Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2018/00541

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ‘’З ’’ ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.М-д холбогдох 4590000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 10 сарын 5-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц , хариуцагч А.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , хариуцагчийн өмгөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваасүх нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК нь суманд шатахуун түгээх станц ажиллуулдаг. Х хоршоо нь манай шатахуун түгээх станцаас 2016 оны 11 дүгээр сард нийт 8879000 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авсан. Бид шатахууны үнээ төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд уг хоршооны дарга, нягтлан бодогч нар нь манай хоршооны тэргүүлэгчид хурал хийгээд хоршооны өрийг хэрхэн төлөх талаар тохиролцсон байгаа, түлшний үнэ 8879000 төгрөгөөс 3000000 төгрөгийг хоршоо өөрийн хөрөнгөнөөс төлнө, үлдэх 6000000 төгрөгөөс 3000000 төгрөгийг нь хоршооны гишүүн А.М  хувиасаа төлөхөөр тохиролцсон тул 3000000 төгрөгийг А.М-с аваарай гэсэн. Бид хоршооны гишүүн А.М-с шатахууны үнэ 3000000 төгрөгийг төлөхийг шаардаж эхнэрээ явуулахад уг өрийг танай компанид төлнө гэсэн бөгөөд хэдийд яаж төлөх талаар өөрөө бидэнд баталгаа гаргаж өгөх үүднээс хэлцэл хийсэн. Ингээд манай компаний нягтлан бодогч, манай гэр бүлийн хүн Б.Ц-тай 2017 оны 10 сарын 05-ны өдөр хэлцэл байгуулж, 3000000 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр төлж бадагдуулна, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд А.М-с шатахууны үнэ 3000000 төгрөг алданги 1590000 төгрөг нийт 4590000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.М  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц-д компани төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад дур мэдэн хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хамаарч байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Ц-тай А.М  миний бие Х хоршооны өрийг барагдуулах талаар харилцан тохиролцоогүй тул өр шилжих эрх үүсээгүйг нотолж байна. Б.Ц  Иргэний хууль зөрчиж хэлцэл байгуулж хоршооны өрийг нэхэж байгаа нь Хоршооны тухай хуулийн 5.1-ийг зөрчиж байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч  А.М  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 сарын 05-ны өдөр иргэн Б.Ц-тай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь би хувьдаа ‘’З ’’ ХХК-аас ямар ч шатах тослох материал аваагүй, Х хоршоог төлөөлж ч аваагүй. Бид найз нөхдийн холбоотой байсан учир Ц нь над дээр ирж энэ хоршооны даргатай учраа олохгүй байна. Иймээс хоршооны авсан шатахууны асуудлаар материал бүрдүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд хэлцэл хийсэн. Би үүний учир холбогдолыг ч ойлгоогүй юм. Энэ шатахууны өр бол аль хэдийнээ 2016 оноос эхлэн үүссэн өр юм билээ. Би бол тухайн хоршооны экскавартор машиныг хариуцан хэвийн ажиллуулах үүрэг бүхий хүн. Би Х хоршооны гишүүнээр байдаг хэдий ч энэ хоршооноос надад ийм хэлцэл хий гэж огт итгэмжлэл өгөөгүй. Мөн ‘’З ’’ ХХК нь иргэн Б.Ц-д уг хэлцлийг хийх эрх өгөөгүй юм.

 Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байх тул 2017 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан гэх хэлцлийг хүчин төгөлөр бус байсан хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Миний бие ‘’З ’’ ХХК-ий 4590000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч З ХХК шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэлцлээс харахад А.М  нь ‘’Х хоршоог төлөөлөн хэлцэл байгуулсан хүсэл зориг байдаггүй. Харин Х хоршооны нэр дээр авсан нийт 8879000 төгрөгийн шатахууны үнээс 3000000 төгрөгийг би 2017.12.25-ны дотор төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл бол нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. ....Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлага буюу бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй ойлголт юм. Гэтэл Б.Ц , А.М  нар шатахууны үнэ 3 сая төгрөгийг төлөх ёстой юм. Хэрэв танай компанид хугацаандаа төлж чадахгүй бол алданги төлөхөө хүртэл илэрхийлж, хэлцэл байгуулж, үүнийгээ нотариатаар батлуулсан байгаа.  Энэхүү хэлцлийг бичгээр хийсэн бөгөөд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага хангасан учраас хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй. ..... нөхөрлөлийн эзэд ‘’Х хоршооны өрийг хувааж төлөхөөр тохиролцсон учраас би төлөх юм гэдэг хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийг байгуулсан тул  А.М-с шатахууны үнэ 3000000 төгрөг, алданги 1590000 төгрөг, нийт 4590000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 ....Манай компани зүгээс А.М-тай хэлцэл хийх саналыг анх тавиагүй бөгөөд тус хоршооны тэргүүлэгч болох Ц.Т , Э , М , Х  нар надтай тухайн үед ирж уулзаад манай хоршооны тэргүүлэгчид хурлаараа шатахууны үнэ, өрийг хэрхэн төлөх талаар ярилцаж тохирсон.....үүнээс шатахууны үнээс 3 сая төгрөгийг хоршооны тэргүүлэгч, жоншны төв талбайд ажиллаж байгаад нөхөрлөлийн гишүүн А.М 3 сая төгрөгийг төлнө гэж надад амаар хэлцэл хийж тохиролцсоны дараа А.М  нь өөрөө ирээд гэрээ хэлцэл хийсэн.

Иймээс А.М-ын гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус байсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч : Нэхэмжлэгч  Ц.Ц  нь ‘’З ’’ ХХК-ны захирлаар ажилладаг. Х хоршоо бол суманд жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаандаа хэрэглэхээр шатахуунаа тухайн сумын шатахуун түгээх станцуудаас зээлээр авдаг байсан. 2016 онд М  өөрөө шатахуун авахаар гуйж ирсэн байдаг. А.М , Ц.Ц  нар бол найз нөхдийн холбоотой. Тиймээс А.М-ыг гуйж ирсэн болохоор шатахууныг өгсөн. Хоршоо шатахууныг бүтэн хэрэглэчихсэн үү, хоршооноос аваад нөхөрлөлийн эзэд хэрэглэсэн үү гэдэг бол тодорхойгүй. Тийм учраас А.М  нь шатахууны үнэ 3 сая төгрөгийг сүүлд төлнө гэж тохирсон байдаг. Анх Ц-ыг уг хэлцлийг байгуулаад ир гэж Ц.Ц  явуулсан байдаг. Аман зөвшөөрлийг өгчихсөн учраас заавал бичгэн хэлбэр шаардаад байх шаардлагагүй. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар ‘’зөвшөөрлийг өгөхөд заавал хэлцэлд баримтлах хэлбэрийг шаардахгүй’’ гэсэн байгаа. Ийм учраас эхнэртээ хэлцэл байгуулах зөвшөөрлийг амаар өгсөн байгаа нь хуулийн шаардлагад нийцэж байна. Манай зүгээс хэлцэл бол хүчин төгөлдөр хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, зохих этгээдийн  зөвшөөрлөөр хийх ёстой хэлцэл биш байсан гэж үзэж байна. 2017 оын 12 сарын 16-ны өдөр ‘’Х ’’ хоршооны гишүүдийн хурал болсон байдаг. Х хоршоо нь 150 сая төгрөгийн өртэй байсан ба гишүүдийн хурлаар энэ хоршооны өрийг яах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж, ярьсан байдаг. Ингээд хуралдаад ерөөсөө жоншны төв талбайгаа хувааж авъя гэж ярьдаг. Тэгээд энэ 4 тэргүүлэгч хувааж авч, бусад  тэргүүлэгч нь дэмжсэн байдаг. Энэ 4 хүн хоршооны өрийг 40, 40 сая төгрөгөөр нь  төлнө гэж тохирсон байдаг. Хоршооны тухай хуулийн 14 дүгээр зүйлд ‘’’хоршоо бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ төлж чадахгүй бол гишүүн төлнө’’ гэж заасан. Энэ үүргийг өөрсддөө шилжүүлээд авчихсан. Тийм учраас ‘’Х ’’ хоршоог бус А.М-ыг  хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Хоршооны тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1-д ‘’хоршоо өөрийн эд хөрөнгөөр төлөх ёстой’’ гэж байгаа. Эдгээр хүмүүстэй нүүр тулаад ярьсан байдаг. Хоршоонд байгаа ганцхан хөрөнгө бол 5 ханатай гэр байдаг. Ц  тэр 5 ханатай гэрийг авч, бусад хүмүүст өр чинь шилжчихсэн юм бол 4 сая төгрөгөөр тооцож 1 сая төгрөгийг буцааж хоршоонд шилжүүлсэн байдаг. Өнөөдөр шүүх хуралд дээр хариуцагч  ‘’би уг нь бол төлчихнө гэж бодож байсан’’ гэдэг хүсэл зоригоо илэрхийлээд байгаа нь М-ын санаанд бол байна гэж үзэж байна. Тийм учраас М  нь өөрөө ирж З ХХК-ны захирлын эхнэртэй буюу Ц-тай ‘’би Х хоршооноос авсан өрийг буюу 3 сая төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр гэхэд төлчихнө, хэрвээ би төлж чадахгүй бол алданги  0,5 хувиар төлнө’’ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээсэн байж өнөөдөр би хууль мэдэхгүй, тэр үедээ андуурсан байна гэж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Хэлцлийн гол зүйл бол хүсэл зоригийн илэрхийлэл байгаа. Шүүх ‘’хүсэл зориг’’ гэдэг зүйл дээр анхаараасай. Хүсэл зориг гэдэг нь тодорхой этгээдийн үүрэг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзэллийг хэлэх бөгөөд эрмэлзлэлийг гадаад илэрхийлэл нь гэж Иргэний хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1-д  ‘’хүсэл зориг хүлээн авсан бол хэлцэл хүчин төгөлдөр байна’’ гэж заасан. Хүсэл зоригоо илэрхийлсэн, нөгөө тал нь хүлээж авсан учраас хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Нөгөө талаас бол хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах  сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 58.1.8-д талбайрлахдаа Иргэний хуулийн 42.10-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэр гэдэгт бичгээр байгуулна, нотариатаар батлуулах бол батлуулна гэж байгаа юм. Энэ хэлцлийг энэ 2 хүн бичгээр байгуулчихсан. Алданги нэхэээд алданги дээр тохиролцсон учир энэ 2 хүн үүнийг бичгээр хийгээд нотариатаар батлуулчихсан. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа тодорхой биччихсэн. Манай зүгээс бол Ц  бол санхүүгийн асуудлыг хариуцдаг 2 дугаар гарын үсэг зурдаг хүн байгаа. Энэ компаний хүсэл зоригийн үүднээс яваад байгаа болохоос Ц  хувьдаа энэ мөнгийг авах гээд яваад байгаа юм биш. Магадгүй өнөөдөр Ц  би эхнэртэй энэ хэцлийг хийх зөвшөөрөл олгоогүй гэж байгаа бол өөр хэрэг юм. Гэтэл үүнийг угаасаа Ц  зөвшөөрчихсөн энэ дээр ямар ч маргаан байхгүй. Харин ч манай компани өмнөөс нэхээдэх гээд байгаа шүү дээ. Ганц захиралтай энэ компани үйл ажиллагаанд заавал өөрөө оролцоод байх шаардлагагүй тийм учраас шүүх энэ хүсэл зориг гэсэн асуудалд анхаарлаа хандуулаач гэж хүсэж байна. Харин ч хэлцэл хийх учир холбогдлыг бүрэн ойлгох чадвартай байсан. Өөрөөр хэлбэл Хоршооны тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2-т ‘’хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй бол  түүний үүргийг   гишүүд нөхөж  хариуцана’’ гэж байгаа юм. Энэ хүн үүрэг хүлээцэн гэж би болон нэхэмжлэгчийн зүгээс ойлгоод хариуцагчаар бид М-ыг татаад байгаа юм.  Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Алданги бол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж байдаг. Үндсэн нэхэмжлэл бол 3 сая бид нийт 4,590,000 төгрөг нэхэмжилсэн байгаа гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд тохируулаад шүүх алдангиас хасахад  бол бидэнд татгалзах зүйл байхгүй. Хэлцлээр 2017 оны 12 сарын 25-ны өдөр төлнө, төлөхгүй бол алданги тооцно гэсний дагуу 04 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзээд 106 хоногоор алданги тооцож алданги нэхэмжилсэн. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөнхбат нь үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгааг шүүх бас анхаарна гэж найдаж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 04 сард нэхэмжлэгч Б.Ц  гэдэг  хүн нэхэмжлэл  гаргасан байдаг юм. Энэ нэхэмжлэл дээр Б.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүссэн байгаа юм. 2018 оны 05 сарын 21-нд нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаад нэхэмжлэгчээ жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон байдаг.  Мөн өдөр Ц.Ц  нь ‘’З ’’ ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа юм. Энэ бол хэрэгт авагдсан нотлох баримтаас тогтоогдож байгаа. Үүнээс өмнө хэн энэ компанийг хариуцаж байсан нь харагдахгүй. 2017 оны 10 сарын 05-ны өдөр ‘’З  ’’ ХХК-ийг төлөөлж Ц  гэдэг хүн энэ хэлцлийг хийсэн байдаг юм. Энэ хэлцлийг хийх эрхтэй хүн Ц  мөн үү, биш үү. Иргэний хуульд иргэн, хуулийн этгээдүүд гэж тусдаа субьектууд байдаг. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд уг субьектүүдийг  нэрлэн заасан байгаа. Компаний тухай хуульд хуулийн этгээдийг хэн төлөөлөх вэ гэдгийг Иргэний хуулийн 62 дугар зүйлийн 62.3-т ‘’хэлцэлд төлөөлөх’’ тухай тусгайлан заасан төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд тодорхой заасан. Түрүүн нэхэмжлэгчээс энэ компани хэдэн гишүүнтэй вэ гэж асуухад хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирлыг нь би хийдэг гэсэн. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд ‘’ компаний удирдлагыг нэг хүн гүйцэтгэж байгаа бол энэ нь гүйцэтгэх захирал’’ гэж байна. Гүйцэтгэх захирал компаний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор итгэмжлэл олгоно гэсэн зүйл заалт байгаа. Гэтэл төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу нээгдээгүй. Хэрвээ Ц  гэсэн хүн компанийг төлөөлөөд энэ хэлцлийг хийсэн бол энэ хэлцэл хүчин төгөлдөр байх боломжтой. Гэхдээ тэр үед  Ц гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байсан. Бас төлөөлөх эрхгүй. Ц  гэдэг хүн бас л энэ компанид ямар ажил хийдэг нь тодорхойгүй. Энэ нь ‘’З ’’ ХХК өмнөөс нэхэмжлэл гаргаад, хэлцэл хийх эрхтэй этгээд биш. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтосон хэлбэрийг хуульд заасан тохиолдолд зохих этгээд зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болж байгаа юм. Компани бол гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр хэлцэл хийх, гүйцэтгэх захирлын итгэмжлэлээр бол өөр этгээд төөлөөлж хийх эрхтэй гэдэг нь эдгээр хуулийн зүйл заалтуудаар үүсэж байна.

Хоёрдугаарт Иргэний хуулийн  8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заахдаа 8.1.1-д ‘’хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл’’ гэж. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч талаас үндэслэл болгоод байгаа  хэлцэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, хариуцагч нь хариуцагч биш. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл энэ М , Ц  буюу ‘’З  ’’ ХХК нарын хооронд үүсээгүй байна. А.М  гэдэг хүн ‘’З ’’ ХХК-аас өөрийн  хувьдаа зээлээр шатах тослох материал аваад хэрэглэчихсэн бол төлөх нь гарцаагүй. Гэтэл юун төлөө өнөөдөр хуулийн этгээд  хоршоо гэж нэг юм байгуулаад тэнд хүн элсээд хоршооны үйл ажиллагаа явуулаад байна. Өнөөдөр нэхэмжлэгч тал ярьж байна хэлцэл хийсэн өөрөө энэ 3 сая төлнө гэж байсан, хүсэл зориг энд байгаа ш дээ гэж шууд үзэж ингэж мунхарлаж  болохгүй. Нэгэнт хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд субъект, өнөөдрийн энэ тохиолдолд хуулийн этгээдийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээд байна. ‘’Х ’’ хоршоог Мөнхбат төлөөлөх ямар ч эрх байхгүй байгаа, ‘’З  ’’ ХХК мөн л хуулийн этгээд. ‘’З ’’ ХХК-аас Ц  А.М-тай очоод гэрээ хийх гэсэн ямар ч итгэмжлэл байхгүй. Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийг ярьж байна. Хоршоо бол өөрийн үйл ажиллагаанаас үүсэх үүргээ өөрөө хүлээх  үүрэгтэй. Магадгүй хоршооноос М  чи энэ өрийг төл гэж үүрэг болгоод хоршоо М  2-ын хооронд 2017 оны 11 сард болсон тэргүүлэгчийн хурлаар шийдвэрлэсэн бол энэ хүнд төлөх үүрэг бол үүсэж болох юм. Гэтэл тухайн хурлын тэмдэглэлээс харахад М тэр тэрний өрийг төл, Хорлоо тэр тэрний өрийг төл гэсэн шийдвэр байхгүй байна. Иймээс нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийг хариуцах ямар ч үндэслэлгүй. Мөн хэлцэлд заасан мөнгийг төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар 0,5 хувийн алданги тооцно гэж. Энэ нь нэг өдөр юм уу, нэг сар юм уу  гэдэг нь тодорхойгүй. Хэлцэл болгон гэрээ биш, харин гэрээ болгон хэлцэл байх ёстой. Хүсэл зоригийнхоо үндсэн дээр гэрээ хийсэн юм гэж байгаа боловч хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл өнөөдөр барьж байгаа хэлцэл нь хүчин төгөлдөр биш хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нь Хаан банкнаас гаргаж өгсөн 2018 оны 05 сарын 17-ны өдөр гарын үсэг зурах эрхийг Ц-д олгосноор Ц  гэдэг хүн бол манай компанид 2-р гарын үсэг зурдаг хүн  гэж байна. Гэтэл нэхэмжлэл 2018 оны 04 сард гарсан, 2017 оны 10 сард хэлцэл хийгдсэн, 2018 оны 05 сарын 21-нд Ц  өөрөө гүйцэтгэх захирлаар томилогдсон. Эдгээр нотлох баримт хэрэгт ямар ач холбогдолтой юм. Ц  үнэхээр энэ хэрэгт оролцох эрхтэй юм уу гэдгийг шүүх анхаарч үзэх байх. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч: ‘’З  ’’ ХХК нь хариуцагч А.М-с 4590000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.М  нь 2017 оны 10 сарын 5-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. Зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 4590000 төгрөгийг нэхэмжлэгч З  ХХК нь хариуцагч А.М-с хэргийн 3-р хуудсанд авагдсан хэлцлийг  үндэслэн нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч А.М  Б.Ц-тай хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 болон Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн эд хөрөнгөөр хариуцна гэж заасан байна.

Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг иргэн, хуулийн этгээд гэж 2 тусдаа субьектээр тодорхойлон заасан байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж мөн заасан байна. Ашгийн төлөө хуулийн этгээд нь компани, ашгийн төлөө бус хуулийн этгээд нь хоршоо юм.

Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д компаний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага удирдан зохион байгуулж, гуравдагч этгээдтэй компанийг төлөөлөн харилцана. Компаний дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ. Хувь хүн хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компаний гүйцэтгэх захирал байна гэж заасан байна. Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт ......гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компаний эрх бүхий албан тушаалтанд тооцно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа З ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, захирал нь миний бие, Б.Ц-д тус компанид нягтлан бодогчоор ажилладаг тухай тушаал, шийдвэр байдаггүй, миний эхнэр учир компаний үйл ажиллагаанд оролцдог гэж тайлбарлаж байх тул Б.Ц  нь З компанийг Иргэний болон Компаний тухай хуульд зааснаар төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан биш болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол амаар буюу бичгээр хийнэ, 50 дугаар зүйлийн 50.2 дэх хэсэгт зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй гэсний дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч эхнэр Б.Ц-д амаар хэлцэл хийх зөвшөөрлийг олгосон гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-тай байгуулсан хэлцлийг Б.Ц  байгуулахад зөвшөөрөл өгөх шаардлагагүй, Б.Ц м З ХХК-ийг төлөөлж 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй этгээд. Энэ эрх нь хэрэгт авагдсан ХААН банкны хуулбар үнэн тэмдэг дарагдсан Дундговь аймгийн ХААН банкинд З ХХК-аас 2018 оны 5 сарын 17-ны өдөр хүргүүлсэн 01 дугаартай албан бичгийн хуулбар, 2018 оны 5 сарын 17-ны өдрийн Ц , Ц  нарын гарын үсгийн баталгаажилтын хуулбар, ХААН банкны баталгаат гарын үсэг, тамганы загвар гэсэн 2018 оны 5 сарын 17-ны өдрийн хуулбар баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нотлох баримт нь 2018 оны 5 сарын 17-ны өдөр З ХХК-ний захирал Ц.Ц-ийг орлон ХААН банкны 5450390192 тоот харилцах дансны гүйлгээг хянах, шилжүүлэг хийх эрхийг Б.Ц-д олгосон тухай нотлох баримт. Түүнээс З ХХК-нийг төлөөлж гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрхийг олгосон нотлох баримт биш юм. З ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай захирал нь Ц.Ц  боловч тус компани нь гэр бүлийн дундын өмч биш тусдаа хуулийн этгээд тул захирал нь Ц.Ц  болохоор захирлын эхнэр нь тухайн компаний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, гуравдагч этгээдтэй өөрийн нэрийн өмнөөс хэлцэл байгуулах эрхтэй гэж ойлгох нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хуульд зааснаар хуулийн этгээд буюу компани өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг гэж тодорхойлсон нь З компани нь өөрийн нэрээр гуравдагч этгээдтэй хэлцэл хийх үүрэгтэй. Энэ үүргээ бусдаар төлөөлүүлэхээр бол Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан байх тул итгэмжлэлийг амаар өгөх боломжгүй.

Мөн хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан хэлцэл нь .........3 тоотод оршин суух А.М , нөгөө Б.Ц нарын хооронд хийгдсэн ба Х хоршооны З ХХК-д өгөх шатах тослох материалын үнэ 8879000 төгрөгөөс 3000000 төгрөгийг төлбөр төлөгч А.М , төлбөр авагч Б.Ц-д төлөхөөр байгуулсан. Энэ хэлцлийг дүгнэхэд А.М , Б.Ц  нар нь хуулийн этгээдийг төлөөлж уг хэлцлийг байгуулаагүй,  иргэн А.М , иргэн Б.Ц  нарын хооронд ямар учраас Х   хоршооны З ХХК-д өгөх шатах тослох материалын үнэ 8879000 төгрөгөөс 3000000 төгрөгийг төлөх агуулгатай хэлцэл байгуулагдсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт аливаа этгээд хүсэл зоригоо илэрхийлэхдээ буюу хүлээн авахдаа бусдын нэрийн өмнөөс үйлдээгүй бол үүнийг төлөөлөх бүрэн эрхгүй байсан гэж үзэхгүй. Харин тэрээр төлөөлөгчийн хувиар буюу төлөөлөх бүрэн эрхээс хамааралгүй үйлдэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх хуульд заасан тодорхойлолтууд болон зохигчийн тайлбарыг дүгнэхэд  Б.Ц нь З  ХХК-ийг төлөөлөх эрхгүй, төлөөлүүлэх эрхгүйгээр хэлцэл хийх эрхтэй этгээд биш болох нь тогтоогдож байх тул А.М ,  Б.Ц нарын хооронд 2017 оны 10 сарын 05-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоох нь хуульд нийцэж байна гэж шүүх үзлээ.

Учир нь: З ХХК-ний шатахуун түгээх станцаас Х хоршоо нь зээлээр шатах тослох материал авсан бөгөөд үнэ 8879000 төгрөг төлөөгүй байсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна. Х хоршооны З ХХК-д төлөх төлбөрөөс 3000000 төгрөгийг А.М  тус хоршооны өмнөөс төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч А.М   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бид найз нөхдийн холбоотой байсан учир Ц  нь над дээр ирж, Х хоршооны даргатай учраа олохгүй байна. Иймээс хоршооны авсан шатахууны асуудлаар материал бүрдүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд хэлцэл хийсэн. Би үүний учир холбогдолыг ч ойлгоогүй болохоор төлий гэж бодож байсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байна. Гэвч хэргийн 3-р хуудсан авагдсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэлээ.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, 2017 оны 10 сарын 05-ны өдөр А.М , Б.Ц  нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 88390 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгийн хураамж 62950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 7250 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч З ХХК-аас 62950 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.М-д олгохоор шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 10 сарын 05-ны өдөр А.М , Б.Ц  нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88390 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З ХХК-аас 62950 төгрөг, улсын орлогоос 7250 төгрөгийг тус тус гаргуулж А.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР