Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2024/0120/З |
Дугаар | 221/МА2024/0306 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0306
й2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2024/0306 | Улаанбаатар хот |
Б.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч;
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөг гаргуулж олгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0263 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Д ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0120/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д-аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөг гаргуулж олгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”-аар маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид учирсан хохирол болох ...нийт 391,500,000 /гурван зуун ерэн нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-ээс давж заалдах гомдолдоо: Дээрх шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Б.Д Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас 2014 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирол болох 294.300.000 /хоёр зуун ерэн дөрвөн сая гурван зуун мянган төгрөг/, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 97.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Үүнд: Иргэн Б.Д-г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн. Тухайлбал:
3.1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
3.1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Д нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
3.1.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Д-г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн. Тус зөвлөл нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа анх 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр /2022 оны Е/04, Е/05 тоот албан бичиг/ нэхэмжлэгч Б.Д-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. ...” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ч дахин тодруулж асуугаагүй юм.
3.1.4. Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг хариуцахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Б.Д чөлөөлөгдсөн. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлгийг Б.Д-д олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.
3.1.5. Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгч Б.Д-д гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Б.Д-г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй болохыг дахин дурдъя.
3.2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгч Б.Д-д олгох хууль зүйн боломжгүй. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж шүүгч, түүний гэр бүлийн нийгмийн баталгааг хангах зорилго бүхий зохицуулалт бөгөөд зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, журмын дагуу томилогдож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Монгол Улсын Шүүхийн шүүгчид хамаарах зохицуулалт юм.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Д-ийн тухайд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэгч Монгол Улсын Шүүхийн шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилогдоогүй иргэн байх тул түүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхгүй. Нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахгүй. Мөн нэхэмжлэгч Б.Д-д гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүйгээс гадна дээр дурдсанчлан шүүгчээр ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт биелэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар;
1.1. Нэхэмжлэгч Б.Д-аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг 2,700,000 төгрөгөөр бодож 9 жил 1 сар буюу 109 сараар тооцож 294,300,000 төгрөг, шүүгчийн 36 сартай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг, нийт 391,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1802 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
1.2. Харин хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас “ ... нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн ... нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.
1.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх талуудын маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1.4. Учир нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах,” гэж заасан үндэслэлд хамаарч байна.
Иймээс хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүхээс “...Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас иргэн Б.Д-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хууль зүйн дүгнэлт дээр нэмж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй талаар давж заалдах шатны шүүхээс дараах эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Хоёр. Хууль хэрэглээний талаар;
2.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Зарим шүүгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” 198 дугаар зарлигаар “Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан ...Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Шүүгчийн албан тушаалаас Б.Д-г чөлөөлөгдсөнд тооцсон байна.
2.2. Шүүгч Б.Д-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Шүүх байгуулах тухай хууль”-ийн холбогдох зүйл, заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, улмаар Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлээр “2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг хүчингүй болсонд” тооцжээ.
2.3. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь хууль бус байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол Шүүгчийн бүрэн эрхийг сэргээж цалин хөлсийг нөхөн олгоно.” гэж заасан байна.
2.4. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Д-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон “2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” нь Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааны тогтоол, Улсын Их Хурлаас баталсан хуулиар хүчингүй болсон байхад хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь Б.Д-г шүүгчийн албан тушаалд нь эгүүлэн томилох замаар Шүүгчийн бүрэн эрхийг нь сэргээж, цалин хөлсийг нөхөн олгох ёстой байжээ.
2.5. Хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.”, 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн ... эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ;”, тавин нэгдүгээр зүйлийн 4-т “Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, нэхэмжлэгч Б.Д-г шүүгчээс чөлөөлсөн шийдвэрээ залруулалгүй хохироосон болох нь тогтоогдож байна.
2.6. Тодруулбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ын 20 дугаар зүйлийн 20.2-т “шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох:”, 20.4.4-т “хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хугацаагүй томилогдож, хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны болон гурав дахь этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй байх;” гэж шүүгчийн хараат бус байдал, баталгааг хуульчилсан байхад тухайн үеийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд Монгол Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчдийг чөлөөлөгдөхөд зарим шүүгчдийг буцаан томилуулах саналд тусгалгүй орхигдуулснаар дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
2.7. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/-ийн 70 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөл нь “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, Ерөнхийлөгч ... шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч ... шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ... Үндсэн Хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын Дээд шүүхэд хүргүүлэх, шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг маш тодорхой хуульчилжээ.
2.8. Гэтэл хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн эрх, ашгийг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгчийн албан тушаалд өргөн мэдүүлээгүй нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хохирлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба тооцоолол дээр хариуцагчаас маргаагүй байна.
2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА