Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

        Дугаар 2022/ШЦТ/82

Замын-Үүд сум

 

 

 

       

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт П.Г-д холбогдох эрүүгийн 2220000000102 тоот хэргийг 2022 оны 09-р сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, ... хамт Д аймгийн ... сум ... тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  А овогт П.Г-д  холбогдох эрүүгийн 2220000000102 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08-р сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд ... сумын ... тоотод байрлах иргэн А.А эзэмшлийн гэрт хөргөгчинд нь бууз хийх зорилгоор орохдоо орны хажууд байсан 1,100,000 төгрөгний үнэлгээ бүхий iphone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07-р сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд ... тоотод оршин суух иргэн Д.Д гэрт нөхрийгөө асуух зорилгоор орохдоо том өрөөнд цэнэглэж байсан 450,000 төгрөгний үнэлгээ бүхий  real me 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хажуу өрөөнд амьдардаг А хөргөгчид гялгар ууттай бууз хийх гэж ороход А унтаж байсан, би хөргөгчид буузаа хийчхээд А хажууд байсан гар утсыг аваад гэрээс нь гарсан. А гар утсыг машинд үлдээгээд буусан юм шиг байна лээ, зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг хурдан шийдвэрлүүлж өгнө үү. ...Д.Д гэрт орж хамтран амьдрагч Э.М асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Д том өрөөнд орж хамтран амьдарч Э.М байгаа эсэх талаар шалгах гэж ороод цэнэглэж байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд би гар утсыг ... 3 давхарт гар утасны дэлгүүрт зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 79-80/

 Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08-р сарын 07-ны орой ажлаасаа бууж ирээд 22 цагийн орчимд ганцаараа гар утсаараа фейсбүүк орж байгаад  гар утсаа толгойны хажуудаа тавиад 1 цаг унтаад босоод ирэхэд миний утас алга болсон байсан. Тэгээд би ээжийн гар утсаар өөрийнхөө гар утас руу залгасан чинь миний утас холбогдохгүй байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.  Би  iphone 11 загварын гар утсыг 2022 оны 07-р сард 1,280,000 төгрөгөөр худалдаж авсан.  Миний бие гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул учирсан хохирол байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07-р сарын 30-ны өдөр гэртээ ганцаараа байж байсан чинь гаднаас зүс таних хүн орж ирээд нөхрийгөө асуусан. Тэгээд би байхгүй гэж хэлээд гад тогоондоо байх зуур тэр хүүхэд манай том өрөө рүү ороод миний цэнэглэж байсан гар утсыг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...миний учирсан хохирлыг төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа хүлээн авсан. Миний бие ээлжийн амралтаа аваад хөдөө явах тул шүүх хуралд оролцох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ... гадаа найзтайгаа байж байгаад орой 22 цаг 30 минутын үед гэр лүүгээ харих гээд явж байсан чинь замд зүс таних Г гэх хүн такси барих гээд зогсож байхаар нь аваад  гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буугаад явахаар нь таксины мөнгөө өгөхгүй гэр лүүгээ орохоор нь би дагаж ороод таксины мөнгөө авчихаад  машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь араас гарч ирээд Ц дэлгүүр хүргээд өг гэхээр нь тэр дэлгүүрийн гадаа хүргэж өгсөн. Тэндээс нэг шил архи аваад буцаад гэрийнхээ ойролцоо буусан. Г миний машинд суухдаа нэг утастай байсан. Буухдаа миний машинд утсаа үлдээсэн байсан болохоор би маршааг нь өгъе гэж бодоод утсыг нь аваад гэртээ амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01, 44/

Хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 08 сарын 10-ны өдрийн “ iphone 11 загварын гар утас нь 1,100,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ТXY-622/4255 тоот дүгнэлт / ХХ-ийн 20-23/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46/

Хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 08 сарын 11-ний өдрийн “Real me-8 загварын гар утас нь 450,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ТXY-922/4275 тоот дүгнэлт / ХХ-ийн 64-67/

Шүүгдэгч П.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08-р сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд ... тоотод байрлах иргэн А.А эзэмшлийн гэрт хөргөгчинд нь бууз хийх зорилгоор орохдоо орны хажууд байсан 1,100,000 төгрөгний үнэлгээ бүхий iphone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07-р сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд ... тоотод оршин суух иргэн Д.Д гэрт нөхрийгөө асуух зорилгоор орохдоо том өрөөнд цэнэглэж байсан 450,000 төгрөгний үнэлгээ бүхий real me 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт нийт 1,550,000 төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.Г бусдад мэдэгдэхгүйгээр, бусдын эзэмшлийн өмч хөрөнгөнөөс нууцаар авч байгаа байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” гэсэн шинжийг хангасан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.А, хохирогч Д.Д гэрч Д.Л нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 08 сарын 10-ны өдрийн “ iphone 11 загварын гар утас нь 1,100,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ТXY-622/4255 тоот дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 08 сарын 11-ний өдрийн “Real me-8 загварын гар утас нь 450,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ТXY-922/4275 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч А.А 1 ширхэг iphone 11 загварын гар утсыг, хохирогч Д.Д real me 8 загварын гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс шүүгдэгч П.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Шүүгдэгч П.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг зэргийг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А овогт П.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт П.Г-д 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч А.А нь шинжээчийн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.Ц