Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1148

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        07           27                                    2022/ШЦТ/1148

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч  Б.Эрдэнэбаяр,

хохирогч Г.А,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг /ҮД:03-34/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт М-ын Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 220 601 210 1744 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

                                                                                                            

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

                               Холбогдсон хэргийн талаар

 

            М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ********* гэх газарт гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: Би пиво уусан байсан. Хохирогч бас архи уусан байсан. Намайг унтуулахгүй байсан тул уур хүрээд хохирогчийг түлхсэн гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.А мэдүүлэхдээ:Д хүний утсыг хулгайлсан. Би банкнаас 400.000 төгрөг аваад хохирогчид нь 200.000 төгрөгийг бэлэн өгсөн. Гэтэл Д гаднаас согтуу орж ирээд “чи яах гэж мөнгө өгсөн юм бэ янхан, гичий минь” гэж хэлээд түлхэж унагаад, хамар руу өшиглөсөн. Орой нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хамар битүүрээд байдаг. Эмчилгээ хийлгээгүй гэв.

 

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                                 Хэргийн үйл баримтын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-ийн өгсөн:... Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ 10 цагийн орчимд унтаж байхад манай нөхөр М.Д гаднаас согтуу орж ирсэн. М.Д гэртээ орж ирээд намайг хэвтэж байхад шууд нүүр рүү алгадсан. Намайг алгадахаар нь би босоод суусан чинь миний нүүр рүү цохиж намайг гал түлж асаасан байсан гэрийн зуух руу түлхчихээд гараад зугтсан. Ямар учраас намайг ингэж цохиж, миний биед гэмтэл учруулсныг би мэдэхгүй байна...Би М.Д-тай Төв аймгийн Лүн суманд байхдаа 2019 онд танилцаж байсан. Тэрнээс хойш холбоотой байдаг байж байгаад 2021 оны 12 дугаар сараас эхэлж хамтран амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э-ийн өгсөн:... Манай бэр дүү Г.А нь нөхөр болох Д-тай муудалцаад, Г.А сандал дээр сууж байхад пийшин рүү түлхээд пийшингийн ирмэг мөргүүлээд хамраас нь цус гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Д-ийн өгсөн:.... Тухайн өдөр ээж Ц, би болон хамтран амьдрагч Г.А, эгч Э, хүргэн ах Э бид нар хамт архи уусан. Тэр үед хамтран амьдрагч А согтчихоод надтай утаснаас болж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед би хамтран амьдрагч Г.А-ийг түлхэх үед гэрийн галын булан хэсэг дээр унасан бөгөөд тухайн үед хамар, хүзүү, эрүүний доод хэсгээр түлэгдсэн. Өөр байдлаар А-ийн биед халдсан хүн байхгүй.Гэрт хэрүүл маргаан болж байхад ээж Ц, эгч Э нар байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3450 дугаартай шинжээчийн:

1.Г.А-ийн биед хамар, дээд уруул, доод уруул, эрүү, цээжинд 2-3 зэргийн түлэнхийн шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, духанд цус хуралт, зулгаралт, зулайн хуйханд зулгаралт дээд, доод уруулд шарх, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх түлэнхийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, буад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,

 

                        Шүүгдэгч М.Д-ийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Шүүгдэгч М.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ********* гэх газарт гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зэрэг хэрэгт авагдсан  бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь М.Д-ийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

 Гэмт  хэрэг үйлдэгдэх  шалтгаан  нөхцөл  нь бие биенээ үл  хүндэтгэсэн,  ёс зүйгүй  байдлаас үйлдэгдсэн гэж үзэх үндэстэй байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд:...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...хамаарна гэж  хуульчилжээ.

 

  Шүүгдэгч  М.Д-ийн  үйлдсэн гэмт хэргийн хохирогч  Г.А нь  түүний  хамтран амьдрагч болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч М.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний  эрүүл хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

             Иймд шүүгдэгч М.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

          Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

 

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

         Хохирогч  Г.А нь энэ хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйл хэрэгт авагдаагүй хэдий ч шүүгдэгч М.Д-ийн зүгээс 210.000 төгрөгийн өгсөн болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Д-г баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.  /хх-н 88-89-р тал/,

  

Гэвч хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учирсан тул  энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан:...гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч М.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, 1.2-т заасан хохирогчид хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Д анх удаа  тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байгаа,  ажил хөдөлмөр эрхлэдэг зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн  6.7 дугаар зүйлийн  1.1-т  заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан   ял оногдуулахгүйгээр   1 /нэг/  жилийн  хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2. 1 -т заасан  гэмт хэргийн улмаас  хор уршгийг  арилгах  арга хэмжээг авах,  мөн хуулийн 2.5-т   заасан оршин суух газар ,ажил ,сургуулиа  өөрчлөх, зорчин явахдаа  хянал тавьж буй эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх  үүрэг  хүлээлгэж  шийдвэрлэх саналыг гаргаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч М.Д анх удаа тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байгаа,  ажил хөдөлмөр эрхлэдэг зэргийг  харгалзан нийгмээс  тусгаарлахгүйгээр  хөнгөн эрүүгийн хариуцлага   оногдуулах   хүсэлтийг гаргаж байна.

 

 Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч М.Д нь согтууруулах  ундаа  хэрэглэсэн үедээ хохирогчийг зодсон, түүний хувийн байдал, хохирогчид учирсан  хохирол төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  1/ нэг/ жилийн  хугацаагаар  зорчих хязгаарлах  ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  С овогт М-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М-ын Д-г 1 /нэг/ жилийн  хугацаагаар  зорчих хязгаарлах  ялаар  шийтгэсүгэй. .

 

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Д-г  Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2,  3 дахь хэсгийн 3.3-т тус тус  зааснаар М.Д нь ял оногдуулсан хугацаанд   согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  М.Д-д  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.  

 

 6. Хохирогч Г.А нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Д нь  баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

                 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ