Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/734

 

 

 

 

 

    2022        09         14                                   2022/ШЦТ/734

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2211 00000 1423 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Хас овгийн ББ, 1983 оны 04 дүгээр сарын 11ий өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи, герман, орос хэлний багш орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7-2 дугаар байр 39 тоотод оршин суух,

Урьд: -2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 хоногийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ял,

- 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 484 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 675.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж, уг торгуулийн ялыг биелүүлээгүй тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дүгээр захирамжаар 45 хоногийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай .............................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

         Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 1 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-ийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ............ыг цохиж түүний биед хоёр зовхи, эрүү, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн мөр, хүзүүн зулгаралт, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь:

2022 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 1 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-ийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Төгсжаргалыг цохиж түүний биед хоёр зовхи, эрүү, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн мөр, хүзүүн зулгаралт, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхэд хандаж шүүгдэгч эцсийн үгэндээ:

“Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдэхгүй. Шүүхийн болон цагдаагийн байгууллагатай орооцолдохгүй” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Шүүгдэгч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 30-32 дугаар тал/  “...2022 оны 07 дугаар сарын 17-ны 14-15 цагийн үед би эхнэр Төгсжаргалтайгаа хамт амьдардаг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-задгай тоотод байхдаа гэр бүлийн маргаанаас болж маргалдаад гэрээсээ гарч явсан. Тэгээд би буцаж гэртээ 23 цагийн үед иртэл Төгсжаргал гэртээ байхгүй хоёр хүүхэд унтаж байсан. Би гэртээ ороод амарч байтал 02 цагийн үед Төгсжаргал ирээд надтай маргалдаж намайг хөөгөөд улмаар бид хоёр маргалдаж уурлаад би Төгсжаргалын нүүр хэсэг рүү нь гараараа цохисон юм. Тэгээд би миний өөрийн 9 настай охин Сувдансондортоо авч өгч байсан түүний эзэмшлийн Рэйдми-9 загварын гар утсыг авч гараад ломбардад тавьж тэр мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл ганцаараа хэрэглэн гадуур хоносон юм ...” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Н.Төгсжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/ “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 19 задгай тоотод байх гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байгаад өдөр 14 цагийн үед би нөхөр Батбаяртайгаа гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдаад Батбаяр гэрээс гараад явсан. Би тэгээд өдөржингөө гэртээ байж байгаад орой 22 цагийн үед нэг найзаасаа хоолны мөнгө зээлэхээр гараад буцаж 01 цагийн үед гэртээ ирэхэд Батбаяр гэртээ ирсэн унтаж байсан. Тэгэхээр нь би одоо чи яв гээд уурандаа хөөсөн юм. Гэрт би хоёр хүүхдийнхээ хамт байж байгаад миний толгой эргээд охиныгоо ээждээ цай ус аягалаад өгөөч гэтэл гаднаас гэнэт Батбаяр орж ирээд “би та хоёрыг зөндөө сонсож гэрийн гадаа зогслоо чи миний охиныг цохилоо, чи миний ээжийг доромжилдог” гэж над руу дайрч ирээд миний хэвлий хэсэг гараа зангидаж байгаад цохиход би газар унатал дахин хоёр гурван удаа намайг элэгдээд хүүгээ тэврээд орон дээр суутал миний баруун бөөр нуруу хэсэг рүү гараа зангидаж байгаад “чи миний ээжийг бас доромжилдог” гэж ирээд цохисон. Би охин Сувдансондортоо утсаа өгөөд цагдаа дуудаарай гээд утсаа өгтөл Батбаяр утас булааж авсан ба охин гэрээс гараад зугтаасан. Тэгээд Батбаяр миний Рэйдми-9 маркийн хар өнгийн утсыг аваад гарсан юм. Тэгээд би бага хүүхдээ тэвэрч гараад гудамжинд байсан хүний утсаар цагдаагийн байгууллагад хандсан юм ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн №10026 дугаар шинжээчийн: /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ “Н.Төгсжаргалын биед хоёр зовхи, эрүү, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн мөр, хүзүүн зулгаралт, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 39-44 дүгээр тал/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 51-52/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 290 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

 

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 1 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-ийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Төгсжаргалыг цохиж түүний биед хоёр зовхи, эрүү, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн мөр, хүзүүн зулгаралт, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б болон хохирогчоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт тус тус гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Н.Төгсжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр “... гомдол санал байхгүй, одоо эвлэрээд хамт амьдарч байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Хас овогт ББыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ