Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2018/00512

Дундговь аймаг

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Б. Д-ийн нэхэмжлэлтэй,

А. Т-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 сарын 21-ний өдөр 139/2018/00447/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д , хариуцагч А.Т , нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд А.Т-тай танилцан хамтран амьдарч 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2000 онд хүү Б , 2006 онд хүү Д , 2010 онд охин Х  нарыг төрүүлсэн. ....А.Т  нь хамт амьдрах хугацаандаа биемахбодийн болон сэтгэл санааны дарамж үзүүлж, архи их уудаг болсон. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах хүсэлгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Бидний дунд эд хөрөнгийн болон, хүүхдийн тэтгэлэгийн маргаан байхгүй гэв.

            Хариуцагч А.Т  шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д-тай 1999 онд танилцан 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний харьцаа 2010 оноос хойш муудаж эхэлсэн. Би архи их уудаг нь үнэн боловч гэртээ агсан тавьдаггүй. Өнгөрсөн жилээс хойш 1 жилийн хугацаанд тусдаа амьдарч байна. Одоо бид таарч тохирохгүй учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Д  нь А.Т-с гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зохигч нь 2006 оны 03  сарын 20-нд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2006 оны 09 сарын 20-нд бүртгүүлж, 2006 оны 05 сарын 02-нд хүү Т.Д , 2010 оны 12 сарын 13-нд охин Т.Х-ыг төрүүлсэн болох нь №005/000441 дугаартай гэрлэлтийн  бүртгэлийн лавлагаа, №005/00442 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №0000516972 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч А.Т  нь нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, шалгагдаж байгаа болох нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 40/1048 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Мөн гэрлэгчид нь таарч тохирохгүй шалтгааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул гэрлэлтийг цуцалж,  хүүхдийн саналыг харгалзан хүү Т.Д , охин Т.Х  нарыг эх Б.Д-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хөрхийн чулуу овогт А.Т , Тайж овогт Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэрлэгчид дундын өмчлөлийн хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БАЯРДАВАА