Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1105

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        07          20                                     2022/ШЦТ/1105

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Ж-ын Г-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 000 1666 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ж.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ** байрны ** тоот орон сууцанд өөрийн төрсөн эцэг М.Ж-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас биед нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны баруун хананы цөмөрсөн далд хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ:  Би ажлаа тараад гэр рүүгээ орохдоо өрөөнийхөө хаалгыг хаагаад амрах гээд байж байсан. Манай аав надтай 2-3 сар юм ярихгүй байж байснаа орж ирээд хаалга чанга хаалаа гэж хэлэхэд нь би уучлалт гуйсан. Тэгэхэд намайг чи сургуульд ордоггүй, ажил хийдэггүй гэх  мэтээр намайг хэл амаар доромжилсон. Манай аав хүнтэй зүгээр харьцдаггүй. Над руу хутга авч дайрах гэсэн тул би зөрүүлээд цохисон. Урьд нь алх барьж дайрч байсан. Тоосго шидэж байсан. Би цохичихоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаатай хамт гэр рүү ороход нүүрнээс нь цус гарчихсан байсан. Бид урьд олон удаа зодолдож байсан бөгөөд цагдаа дуудаад аятайхан ярилцах гэж үзсэн. Найзуудаараа цагдаа руу яриулаад гарчихдаг юм байна лээ. Би эцэгтээ муу санаж байгаа юм биш. Гэхдээ удаа дараа өөрийн эхнэр, хүүхэд, найзууддаа удаа дараа гарч хүрч байсан гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ж-ын өгсөн:...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Г өрөөнийхөө хаалгыг маш хүчтэй хааж нээгээд байсан. Тэгэхээр нь би очиж юу болоод байгаа юм бэ гэж асуутал уучлаарай гэж байна чамаас гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хоёулаа ярилцъя, юу болохгүй байна гэж хэлтэл чамтай юм ярихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд ажил байхгүй, сургууль байхгүй, энэ гэрээс яв гэж хэлсэн. Би хайчих юм гээд байсан. Тэгэхээр нь чи гэрийн, гражийн түлхүүртэй надад буцаагаад өг гэж хэлсэн чинь түлхүүр гарт бариулангуутаа зөрүүлээд миний баруун нүдний хэсэг нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгснээ гал тогооноос хутга аваад чамайг ална гэж байснаа гараад яваад егсөн. Өмнө нь намайг хэд хэд цохисон, гэхдээ би зөрүүлээд цохиж байсан. Надтай яг танихгүй хүнтэй зодолдож байгаа юм шиг барилцаж аваад цохидог... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5  дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Г-ийн өгсөн:...Намайг чи шууд одоо юмаа аваад зайл гэж хэлсэн. Тэгээд намайг чи миний гэрийн түлхүүр болон гражийн түлхүүрийг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлхүүрийг нь өгсөн. Тэгээд надад очих газар байхгүй, би гудамжинд гарах юм уу гэж хэлсэн чинь чи юмаа аваад зайл аа гэж хэлсэн. Тэгээд надад 2-3 хоног хугацаа өгчих гэсэн чинь намайг зайл гээд цохих гээд байхаар нь би бултаад аавыгаа нэг удаа цохисон. Тэгсэн чинь аав гал тогоо руу хутга авах гээд явсан. Тэгэхээр нь би аавын гутлыг өмсөөд гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгээд би тэр өдөр юмаа аваад гэрээсээ гарсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын  13-ны өдрийн 5585 дугаартай:

1.М.Ж-ын биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын яс баруун ханын цөмөрсөн далд хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-11-р тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Ж.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 16 дахь тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 17 дахь тал/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 17 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 15 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

                             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Ж.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Ж.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ** байрны ** тоот орон сууцанд өөрийн төрсөн эцэг М.Жай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас биед нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны баруун хананы цөмөрсөн далд хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Г нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: “...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү...” гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарна гэж хуульчилжээ.

 

  Шүүгдэгч Ж.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч  М.Ж  нь  түүний  төрсөн   эцэг  буюу  гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Ж.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Ж.Г-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн  нь хууль зүйн үндэслэлтэй  ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

           Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч М.Ж нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаархи нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Ж.Г-ийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч М.Ж нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ж.Г-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г нь  үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байх ёстой зүйл  мэт  тайлбарлаж  байгаа,  мөн  дуудлагын жолооч хийдэг  гэх боловч  орлоготой   болох  талаархи хэрэгт авагдсан  баримтгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600  цаг  нийтэд тустай ажил  хийлгэх  эрүүгийн хариуцлага  хүлээлгэх санлыг гаргаж байна.

 

 Шүүх шүүгдэгч Ж.Г нь  төрсөн  эцэг Ж-ын эрүүл  мэндэд  хохирол учруулж, үйлдсэн  хэрэгтээ дүгнэлт хийхгүй байгаа   хувийн байдал,  өөрөө  орлоготой болох талаар  хэрэгт авагдсан баримтгүй зэргийг зэргийг харгалзан прокурорын санлын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г нь бусдад  баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1   дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Ж-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар Ж-ын Г-г 600 /зургаан  зуун / цаг нийтэд  тустай  ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-д оногдуулсан 600 /зургаан зуун / цаг нийтэд  тустай  ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд  тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          

        5. Хохирогч М.Ж нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ