Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 2022              09             02                                 2022/ШЦТ/76                  

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

 Нарийн бичгийн дарга М.Х

 Улсын яллагч Б.С

Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Ц.Ч холбогдох эрүүгийн  2220000000101 тоот хэргийг 2022 оны 08-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Ц.Ч 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.Ч нь 2022 оны 07-р сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Д аймгийн ... гэх газарт Б.Б мал нийлүүллээ, ...гуйлгачин гэж доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гутлынхаа түрүүнд авч явсан хутгаар зүүн гуя хэсэгт хутгалж, зүүн гуяны шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07-р сарын 21-ний өдөр 10 цагийн орчим хонио усалж байтал Б мал хариуллагагүй байсан тул ирж манай малтай нийлсэн. Тэгээд би бүгдийг нь ялгачихаад байж байтал Б согтуу ирсэн. Ирээд мал нийлсэнд уурлаад энэ хөндийд өмнө нь зүгээр байж болдог байсан. Одоо яагаад зүгээр байж болохгүй байгаа юм, муу боол минь, айлын зарц минь гэж намайг доромжилсон.  Тэгээд Б босч ирээд намайг миний гуя руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би хөлөндөө хагалгаанд орсон хөл муутай хүн. Хоёр дахь удаагаа намайг өшиглөх гэхээр нь би гутлын түрүүндээ байсан хутга аваад айлгах гэтэл зүүн гуя хэсэг рүү нь үзүүр нь орчих шиг болсон. Тэгээд удалгүй үл таних хоёр хүн ирээд Б харчихаад Зүүнбаян руу эмнэлэг рүү аваад явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, тийм учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07-р сарын 22-ны өдөр ... сумын ... гэх газар 16 цагийн орчимд нэлээн согтуу гэртээ ирсэн. Би тэгээд гэртээ ирээд хонь мал нийллээ гээд маргалдаж байснаа санаж байгаа бөгөөд хутгалуулснаа санахгүй байна. Намайг эмнэлэгт З цуг ирсэн манай найз болох Б, Б нар хүргэж өгсөн байсан. Намайг Ч хутгалсан гэж хэлж өгсөн. Би өөрөө согтуу байсан, ямар зан араншин гаргаснаа мэдэхгүй байгаа учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

И нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Б нь 2022 оны 07-р сарын 22-ны өдрөөс 2022 оны 08-р сарын 17-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 212,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Ч гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/      

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б цуг явж байгаад хонин дээр нь очсон. Тэгсэн хонь нь Б гэх хүний малтай нийлчихсэн байсан чинь Б ирээд Б хандаж та нар арай дэндүү юм хонь малаа харахгүй гээд уурласан чинь Б түрүүний бөөс толгойд гарна гэж, чи муу айлын зарц гуйлгачин биз дээ гээд доромжлоод байсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахаар нь би тэр хоёрыг салгачихаад машиндаа суусан юм. Тэгээд би Б суу явья гэсэн чинь Б, Б хөл рүү нь өшиглөж байх шиг байсан. Б ухраад байсан, тэгээд ухрахдаа гутлынхаа түрийнээс хутга гаргасан байх нэг харсан чинь Б гарнаас цус гарчихсан, Б өмд нь зүүн хөлний гуя хэсгээрээ урагдчихсан байсан. Тэгээд очоод хартал Б хөл зүсэгдчихсэн байсан. Тэгээд Баярааг авч яваад Зүүнбаянгийн эмнэлэгт очиж боолт хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/

2022 оны 08-р сарын 08-ны өдрийн Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/363 дугаартай шинжээчийн

- Б.Б биед зүүн гуяны шарх гэмтэл тогтоогдлоо.

-Учирсан гэмтэл нь ир үзүүлтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-45/

2022 оны 07-р сарын 25-ны өдрийн Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/185 дугаартай шинжээчийн

- Ц.Ч биед гэмтэл тогтоогдлоо.

-Ц.Ч биед зүүн гуяны урд тал болон хажуу доод талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

-Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/

Шүүгдэгч Ц.Ч нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

Д аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн бүртгэлийн маягт /хх-ийн 79-85/

 Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 86-91/

 Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн   албан тоот /хх-ийн 93/

Хохирогч Б.Б авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 94/

Шүүгдэгч Ц.Ч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 98/

2022 оны 08-р сарын 30-ны өдрийн 32 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 99-100/

 2022 оны 09-р сарын 01-ний өдрийн Хаан банкны орлогын баримт /хх-ийн 121/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 07-р сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Д аймгийн ... гэх газарт Б.Б мал нийлүүллээ, ...гуйлгачин гэж доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гутлынхаа түрүүнд авч явсан хутгаар зүүн гуя хэсэгт хутгалж, зүүн гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Ц.Ч энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч  Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07-р сарын 22-ны өдөр ... гэх газар 16 цагийн орчимд нэлээн согтуу гэртээ ирсэн. Би тэгээд гэртээ ирээд хонь мал нийллээ гээд маргалдаж байснаа санаж байгаа бөгөөд хутгалуулснаа санахгүй байна. Намайг эмнэлэгт З цуг ирсэн манай найз болох Б, Б нар хүргэж өгсөн байсан. Намайг Ч хутгалсан гэж хэлж өгсөн. Би өөрөө согтуу байсан, ямар зан араншин гаргаснаа мэдэхгүй байгаа учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,  иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Б нь 2022 оны 07-р сарын 22-ны өдрөөс 2022 оны 08-р сарын 17-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 212,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Ч гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б цуг явж байгаад хонин дээр нь очсон. Тэгсэн хонь нь Б гэх хүний малтай нийлчихсэн байсан чинь Б ирээд Б хандаж та нар арай дэндүү юм хонь малаа харахгүй гээд уурласан чинь Б түүний бөөс толгойд гарна гэж, чи муу айлын зарц гуйлгачин биз дээ гээд доромжлоод байсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахаар нь би тэр хоёрыг салгачихаад машиндаа суусан юм. Тэгээд би Б суу явья гэсэн чинь Б, Б хөл рүү нь өшиглөж байх шиг байсан. Б ухраад байсан, тэгээд ухрахдаа гутлынхаа түрийнээс хутга гаргасан байх нэг харсан чинь Б гарнаас цус гарчихсан, Б өмд нь зүүн хөлний гуя хэсгээрээ урагдчихсан байсан. Тэгээд очоод хартал Б хөл зүсэгдчихсэн байсан. Тэгээд Б авч яваад З эмнэлэгт очиж боолт хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,  хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, 2022 оны 08-р сарын 08-ны өдрийн Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-45, 79-85/, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн бүртгэлийн маягт /хх-ийн 79-85/, хохирогч Б.Б авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 94/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Ч нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Ч нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Иргэний нэхэмжлэгч Э.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 212,500 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш хэсэг нь шаргал өнгийн 11 см урттай, ажлын хэсэг нь 11.3 см уттай 1 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Ч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 212,500 төгрөгийг тус тус төлж барагдуулсаныг дурдах нь зүйтэй байна.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,  хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ц.Ч ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ц.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 5.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш хэсэг нь шаргал өнгийн 11 см урттай, ажлын хэсэг нь 11.3 см уттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц