуудасны хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/,
“Г т” ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “ Т.Тыг албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/,
ХАБЭА-н ажилтны мэргэшүүлсэн №А2014108 дугаартай Т.Тын гэрчилгээ /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 20180084 дугаартай Т.Тын сертификат, түүний хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Голомт банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 46, 48-50, 59 дэх тал/,
Хаан банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 47, 51-58, 60-61 дахь тал/,
“Тера экспрщесс” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3/025 дугаартай “...тус компанийн О т төсөлд ХАБЭАБО хариуцсан ажилтан албан тушаалтай Т.Т нь 2019.07.01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болно.” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 63 дахь тал/,
............... @gmail.com хаягийн майлийн хуулбар /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,
“У” ХХК болон “Г т” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21/07 дугаартай гадна шилэн фасад болон метал хавтангийн материал нийлүүлж, угсрах тухай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
“У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 76 дахь тал/,
Ц-ийн М-ы хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон ......... дугаартай актын хуулбар /хавтаст хэргийн 79 дэх тал/,
Гэрч Р.С-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Манай бригадад Э ахлаад А, Б, Б, талийгаач М бид нар тухайн барилга дээр шилэн болон метал фасадын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед тухайн барилгын 1 давхарт метал хавтанг талийгаач М, Б, А нар хамтдаа ялгаж байсан. Тэгээд нэг мэдэхэд М B1 давхар руу орсон дөрвөлжин нүхээр уначихсан толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс эмнэлэг дуудаад үзүүлэхэд нас барсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дэх тал/,
Гэрч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28, 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Б, М нарын хамтаар металь хавтан барилгын нэг давхарт ялгаж байсан. Энэ ажлыг хийх явцад Б М бид гурав тус тусдаа хавтан ялгаж байсан. Би барилгын урд хэсгийн баганаар метал хавтан өрж байсан. М барилгын зүүн талд багана хэсэгт металл хавтан өрж, Б барилгын зүүн урд хэсэгт байсан. Гэтэл удалгүй тухайн барилга доор буюу B1 давхраас хүмүүс барилгынхан байна уу хүн уначихлаа гэж орилоод байсан. Намайг очиход М ах толгойноос нь цус гарсан байдалтай баруун талаараа унаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би толгойноос гарч байгаа цусыг дарах гээд Бийн өмсөж байсан хантаазыг авч цус гарсан хэсэгт дарсан. Удалгүй түргэн тусламж ирээд нас барсан байна гэж хэлсэн. Бид нар “Г т” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нар юм. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед зааварчилгааг манай бригадын ахлах Э бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн. Г т ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер байгаагүй учраас Э бид нарт зааварчилгааг өгсөн. ....Талийгаач М архи уугаад их согтуу байхыг нь би хараагүй. Хааяа архи уудаг байсныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103, 129 дэх тал/,
Гэрч Г.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед М барилгын нэг давхарт металл хавтан зөөж байсан. Гэтэл удалгүй тухайн барилга дээр ажиллаж байгаа сантехникийн ажилчид ирээд танай нэг хүн зоорийн давхар руу уначихлаа гэж хэлсэн. Намайг очиход А ах очоод толгойноос нь гарч байгаа цусыг дарж байсан. Надаас дарах юм байна уу, анхны тусламжийн хайрцаг аваад ирээч гэж хэлж байсан. Тухайн үед би сандраад шууд куртикаа тайлаад толгойноос гарч байгаа цусыг нь дарсан. Удалгүй түргэн туламж ирээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн өдөр зааварчилгааг Э өгсөн. Г т ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер байхгүй учраас Э бид нарт зааварчилгааг өгсөн. Зааварчилгаа өгсөн бүртгэл гэж байдаг. Уг бүртгэл дээр гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Гэрч Д.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирээд талбайн инженер О, туслах Д, Б-Ө, А-Э нарын хамт ажлаа хэвийн гүйцэтгэж байгаад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 10 минутын үед бид тав уг барилгын зоорийн давхар руу орж ус буцалгаж цай уух гээд сууцгааж байсан. Тэгсэн чинь баруун талд пид гэх чимээ гарсан. Тэгэхээр нь гайхаад харсан чинь бид тавын сууж байсан газраас ойролцоогоор 20 метр орчим зайд гадна хананы гялгар хавтан барьчихсан тухайн барилга дээр ажилладаг залуу унасан байсан. Тэгээд бид нар яваад очсон чинь уг залуугийн хамраас цус гарсан ухаангүй хэвтэж байсан. Унасан залуу энгийн хувцастай байсан бөгөөд ямар хувцастай байсныг нь санахгүй байна. Ингээд бид нар хүмүүст барилгаас унасан талаар хэлж эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Манай Говь хийц ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уг барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Манай компанийн захирал Я.Намхай нь өдөр тутам аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,
Гэрч А.Алтан-Эрдэнийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17:10 цагийн үед барилгын зоорийн давхар руу орж ус буцалгаж цай уух гээд сууцгааж байсан чинь баруун талд пид гэх чимээ гарсан. Тэгэхээр нь гайхаад харсан чинь бид тавын сууж байсан газраас ойролцоогоор 20 метр орчимд гадна фасадны гялгар хавтан барьчихсан тухайн барилга дээр ажилладаг залуу унасан байсан. Уг залуу энгийн хувцастай байсан. Манай Говь хийц ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уг барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Манай компанийн захирал Я.Намхай нь өдөр тутам аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,
Гэрч Я.Оын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед барилга дээр очиж ажлаа эхэлсэн. Манай компаниас тэнд надаас гадна туслах Д, А-Э, Өрнөхбилэг, гагнуурчин Эрдэнэбилэг гэх 4 хүн ажиллаж байгаа юм. Тэгээд өнөөдөр өдөр тутам хийдэг ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. Тэгээд 17 цаг 10 минутын орчимд бид тав уг барилгын зоорийн давхар руу орж ус буцалгаад цай уух гээж сууцгааж байсан. Тэгсэн чинь баруун талд пид хийх чимээ гарсан. Тэгэхээр нь гайхаад харсан чинь бид нараас 10 орчим алхмын зайтай гадна фасадны гялгар хавтан барьчихсан тухайн барилга дээр ажилладаг залуу унасан байсан. Тухайн залуу хамгаалалтын хувцасгүй байсан. Тэгээд бид нар яваад очсон чинь хамраас нь цус маш ихээр гоожиж байсан. тэгэхээр нь бид нар ойртохгүйгээр гагнуурчин Эрдэнэбилэг харуулд нь хэлье гээд гараад явсан. Би тухайн үед нь фасадны ажилчид байна уу гэж орилоход фасадан дээр ажилладаг нэрийг нь мэдэхгүй жижиг биетэй залуу ирээд хажууд нь зогсож байсан. Би яг хэдэн давхраас унасан талаар мэдэхгүй байна. Манай компани уг барилгын туслан гүйцэтгэгчээр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Манай Говь хийц ХХК-ийн захирал Я.Намхай нь өдөр тутам аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Өдөртөө манай компаниас хоол, цай авч ирдэг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
Гэрч Н.Солонгын хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 10 дугаар сараас эхлэн “У” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. “У” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан. Би уг компанийг Ганзориг гэх хүнээс худалдан авсан. Анх авахад гаднах хашаа барьсан суурийг нь ухсан зураг нь хийгдсэн байдалтай байсан. Би тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр болон бусад хүмүүсээс зээл авч барьсан бөгөөд тухайн барилга нь худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилга. Би Г т ХХК-ийн захирал Азаа гэх залуутай гэрийнхээ цонхыг хийлгэж байхдаа танилцсан. Тэгээд тэднийхийг шилэн фасад металл хавтан хийдэг гэхээр нь өөрийн эзэмшлийн Дархан сумын .... дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын фасадны ажлыг хийлгэхээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Г.Т гэх захиралтай нь гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байсан. Г.Т гэх Г т ХХК-ийн захиралтай байгуулсан гэрээний гүйцэтгэгч талын үүргийн 4.4 дэх хэсэгт ажил гүйцэтгэх явцдаа өөрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас бага хэрэгсэл болох аваарын малгай бээлий, халтирах бат бөх гутал зэргийг хангах, 4.5 дахь хэсэгт өөрийн ажилчдадаа хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өдөр бүр өгч стандарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллана гэсэн байгаа. Энэхүү гэрээнд заасан заалтын дагуу гадна фасадын ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын хамгаалах ажлын хувцас хэрэгслийг болон хөдөлмөр аюулгүй ажиллагааг Г т ХХК нь хариуцна гэсэн үг юм. Г т ХХК-д манай компанийн зүгээс нийтдээ 622,061 долларын хөлс өгөхөөр тохиролцсон ба графикийн дагуу төлөлтөө хийгээд явж байгаа. Анх гадна фасадын ажил хийж эхлэх явцад уг компанийн ХАБ-ын инженер ирсэн. Өдөр бүр тэндээ ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Манай компанийн зүгээс Г т ХХК-д шаардлагатай хөлс төлбөр тооцоог өгч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/,
Гэрч Т.Т-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Би Т эХХК-д хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр 2019 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа. Тухайн компани О т ХХК-д Гашуун сухаат боомтоор баяжмал тээвэрлэдэг компани. Мөн Г т ХХК-д ажилгүй ажиллагааны хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөх ажилтнаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Г т ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан асуудал байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй амаар ажиллая гэсэн байдалтай ярьсан. Би 2016 оноос Ф гэсэн нэршилтэй барилгын компанид хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнээр Г.Т ах менежерээр ажиллаж байсан. Г.Т ах надад хандаж анх ажлын санал тавьж байсан. Миний хувьд Г т ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би ойролцоогоор 500,000 төгрөгийг гурван удаа цалин хөлс гэж авсан. ...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сум О т-н уурхайн талбарт хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэнг шөнийн ээлжид ажиллаж байсан. би хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн. Тухайн үед би хоёр өдөр ажиллаж байгаад явсан. Тухайн үед талийгаачийг харж байсан. Амь хохирогч Ц.М нь Г т ХХК-д харьяалагддаг ажилтан байсан. Тухайн осол гарах үед би унтаж байсан бөгөөд Т ах 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед залгаж Түмээ барилга дээр осол болсон байна. Одоо яах ёстой юм бэ чи хэзээ ирэх вэ гэж ярьсан. Тэгээд би үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэх дүрмийн дагуу ажиллана гээд холбогдох мэдээлэл өгөх байгууллага руу буюу мэдээллийн хяналтын байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж хэлсэн. Э гэх залуу талбай дээр ажил гүйцэтгэдэг гардан зохион байгуулсан байсан. Тухайн “У” ХХК-ийн барилга гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө эрсдэлийн үнэлгээг Т захирал Э болон оператор угсрагч нартай хамтран хийсэн бөгөөд тухай ажил эхлэхийн өмнө ажилчдад урьдчилан зааварчилгаа өгөөд эрсдэлийн үнэлгээг MNS4969:2000 гэсэн стандартын дагуу хийсэн. Тухайн стандартад ХАБ-ын ажилтан ажил эхлэхийн өмнө нийт ажилчдад зааварчилгаа өгөх гэсэн заалтай байдаг. Тухайн үед талийгаач ажилдаа ороогүй байсан. Сүүлд ажилд орсон юм байна лээ. Өдөр тутмын давтан зааварчилгааны бүртгэлийг ахлах ажилтан Э өгөөд явж байсан. Талийгаачид Э зааварчилгаа өгөөд явж байсан. Э хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр суралцаагүй. Мөн Г т ХХК-ийн зүгээс намайг Өмнөговь аймагт ажиллаж байх үед намайг орлож зааварчилгаа өгөх этгээдээр томилсон тушаал бол байхгүй. Талийгаач М-д хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын чиглэлээр сургалт ороогүй. Шалтгаан нь гэвэл ажил эхлээд удаагүй 3 дахь сар дээрээ явж байсан учраас сургалт орж амжаагүй юм. Миний бие 4 дүгээр сарын 01-ний өдөр энэ сургалтыг ажлаасаа бууж ирээд ажилчдад орно гэж бодож байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
Г.Т-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр гэрчээр, 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хариуцагчаар тус тус мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “У” ХХК-тай гадна шилэн фасад болон металл хавтангийн материал нийлүүлж угсрах гэрээ хийсэн. Тухайн гэрээнд 2022 оны 06 дугаар сарын 15-нд гадна фасадыг хийж гүйцэтгэж хүлээлгэх өгөхөөр тусгагдсан. Тус компанийн барилгын гадна фасад хийх ажилд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын мэргэжилтнээр Т гэх залуу томилогдож ажилласан. Т гэх залуу Оюу толгойд үндсэн ажилтнаар ажилладаг. 14 хоног О тдээрээ ажиллаад 14 хоног амардаг. Амарсан үедээ Дарханд томилолтын зардал авч ирдэг. Т гэх залуутай миний зүгээс ах дүү болон гэр бүл садан төрлийн холбоогүй. Т нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагаас Төслийн урьдчилан зааварчилгаа гэх утгатай 1 цаг гарангийн сургалтыг Э, А, Б, Б нарт өгсөн. Миний бие тухайн үед хажууд нь байсан. Т өөрөө байхгүй үедээ утсаар, онлайнаар цахим байдлаар зааварчилгаа өгдөг. Ажилчдыг ажилд гарахын өмнө хэвлээд бэлдээд тавьсан зааварчилгаанд ажилчид гарын үсэг зураад явдаг. Т гэх залуугийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтэн гэж явдаг. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ХАБЭА-аар томилсон. Сард 500,000 төгрөгөөр цалин хөлс гэж тохирсон. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т Өмнөговь аймагт ажилаж байсан. Тухайн өдөр Т цахимаар зааварчилгаа өгч тэмдэглэл үйлдүүлсэн байх ёстой. ...Э тухайн ажилчидтайгаа цуг 3 өрөө байр түрээслээд амьдардаг болохоор хяналтаа тавиад явдаг байх гэж бодож байна. Би амь хохирогч Ц.М-ыг танихгүй. М-ыг хэзээнээс тус барилгад ажиллаж эхэлсэн талаар мэдэх зүйл алга байна. Эын бригадад ажиллаж байсан хүн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн холбогдох зааварчилгааг өгөх ёстой гэж бодож байна. Би буруутай албан тушаалтан хэн бэ гэдгийг мэдэхгүй байна. Этай нийлж байгаад ар гэрийнхэнд нь сэтгэлээсээ тусалж дэмжинэ гэсэн бодолтой байна. Э манай компанитай хөлсөөр ажиллаж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулна гэж яваад байгаа боловч ажлын ачааллаас шалтгаалаад гэрээ байгуулж амжаагүй байгаа. ...Би талийгаач Ц.М-ы буяны ажил явдлын зардал болон хохирогч Ц.М-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирлын тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123, 132 дахь тал/,
Гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Э ахлах А, талийгаач М бид нар өглөө 08 цагт ажил дээрээ ирээд ахлах Э-аас ажлын зааварчилгаа аваад ажлын хувцсаа өмсөөд ажилдаа гарсан. Би тухайн өдөр фасадны хавтан зөөх ажил хийж байгаад өдрийн цайндаа 13 цагт ороод 14 цагт цайгаа ууж дуусаад ажилдаа гарсан. Тэгээд хоёр давхарт ажлаа хийж байхад хүн уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь буугаад очсон чинь М унаж нас барсан байдалтай байсан. Би талийгаачийг нас барахын өмнөх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр талийгаачтай байрандаа 1 шил Хараа нэртэй 0,33 литрийн архи хувааж уугаад гэртээ орж амарсан. Талийгаач бид хоёр заримдаа ажил тараад гэртээ ирсэн үедээ байрны гадаа салхинд сууж 0,33 литрийн жижиг архи уудаг байсан. Тэрнээс байнга архи уудаггүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дахь тал/,
Гэрч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...М бол миний нөхөр. М 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдрөөрөө Дархан руу ажлаа хийх гээд явсан. Тэгээд 2022 онын 03 дугаар сарын 29-ний өдөр би талийгаачийг нас барсан гэдгийг мэдсэн. Талийгаач нөхөр маань F-70 буюу оюуны хөнгөн хомсдолтой гэсэн өвчтэй группт байдаг байсан. Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн заалттай айсан. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач барилга дээр өдрийн 45,000 төгрөгөөр туслах ажилтан хийж байгаа талаараа надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины болон цээжний хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндрөөс толгой болон биеийн хажуу хэсгээр унахад мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед учирсан хавсарсан гэмтэл нь амьд ахуй үед үүсгэгдэх боломжтой бөгөөд гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг BIII Rh/+/ байна. Талийгаачийн цусанд 4 промилли спирт илэрсэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 136-139, 144-147 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай “...Шинжилгээнд авсан Ц.М 2022.03.28 гэж хаягласан хуруу шилтэй цусны бүлэг нь BIII, Rh/+/ байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 140-141 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.М 2022.03.28 гэж хаягласан хуруу шилтэй цусанд 4 промилли спирт илэрсэн болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
Шинжээч С.Энхжингийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/2022/01 дугаартай “...1. Тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж мөрдөгдөөгүй байна. 2. а/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, б/мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг тус тус хангагдаагүй байна. в/ Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар баталсан Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 2.18 дахь “Захиалагч, гүйцэтгэгч нар барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг гүйцэтгэгч хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт тавих аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан томилж ажиллуулна” гэсэн заалт зөрчигдсөн. г/ Дээрх журмын 6.3.6 дахь “салхивч, шугам хоолой, шат, цахилгаан шатны хонгилыг хамгаалж, аюул, осол гарахаас урьдчилан сэргийлэх...” гэсэн гүйцэтгэгчийн үүрэг биелэгдээгүй. 3. 2 дугаар асуултад хариулсан. 4. 2 дугаар асуултад хариулсан. 5. Ажил олгогч болох иргэн Э нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй байна. 6. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 7. Уг осол ажил олгогчийн зүгээс ажилтан Ц.М-ыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан эсэх, ажилтан бүрэн хэрэглэж байсан эсэхээс үл шалтгаална. 8. Иргэн Ц.М ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн учраас үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. 9.1.Иргэн Б.Э нь осолдогч Ц.Мтай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцон ажиллуулж байсан учраас Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар ажил олгогч гэж үзнэ. 2. Тухайн үед уг барилгын ажилд Захиалагч /У ХХК/, Гүйцэтгэгч /Г т ХХК/, туслан гүйцэтгэгч /иргэн Б.Э/ нар оролцож байсан. 3. У ХХК-ийн захирал Н.С, Г т ХХК-ийн захирал Г.Т нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 21/07 тоот “Гадна шилэн фасад болон металл нийлүүлж угсрах гэрээ”-ний 4 дүгээр хэсгийн 10 дахь “Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн гуравдагч туслан гүйцэтгэгч байгууллага ажлыг шилжүүлж болохгүй.” гэсэн заалт зөрчигдсөн.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 156-157 дахь тал/,
Хяналтын улсын байцаагч М.Ууганбаатар, Ш.Хонгорзул, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №01-01-020/04 дугаартай шинжээчийн “...1. Талийгаач Ц.М нь Дархан-Уул аймгийн ...... дүгээр хороонд У ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилга дээр гадна фасадны ажил хийж гүйцэтгэхээр бригадын ахлах Б.Э-тай амаар тохиролцон ажиллаж байсан байна. Иймд Б.Э нь хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д /“ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;/-д заасны дагуу ажил олгогч нь мөн. Талийгаач Ц.М нь Б.Э-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д /Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно./-д заасны дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. 2. У ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль дүрэм журам заавар түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгчийн чиг үүрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх асуудлыг тусгаж өгсөн байгаа нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4 дах, 5 дах хэсэгт тодорхой байна. /хавтас хэргийн материалын хуудас 129-т/. 3. Захиалагч У ХХК-ийн захирал Н.С, гүйцэтгэгч Г т ХХК-ийн захирал Г.Т нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21/07 дугаар бүхий Гадна шилэн фасад болон метал хавтангийн материал нийлүүлж, угсрах гэрээг байгуулсан байна. Г т ХХК нь улсын бүртгэлийн 9011710059 дугаартай гэрчилгээтэй, Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон БУ16-1209/19 дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-8.1 ажил үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаанд оролцсон байна. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4-д (гүйцэтгэгч тал ажлыг гүйцэтгэх явцдаа өөрийн ажилчдынхаа хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгсэл болох аваарын амлгай, бээлий, хаьтирах бөх бат гутал зэргийг хангах ажиллах үүрэгтэйгээс гадна, ажлын байранд ажиллахдаа тухайн барилгын талбайн дотоод журамд захирагдаж гал усны аюулаас урьдчилан сэргийлэх үүргийг хариуцна.), 5-д (Тус гэрээт ажлыг гүйцэтгэхдээ өөрийн ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өдөр бүр өгч холбогдох стандарт, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллана.), мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт (Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн гуравдагч туслан гүйцэтгэгч байгууллагад ажлыг шилжүүлж болохгүй) гэж тусгагдсан байна. Г т ХХК-ийн захирал Г.Т болон Б.Э нар нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх асуудлыг амаар тохиролцож аман гэрээ хийсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д /Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно./-д заасны дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. Гэвч Б.Э нь амь хохирогч ажилчин Ц.Мг ажилд авахдаа Г т ХХК-ийн захирал Г.Тт мэдэгдэж ажиллаагүй, ХАБ сургалтанд хамруулаагүй байгаа нь бригад ахалсан Б.Эын буруутай үйлдэл байна. 4. Ажил олгогч Б.Э нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5-д /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалт, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./ -д заасныг тус тус зөрчсөн байна. 5. Засгийн газрын 67 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 14.1. дэх /Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон хувь, хугацаанаас үл хамааран өөрийн өвчний байдал, үе шатанд нөлөөлөхгүй ажил, хөдөлмөр эрхэлж болно/, Олон улсын өвчний 10 дугаар жагсаалт /ЮО/-ын 5 дугаар бүлгийн Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг хэсэгт /Р70 /Оюуны хөнгөн хомсдол/ өвчнийг …ихэнх насанд хүрэгчид ажиллаж хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд орох, нийгэмд хувь нэмэр оруулах чадвартай байна гэж тодорхойлсон/-д заасны дагуу талийгаач Ц.М нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж, ажил хөдөлмөр эрхэлсэн байна. Харин бригадын дарга Б.Э нь Барилгын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурлын байдалтай ажилтныг нэвтрүүлсэн нь "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/-ийн 6.1.6-д /Үйлдвэрлэлийн талбайд гадны хүмүүс, мансууралын байдалтай буюу тухайн талбайд ажиллах ёсгүй ажилтанг нэвтрүүлэхийг хориглоно. Барилгын үйлдвэрлэлийн талбай дээр ахуйн үйлчилгээ, ажлын байранд байж байх үедээ ажилтнууд, түүнчлэн бусад байгууллагын төлөөлөгчид нь тухайн байгууллагад мөрдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүрэгтэй./ заасныг зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 165-168 дахь тал/,
Б.Э-ын яллагдагчаар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би барилгын бригадтай бөгөөд манай бригад нь барилгын гадна фасадны ажил хийдэг. 2021 оны 10 дугаар сард “Г т” ХХК-аас Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дүгээр багт баригдаж байгаа барилгын гадна фасадны ажил хийх санал аваад би бригадын ажилчдынхаа хамт 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Ингээд манай бригадын А, Б, М, Б, С нар надтай цуг уг барилга дээр ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бид нар ажил дээр байж байгаад би хэмжээ авах гээд 1 давхраас 6 давхар руу гарч байсан чинь миний хойноос А дуудаад “М уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би доошоо гүйгээд очтол надтай хамт ажиллаж байсан М уг барилгын доторх 1 давхраас B1 давхар руу буусан 4м орчим өндөртэй лифтний нүхрүү уначихсан толгойноос нь их хэмжээний цус гараад юм ярих гэхээр амнаас нь цус гараад байсан. А, Б хоёр түүний толгойноос гарсан цусыг цамцаараа дараад сууж байсан. Би тэндээс юу болсон талаар асуусан чинь талийгаачийг яг унаж байхад нь харсан хүн байгаагүй бөгөөд доор байсан хүмүүс дуудахаар нь ирээд харсан чинь М уначихсан байсан гэж хэлсэн. Тэгээд би шууд түргэн дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Талийгаач нь ямар нэгэн байгууллага, компанид харьяалагдаж ажилладаггүй. Миний хариуцаж явсан бригадад туслах ажилтнаар ажилладаг байсан. Тийм болохоор ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байгаагүй. Би бригадын ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохирч ажил үүрэг гүйцэтгүүлж байсан ба цалинг сар бүр тогтмол цалинг нь олгодог байсан. Манай бригадын хувьд “Г т” ХХК-тай сүүлийн 3, 4 жилийн туршид хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ ажил гүйцэтгэх талаар ямар нэгэн гэрээ байгуулдаггүй бөгөөд хийх ажлаа ярьж амаар тохироод уг ажлыг гүйцэтгэж дууссаныхаа дараа тохирсон мөнгөө авдаг байсан. Би өөрийн бригадын ажилчдыг ажил үүрэг гүйцэтгэхэд нь байнга хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хангадаг. Манай бригадын гол ажил нь өндрийн дүүжинт өргүүр дээр барилгын фасад хийдэг. Тийм учраас би ажилчдадаа өндрийн бүс, хамгаалалтын каск, бээлий, ажлын хувцас, гутал зэргийг заавал хэрэглүүлдэг. Талийгаач Ц.Мы хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан тул би түүнийг өндрийн дүүжинт өргүүр дээр ажиллуулдаггүй бөгөөд түүгээр ойр зуурын хог шороо цэвэрлэх, ажилчдад багаж хэрэгсэл барилгын материал дөхүүлж өгөх зэрэг ажлыг л хийлгэдэг байсан. Тухайн хэрэг осол болох үед талийгаач М нь каск зүүгээгүй бусад хувцас хэрэглэлээ өмсчихсөн байсан. Уг нь талийгаач каскаа огт тайлдаггүй байнга зүүж явдаг байсан ч тухайн үед яагаад тайлсныг мэдэхгүй байна. Би болон манай компани болох Г т ХХК-аас талийгаачийн ар гэрт оршуулгын зардалд 20,000,000 төгрөг, түүний 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 36,000,000 төгрөг буюу нийт 56,000,000 төгрөгийн олговор зэргийг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 192-193 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Б.Э нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Эыг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э-ыг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Эын 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э болон иргэний хариуцагч нараас хохирогч Ц.М-т учирсан хохиролд нийт 56 сая төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Ц.М нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Эыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР