| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00491/И |
| Дугаар | 587 |
| Огноо | 2018-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 587
| 2018 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 139/ШШ2018/00587 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Э.Ц , Х.М , М.Т нарын нэхэмжлэлтэй,
Э.А-д холбогдох 11200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Х.М
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х
Хариуцагч Э.А
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д
Гэрч О.Г
Нарийн бичгийн дарга Б.Даваасүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц , Х.М , М.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлзийт сумын иргэн Э.А-тэй бид 2017.01.19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээгээр бидний өмчлөлийн ........... 17-р байрны 1 тоотод байрлах 60.28 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг Э.А нь худалдан авч бидэнд 55000000 төгрөгийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр урьдчилгаа 30000000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны өдөр болон 2018 оны 05 сарын 15-ны өдөр үлдэгдэл 25000000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон юм. Мөн Э.А-ийн хүсэлтээр урьдчилгаа төлбөр болох 30000000 төгрөгийг бидэнд бүрдүүлж өгөхөөр банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ худалдан авагчид шилжүүлсэн. Гэтэл Э.А нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулахгүй үлдэгдэл болох 11200000 төгрөгийг өгөхгүй ямар ч харилцаа холбоогүй алга болсон. Иймд Э.А-с гэрээний үнийн үлдэгдэл 11200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр 11 сард ашиглалтад ороод манайх нялх хүүхэдтэй өвөлжихөд зүгээр л дулаахан халаалт нь хэвийн байсан. Гэрээ байгуулахдаа 55 сая төгрөгөөр худалдсан. Хариуцагч өөрөө 54 сая гэж бодоод байх шиг байна. Тиймээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 11200000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхдүүд 2017 оны 01 сарын 19-ний өдөр А-д орон сууцаа шилжүүлсэн байдаг. Орон сууц худалдаж авах үедээ хүүхдүүдтэй уулзаж ордероо өөрийнх нь нэр дээр шилжүүлчих, зээл аваад байрыг нь авна болно бүтнэ гэж явж байгаад байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн 04 сард 2 сантехникчийг дуудаж байр чинь хүйтэн байна. Ийм хүйтэн байранд орсон учраас байрны төлбөрийг бүтнээр нь өгч чадахгүй 5 сая төгрөгийг хасвал үлдэгдлийг өгнө гэсэн байгаа юм. Хариуцагч урьд нь бас байр буцаасан хүн байна. Тэгээд би энэ хүн бол төлбөр мөнгөө гүйцэд өгөхгүй хүн байна гээд шүүхэд хандаж гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөрөөс 5 сая төгрөг хасаад төлнө гэж байгааг нь ойлгохгүй байгаа юм. Байрыг бол дулааж өгнө л гэж ярьсан өөрөөр хэлбэл пасаад хийж өгнө гэж хэлсэн. Өөр айл байр халахгүй байна гэж ярьж ирдэггүй. Гаднаасаа жиндэж байгаа байх гээд дулаалж өгнө гэж хэлсэн. Байр огт халахгүй байсан гэдэг бол худлаа. Би нэг удаа очиход А эзгүй байсан. Хүүхэд харж байсан гэх У гэдэг хүн сайхан дулаахан байна гээд нүцгэн байж байсан би огт халахгүй байна гэдэгт итгэхгүй байгаа. Би 51 ханаар л тэр байрыг барьсан. Ханыг нь нарийсгаад блок оруулсан юм байхгүй саяхан паарыг нь янзалж өгнө гэж хэлсэн байгаа. Байраа 55 сая төгрөгөөр худалдсан. Үлдэгдэл 11200000 төгрөг нь зөв учир гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ............. 20 тоот хаягт байршилтай 3 өрөө байрыг 55 сая төгрөгөөр худалдан авч, нийт 45 сая төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байгаа. Одоо байрны төлбөрийн үлдэгдлээс 11200000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байгаа Намайг анх энэ байрыг худалдан авч нүүж ороход энэ паар нь ажилладаггүй бусад паарнууд нь муу халж байсан. Би тухайн үед халаалт муу байна. Хүйтэн байна гэж хэлэхэд халаалтандаа /уурын зуухандаа/ байгаа гэж хэлсэн. Энэ байр нь халуун усны уурын зуухнаас халдаг бөгөөд эднийх муу халааж байгаа юм байх гэж бодож байсан. Тэгээд тэр хавраас нь манайх хөдөө яваад байрандаа нэг их амьдраагүй. 2018 оны өвөл амьдрахад маш хүйтэн байсан тул энэ барилгыг барьж гүйцэтгэсэн нэхэмжлэгч Х.М-ын аав Х гуайг хэд хэдэн удаа дүн өвлийн хүйтэнд дуудаж үзүүлсэн. Ийм хүйтэн байна гэхэд Х гуай ирж үзээд гаднаас чинь пасат хийж хөөсдөж өгье тэгвэл дулаан болох байх гэж хэлсэн. Мөн манай хажуу талын айлууд ч гэсэн хүйтэн байна гэж шаардлага тавьсан бөгөөд Х гуай пасат хийж хөөс гаднаас нь дулаалж өгье гэж хэлээд өдийг хүртэл дулаалж өгөөгүй байгаа. Би тухайн үед худалдаж авахдаа уурын зуух нь сайн галлачих юм бол халаад дулаахан байна гэж найдаж авсан. Гэтэл 2018 оны өвөл өвөлжихдөө халаалтандаа биш гэдгийг ойлгосон. Анх худалдахдаа дулаан байр гэж зарсан. 2 жил өвөлжих хугацаанд маш хүйтэн гэдгийг мэдсэн тул энэхүү байр нь биет байдал чанарын доголдолтой гэж үзэж байгаа учраас гэрээний үнийг бууруулах саналыг тавьж өдийг хүртэл би үлдсэн 11200000 төгрөгийг төлөхгүй байгаа болно. Энэ доголдлыг нэхэмжлэгч тал өөрийн зардлаар арилгаж өгсөн тохиолдолд би гэрээний үлдэгдэл үнийг төлөхөд татгалзах зүйл алга. Мөн 2018 оны 1, 2 сард танайх байраа буцааж ав, би төлсөн мөнгөө буцааж авч гэрээнээс татгалзах саналыг тавьж байсан бөгөөд нэхэмжлэгч тал манайд байраа буцааж авч, та харин гэрчилгээг нь шилжүүлж өг гэсэн. Би төлсөн мөнгөө авсан тохиолдолд шилжүүлж өгье гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэ байр бол хүн амьдрахад хэцүү ариун цэврийн өрөө нь муухай үнэртэй, бөөн үстэй хорхойтой, ариутгал хийгээгүй яахыг мэдэхгүй байгаа. Энэ хүмүүс надад хүйтэн байр худалдаж байгаагаа мэдсээр байж ийм өндөр үнээр худалдсан. Хүйтэн байр гэдгээ өөрсдөө ирээд хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгч нар болон Х гуай энэхүү байрны доголдлыг арилгаж, хөөсөөр дулаалж өгнө гэж ярьчихаад энэ үүргээ биелүүлж доголдлоо арилгаж дулаалж өгөөгүй тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариуцагч мэтгэлцээний үед тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дээр тодорхой хуульчлаад тайлбарлаад өгчихсөн байгаа. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2017 оны 01 сарын 13-ны өдөр талууд байгуулсан. Гэрээнээс харахад 55 сая төгрөг гэж тохирч 30 сая төгрөгийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 25 сая төгрөгийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр, 2018 оны 05 сарын 15-ны өдөр хувааж төлөхөөр тохирч гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас харахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж гаргаж ирээгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэхэмжлэлдээ 55 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөрийг хэдэн оны хэдэн сард төлсөн талаараа бичээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулж гаргаж ирээгүй байгаа юм. Гэрээний үнийн дүн 54 сая төгрөг, 55 сая төгрөг гэж маргаж байна. 55 сая төгрөгөөр байгуулсан гэж үзвэл 45 сая төгрөгийг нь төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл нэхэмжлэлээрээ 11 сая төгрөг нэхэмжилж байгаа. Тэр 200,000 төгрөг нь ямар учиртай юм. Яагаад 11,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм бэ? Шүүх бол өөрийн санаачилгаар үүнийг тодруулах боломжгүй. Гэрээний зүйл болох 3 өрөө орон сууц бол биет байдлын доголдол эд хөрөнгөнд үнэхээр бий юу гэдгээ нэхэмжлэгч доголдолгүй хөрөнгө худалдсан гэдгээ нотолж чадахгүй байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хананаас дулаан алддагаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг дулаалж өгнө гэдэг хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр дулаан алдагдалтай хүйтэн байранд амьдардаг талаараа хариуцагч баримт бүрдүүлж ирээгүй би энэ хэрэгт өмгөөлөгчөөр ороод ийм нотлох баримт бүрдүүлэх хугацаа байгаагүй, өнөөдрийн байдлаар үүнийг нотлох боломжгүй энэ маань улирлын чанартай болохоор баримт гаргаж ирээгүй. Цаашдаа энэ байр дулаан алдалттай эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж тухай үед нь асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж бол бидэнд байгаа. Үүнийг хуулийн байгууллагаар шийдүүлнэ. Нэхэмжлэгч М , Ц , Т гэж байгаа гэтэл Т гэдэг хүний эрхийг хэн хамгаалж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах үед 2017 оны 06 сарын 07-ны өдөр энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ 9 нас 4 сартай байсан. Энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдгийг тодорхойлох ёстой. Иргэний хуулийн 15 дугаар зүйлд иргэний эрх зүйн бүрэн чадамж 18 наснаас бий болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зааж өгсөн. Гэтэл 9 настай хүүхдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд иргэнийг шүүхэд төлөөлөх асуудлыг зохицуулж “33.1.Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” Тэгэхээр Ц-ыг Х төлөөлж орж байгаа харин Т-г хэн төлөөлж байгаа нь тодорхойгүй. Шүүх эрх зүйн чадамжгүй хүний нэхэмжлэлийг яагаад хүлээж яваад байгаа юм бэ. Энэ хүн анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Тэр ч байтугай иргэний хэрэг үүсгэх захирамж дээр Т гээд явж байгаа. Үнэхээр нэхэмжлэгч гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авсан бол хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагаануудыг явуулах ёстой. Хууль ёсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-т зааснаар шүүх бол иргэний эрх зүйн чадваргүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шаардлагатай. Тиймээс шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж дотоод итгэл үнэмшлээрээ хандаж, нэр бүхий гурван иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөсэй гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ц , Х.М , М.Т нар нь Э.А-с байрны үлдэгдэл төлбөр 11200000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.А нь нэхэмжлэгч тал биет байдлын доголдолтой байр худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талууд .............17-р байр 1 тоотод байрлах 60.28 м2 талбайтай 3 өрөө байрыг худалдаж, худалдан авсан болох нь 2017 оны 01 сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /ХХ-4-5/
Дээрхи худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11200000 төгрөгийг хариуцагч Э.А-д төлөөгүй болох нь тогтоогдож байна. /ХХ-14/
Хариуцагч Э.А-д нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг биет байдал болон чанарын доголдолтой гэж маргаж байх боловч дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн биет байдал болон чанарын доголдолтой байдлыг нотолсон баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. Гэрч Б.Б-ны ............ 20 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн биет байдал болон чанарын доголдолтой байдлын талаархи мэдүүлэг нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч М.Т-ийн эрх ашиг сонирхлыг түүний эцэг эх болох Х.М л, Э.Ц нар хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь ИХШХШТХ-н 24 дүгээр зүйлийн 24.4-т заасантай нийцэж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.А-с 194150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.А-эс 11200000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц , Х.М , М.Т нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА