Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 667

 

 Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эрдэнэ,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 751 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1902000000024 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ..................., 1994 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага менежментийн мэргэжилтэй, “Эс Жи Ди” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 13311, Их Монгол улсын гудамж, 107 дугаар байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

            Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас интернэт сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

            мөн 2019 оны 1 дүгээр сард Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................... “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах”, “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хавтас хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж буй 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бн биед үзлэг хийж хураан авсан “Батцоож Бат-Ирээдүй, Баянзүрх Дүнжингарав 107-20 13311 Улаанбаатар Монголиа” гэх хаягтай “2019.01.14” гэж Гаалийн анхааруулсан тэмдэг дарагдсан, марк наасан цагаан өнгийн дугтуй 1 ширхэг, дугтуйн дотор битүүмжилсэн гялгар уутанд хийгдсэн шаргал өнгийн нэг талдаа гавлын ясны дүрстэй 2 ширхэг эм мэт зүйл, /арслангийн дүрстэй 111 ширхэг эм мэт зүйлүүд байсныг цахилгаан жин дээр нийтэд нь жинлэхэд 45.7 грамм жинтэй, арслангийн дүрстэй эм мэт зүйлийг жинлэхэд 44.6 грамм жинтэй, гавлын ясны зурагтай 2 ширхэг эм мэт зүйл жинлэхэд нийт 1 грамм жинтэй/ нийт Гавлын болон Арслангийн дүрс бүхий 113 ширхэг сэтгэцэд нөлөөт эм мэт зүйлс, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол шуудан” ХК-ний Дүнжингарав дахь шуудангийн 56 дугаар салбарт “Батцоож Бат-Ирээдүй, Баянзүрх Дүнжингарав 107-20 тоот” гэх хаягаар Бүгд Найрамдах Франц улсаас ирсэн илгээмжин дотор байсан цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй дүрс бүхий цаас мэт зүйл 1 ширхэг, мөн цэнхэр өнгийн гурвалжин хэлбэртэй эм мэт зүйл 1 ширхэг /Шинжээчийн дүгнэлтээр MDMA буюу Экстази илэрсэн/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг
түдгэлзүүлж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо: “Хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Улсын Дээд шүүхийн тайлбарт “Байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг дахин боловсруулж хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсныг бэлтгэсэнд тооцно” гэж заасан. Б.Бг хуулиар хориглосон мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болон улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй байхад үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон. Экстази бол хориглосон эм биш бөгөөд химийн аргаар гаргаж авсан сэтгэцэд нөлөөт бодис юм. Анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэт яллах, шийтгэх талыг барьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 3 жилийн хорих ялыг оногдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа шүүгдэгч Б.Бн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь 1 жилийн хорих ял оногдуулж болох байсан боловч энэ заалтыг анхан шатны шүүх түүнд хэрэглээгүй. Харин ч торгуулах ял оногдуулж өгөөч гэсэн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хүсэлтийг нь үл хүлээн авч тухайн 2 төрлийн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын 50 хувиас дээгүүр хорих ялыг тус тус оногдуулсан. Б.Бн шээснээс сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл дахин үс, хумснаас дээж авч шинжилгээнд явуулсан байдаг. Үсний дээжнээс метамфетамин, амфетамин гэх бодис илэрсэн гэсэн шинжээчийн тэс өөр дүгнэлтийг өмгөөлөгч А.Энхтөр үл хүлээн зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээн авсан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг. Хоёр өөр, эргэлзээтэй дүгнэлт гарсан байхад нэг дүгнэлт дээр нь үндэслэж Б.Бг олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэж буруутган энэ асуудал дээр тогтон ярьж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрхи байдлыг харгалзсан гэж бидний зүгээс дүгнэсэн. Сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх нь гэмт хэрэг биш бөгөөд хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлдэг. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан заалтуудыг харгалзаж үзээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалтуудыг зөрчсөн.” гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр анх өгсөн мэдүүлэг болон 2 дугаар сарын 21-ний өдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд шинжилгээ хийлгэхдээ мөн адил хэрэгт хамааралгүй, илгээмжээр ирсэн захидлыг мэдэхгүй талаар хэлсэн. 1 дүгээр сарын 17-ны өдөр цагдан хоригдсоноос хойших хуацаанд тэнд хоригдож байгаа хүмүүсийн яриагаар гэмт хэрэг хийгээгүй гэснээс гэм буруугаа хүлээн мэдүүлбэл шүүхээс ял оногдуулахдаа хөнгөрүүлдэг юм байна гэсэн итгэл үнэмшил олж авсан. Иймээс тухайн илгээмж миний нэр дээр нэгэнт ирсэн болохоор хэрэг хүлээхгүй байснаараа өндөр ял шийтгэл авах нөхцөл байдал үүсэх юм байна гэж үзээд 2 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хүлээсэн мэдүүлэг өгсөн. Миний хувьд хэрэг хүлээсэн мэдүүлэг өгснөөр хөнгөн шийтгэл оногдуулна гэж ойлгож байсан боловч анхан шатны шүүхээс нийт 8 жилийн ял авсан. Миний ээж, аав хууль дүрэм судлан намайг хийгээгүй хэрэг хүлээж болохгүй гэж олон дахин хэлж байсан боловч тэднийг ямар ч байсан хэрэг хүлээснээр хөнгөн ял аваад байгаа бодит байдлыг ойлгохгүй байна гэж би үзээд бусдын үг, тухайн нөхцөл байдал зэргийг бодож байгаад хэрэг хүлээж мэдүүлэг өгсөндөө одоо их харамсаж байна. Миний Хаан банкны дансаар 100 ам.доллар шилжүүлэн захиалга хийсэн гүйлгээ байхгүй. Гэтэл би Хаан банкны дансаар гүйлгээ хийсэн гэж мэдүүлсэн. Надад Хаан банкны ам.долларын данс байхгүй. Зөвхөн төгрөгийн 2 данстай. Миний үеийн залуус ихэнх нь интернэт мөнгө буюу биткойны талаар ойлголттой байгаа. Энэ нь санхүүгийн зах зээл дээр хувьцаа арилждагтай ойролцоо буюу тухайн үеийн зах зээлийн ханшийн хэлбэлзлийн зөрүүнээс ашиг олдог боломж юм. Миний хувьд www.trade.mn гэсэн хаяг дээр бүртгэлтэй хаягаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гүйлгээ хийж биткойн худалдаж авснаа буцаан худалдсан гүйлгээний түүх одоо www.trade.mn хаяг дээр бүгд хадгалагдаж байгаа. Би өөрийн хэрэгцээт зүйлсээ интернэтээр захиалан авдаг бөгөөд захиалга 14-70 хоногт ирдэг байсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр захиалга хийсэн гэж бодоход 1 дүгээр сарын 14-ний өдөр илгээмж авах талаар ярьсан. Тэгэхээр улсын хил, гааль дээр тодорхой хугацаа өнгөрсөн гэж бодоход маш бага хугацаанд ирсэн гэж харагдаж байсан. Би интернэтээр их захиалга хийдэг болохоор хэн нэгэн миний хаягийг ашигласан байхыг үгүйсгэхгүй. Миний бодоход ямар ч байсан захиалга ийм богино хугацаанд ирж байгаагүй санагдаж байна. Би Герман, Франц гэх мэт орноос захиалга хийж байгаагүй болохоор тээвэрлэгдэн ирэх хугацааг мэдэхгүй. Би амьдралдаа мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Миний үснээс бодис илэрсэн гэх хариуг сонсоод өмгөөлөгч А.Энхтөр, мөрдөгч Отгонбаатар нарт хариуг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байсан. Тэгээд өмгөөлөгч А.Энхтөр дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй байсныг шүүх хурал дээр мэдсэн ба шүүх шинжилгээний энэ хариу нь шүүх хуралдаан дээр намайг хар тамхитай холбоотой болгон харагдуулж байсан. Уг нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн дүгнэлтээр намайг хар тамхины хамааралгүй талаар дүгнэлт гарсан. Аав, ээжийнхээ олгосон хүмүүжлээр би нэгэнт энэ хэргийг хийгээгүй тул үнэнгээ хэлэх нь зүйтэй гэж шийдэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Иймээс надад холбогдох эрүүгийн хэргийг тал бүрээс нь нарийн шалгаж, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлтээр Б.Бг “...сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хавтас хэрэгт цугларсан материалаас үзэхэд Б.Бд холбогдуулж буй Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан Монгол Улсын Олон Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэл нь Монгол Улсын аль хилийн боомтоор, хэзээ хэрхэн үйлдэгдсэн хууль бус үйлдэл болох нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талыг шүүхийн практикт “...Монгол Улсын хил, гаалийн хилээр Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Гэрээнд заасан хориглосон бараа бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр, дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн лац, ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар гаалийн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан” ойлгож ирсэн байна. Гэтэл хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар Б.Б нь 2019 он гарсаар Монгол Улсын хилээр гарсан, нэвтэрсэн үйлдэл байхгүй бөгөөд түүний захиалга өгсний дагуу илгээгдсэн илгээмжээр ирсэн дугтуйнд 2019.01.14 гэж дарагдсан гаалийн анхааруулсан тэмдэглэгээг дарагдсан нь түүнийг Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт шалгагдах үндэслэл болсон байна. Монгол Улс нь Дэлхийн шуудан холбооны байгууллагад 1963 онд гишүүнээр элсэж, түүний болон гишүүн орнуудын дүрмийг Олон Улсын шуудан харилцааны үйл ажиллагаанд баримталдаг. Б.Бн нэр дээр ирсэн илгээмж нь Герман улсаас ирсэн гэх бөгөөд энэ тохиолдолд манай улс Олон улсын холбоонд нэгдсэн тул Шуудан холбооны тухай хуулийн дагуу тухайн улсын дүрмийг баримтална. Герман улсын Шуудан холбооны дүрмийн “...хот болон улс хоорондын илгээмж явуулахад мөрдөгдөх нөхцлүүд хэсэгт 2.4 Илгээгчийн тухай мэдээлэл: Илгээх зүйл тус бүр дээр илгээгчийн зөв, иж бүрэн хаяг бичсэн байх шаардлагатай. Шуудан хүргэх боломжгүй, эсвэл нэг алдаа гарсны улмаас буцаан илгээх, ямарваа нэг шалтгаанаар илгээгч этгээдтэй холбоо барих боломжтой байх үүднээс илгээж буй зүйлийг Германы аль хотоос явуулсныг тодорхой заасан байна. Үүнээс гадна илгээгчийн тухай мэдээлэл нь 2.3-т заасан хүлээн авагчийн хаягтай агуулагдах мэдээлэл, дарааллын хувьд ижил байна. Илгээгчийн тухай мэдээллийг хүлээн авагчийн тухай мэдээллийн доод талд байрлуулж үл болно.” гэж заасан байна. Дээрхи дүрэм журмуудаас харахад Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай олон улсын конвенц”-д Монгол Улс, Герман улс нэгдэн орсон байдаг, уг конвенцэд заагдсан сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг Герман улс ч улсын хил, гаалийн хилээрээ нэвтрүүлэн гаргах, Монгол улс ч улсын хил, гаалийн хилээрээ нэвтрүүлэн оруулах хориотой байдаг. Дотоодын илгээмж, гадаадын шуудан, илгээмжид илгээгч болон хүлээн авагчийн хаягийг илгээмжэд тодорхой бичигдээгүй тохиолдолд уг илгээмжийг шуудангийн байгууллага хүлээн авч илгээмжийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг. Гэтэл Б.Бгийн нэр, хаяг дээр буцах хаяггүй илгээмж ирсэн, уг илгээмж үнэхээр Герман улсаас илгээгдсэн эсэх, мөн Монгол Улсын хил, гаалийн хилээр хэзээ, хэрхэн нэвтэрсэн гэдэг нь маш бүрхэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэргийн нотолбол зохих асуудлуудыг хуульчилсан бөгөөд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-д заасан гэмт хэргийг хэрхэн, хаана, үйлдсэн гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасны дагуу гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн гарсныг тогтоох нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, мөн зүйлийн 2-т “Баримтат мэдээлэл нь ...эд мөрийн баримт, ...шинжээчийн дүгнэлт, ...хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж заасан. Эрүүгийн 1902000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дугтуй, уг дугтуйгаар битүүмжлэн илгээмжээр ирсэн сэтгэцэд нөлөөт эм мэт зүйлсийг яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсанаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байгаа гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, эд зүйлийг тооцно.” гэж заасан. Өмгөөлөгчийн хувьд хэргийн матөриалтай танилцахад хэрэгт ач холбогдол бүхий үйлчлүүлэгч Б.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чухал ач холбогдолтой 2 ширхэг дугтуйтай танилцах, түүнийг шинжлэн судлуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь, 2 ширхэг дугтуйг гэрэл зургаар бэхжүүлсэн байх боловч уг эд мөрийн баримтыг эхээр нь судлах боломжийг хязгаарлагдсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Б.Бг сэтгэцэд нөлөөт бодисыг илгээмж ашиглан Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсыг хил нэвтрүүлсэн гэж үзэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд илгээмжийг агуулсан дугтуйг шинжлэн судлах, дугтуй дээр бичигдсэн илгээгчийн мэдээлэл, хүлээн авагчийн мэдээлэл зэрэг мэдээллүүд нь Олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн эсэхийг нарийвчлан шинжлэн судлах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх байсан боловч илгээгчийн талаар ямар ч нотлох баримтыг цуглуулаагүй байна. Улс хоорондын илгээмжийг Монгол Улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, хүлээн авагчид нь гардуулах зэрэг ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн шуудангийн дүрэм, Дэлхийн шуудангийн дүрэмд нийцүүлэн гаргасан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дугаар тушаалын хавсралт “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, Монгол улсын Дэд бүтцийн сайдын 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 330 тоот тушаалын хавсралт “Монгол Улсын шуудан холбооны дүрэм” зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу явагддаг байна. Иймд Б.Бд хаяглагдан ирсэн илгээмжүүд нь дээрх эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хянан үзэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад илгээгчийг тодорхойлоогүй, 100 ам.доллараар захиалсан гэх банкны хуулга тодорхойгүйгээр зогсохгүй эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул хэргийг прокурорт буцаан уг зөрчлийг арилгах нь зүйтэй байна.

2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 10 минутанд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Баасанхүү гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл өгсөн байдаг. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэж Гаалийн анхааруулсан тэмдэг дарагдсан дугтуйтай зүйлийг “Монгол шуудан” ХК-ийн Дүнжингарав салбараас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 4 удаа дуудлага хийж, 1 удаа мессеж бичсэний дараа уг илгээмжийг гардан аваад 3-4 алхангуут эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчлан авсан байдаг. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Төгс-Ухаанд хүргүүлсэн албан бичигт “...Б.Бд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа зохион явуулаагүй болно.” гэжээ. /хх-205/ Энэ нөхцөл байдлаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дараах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хэрхэн авсан талаар мэдүүлэг авахуулах, Б.Бд хаяглагдан ирсэн гэх илгээмж Монгол Улсын хил, гаалийн хилээр нэвтрэн орж ирсэн талаар лавлагаа, тэмдэглэл хөтөлсөн материалыг гаргуулах, Гаалийн байгууллагаас “Монгол шуудан” ХК-д буцах хаяггүй илгээмжийг хүргүүлэхдээ ямар эрх зүйн баримтын үндсэн дээр шилжүүлэн өгдөг талаар лавлагаа гаргуулах, Гаалийн байгууллагын эрх бүхий ажилтнаас буцах хаяггүй илгээмжийг Монгол Улсын хил, гаалийн хилээр хүлээн авах боломжтой эсэх талаар, Гаалийн анхааруулсан тэмдэгийг ямар тохиолдолд дардаг, “Монгол шуудан” ХК-ний эрх бүхий ажилтнаас буцах хаяггүй илгээмж гаалийн анхааруулсан тэмдэг бүхий буцах  хаяггүй илгээмжийг хэрхэн, яагаад хүлээн авсан талаар мэдүүлэг авахуулах, уг ажиллагаанд өмгөөлөгчийн хувиар байлцаж, асуулт асуух боломжоор хангуулах, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” ХК зэрэг байгууллагууд Хар тамхитай тэмцэх чиглэлд хамтран ажилладаг журам, санамж бичиг байгаа эсэх, түүнийг нотлох баримтаар гаргуулах, Хаан банкны ам.долларын данстай эсэх, уг дансаар гүйлгээ хийсэн эсэх, Б.Бгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 18-ны хүртэл хугацааны утасны ярианы билл гаргуулах, www.trade.mn сайт дээрээс Б.Бн биткойн гүйлгээний түүхийг үзлэг хийлгэн, тэмдэглэл хөтлүүлэх, Монгол Улсад биткойн хөгжүүлэгч байгууллагын ажилтнаас гэрчийн мэдүүлэг авахуулах, уг ажиллагаанд байлцах зэрэг ажиллагаанууд юм.

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны салбарт дур зоргоороо авирлах явдлыг гаргуулахгүй байх нэг ёсны баталгаа юм. 1937 оны хэлмэгдүүлэлт нь Монгол Улсад Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүнийг хилсээр шийтгэсэн он жилүүд байсан бөгөөд одоог хүртэл цагаатгах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаа явагдсаар байгаа билээ. Прокурорын байгууллагын зүгээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна гэж үзэж байна. Б.Бд илгээмжээр хаяглагдан ирсэн хориглосон бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль хэсгийн хил, гаалийн хилээр хэн, хэрхэн, нэвтрүүлсэн эсэхийг нарийвчлан тогтоохгүйгээр өөрт ирэх ёсгүй илгээмж гэдгийг “Монгол шуудан” ХК-ийн ажилтанд 4 удаа хэлсэн байхад зайлшгүй ирж авахыг шаардлагын дагуу илгээмжийг очиж авсан иргэнийг сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр харагдаж байгаа юм. Монгол Улсын хил, гаалийн хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх гэдэг бол дээр дурьдсанчлан Монгол Улсын шүүхийн практикт “Монгол Улсын хил, гаалийн хилээр Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан хориглосон бараа бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр, дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн лац, ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар гаалийн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл, эс   үйлдэхүйг” хамааруулан ойлгож ирсэн байна. Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж заасан. Олон улсын практикт хориотой бараа бүтээгдэхүүн улсын хил дээр ирэхэд түүнийг тэнд нь устгаад /улсын хил рүүгээ оруулахгүй/, уг илгээмж хаягласан хүнд мэдээлж, хяналтандаа авснаа мэдэгдэж, улмаар гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлдэг байна. Өөрөөр хэлбэл, иргэд интернэт ашиглан санаатай болон санамсаргүй, болгоомжгүйгээс хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүн захиалсан нөхцөлд Монгол Улсын хил, гаалийн байгууллага ч буцах хаягтай байсан ч уг бараа, бүтээгдэхүүнийг улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүрэгтэй. Гэтэл Эрүүгийн хуульд заасан урьдчилан сэргийлэх үүрэг нь ямар хэлбэрээр хэрэгжих боломжтойг нарийвчлан судлахгүйгээр, Олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ зөрчиж, улмаар Эрүүгийн хуульд байхгүй үндэслэлээр бусдыг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага ногдуулах нь эрх зүйт төрийн гол зарчим болох хууль ёсны зарчимтай харшилж байгаа ноцтой үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буцах хаяггүй илгээмжийг улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэн оруулаад иргэдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь туйлын харамсалтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж ирсэн шинэ Эрүүгийн хуулийг хэрхэн ойлгох талаар Улсын Дээд шүүхээс хуулийн тайлбар гараагүй, гаргахыг Шүүхийн тухай хуулиар хориглосон ч Монгол Улс үе, үеийн Эрүүгийн хуулиудаараа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглаж байгаа явдалтай тэмцэж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт зохих ял шийтгэл оногдуулж ирсэн практик бий. Шүүхийн практикт бэлтгэсэн гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргээр, олж авсан гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэргээс бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгоход чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдэл хийхийг, хадгалсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгах зэргээр ойлгож ирсэн. Өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл өгсөн байдал, гэрч П.Базаррагчаа, Б.Бгийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Б нь уг илгээмжийг аваад 3-4 алхаад баривчлагдсан байдаг. Илгээмжийг хүлээн аваад 3-4 алхам буюу ойролцоогоор 2 секунд болоход олж авсан, хадгалсан, бэлтгэсэн гэсэн хууль зүйн хувьд 3 өөр ойлголтод багтсан үйлдэл хийсэн гэж ойлгогдох боломжгүй гэж үзэж байна. Б.Бг яллах дүгнэлтээр “ ...сэтгэцэд нөлөөт бодисыг Герман улсаас интернет сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан” гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх “...мансуулуулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” үйлдэлд гэм буруутай гэж үзсэн. Энэ бүхнээс үзэхэд Эрүүгийн хуулийг хэрэглэх талаар тайлбар гараагүй нөхцөл байдлын улмаас хуулийг дураар тайлбарлах явдал ихэсч, хүнийг хилсээр гэмт хэрэгт холбогдуулах эрсдэл өндөр байгааг анхааран үзэж, эрүүгийн эрх зүйн онол, Эрүүгийн хуулийг хэрэглэж байсан шүүхийн практикийг анхааран үзэх нь зүйтэй байна. Дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж, түүний хор аюулыг зайлуулахын төлөө тэмцэж байгаа ч энэ тэмцлийг олон эрх зүйн хэм хэмжээний хүрээнд, эрх зүйн үр нөлөөтэй байх зарчмын дагуу хэрэгжүүлэх нь хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах юм. Энэ төрлийн гэмт хэрэг бол ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд үүний дунд гэмгүй хүн ч санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болж Монгол улсад болон гадаад улсад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ирсэн. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хийсэн Бат-Ирээдүйгийн мэдүүлгийг нь газар дээр шалгасан тэмдэглэлээс үзэхэд Б.Б нь өөрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг ихэвчлэн интернет сайт ашиглан гадаад улсаас захиалдаг байсныг нь далимдуулан нэр, хаягийг нь ашигласан байх магадлал байхыг үгүйсгэхгүй юм. Иймээс давж заалдах шатны шүүхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд Б.Бг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн эсэх асуудалд зохих дүгнэлтийг өгөхийг хүсч байна.” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралд оролцсон. Миний бие анхан шатны шүүхээс томилолтоор оролцсон. Шинжилгээний хариу бол харилцан өөр өөр гарсан байдаг. Шээснээс ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, хар тамхи илрээгүй. Харин үсэнд хийсэн шинжилгээнээс илэрсэн байдаг. Зөрүүтэй зүйл байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд хорих ялыг арай хүнд оногдуулсан юм болов уу гэж үзэж байна. Тухайн ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэсэн саналтай байна.” гэв.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

 

Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас интернэт сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

мөн 2019 оны 1 дүгээр сард Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

гэрч П.Базаррагчаагийн “...Батцоожийн Бат-Ирээдүй гэх хүнийг танихгүй, би уг хүнтэй ажлын шугамаар буюу гадаад улсаас түүний нэр дээр ирсэн илгээмжийг 4 удаа хүргэж өгч байсан. Миний Б.Бд хүргэж өгсөн илгээмж нь овор хэмжээ багатай, дугтуйтай эд зүйлс байсан. ...Би Б.Бд илгээмжүүдийг нь өгөхдөө түүний нэр дээр ирсэн илгээмж дээр байсан хаяг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 107 дугаар байрны 20 тоотод очиж өгсөн. ...” /1 ххх 41-42/,

 

гэрч Д.Ариунзаяагийн “...2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 14 цаг 10 минутын үед манай төв шуудангийн төв салбараас “Батцоож Бат-Ирээдүй, Дүнжингарав 107 дугаар байрны 20 тоот” гэх хаягаар Герман улсаас илгээмж ирснийг уг хаягаар нь хүргэлт хийж өгсөн. ...Бат-Ирээдүй нь өөрөө биеэрээ ирж манай Дүнжингарав дахь салбараас ирж авсан. Тухайн Герман улс гэх илгээсэн газрын хаягтай дугтуй мэт илгээмжийн цаасанд хийгдсэн зүйлсийг хүлээлгэн өгсөн. ...” /1 хх 43-44/,

 

шинжээч Б.Ламчингийн “...Шээс нь тухайн хүн сүүлийн 8 цагаас 24 цагийн дотор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд илэрдэг. Харин хүний үсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хамгийн урт хугацаагаар хадгалагдах боломжтой. Хамгийн багадаа 90 хоногийн дотор хэрэглэснийг тогтоох боломжтой ба ойролцоогоор 1 см үсэнд 1-2 сарын мэдээллийг агуулна. Тийм учир яллагдагч Б.Бгээс авсан үсний дээжинд шинжилгээ хийхэд метамфетамин, амфетамин мансуурах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. ...” /1 хх 202/,

 

шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд миний санаж байгаагаар 2019 оны 1 дүгээр сарын эхэн үеэр санаж байна, Reddit.com гэх сайт руу орж сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл уншиж байтал Party experiment /Парти шоуны мэдрэмж/ гэх гарчигтай пост байсан. Уг пост руу орж үзэхэд доор нь Blog гэх сайт гараад ирсэн. Орж үзэхэд шоуны мэдрэмж авахад 100 доллар, 200 доллар, 300 доллар гэх үнийн дүн байсан. Тэрүүгээр хандалт хийхэд надтай цаанаас нь автоматаар харьцах чат гараад ирсэн. Тэгэхээр нь би сонирхоод 100 доллар гэдэг рүү нь орсон. Өөдөөс чатаар Биткойны данс над руу явуулсан. Тэгэхээр нь би уг данс руу Trade.mn гэх валютын сайтаар өөрийнхөө Хаан банкны дансаар 100 доллартай тэнцэх монгол төгрөгөөр 270 орчим мянган төгрөгийг явуулсан. Тэгэхээр нь би 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний шуудангийн салбарт очиж гарын үсэг зурж авсан. ...” /1 хх 112-113/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 752 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгөтэй зүйлс, цагаан өнгөтэй эм мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгөтэй эм мэт зүйл, цагаан өнгөтэй эм мэт зүйл тус бүрээс Ecstasy /MDMA/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Ecstasy /MDMA/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно. ...” /1 хх 53-54/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 754 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бн үсний дээж, хумсны дээж” гэж хаягласан гялгар ууттай үсний дээжинд метамфетамин, амфетамин илэрсэн. ...” /1 хх 63-64/ гэх дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 10-14/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-17/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 хх 18/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 26-28/, шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /1 хх 38-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бг “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах”, мөн “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б “...Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн дүгнэлтээр намайг хар тамхины хамааралгүй талаар дүгнэлт гарсан. Аав, ээжийнхээ олгосон хүмүүжлээр би нэгэнт энэ хэргийг хийгээгүй тул үнэнгээ хэлэх нь зүйтэй гэж шийдэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Иймээс надад холбогдох эрүүгийн хэргийг тал бүрээс нь нарийн шалгаж, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт “...Хоёр өөр, эргэлзээтэй дүгнэлт гарсан байхад нэг дүгнэлт дээр нь үндэслэж Б.Бг олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэж буруутган энэ асуудал дээр тогтон ярьж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрхи байдлыг харгалзсан гэж бидний зүгээс дүгнэсэн. Сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх нь гэмт хэрэг биш бөгөөд хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлдэг. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан заалтуудыг харгалзаж үзээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалтуудыг зөрчсөн. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал “...Б.Бд холбогдуулж буй Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан Монгол Улсын Олон Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэл нь Монгол Улсын аль хилийн боомтоор, хэзээ хэрхэн үйлдэгдсэн хууль бус үйлдэл болох нь тодорхойгүй байна. ...хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар Б.Б нь 2019 он гарсаар Монгол Улсын хилээр гарсан, нэвтэрсэн үйлдэл байхгүй бөгөөд түүний захиалга өгсний дагуу илгээгдсэн илгээмжээр ирсэн дугтуйнд 2019.01.14 гэж дарагдсан гаалийн анхааруулсан тэмдэглэгээг дарагдсан нь түүнийг Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт шалгагдах үндэслэл болсон байна. ... Б.Бгийн нэр, хаяг дээр буцах хаяггүй илгээмж ирсэн, уг илгээмж үнэхээр Герман улсаас илгээгдсэн эсэх, мөн Монгол Улсын хил, гаалийн хилээр хэзээ, хэрхэн нэвтэрсэн гэдэг нь маш бүрхэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэргийн нотолбол зохих асуудлуудыг хуульчилсан бөгөөд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-д заасан гэмт хэргийг хэрхэн, хаана, үйлдсэн гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байна. ...2 ширхэг дугтуйг гэрэл зургаар бэхжүүлсэн байх боловч уг эд мөрийн баримтыг эхээр нь судлах боломжийг хязгаарлагдсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. ...Хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд илгээмжийг агуулсан дугтуйг шинжлэн судлах, дугтуй дээр бичигдсэн илгээгчийн мэдээлэл, хүлээн авагчийн мэдээлэл зэрэг мэдээллүүд нь Олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн эсэхийг нарийвчлан шинжлэн судлах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх байсан боловч илгээгчийн талаар ямар ч нотлох баримтыг цуглуулаагүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасны дагуу гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн гарсныг тогтоох нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Б нь интернэт ашиглан тодорхой site-тай цахимаар харилцаж, мансууруулах бодис захиалсан, мөн төлбөрийг цахим хэрэгсэл ашиглан хийж, улмаар шуудан илгээмжээр Герман Улсаас Монгол Улсад оруулж ирсэн байх бөгөөд түүний энэ үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан буюу хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд бэхжүүлэх ажиллагаа хийгдсэн байх тул уг эд мөрийн баримтыг шүүх хуралдаан дээр заавал шинжлэн судлах шаардлага, хууль зүйн үндэслэл үүсээгүй, хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд баримт хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцохдоо “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэсэн байх бөгөөд түүний үйлдэлд бэлтгэх шинж байхгүй тул энэ талаар зохих өөрчлөлтыг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 751 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Их монгол овгийн Батцоожийн Бат-Ирээдүйг “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах”, “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Их монгол овгийн Батцоожийн Бат-Ирээдүйг “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, мөн “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

 

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

 

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ