Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

Улсын яллагч: П.Бямбасүрэн

Шүүгдэгч М.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Мөнхбаярын Тэмүүжинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625021902  дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу 10-72 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Мөнхбаярын Тэмүүжин /регистрийн дугаар УХ95061433/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Тэмүүжин нь 2016 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” нэртэй бааранд үйлчилүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин тус бааранд үйлчлүүлж байсан Б.Жавхланчимэгийг “цуг бүжиглэсэнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч М.Тэмүүжинw шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйлгүй…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз Мөнх-Эрдэнийн хатаар Холливуд бааранд шөнийн 02 цагийн үед нэг шил архи уусан, тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад 3 охины хажуугаар гарсан чинь намайг хараад зайлаач ээ мангар бацаанаа гэхээр нь би хоёр гарынхаа дунд хурууг өөдөөс нь гаргасан, тэр гурвын нэг нь миний шилбэ рүү өшиглөх шиг болсон, надад цохиулсан охин намайг өөдөөс түлхэхээр нь би буцаж ирээд би баруун гараараа эрүүн тус газар нь цохисон, зүгээр явж байхад намайг хэл амаар доромжлоод түлхэхээр нь цохисон. Би болсон асуудалд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг \хх-27\,

 

хохирогч Б.Жавхланчимэгийн “…2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үеэл Нандин-Эрдэнэ, түүний найз Заяа нарын хамт Холливуд бааранд ороод нэг нэг шил пиво захиалчхаад дөнгөж амсаад босоод бүжиглэж байсан юм. Тэгээд бүжиглэж байтал нэг танихгүй залуу бүжиглэх гээд ирсэн, тэгэхээр нь  баруун тийшээ хоёр алхаад холдсон чинь дахиад ирэхээр нь дахиад холдсон чинь дахин хажууд ирээд бүжиглэсэн, тэгээд тэр залуу намайг нэг эвгүй харснаа шууд нүүр лүү цохиод авсан, би гайхаад яагаад цохиж байгаа юм болоо гэж бодоод эргээд хартал дахиад намайг шүд рүү цохисон, тэгээд бас баруун хацар луу цохиод шүргээд өнгөрсөн, тэгсэн миний баруун шанаа хөхрөөд ирсэн. Тэр залуутай ярилцаж харилцсан зүйл байхгүй, би цохиулсныхаа дараа гайхаад чи яагаад байгаа юм бэ гэж асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй. Үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй зовиуртай болсон, баруун шанаа хөхөрсөн, нүд хацар хавдсан...” гэсэн мэдүүлэг \хх-11\,

 

гэрч А.Нандин-Эрдэнийн “…2016 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө эгч Жавхланчимэг, найз Оюунзаяа нарын хамт Холливуд нэртэй бааранд үйлчлүүлсэн, бид гурав бүжгийн талбайд бүжиглэж байтал согтуу цайвар өнгийн хувцастай залуу бид гурвын хажууд ирээд бүжиглэсэн, тэгснээ тэр залуу гэнэт Жавхланчимэгийн нүүр лүү гараараа цохисон, тэгэхээр нь би "яаж байна аа" гэсэн чинь миний нүүр толгой руу 2 удаа цохиод авсан, бас манай найз руу цохих гээд дайраад байсан. Тэр залуу нэлээн согтуу байсан, бидний хэн нэгэнтэй харьцсан зүйл байхгүй, зүгээр хажууд ирээд зогсчихсон байснаа гэнэт Жавхланчимэгийг цохисон. Миний биед гэмтэл шарх учраагүй тул гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг \хх-12\,

 

гэрч Н.Мөнх-Эрдэнийн “…2016 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би найз Тэмүүжингийн хамт Холливуд бааранд орсон, тэндээ пиво захиалж уусан ба нэг хартал Тэмүүжин алга болчихсон. Би гарчихаад буцаад ороод иртэл тус баарны хамгаалагч нь танай найз чинь цагдаагийн газар баригдаад явсан гэж хэлсэн, харин маргааш нь Тэмүүжинг хүн цохисон гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг \хх-13\,

 

гэрч Ц.Доржийн “…2016 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Холливуд бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн, тэгээд 03 цагийн үед бүжгийн талбай дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргаан хийгээд байхаар нь салгах гэж очсон, маргаан болсон хойно нь би очсон, тухайн маргаан болсон газар хяналтын камерын бичлэг байсан, бичлэг нь 3 хоногийн дотор хадгалаад устгачихдаг...” гэсэн мэдүүлэг \хх-14\,

 

гэрч Л.Бямбасүрэнгийн “…миний хүү Тэмүүжин нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн, 2011 онд Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийг төгсөөд Шинжлэх ухаан технологийн сургуульд элсэн суралцаж 2014 онд сургуульдаа явахаа больсон. Зан байдлын буруу зуршил байхгүй, хүнийг хуурч мэхлэх, хулгайлах гэсэн зан юу ч байхгүй, ямар нэгэн юм хийхдээ надаас асууж хийдэг...” гэсэн мэдүүлэг \хх-15\,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9508 тоот актын “…Б.Жавхланчимэгийн биед дээд эрүүний үүдэн шүдний сулрал, баруун зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-16/,

 

М.Тэмүүжингийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-29/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-31-33/, М.Тэмүүжингийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-34/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-36-37/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч М.Тэмүүжин нь 2016 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливуд нэртэй бааранд үйлчлүүлж байсан Б.Жавхланчимэгийг “цуг бүжиглэсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь цохиж, хохирогч Б.Жавхланчимэгийн бие махбодид “…эрүүний үүдэн шүдний сулрал, баруун зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Жавхланчимэг, гэрч А.Нандин-Эрдэнийн, гэрч Н.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9508 тоот актын дүгнэлт, шүүгдэгч М.Тэмүүжингийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч М.Тэмүүжингийн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг дошгин авирлаж буюу хохирогч Б.Жавхланчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйчлэл тохирсон байх тул энэ зүйл хэсгээр М.Тэмүүжинд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирогч Б.Жавхланчимэг нь мөрдөн байцаалтын шатанд "…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Тэмүүжинг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч М.Тэмүүжинд ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Тэмүүжин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Мөнхбаярын Тэмүүжинг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Тэмүүжинд 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Тэмүүжинд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201625021902 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. .

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Тэмүүжинд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тэмүүжинд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР