Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0191

 

 

 

 

2021 оны 03 сарын 16 өдөр           Дугаар 128/ШШ2021/0191            Улаанбаатар хот

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч:  Н

Гуравдагч этгээд: Н.б.г

Нэхэмжлэлийн  шаардлага: ”Н 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Б, Г.О, С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхонд захиалгаар орон сууц бариулж байгаа бөгөөд ******* 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар 50081 м.кв  газрыг орон сууцны зориулалттай эзэмшсэн. Тухайн үед газрын дуудлага худалдааны үнэ 79,329,95 төгрөг төлж байсан ба уг газартаа хэсэгчлэн орон сууц барьж улмаар улсын комисст хүлээлгэн өгч үүнтэй уялдуулан “И” ХХК-д нийт 5 удаа ******* захирамж гарч байсан.

Хамгийн сүүлд ******* 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/ захирамжийг үндэслэн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14513 м.кв газрыг орон сууц үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлсэн. Улмаар уг газарт өөрийн хөрөнгөөр үйлчилгээ орон сууц болон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж эскиз зураг төслийг батлуулсан байсан.

Гэтэл Нийслэлийн газрын албанаас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01-06/******* тоот мэдэгдлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны ******* дүгээр тогтоолоор батлагдсан “Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу Ерөнхий боловсролын сургууль баригдахаар төлөвлөгдсөн 14513 м.кв газраас 7500 м.кв газрыг Н.б.г т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу эзэмшүүлж шийдвэрлэх болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл ирүүлсэн ба тус мэдэгдэлтэй холбогдуулан гомдол гаргахад танай компанийн эзэмшил бүхий 14513 м.кв газраас нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан 7500 м.кв газрыг Н.б.г эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэсэн хариуг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн ба улмаар ******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжаар хүчингүй болгосон гэсэн хариуг ирүүлсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны ******* дүгээр тогтоолыг үндэслэж 7500 м.кв газрыг ул эзэмшихээр шийдсэн талаар Нийслэлийн газрын албанаас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдэгдэл болон ******* захирамж нь “И” ХХК-ийн ******* 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/ дүгээр захирамжийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна.

Манай компани ******* 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/ дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 14513 м.кв газрыг 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрх авсны дагуу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу эзэмшиж байна. Улмаар дээрх газартаа орон сууц үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барих төсөл эхлүүлэн барилгын ажлын эскиз зургийг хийж гүйцэтгэсэн.

Манай компанийн эзэмшлийн газрыг Н.б.г олгосон талаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01-06/******* тоот мэдэгдлээр болон ******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02-06/******* тоот мэдэгдлээр мэдсэн болно.

Н нь Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 жилийн хугацаатай Газрын албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.1, 6.2 дахь заалтуудыг илт зөрчиж, дарамт үзүүлсэн хууль бус 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамж гарсан нь “И” ХХК-ийн газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн юм.

Н нь манай компанийн эзэмшил газраас 7500 м.кв газрыг Н.б.г эзэмшүүлсэн зайлшгүй хэрэгцээ үүсээгүй газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө хуульд заасан арга журмаар шийдвэрлэгдээгүй байхад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг заалтыг хэрэглэсэн нь үндэслэл муутай байна.

Иймд хууль бус эрх зүйн зөрчилтэй “И” ХХК-ийн газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар  хорооны хүн ам 2021 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар 28 мянга гаруй бөгөөд сургуулийн насны /6-18 нас/ 7767 хүүхэд, сургуулийн өмнөх насны /2-5 нас/ 3145 хүүхэд байгаа бөгөөд энэ жил 6 настай 1 дүгээр ангид элсэн суралцах 829 хүүхэд байна. Өөрөөр хэлбэл энэ хооронд цогцолбор сургууль буюу бага, дунд, ахлах сургууль зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд Монгол Улсын сургуулийн барилгын норм дүрмээр хүүхэд гэрээсээ явганаар 500-700 м газарт сургуульдаа явахаар зааж тусгасан.

Маргаан бүхий газар 26 дугаар хорооны яг төв дунд байдаг. 25007 оны Олимп хотхоны ерөнхий төлөвлөгөөгөөр сургууль цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөгдсөн байсан тул ******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль ёсны дагуу гарсан шийдвэр учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай газар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрийн байдлаар дараах газруудыг эзэмшиж байна. Үүнд ******* 2018 оны ******* дүгээр захирамжаар 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газар, ******* 2019 оны ******* дүгээр захирамжаар хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих зориулалтаар 0******* дугаартай гэрчилгээтэй 20000 м.кв газар, /2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Н*******” ХХК-ийн барьж буй 920 хүүхдийн суудалтай сургууль, 2021 оны Улсын төсөвт 320 ортой цэцэрлэгийн барилгын үлдэгдэл 4,200,000,000 төгрөгийн санхүүжилт батлагдсан.

******* 2019 оны ******* дүгээр захирамжаар олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн зориулалтаар 10837        дугаартай гэрчилгээтэй 1000 м.кв газар /2021 оны улсын төсөвт 640 суудалтай сургуулийн барилгын 3,500,000,000 төгрөгийн санхүүжилт батлагдсан/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн байдлаар /2021 оны/ төрийн өмчийн ерөнхий боловсролын нэг сургууль /133 дугаар сургууль/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хорооны нийт сургуулийн насны 7767 хүүхдээс 2062 хүүхэд нь тус сургуульд суралцаж, цэцэрлэгийн насны /2-5 нас/ 3145 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэг огт байдаггүйн улмаас гэрээр хүмүүжиж байна.

Дээр дурдсан баригдаж буй сургууль цэцэрлэгийн байгууламжууд ашиглалтад орох үед тус хорооны нийт сургууль цэцэрлэгийн насны 10912 хүүхдээс 1240 хүүхдийн сурч боловсрох эрх хангагдах боломжтой бөгөөд үлдсэн 9672 хүүхэд харьяаллын бус сургуульд хамрагдаж байна. Үүнээс шалтгаалж нийгэмд олон асуудал урган гарч байна.

Мөн газрын асуудлаас үүдэн Сургалт хүмүүжлийн байгууллагыг үйлчлэх хүрээний чиглэлээр тогтоосон барилгын норм дүрэм БНбД II-бб-88-д тухайн суралцагчийн оршин суугаа газраас ерөнхий боловсролын сургууль, сургалт хүмүүжлийн цогцолбор, ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль хотод 750м, хөдөө 1500м зайд байх, бага ангийн хүүхэд гэрээсээ 500м-ийн дотор хичээллэх ёстой гэж заасан стандарт, норм дүрэмтэй байдаг ба шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэг нь тус хорооны оршин суугчдын хорооллоос 7 км-ийн зайнд баригдаж байна.

Дээрх олон шалтгаан нөхцөлийн улмаас хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломж нөхцөлөөр хангагдах эрх, төрөөс боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын чанар, хүртээмж үр дүнг нэмэгдүүлэх зорилготой зөрчилдөж байна.

Иймээс нэгэнт баригдаж байгаа 920 хүүхдийн багтаамжтай сургуульд ахлах дунд ангийг хичээллүүлэх, маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд 2022 оны төсөвт сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт суулган /Олимп хорооллын дундах 7500 м2 газар дээр/ баригдах барилгад бага анги, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар хууль дүрмийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Иймд тус хорооны иргэдийн нийгмийн зайлшгүй шаардлагын хүрээнд үүсээд буй шалтгаан нөхцөл цэцэрлэг сургуулийн хүрэлцээ хангамжийн тулгамдаж байгаа асуудлыг судлан үзэж ******* 2018 оны А/ дүгээр захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “И” ХХК-иас Н холбогдуулан гаргасан ”******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах[1]” тухай  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

******* 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/ дүгээр захирамжаар “И” ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт, орон сууц, үйлчилгээний зориулалтаар 14513 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна[2]

Мөн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны ******* дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр захирамжийн хавсралтын “11” дэх хэсгийн “14513” гэснийг “7013” гэж өөрчилжээ. 

Улмаар мөн өдрийн ******* дүгээр захирамжаар Н.б.г Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп хотхон”-ны баруун талд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгожээ.

Нэхэмжлэгч “Н.б.г эзэмшүүлсэн 7500 м.кв газар нь “Олимп хотхон”-ны баруун талд буюу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас өөр байрлалтай“ гэж тайлбарлаж байх боловч тус 7500 м.км газар нь “И” ХХК-ийн эзэмшиж байсан газар мөн болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн боловсруулсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч баталжээ. 

Тус төлөвлөгөөнд 2500 хүүхэд суралцах хүчин чадалтай дунд сургууль байхаар тусгасны дагуу “И” ХХК-ийн эзэмшиж байсан газрын 14513 м.кв газрын хэмжээг 7013 м.кв болгон өөрчилж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 7500 м.кв газрыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар Н.б.г эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;

21.2.4.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ. 

Маргаан бүхий газарт улс, төсвийн хөрөнгөөр сургууль барих нь БНбД-II-66-88 дугаар норм дүрэмд заасан ерөнхий боловсролын сургууль хотод 750 м байх зай хэмжээнд нийцсэн болох нь шүүхээс Хот байгуулалт, хөгжлийн газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байх бөгөөд Н “И” ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг багасгаж, Н.б.г эзэмшүүлсэн газар дээр сургууль барихаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: … 49.3.5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд.” гэж заасныг зөрчөөгүй байна. 

Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 0-5 насны 3050, 6-18 насны хүүхэд 7623, нийт 27123 иргэн бүртгэлтэй амьдардаг[3] нь тус хороонд ерөнхий боловсролын сургууль шаардлагатай, сургуулийн барилга барих нь нийтийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд цаашид ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юм гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ”******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө“ гэж зааснаар нэхэмжлэгч компани эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нөхөн төлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3,  106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсгийн 21.2.3, 21.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас Н холбогдуулан гаргасан ”******* 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 

[1] Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан “******* А дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар өөрчилсөн.

 

[2] Үүнээс өмнөх нэхэмжлэгч компаний газар эзэмших эрхийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй учир дүгнэн бичих шаардлагагүй гэж үзсэн болно.

[3] Хэргийн 4 дүгээр хавтас 232 дугаар хуудас