Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1052

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         07          05                                     2022/ШЦТ/1052

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч А.Хишигжаргал, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /ҮД:00-96/,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт М-ийн Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 602  051 1909  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

М.Э 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед ********* дүүргийн ** дугаар хороо, “*******” хотхонд үйл ажиллагаа явуулдаг K*** K******” ресторанд үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тооцоогоо хийхгүй гэж маргалдан, улмаар тус рестораны ажилтан А.Х-г шатны уруу түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун гуя, цавинд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Тэр өдөр эхнэр, хүүхдийн хамт ресторанаар үйлчлүүлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хоол дээр санал, гомдол хэлж маргаан үүсгэсэн. Манай эхнэр тооцоогоо хийсэн. Гэтэл үйлчлэгч “энэ ах дандаа ийм асуудал үүсгэдэг цагдаа дуудаж өгнө” гээд гарц хааж зогссон. Би эхнэр, хүүхдээ явж бай гэж явуулаад үйлчлэгчтэй маргалдаж байхад ийм асуудал болсон байна. Тухайн өдрөө эрүүлжүүлэх байранд хоносон гэв.

 

 Шүүх хуралдаанд хохирогч А.Х  мэдүүлэхдээ : Шүүгдэгч 03 дугаар сарын 31-ний өдөр эхнэрийн хамт манай ресторанд орж ирсэн. Би уг ресторанд ажиллаад 2 жил болсон тул өмнө нь үйлчлүүлж байсан хүмүүсийг мэддэг. Эхнэр нь мөн согтуу ирсэн. Гэнэт хүн орилоод би ширээн дээр нь очоод ямар асуудал гарсныг асуухад танайх дандаа ингэдэг гэх мэтээр маргасан. Шүүгдэгчийг гарах үед нь тооцоогоо хийгээрэй гэхэд нь надад хараалын үг хэлж доромжилсон. Та яагаад дандаа ийм асуудал гаргадаг юм бэ гэхэд намайг дахиад л доромжилсон. Тэгээд би цагдаа дуудахад бүр их агсам тавьсан. Э нь эхнэр рүүгээ агсам тавиад эхнэрийгээ түлхэж унагааж, сандал унагааж, ширээний хөл өшиглөсөн.   Тэр бүх үйл явцыг хараад Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн юм байна гэж бодсон  тул эхнэр, хүүхэд хоёрыг нь явж бай гэж хэлээд явуулаад цагдаа дуудсан. Цагдаа ирэх хугацаанд гарна гээд байсан бөгөөд их согтсон хүнийг гаргахгүйн тулд ноцолдсон. Гэтэл энэ хүн миний утсыг цохисон, намайг бас цохисон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд бүтэн биеийн доргилт учирсан 7-10 хоног хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн. Иймд би 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл гэртээ хэвтсэн. Түүний дараа толгойны томограф, бариа, эмийн эмчилгээ хийлгэсний зардал  2.132.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                               Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Х-ын өгсөн:...2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед манай ресторанд нэг эрэгтэй, нэг эмэгтэй орж ирээд хоол болон пиво захиалан ууж сууцгааж байгаад нилээн агсам тавиад манай зөөгч рүү орилоод байхаар нь би ахаа тооцоогоо хийгээрэй гэтэл намайг хэл амаар доромжилж тэр хавиар орилж хашигчаад, заалны ширээ сандал өшигчөөд байхаар нь цагдаа дуудсан. Гэтэл хамт байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй нь гараад явсан чинь араас нь тооцоогоо хийхгүй гарах гээд байхаар нь би урд нь хаагаад зогсож байтал тэр ах намайг шатны уруу түлхээд унагачихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б-гийн өгсөн:..Тухайн согтуу эрэгтэй кассны хэсэгт Х эгчтэй муудалцаад тооцоогоо хийхгүй байсан. Намайг зааланд хоолоо зөөгөөд явж байхад шатны ойролцоо эмэгтэй хүн орилохоор нь очоод хартал Х эгч шалан дээр сууж байсан. М надад Х эгчийг шатнаас түлхээд унагачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Э-ын өгсөн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой гэрийнхээ ойролцоо байх ресторанд орж үйлчлүүлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир ажилтантай нь маргалдаж гарах гэтэл гаргахгүй байхаар нь зууралдаж байгаад түүнийг түлхэж цааш гарсан. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг   /хавтаст хэргийн 63-64-р тал/,    

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5207 дугаартай:  

1.А.Х-ын биед баруун гуя, цавинд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 21-25-р тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дахь тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 42 дахь тал/,

-Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,

- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/,

-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дахь тал/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дахь тал/,

-“ХААН” банкны дансны хуулга /хавтаст хэргийн 47-53 дахь тал/, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.Э 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхонд үйл ажиллагаа явуулдаг K*** K******” ресторанд үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тооцоогоо хийхгүй гэж маргалдан, улмаар тус рестораны ажилтан А.Х-г шатны уруу түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун гуя, цавинд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь  хохирогч болон гэрч нарын мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан  бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Хохирогч А.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  нь  М.Э-ын  гэм буруугийн  үйлдэлтэй  шалтгаант  холбоотой байна.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Э нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

         Иймд шүүгдэгч М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна .

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

 

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогч А.Х нь баримтаар 2.131.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх боловч   2.131.000- 150.000 төгрөгийг хасч = 1.981.000 төгрөгийг М. Э-аас гаргуулан  хохирогчид олгох үндэстэй байна./  хх-н 26-32-р тал/

          Хохирогч А.Х нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй  байна.

 

        Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...   Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан ш ударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Шүүгдэгч М.Э-д эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

        Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М.Э нь  гэмт хэргийг  согтуурсан  мансуурсан үедээ  үйлдсэн  байна.

           Шүүх хуралдаанд  улсын яллагчаас шүүгдэгч М.Э  анх   удаа  тохиолдлын   шинжтэй   нөхцөл  байдлын улмаас  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  цалин орлоготой  зэргийг харгалзан   1000 / нэг мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу  1.000.000  /нэг сая / төгрөгөөр  торгох  ял оногдуулах    саналыг гаргаж байна.

             Шүүх хуралдаанд хохирогч өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах  саналгүй  гэв.

            Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч М.Э нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд прокурорын гарсан саналын дагуу М.Э-д   650  /зургаан зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-ийн Э-г 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э-д оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус  зааснаар  Б овогт М-ийн Э-аас , /РД:ХХ00000000/ 1. 981.000 /нэг  сая есөн зуун наян нэгэн мянган/ төгрөгийг  гаргуулж хохирогч  А-гийн Х-д / РД: ХХ00000000/ олгосугай.

 

5. Хохирогч А.Х нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэжилээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ