Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00598

 

Ш.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01420 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 1896 дугаар магадлалтай,

 Ш.Г-ын нэхэмжлэлтэй,

“М” ТӨХК-д холбогдох

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: 2015.02.24-нд “М” ХК-д хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016.11.14-ний өдрөөс эхлэн тус компанийн Коммер эрхэлсэн дэд захирлаар дэвшин нийт 5 жил гаран ажиллаж байна. Гэтэл ажлаас халсан тушаалын талаар урьдчилан мэдэгдэж танилцуулалгүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргасан. Миний бие дээрх хууль бус үндэслэлээр ажлаас халсан тушаалыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна. 2020.02.27-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ-502 дугаарын нислэгийн үйл ажиллагаанд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, тухайн нисэх багийнхан болон бүртгэлийн ажилтанд үүрэг өгч бизнес суудал хадгалуулан, улмаар сэжигтэй зорчигчийг миний бие төлөөлөгчийн газрын ажилтан, маркетингийн албаны ажилчид, нисэх багийнханд үүрэгдэн бизнес ангиллын суудалд суулгаагүй. Тухайн нислэгээр зорчсон гэх Ц.Б-Э нь 2020.02.26-ны өдөр бизнес зэрэглэлийн билетийг өөрөө захиалан, эхний аяллаар Солонгосоос Японд очсон бөгөөд нислэг саатсанаас тэндээ нэг хоноод 2020.02.27-нд буюу маргааш өдөр нь Нарита-Улаанбаатарын нислэгт бүртгүүлэхэд уг суудал нь энгийн аяллаар системд бүртгэгдсэн байсан. Нислэг эхлэх үед зорчигч Ц.Б-Э-ийг нисэх багийнхан тусгаарлах арын суудалд суулгана гэснээс үүдэн үл ойлголцол үүсч, энэ талаар над руу Ц.Б-Э нь ярьж, захиалсан бизнес ангилалдаа суумаар байна гэсэн. Түүнд би COVID-19-тай холбоотой шинэ журам гарсан талаар хэлж, журмын дагуу энгийн ангиллын суудалд сууж ирээд ирснийхээ дараа билетийн зөрүүг тооцож олгох талаар мэдэгдсэн бөгөөд тэр даруй төлөөлөгчийн газрынханд ч мөн шинэ журмаа мөрдөж ажиллах талаар чиглэл өгсөн. Миний бие онцгой байдлын дагуу гаргасан журмыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Нисэх багийн бүхээгийн үйл ажиллагаанд мөрдөх тусгай журам, зааврын дагуу зөвхөн экипажийн дарга, гишүүд хэрэгжүүлж, хяналт тавьдаг ба хэн нэгэн даргын үгээр үйл ажиллагаагаа зөрчиж суудал хуваарилдаггүй, онцгой дүрэм мөрдөгддөг журамтай тул би албан тушаал, эрхэлсэн ажлын давуу байдлаа урвуулан ашиглан үүрэг өгч, хувийн ашиг сонирхол, бусдад давуу байдал олгох боломж бүрдүүлэх ямар ч үндэслэлгүй юм. Иймд намайг ажлаас халсан тушаал хууль бус байсан бөгөөд уг тушаалыг гаргахдаа энэ асуудлыг захирлуудын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэлгүй дур мэдэн зөвхөн шалтаг гаргаж ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байгаа тул гүйцэтгэх захирлын 2020.02.28-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Г нь “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.02.24-ний өдрийн Б/102 дугаартай тушаалаар Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож, 2016.11.14-ний өдрийн Б/723 дугаартай тушаалаар Коммер эрхэлсэн дэд захирлаар дэвшин томилогдон ажиллаж байсан. 2020.02.26-ны өдрийн УБ-Токио-УБ чиглэлийн нислэг цаг агаарын улмаас саатаж, 2020.02.27-ны өдөр нислэг үйлдсэн ба нийт 260 зорчигчийг тээвэрлэсэн бөгөөд Улсын онцгой комисс, компанийн шуурхай штабын шийдвэрээр бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсэгт заасны дагуу халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа БНСУ болон тус улсад дамжин зорчсон зорчигчдыг сэжигтэйд тооцон тусгаарлаж, агаарын хөлгийн хамгийн арын эгнээнд буюу 33 дугаар эгнээнээс хойш суудалд суулгах хуваарилалтыг хийсэн. Коронавирусын халдвартай холбогдуулан заавар журмыг танилцуулан дамжин зорчиж буй зорчигчдыг арын эгнээнд тусгаарлаж байгааг тайлбарлан зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан. Зорчигч бүртгэлийн үеэр зорчигч Ц.Б-Э нь БНСУ-ын Сөүл хотоос Токио хот руу ирсэн ба Улаанбаатар хот руу зорчихоор бизнес ангиллын билет худалдан авсан байсан. Гэвч “М” ТӨХК-ийн шуурхай штаб компанийн Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсгийг үндэслэн энгийн ангилал /economy class/ болгон өөрчилсөн. Үүнд БНСУ-аас дамжин ирсэн бүх бизнес ангилалтын зорчигчдыг хамруулсан болно. Улсын онцгой комисс болон компанийн шуурхай штабаас гаргасан шийдвэртэй холбоотой зорчигч Ц.Б-Э-д Улсын онцгой комиссын журмын дагуу БНСУ-аас ирсэн бүх зорчигчийг тусгаарлан нэг доор хамгийн арын эгнээнд тусгаарлаж байгаа тухай тайлбарласан боловч хүлээж аваагүй ба заавал өөрийн бизнес ангилалд сууна гэж хэлсэн байсан. Зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг тайлбарласан боловч удаа дараа бизнес ангилал дээр суудал бичиж өгөхийг шаардаж байсан нь холбогдох хүмүүсийн тайлбар, цахим шуудангаар тогтоогдож байсан. Зорчигч Ц.Б-Э нь “М” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд руу утсаар ярьж бизнес ангилалд заавал сууна. Нарита нисэх буудлын бүртгэл дээр бизнес ангилалд суулгахгүй байна гэж гомдол гаргасан боловч хүлээж авах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч буюу “М” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г Токио хотын төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер болон Аэропорт менежер нар руу утсаар ярьж, бизнес ангилалд суулга гэсэн үүргийг өгсөн байсан нь холбогдох баримтаар тогтоогдсон. Мөн маркетингийн хэлтсийн суудал хуваарилалт, хяналт тавих эрх бүхий хэлтсийн ажилчдын тайлбараар нэхэмжлэгч Ш.Г нь зорчигч Ц.Б-Э-ийн суудлыг бизнес ангилалд оруулах үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдсон ба Ц.Б-Э нь бизнес ангиллын 1А суудалд зорчиж ирсэн нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь цар тахлын дэгдэлт хамгийн өндөр байсан БНСУ-ын Сөүл хотоос дамжин ирж байгаа сэжигтэй зорчигчийг Коммер эрхэлсэн дэд захирлын хувьд үүрэг даалгавар өгч, бүртгэлийн үеэр бизнес ангиллын суудал хадгалуулж, улмаар уг суудалд суулгаж ирүүлсэн ноцтой зөрчил гаргасан. Коммер эрхэлсэн дэд захирал нь бүтэц, зохион байгуулалт болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний шууд харьяанд Маркетингийн хэлтэс болон гадаад улс дахь төлөөлөгчийн газрууд байдаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтын 4.1, 9.4.2, 9.4.12-т заалтыг зөрчсөн тул түүнд гүйцэтгэх захирлын 2020.02.28-ны өдрийн Б/89 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01420 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.Г-ын хариуцагч “М” ТӨХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 1896 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-ын хяналтын журмаар гаргасан гомдолд:

...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлоо гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь заалтыг зөрчиж 2020.05.22-ны өдрийн шүүхийн шийдвэр 2020.06.30-ны өдөр албажиж бэлэн болсон. Энэхүү байдлыг давж заалдах шатны шүүхэд өгсөн гомдолдоо дурдсан боловч магадлалын 8 дахь талд “Анхан шатны шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй гэх байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа, журмыг зөрчсөн зөрчил мөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн энэхүү зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон давж заалдах хугацаа болон шүүхээр хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хуулийн хугацааг ноцтой зөрчсөн асуудал болохыг шүүх анхаараагүй. Гэрч Б.М, А.Ц нар нэхэмжлэгчийг “гэм буруугүй болохыг хангалттай нотлохын зэрэгцээ тухайн ажлынхаа онцлог”-ийг хэнд ч ойлгомжтойгоор тайлбарласан. Гэрчүүдийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл байтал гэрчийн мэдүүлгийг тэмдэглэл болгон бичиж талуудад танилцуулаагүй, оролцогчдын эрхийг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсгийг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Гэрч асуусан тэмдэглэл болон шүүх хуралдааны тэмдэглэлийг анхан шатны шүүхийн шийдвэр гардаж авахдаа танилцах гэсэн боловч аль аль нь албажиж гараагүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч гэрчийн мэдүүлэгтэй танилцаж тэмдэглэлд засвар, оруулах эрхийг эдлүүлээгүй болохыг давж заалдах шатны шүүхэд гомдол болгож бичсэн боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэх үндэслэлээр “хуулийг буруу тайлбарлаж" хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэр, магадлалын тухайд: “М” ХК-ийн 2020.02.28-ны өдрийн Б/89 дүгээр тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн байх ёстой байтал уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тухайлбал, тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.9, 8 8.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2 дахь хэсэг, 9.4.2, 9.4.4, 9.4.12 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1 в дэх заалтыг тус тус үндэслэл болгосон байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Ш.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх захирлын 2020.2.18-ны өдрийн А/68 тоот тушаалаар байгуулагдсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабаас гаргасан 2020.02.21-ний өдрийн шийдвэрийг мэдээгүй. Учир нь тэрээр 2020.02.18-ны өдрөөс 2020.02.22-ны өдрийн хооронд УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-д хэвтэн эмчлүүлсэн. Энэ нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж тушаалын 1 дэх хэсэгт дурдагдсан 2020.02.21-ний өдрийн шийдвэрт ямар нэг дүгнэлт хийхгүйгээр буруу дүгнэлт хийсэн. Тухайлбал, Н.М-ын гар утсанд буй шуурхай штабын вайбер онлайн чатад үзлэг хийхэд тухайн тэмдэглэлийн төгсгөл хэсэгт “вайберт “бичсэн чатыг хэн хэн хэзээ үзсэн болохыг мэдэх боломжгүй” гэсэн хэрнээ “Ш.Г-ыг энэхүү мессэжийг үзсэн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ш.Г нь Ц.Б-Э-тэй ярьснаа хүлээн зөвшөөрдөг. Ц.Б-Э нь Ш.Г-д ийм журам тайлбарлаад, авсан билетний дагуу нисгэхгүй байна, гэхэд нь тийм журам батлагдсан бол журмаараа ир” гэж хэлсэн байдаг. Гэтэл Ц.Б-Э-д утсаар зөвшөөрөл өгсөн гэж хэрэгт байхгүй баримтад дүгнэлт хийсэн. /Ц.Б-Э, Ш.Г 2-ыг утсаар яг юу ярьсныг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй./ Цаг агаарын саатлын улмаас нислэг хойшилсон тохиолдолд зорчигч дараагийн нислэгт автоматаар орох ёстой байдаг бөгөөд орохдоо ямар ангиллын билет авсан, тэр ангилалаараа ордог. Гэтэл Ц.Б-Э-ийн бүртгэл ороогүй байсныг нэхэмжлэгч хэлж оруулсан. Зорчигчийн ангилалыг өөрчлөх асуудал нь Ш.Г ажил үүрэг болоод хамаарах асуудалтай холбогдолгүй гэдгийг шүүгч ойлгоогүй шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 162 дугаар хуудасны арын нүүр, гэрч А.Ц-ийн мэдүүлэгт: “Бизнес ангилалтай байсан ч энгийн ангилалд оруулах байсныг мэдэж байсан уу? гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултад тэрээр “ангилал ангилалд нь л оруулна. Тухайн үед онцгой байдлын чиглэл, үүрэг гарсныг бид мэдээгүй” гэж хариулсан. Мөн тухайн талд даргалагч шүүгч нь гэрч А.Ц-ээс “бизнес ангилалаас энгийн ангилалд шилжсэн байсан уу гэхэд “үгүй хасагдсан байхаар нь буцааж оруулсан” гэж хариулсан байхад шүүх “Энгийн ангилалд оруулсан байсан билетийг бизнес ангилалд оруулах үүрэг даалгаврыг Ш.Г захирал өгсөн” гэж нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шүүгч нь гэрчүүдийн мэдүүлгийг сайн ойлгоогүйгээс “Ш.Г-ыг үүрэг даалгавар өгч энгийн байсан билетийг бизнес ангилал болгож өөрчлөх чиглэл өгсөн гэх утга бүхий илт үндэслэлгүй дүгнэлт” хийсэн, мөн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхдээ тушаалд үндэслэсэн бусад хуулийн заалтыг дурдахгүйгээр зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт дүгнэлт хийж зөвтгөн тайлбарласан байгаа нь хууль бус, тушаалын бусад үндэслэлийг хуулийн дагуу гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хоёр шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Б.М, А.Ц нарын мэдүүлэгт тулгуурлан “2020.02.27-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчдын билетийг тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу бизнес ангилалыг нь цуцалж энгийн ангилал болгосныг Коммер эрхэлсэн захирал /нэхэмжлэгч/ Ш.Г-ын холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг өгч, зорчигч Ц.Б-Э-ийн билетийг бизнес ангилал болгосон нь тогтоогдсон, үүний улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гаргасан Улсын онцгой комиссын 2020.02.21-ний өдрийн 02 тоот тогтоол, “М” ТӨХК-ийн COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабын 2020.02.21-ний өдрийн шийдвэр буюу “Улаанбаатарын чиглэлд ирэх нислэгт сэжигтэй зорчигчийг арын эгнээнүүдийн суудлыг тусгаарлан суулгах, нэг ариун цэврийн өрөө ашиглуулах” журам зөрчигдсөн, энэ нь хөдөлмөрийн гэрээний 9.4.2-т заасан “Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, ...-ыг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан...”, мөн гэрээний 9.4.4-т “ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан”, 9.4.12-т “Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар...-ын холбогдох заалтыг зөрчсөн” гэж заасан “ноцтой зөрчил”-д хамаарах талаар зөв дүгнэжээ.

Иймд, “...гэрч Б.М, А.Ц нар нь нэхэмжлэгчийг гэм буруугүй болохыг хангалттай нотолсон, ... шүүх гэрчүүдийн мэдүүлгийг буруу ойлгож Ш.Г-ыг үүрэг даалгавар өгч энгийн байсан билетийг бизнес ангилал болгож өөрчлөх чиглэл өгсөн гэх утга бүхий илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн “...гэрчүүдийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл байтал гэрчийн мэдүүлгийг тэмдэглэл болгон бичиж, талуудад танилцуулаагүй, оролцогчдын эрхийг зөрчсөн нь мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6-г зөрчсөн, энэ талаар шүүхэд гомдол гаргахад давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэх үндэслэлээр хуулийг буруу тайлбарласан...” гэсэн гомдол үндэслэлгүй,  учир нь нэр бүхий гэрч нараас анхан шатны шүүх хуралдааны үеэр мэдүүлэг авсан ба өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хуралдаанд нэхэмжлэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.С нар оролцсон байх тул “талуудад танилцуулаагүй, оролцогчдын эрхийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүйгээс гадна давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол хэргийн оролцогчийн хүсэлтээр 3 хоногийн дотор засвар хийлгэх боломжтой байтал нэхэмжлэгчийн зүгээс уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгахгүй юм.

“...Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, маргаан бүхий тушаалын үндэслэлд заасан шуурхай штабын 2020.02.21-ний өдрийн шийдвэрийг мэдээгүй, эмнэлэгт хэвтэж байсан, гэтэл шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй...” гэсэн гомдол нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан /вайбер сүлжээнд хийсэн үзлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр/ “нэхэмжлэгч нь шуурхай штабын шийдвэр болон бүхээгийн үйл ажиллагааны зааврыг мэдээгүй гэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байгаагаар үгүйсгэгдэж байна.

“...Шүүх маргаан бүхий тушаалд заасан бусад хуулийн заалтыг дурдахгүйгээр зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт дүгнэлт хийж зөвтгөн тайлбарласан нь хууль бус тушаалын бусад үндэслэлийг хуулийн дагуу гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй...” гэх гомдлын тухайд, шүүх маргааны гол үндэслэл болсон хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болсон эсэх талаар дүгнэсэн, ажилтныг “зөрчил гаргасан” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-өөр/ давхар барьдаг заалт болох мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 /ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн/-ыг шүүх тухайлан тайлбарлаагүйгээс шийдвэр тодорхойгүй болсон гэх үндэслэлгүй. Өмнө нь дурдсанчлан тушаалд заасан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт буюу “ноцтой зөрчил”-д нэхэмжлэгчийн үйлдэл хамаарах талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаа хэтэрч албажсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч /үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэж, анхааруулсан/, энэ нь маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх, улмаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1896 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА  

                                                                                                     Д.ЦОЛМОН                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД