| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0833/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1077 |
| Огноо | 2022-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1077
2022 07 07 2022/ШЦТ/1077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт А-ийн Э-д холбогдох эрүүгийн 220 600 000 1922 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар
А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод хохирогч Ж.О-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: Ж гэх манай найзын ээжийн тэтгэвэр буусан тул бид нар архи уусан. О гаднаас нөхөртэйгөө орж ирсэн. Ж-ийн ээж архиа харамлаад байсан. Гэтэл О миний хамар руу өшиглөчихөөд зугтаасан. Би араас нь гараад хоёр удаа алгадсан. Би зүүн хацар руу нь алгадсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр баруун дээд шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдсон. Иймд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
-Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.О-ийн өгсөн: ... Би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай хадам ээж Н нь ажлын өдрүүдэд С-ын гэрт амьдарч байсан тул би нөхөр А-ын хамт хадам ээж Н-ын гэрт амьдарч байна. Ээж Н 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байранд тэтгэврийн мөнгөөрөө архи уугаад гэртээ орж ирэхгүй байсан тул өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагийн орчимд ** дугаар байранд байх А гэх эмэгтэйн гэрт ороход 10 орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс байсан бөгөөд ээж Н-д “гэртээ орохгүй юм уу” гэхэд “үгүй зайл” гэж хэлсэн. Тухайн үед зүс таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Т- гэх 30-40 орчим насны залуу босож ирээд миний хамар орчимд гараараа 1 удаа цохиж үснээс зулгааж газар унагаагаад нүүр орчимд хөлөөрөө 3-4 удаа өшиглөж, гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед нөхөр А миний хажууд байсан бөгөөд Т-д хандаж болиоч гэж хэлсэн боловч миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод шат руу түлхэж буулгасан. Тухайн үед миний хамар ам орчмоос цус гарч байсан. ..Би 16:00 цагийн орчимд 0,5 литрийн пиво нэг ширхэгийг уусан. Т гэх залуутай урьд нь маргалдаж, зодолдож байгаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хоёрдугаар шүдний хугарал болон хамар эдийн гэмтэл учирсан. Дээрх гэмтлийг эмчлүүлэх шаардлагатай байна. Гэхдээ эмчилгээний төлбөр хэд болохыг мэдэхгүй байна. Мөн толгой өвдөж байгаа тул толгойны зураг авхуулах шаардлагатай байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Э-ын өгсөн:..Би Ж-ийн гэрт зочны өрөөн дэх орон дээр сууж байхад хажууд санал дээр сууж байсан. О гэх эмэгтэй ямар ч шалтгаангүй миний хамар руу нэг удаа өшиглөсөн. Миний уур хүрээд түүнийг 2 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар А.Э-ын өгсөн:...Байрны гадна талд хашаан дотор барьж аваад түүний нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгээд О нүүрээ бариад газар суусан. Би Ж-ийн гэрт орсон. О-ийн биед ямар нэгэн гэмтэл шарх учирсныг тухайн үед би хараагүй. Учир нь нүүрээ гараараа дараад газар сууж байсан. би О-ийн нүүр орчим 2 удаа алгадах үед бид хоёрын хажууд хэн нэгэн байгаагүй. ..миний хамарт нэг удаа өшиглөөд гэрээс гарч явсан тул би уур хүрээд О-г барьж аваад нүүр орчимд 2 удаа алгадсан. О миний хамар орчимд нэг удаа өшиглөх үед хамраас цус гарсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, эмчилгээ үйлчилгээ авсан зүйл байхгүй. Одоо миний хамарт ямар нэгэн шарх байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6568 дугаартай:
1. Ж.О-ийн биед баруун дээд 2-р шүдний хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, доод уруулд салстын язрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.С гэх дүгнэлт / хх-ийн 14-15 дахь тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 30-35 дахь тал/
- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлага /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан : ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод хохирогч Ж.О-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч Ж.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь А.Э-ын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.О нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч А.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хоирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ
Хавтаст хэрэгт хохирогч Ж.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйл хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ж.О нь:...хоёрдугаар шүдний хугарал болон хамар эдийн гэмтэл учирсан. Дээрх гэмтлийг эмчлүүлэх шаардлагатай байна. Гэхдээ эмчилгээний төлбөр хэд болохыг мэдэхгүй байна. Мөн толгой өвдөж байгаа тул толгойны зураг авхуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан:... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А.Э нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Э нь гэм буруугийн үйлдэлд маргахгүй байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналыг гаргаж байна.
Шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгөхийг хүсэв.
Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч А.Э нь ******** ХХК-д операторчин ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж прокурорын гаргасан санлын дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/ гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт А-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-ийн Э-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Э-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А-ийн Э-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/гурван/ сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг А.Э-д мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ж.О нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ