Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1083

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        07          08                                     2022/ШЦТ/1083

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Ганчимэг /цахимаар/,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Э-ийн С-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 000 1900 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Э.С нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч Ц.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явццаа түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохих, үснээс зулгаах зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ:  Тухайн өдөр манай эхнэр  21 цагийн үед  найзуудтайгаа  уулзана гээд гарсан.  Шөнийн  01 цагийн үед  залгаад  ирээд аваач гэхэд нь  бага охиноо унтуулж байсан болохоор  очиж чадаагүй.  Тэгээд 04 цагийн үед залгаж “Генераль” баарны үүдэнд  гэхээр нь яваад очсон.   тэгээд гарч ирээд шууд такси бариад явчихаар нь  би утас  руу залгахгүйгээр   араас нь дагасан  тэгээд манай эгч рүү залгахаар  намайг байхгүй  гэсэн ,  над руу залгахаар нь би утсыг нь аваагүй , эхнэрээр тоглосон . тэгээд манай ажил руу явахаар нь араас нь  очсон чинь  учир зүггүй   намайг зодож  аваад байхаар нь  гараараа   алгадчихсан  юм.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Д-ийн өгсөн:... Би нөхөр Э.С-тай 2018 онд анх танилцаад гэр бүл болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй. Сүүлийн үед архи уухаараа болон эрүүл байсан ч надад гар хүрэх болсон. Өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22:00 цагийн үед би найзтайгаа уулзахаар болж нөхөртөө хэлээд 2 хүүхдээ унтуулчаад гарсан. Шөнө 01:00 цагийн үед ирээд аваач гэж нөхөр лүүгээ ярихад чадахгүй гээд уурлаад утсаа тасалсан. Би 03:00 цагийн үед харих гээд баарнаас гараад такси бариад замдаа нөхөр рүүгээ залгахад утсаа авахгүй байж байгаад аваад ажлын гадаа байна гэхээр нь яваад   очсон чинь  надад уурлаад  миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод үснээс  зулгаагаад зодоод байсан. Хэсэг  зуур зууралдаж байгаад салаад би гэртээ түрүүлж ирээд  хувцасаа аваад ээжийндээ ирсэн. Тэгсэн өнөөдөр манай эгч ирээд  цагдаад ханд гээд дагуулаад ирсэн.Өмнө нь надад зөндөө гар хүрч байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн10-11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.С-ын өгсөн:...Эхнэр Д намайг самардсан байсан. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. Надад учирсан гэмтэл шарх байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын  04-ний өдрийн 6520 дугаартай:

1.Ц.Д-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн хацар, шанаа, баруун зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/,

-Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дэх тал/,

- ХААН банкны дансны хуулга /хх-ийн 42-59-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 37-39-р тал/, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Э.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Э.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Э.С нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч Ц.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явццаа түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохих, үснээс зулгаах зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  нь хохирогчийн   мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын  04-ний өдрийн 6520 дугаартай шинжээчийн  дүгнэлт  зэрэг  хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Э.С-ын гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.С нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

  Хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь  Э.С-ын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд: ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд,

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү,

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж тус тус хуульчилжээ.

 

  Шүүгдэгч Э.С-ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч  Ц.Д  нь  түүний  эхнэр  буюу гэр бүлийн хамаарал бүхий  этгээд  болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 Шүүгдэгч  Э.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Э.С-ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй  ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Ц.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээр бичгээр илэрхийлсэн байна. /хавтаст хэргийн 60 дахь тал/

 

Хохирогч Ц.Д нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаархи нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Э.С нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Ц.Д нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах,

  

Мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус  гаргаж байна.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1   дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Э-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар Э-ын С-д 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар  Э.С-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг  шийтгэх  тогтоол хүчинтөгөлдөр  болмогц 90 /ерэн/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Э.С-д мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.С-д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6 . Хохирогч Ц.Д нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ