Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2022/0074/Э |
Дугаар | 2022/ШЦТ/80 |
Огноо | 2022-08-09 |
Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/80
2022 09 08 Дугаар 2022/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Л.С
Хохирогч Д.П
Шүүгдэгч Ө.Н өмгөөлөгч Ж.Ж
Шүүгдэгч Ө.Н, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн 1-р хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.А, О овогт Ө.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, ... тоотод оршин суух, урьд сум дундын 8-р шүүхийн 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 12-р сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн Х овогт Б.А
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 01-р сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08-р сарын 02-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, О овогт Ө.Н нарт холбогдох эрүүгийн 2220000690092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь Б.А бүлэглэж 2022 оны 05-р сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Д аймгийн ... оршин суух Д.П эзэмшлийн 1 тооны хонийг бэлчээр дээрээс ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Н бид хоёр Д сумаас А уул гэх газрын хойд талд очсон байсан. Тухайн үед хонь, ямаа бэлчиж байсан бөгөөд бэлчээрт очоод, бууж 1 эр хонь авсан. Тэгээд Д аймгийн наад хэсэгт янзлах гээд хуулах гэсэн чинь дотроосоо ногоороод, муудсан байсан. Тэгэхээр нь хог дээр аваачиж хаяад аймаг руу явцгаасан” гэв.
Шүүгдэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А өөрийн гэрээс гуйж авч яваад ийм байдалд хүрчихлээ” гэжээ.
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06-р сарын 22-нд Д аймгийн ... нутаг дэвсгэрт байх Н гэрээс ... сум орохоор явж байсан. Тухайн булчуурт байсан хонь хэний хонь байсныг би мэдэхгүй. Аль сумын нутагт гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан А уулын ард байсан. Хүрэн зүсмийн эр хонь нэг ширхгийг барьж авсан. ... улсын дугаартай хар ногоон өнгийн машинтай явж байсан. Хонийг би барьж авсан. Бид хоёр авсан хонио зарж борлуулаагүй. С сум руу орох гэж яваад хогийн хонхрын хажууд очоод тухайн хонио үзтэл муудчихсан байсан. Тэгэхээр нь хонийг цэг дээр хаячихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/
Шүүгдэгч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёрын хэн нэгэн нь санаа гаргасан зүйл байхгүй бид хоёр тэмээ хайж яваад гэнэт айлын бэлчиж байсан хоньтой таарсан. Тэгээд бид хоёулаа зогсож А буугаад бэлчиж байсан хонийг хөөж байгаад нэг хонь бариад авсан. Хонийг цаасны хутга ашиглаж А нядалсан. ...Би А би худалдаж авсан ... маркийн хар ногоон өнгийн машин байсан би нэрийг нь шилжүүлж аваагүй. Хэн гэдэг хүний нэр дээр байдгийг би анзаараагүй. Машиныг би унаж явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/
Хохирогч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 05-р сарын 22-нд 13 цагийн орчимд гэрийнхээ гадаа хурга засаад зогсож байтал зүүн талаас нэг машин даваад ирж байгаа харагдсан. Тэгтэл тухай машин хонхорт очоод гарч ирэхгүй байхаар нь явж очтол миний өөдөөс манай хонь бөөгнөрөөд гараад ирсэн. Тэгээд ямаа нь дутуу юм шиг харагдаад байхаар нь хонио бүртгэсэн чинь нэг тооны бүдүүн эр хонь байхгүй байсан. Зүүн урагш 5-6 км орчим нэг машин овоон дээгүүр даваад явж байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31-32/
Хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 07 сарын 06-ны өдрийн “... маркийн машин 3,000,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /хх-ийн 33-34/
Автомашин, техникийн үзлэгийн хуудас /хх-ийн 35/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/
Хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 06 сарын 27-ны өдрийн “нас бие гүйцсэн эр хонь”-г 260,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /хх-ийн 41-44/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-84, 108-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь Ө.Н бүлэглэж 2022 оны 05-р сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Д аймгийн ... оршин суух Д.П эзэмшлийн 1 тооны хонийг бэлчээр дээрээс ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан, шүүгдэгч Ө.Н нь Б.А бүлэглэж 2022 оны 05-р сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Д аймгийн ... оршин суух Д.П эзэмшлийн 1 тооны хонийг бэлчээр дээрээс ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 260,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд шүүгдэгч Б.А, Ө.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар буюу машин механизм ашиглаж бусдын малын хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д заасан “машин механизм ашиглаж бусдын малын хулгайлсан“ гэдэг нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бөгөөд “машин механизм ашигласан“ гэж хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох юм. Гэтэл шүүгдэгч Б.А, Ө.Н нарын хувьд тухайн өдөр ... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа анхнаасаа тээврийн хэрэгсэл ашиглаж мал хулгай хийх санаа зорилго агуулаагүй, тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор буюу хохирогчийн 1 тооны хонийг тээвэрлэхээр унаж яваагүй, шүүгдэгч нар нь С сум руу явж байх замдаа хохирогч Д.П 1 тооны хонийг замаасаа авсан нөхцөл байдал нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог.
Иймд шүүгдэгч нарыг анхнаасаа бусдын малыг хулгайлах зорилгоор машин механизмыг бэлтгэж ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.А, Ө.Н нарт холбогдох машин механизм ашиглаж бусдын мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.А, Ө.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т заасан бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.А, Ө.Н нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан баримт хохирогч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 05-р сарын 22-нд 13 цагийн орчимд гэрийнхээ гадаа хурга засаад зогсож байтал зүүн талаас нэг машин даваад ирж байгаа харагдсан. Тэгтэл тухай машин хонхорт очоод гарч ирэхгүй байхаар нь явж очтол миний өөдөөс манай хонь бөөгнөрөөд гараад ирсэн. Тэгээд ямаа нь дутуу юм шиг харагдаад байхаар нь хонио бүртгэсэн чинь нэг тооны бүдүүн эр хонь байхгүй байсан. Зүүн урагш 5-6 км орчим нэг машин овоон дээгүүр даваад явж байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/, хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 07 сарын 06-ны өдрийн “... улсын дугаартай ... маркийн машин 3,000,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /хх-ийн 33-34/, хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ний 2022 оны 06 сарын 27-ны өдрийн “нас бие гүйцсэн эр хонь”-г 260,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /хх-ийн 41-44/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэн үйлдсэн ба шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 260,000 төгрөгний хохирол учруулсан, Д аймгийн ... сумын сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А, Ө.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т заасан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хурлын өмнө шүүгдэгч Б.А, Ө.Н нараас хохирлын 260,000 төгрөгийг биет байдлаар бэлнээр хүлээж авсан болох нь хавтаст хэргийн 181-182 дугаартай хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогч Д.П төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хувьд оногдох эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А, Ө.Н нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хуульд зааснаар доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А, Ө.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х овогт Б.А, О овогт Ө.Н нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Н нарыг тус бүр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Н оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хувьд оногдох эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А, Ө.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц