| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 2022/ШЦТ/881 |
| Дугаар | 2022/ШЦТ/1084 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1084
2022 07 08 2022/ШЦТ/1084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Г.Г,
хохирогч, шүүгдэгч Д.Эрдэнэсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Е овогт Д-ийн Э, А овогт Г-ийн Г нарт холбогдох эрүүгийн 220 602 263 2244 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** хэсэгт байрлах кафед тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Д.Э- эй зууралдаж, газар унагаан биед цээж, хэвлий, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, баруун гарын дунд хуруу, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Д.Э нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** хэсэгт байрлах кафед тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Б.У-г цохиж зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Д.Э-ийн өгсөн:...М, Г хоёр улс төр ярьж байхаар нь би та нар улс төрийн яриа ярилаа гэхэд чи юу гээд байгаа юм гээд тэгээд Г-тэй маргаан үүссэн. Тухайн үед нэлээд согтсон байсан учраас бие биенийхээ үгийг даахгүй маргаанаас болоод Г бид хоёр зууралдахад Гнамайг унагаасан. Тэгээд би босоод Г-тэй нэлээд зууралдаад. хоёулаа согтолттой байсан учраас бие биенийгээ унагаагаад зууралдаад, гарнаасаа барилцаад байж байсан. Г-ын эхнэр У бид хоёрын дундуур орох үед У-г цохичихсон. Бид нар хоорондоо эвлэрсэн, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
-Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Б.У-ийн өгсөн:...Тэгээд яаж байгаа юм гэж хэлээд очтол үгийн зөрүүгүй “чи муу дуугай бай, чам шиг юм” гэж хэлээд гараа савсан. Тэгтэл уг хүний гар ирээд миний баруун нүд рүү цохисон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр Э-ийн биед хохирол учруулсан, Э миний биед гэмтэл учруулсан асуудал гараад байгаа бөгөөд бид нар хоорондоо эвлэрч, ойлголцсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайн үед манай нөхөр М-тэй ажлын талаар ярьж байх үед Э нь та нар ажил ярилаа, дарга цэрэг ярилаа гээд тэрнээс болж маргаан үүссэн. Тэгээд манай нөхөр Э хоёр хоорондоо зууралдаж ноцолдсон бөгөөд тэр үед би дундуур нь орох үед Э намайг цохисон. Манай нөхөр Э-ийн биед хохирол учруулсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-11-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 6122 дугаартай:
1.Б.У-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 6381 дугаартай:
1.Д.Э-ийн биед цээж, хэвлий, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, баруун гарын дунд хуруу, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч М.Аригуунтөгсийн гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Г-ын өгсөн:...Би Э-тэй зууралдаж, барьцалдаж байгаад дээрх гэмтлүүдийг учруулсан бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож байгаа, бид хоёр сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Э-ийн өгсөн:...Г-ын эхнэр У-г дундуур орох үед нь би цохичихсон юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /xx-н 52-р тал /,
-Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:
-Шүүгдэгч Д.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55-р тал/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57-р тал/,
-Шүүгдэгч Г.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г-г согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийи ** дүгээр хороо, ** хэсэгт байрлах кафед тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Д.Э-тэй зууралдаж, газар унагаан Д.Э-ийн биед цээж, хэвлий, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, баруун гарын дунд хуруу, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Д.Э-г согтуугаар 2022 оны 04 дүгэзр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** хэсэгт байрлах кафед тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Б.У-г цохиж зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г, Д.Э нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г, Д.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Г, Д.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Г.Г нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийи ** дүгээр хороо, ** хэсэгт байрлах кафед тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Д.Э-тэй зууралдаж, газар унагаан Д.Э-ийн биед цээж, хэвлий, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, баруун гарын дунд хуруу, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг.
Д.Э нь согтуугаар 2022 оны 04 дүгэзр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 15А хэсэгт байрлах кафед тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Б.У-ийг цохиж зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Г, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Д.Э нар нь бие биенээ зодож гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Г.Г, Д.Э, Б.У нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 61, 63, 65-р тал/,
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г, Д.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.Г, Д.Э нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Г, Д.Э нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:.. согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А Г.Г, Д.Э нар нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргаж байна.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г, Д.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г, Д.Э нар нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Г.Г, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Е овогт Д-ийн Э, А овогт Г-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д-ийн Э, Г-ийн Г нарыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г, Д.Э нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Г.Г, Д.Э нарт мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г, Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ