Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0833/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1085 |
Огноо | 2022-07-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1085
2022 07 08 2022/ШЦТ/1085
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа /ҮД:08-26/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л-ын Б холбогдох эрүүгийн 220 602 229 1879 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Л. Баасанбилэгт
Э. Эгшиглэн
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар
Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-нд Баянзүрх дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаа хотхоны ** дугаар байрны ** давхарт үйл ажиллагаа явуулах ******** дэлгүүрт 2009 оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн 13 нас ** cap ** хоногтой буюу насанд хүрээгүй Э-ийн Э-г “дэлгүүрт нохойгоо хошуувчгүй авч явлаа” гэх шалтгаанаар зүүн талын хацарт нь 1 удаа алгадаж, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: Би тухайн өдөр нэг настай охины хамт явж байсан тэр нохойгоо байнга хошуувчгүй авч яваад хүүхдүүд айлгаад байдаг юм. Би эрүүл мэндийн шалгаанаас болж 2 кг-аас дээш юм өргөж болохгүй учраас нохой хүүхэд рүү дайрлаа гэхэд хамгаалж чадахгүй байсан. Нохойндоо хошуувч зүүлгэ гэж хэлснээс болж маргаан үүссэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн өгсөн: ... Өнөөдөр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэрийнхээ доод талын дэлгүүрт сүү авах гэж орохдоо жижиг тэжээвэр нохойтойгоо, дэлгүүрт цуг орсон чинь, нэг танихгүй эгч чи наад нойхойндоо хошуувч зүүлгэхгүй яасан юм бэ” гэхээр нь би “за уучлаарай эгчээ, манай нохой хазахгүй ээ” гэж хэлсэн чинь “тэр ямар хамаатай юм, наад нэг араатан, заваан амьтан чинь гэнэт дайрвал яах юм бэ” гэхээр нь би “жоохон юм чинь тэгж хүн рүү дайрахгүй ээ” гээд би сүүгээ худалдаж аваад хаалгаар гарах гэж байсан чинь манай нохойны араас тэр эгч өшиглөсөн чинь манай нохой гаслаад байхаар нь би “та чинь балай юмуу” гэж хэлсэн. Тэгсэн тэр эгч “сонсож бай, дараа нь би танай нохойг харах л юм бол нохойг чинь унтуулчихаж чадна шүү” гээд байхаар нь би ”одоо юу ч ярихав дээ энэ авгайтай” гээд хэлсэн тэр эгч миний өмссөн байсан хувцасны малгайнаас татаад намайг заамдаж аваад зүүн талын хацар луу нэг удаа алгадаад “чи юу гээд байгаа муу бацаан бэ? Дахиад тэгэх юм бол хохино шүү” гэхээр нь би уйлаад гэрлүүгээ орсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар Л.Б-ийн өгсөн...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд ой 2 сартай бага охины хамт гэрийнхээ доод талд байрлах “********” дэлгүүр рүү орж үйлчлүүлж байхад гаднаас үл таних нэгэн охин нохой дагуулж орж ирсэн.Тэгэхээр би миний дүү нохойгоо гаргачих манай хүүхэд нохойноос айгаад байдаг юмаа гэсэн чинь миний нохой яавал гэж дээ гэхээр нь би хүүхэд рүүгээ заагаад манай хүүхэд энэ байна нохойгоо гаргачих гэсэн чинь тоохгүй тус дэлгүүрээр үйлчлүүлээд гараад явахаар нь араас нь гараад баруун хацар луу нь нэг удаа алгадаад би буцаж дэлгүүр лүү ороод хүүхдээ аваад гэр лүүгээ орсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6503 дугаартай:
1.Э.Э-ийн биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
-Шүүгдэгч Л.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р тал/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-р тал/,
-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 28-р тал/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 29-р тал/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 30-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-нд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ******** хотхоны ** дугаар байрны ** давхарт үйл ажиллагаа явуулах “********” хүнсний дэлгүүрт 2009 оны ** дүгээр сарын *-ний өдөр төрсөн 13 нас ** cap ** хоногтой буюу насанд хүрээгүй Э.Э-ийн “дэлгүүрт нохойгоо хошуувчгүй авч явлаа” гэх шалтгаанаар зүүн талын хацарт нь 1 удаа алгадаж, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Л.Б гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 120.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Б нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Л.Б-ээс 120.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нарт олгох нь зүйтэй байна. /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан:... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох саналыг гаргаж байна.
Шүүгдэгч өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч Б. Б элэгний өвчний улмаас хөдөлмөрийн чадварын 70 хувийн группэд байдаг, бага насны хүүхэдтэй , тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал буюу хохирогч олон нийтийн газар буюу үйлгээний газарт араатан амьтан болох нохойг хошуувчгүй авч явснаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Б овогт Ло-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Л.Б нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт Л-ын Б-ээс /РД:ХХ00000000/, 120.000 / нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-ийн Э-Д /РД:ХХ00000000/ олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ