Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/714

 

 

 

 

 

   2022         09         07                                   2022/ШЦТ/714

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ГБид холбогдох эрүүгийн 2211 00495 1312 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Жигүүр гранд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 ач хүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хад 11-205 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хорооллын 905 дугаар байрны 107 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: - 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Октябрийн шүүхийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- 1988 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Найрамдлын районы шүүхийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, уг хорих ялыг эдэлж байгаад 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 258 дугаартай магадлалаар 01 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

- 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялуудыг хөнгөнийг нь хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар тогтоосон,

- 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим ял болох 2 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 14 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосон,

- Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 169 дүгээр захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж үлдэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна,

-  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан, 6 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигин овогт ГБ /РД:......................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” /сиюү/ сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй М.Мишээлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б нь:

2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” /сиюү/ сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй М.Мишээлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Насанд хүрээгүй хохирогч М.Мишээлийн  “Миний бие 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр найз Анужинтай хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх “Цэцэг” төвийн замын эсрэг талд байрлах “Си Юү” дэлгүүрт 18 цаг 00 минутын үед орж би найзтайгаа бэлэн гоймон худалдаж авч ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхны хажууд сандал дээр сууж авсан бэлэн гоймонгоо дэвтээж идэхээр сууцгаасан. Тэгэхэд 40 орчим насны, халамцуу, шар малгайтай, эрэгтэй орж ирж бэлэн гоймон худалдаж аваад миний хажууд 3м орчим зайтай суусан. Миний хажууд өөр хүн байгаагүй. Дараагаар нь 18 цаг 30 минутын орчимд би найзын хамт бэлэн гоймонгоо идэж дуусаад хогоо хаяхаар найзын хамт ширээнээс боссон ба тухайн үед миний гар утас ширээн дээр цэнэглээд үлдээсэн. Тэгэхэд тухайн дэлгүүрийн хогийн сав дүүрэн байсан учраас хогийн савны хажууд нь бэлэн гоймонгийн саваа тавьчихаад эргээд ширээндээ ирэхэд миний цэнэглэж байсан гар утас алга болсон байсан ба цэнэглэгч нь газар уначихсан миний хажууд байсан эрэгтэй байхгүй болсон байсан би тэр хүнийг авсан гэж бодож байна. Тухайн дэлгүүрийн хогийн сав нь ширээнээсээ 2-Зм зайтай байдаг би хогоо хаяхад ойролцоогоор 30 секунд болсон... Iphone 11 маркийн, ягаан өнгийн, 128гб багтаамжтай, тунгалаг хуванцар гэртэй, шилэн наалт нь ирмэгээрээ цуурсан, 2021 оны 08 дугаар сард “Теди” худалдааны төвөөс 1.640.000 төгрөгөөр худалдаж авч байсан, хайрцаг сав нь байхгүй, и-мэй кодоо мэдэхгүй...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай “...2022-03-07 18:38:39 секундийг заахад шаргал өнгийн саравчтай малгайтай, хар хүрэн өнгийн хүрэмтэй, хар өнгийн гуталтай, дотуураа цэнхэр өнгийн цамцтай 40 орчим насны эрэгтэй хүн хана дагуулж байрлуулсан ногоон өнгийн ширээний дээр байсан хар өнгийн гар утасны хажууд зогсож буй дүрс бичигдсэн байв ...18:38:48 секундэд дээрх эрэгтэй хүн ширээн дээр байсан хар өнгийн гар утас мэт зүйлийг зүүн гараараа авсан ..., ...18:38:54 секундэд дээрх эрэгтэй хүн сүлжээ дэлгүүрийн хаалгаар гарч буй дүрс бичигдсэн байв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД1-22-701 дугаартай “...гар утас 1.100.000 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/, Мөрдөгчийн бичсэн илтгэх хуудас, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 35-38 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Бийн  “ Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 1-р хороо Мөнгөнзавъяа худалдааны төвийн ойролцоо байрлах CU сүлжээ дэлгүүр лүү үйлчлүүлэхээр орсон юм. Тэгээд дотор ороод бэлэн гоймон худалдан авч цонхон талын ногоон өнгийн ширээн дээр очиж суугаад худалдан авсан бэлэн гоймонгоо идээд суусан. Ингээд бэлэн гоймонгоо идчихээд босоод гарах гэтэл ширээн дээр Iphone 11 маркийн гар утас байхаар нь би аваад гарчихсан юм. Тэгээд би тухайн хүүхдийн гар утсыг авч гараад Монтел гар утас худалдааны төвийн гадаа зогсож байсан үл таних эрэгтэй хүнд утсыг нь 300.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө архи уучихсан юм ...Би Iphone 11 маркийн гар утас хулгайлсан үйлдэлдээ харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Мишээлийн 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48 дугаар тал/, Гранд грэйн ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 50 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 68-83/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” /сиюү/ сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй М.Мишээлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Улсын яллагчаас “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах “ санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа ухамсарлан ойлгож байгаа ... Миний хувьд улсын яллагчтай харилцан ярилцаж тохиролцлоо. Миний үйлчлүүлэгч төр өршөөлөө гэж үзэж байна. Би өөрийнхөө үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж байгаа зүйл байхгүй ...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч нь улсын яллагчийн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Бид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “ ...хохирлын мөнгө болох 1.100.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ...” гэсэн хүсэлт /хх 62/-ийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан,

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын 1.100.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 61/-аар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ГБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ