Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0833/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1110 |
Огноо | 2022-07-21 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1110
2022 07 21 2022/ШЦТ/1110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Е-ийн А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 210 601 523 1929 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Е.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.С-д хүч хэрэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эд хөрөнгө болох 38 грамм бүхий алтан бөгж, бэлэн 70.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Е.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, / хх-ийн 16-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С-ын өгсөн:...Б гэх залуу миний толгой хэсэг рүү чулуугаар нэг удаа хүчтэй цохиод авсан би тэр үед согтуу болохоороо халтирч унаад босох гээд хэвтэж байсан чинь нөгөө залуу ирээд миний баруун гарын дунд хуруунд байсан бөгж, өмдний халаасанд байсан мөнгийг аваад зугтаасан.Тэгээд нөгөөдөр нь намайг цагдаа дуудахаар нь би очиход тэнд Б, Б хоёр байсан. Би тэр хоёрт муухай юм боллоо шүү, миний бөгж, мөнгийг буцаагаад өгчих гэж хэлсэн чинь Б гэх залуу нь бөгжийг чинь тэр хавиар хайж үзье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Б над руу утасдаад бөгжийг чинь олчихлоо авах уу гэхээр нь авъя гээд бөгжөө буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 19, 31-33-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б-ийн өгсөн: ... Маргааш өглөө нь С ахын ээж нь гэх хүн над руу залгаад “хүүхдийн бөгж яасан бэ, наадах чинь үнэтэй бөгж шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б-ийн ажилладаг түүхий эд авдаг цэг дээр нь очоод тэрэнтэй уулзаад түүнд хандан “чи тэр бөгжийг авчихсан юм биш үү” гэсэн чинь эхэндээ би юу гэж авдаг юм бэ гэж байснаа сүүлдээ өмднийхөө халааснаасаа шар өнгийн дээд хэсгээрээ дөрвөлжин том хэлбэртэй, бөгж гаргаж ирж өгсөн. Тухайн үед Б архи уучихсан халамцуу байсан. Тэгээд би гэртээ очоод эхнэрийн утаснаас С ахын ээж рүү залгаад бөгжийг нь олчихлоо гэж гээд бөгжийг нь аваачиж, хүлээлгэн өгсөн. Би С гэдэг хүнийг цохиж зодоогүй. Б надад бөгж яаж авсан талаар бол ямар ч зүйл яриагүй. С-ийн ээж нь үнэтэй бөгж гэсэн шүү гэж хэлсэн чинь тэр эхэндээ би аваагүй гэж байснаа сүүлдээ надад гаргаж өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 23-р тал/,
“DAMNO” ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр дээд тал нь дөрвөлжин хэлбэртэй алтан бөгжийг нийт 7.980.000 /долоон сая есөн зуун наян мянган/ төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Е.А-ийн яллагдагчаар өгсөн:...Намайг тэр өдөр айлд унтаж байхад Б шөнө хохирогчийн бөгжийг авмаар байна гэж дагуулж ирсэн. Тэгээд бид нар тэр хүний мөнгөөр архи авч уучихаад шөнө бид гурав харихаар тэр айлаас гарч хашааны гадаа хохирогчтой гар барихдаа түүний хуруунаас бөгжийг нь сугалж аваад Б-д өгсөн.Дараа нь хорооны цагдаа дээр Б надаас авсан гэж худлаа хэлж уг бөгжийг аваачиж өгсөн гэсэн. Б надаас бөгжийг аваад дэлгүүрт барьцаанд тавьсан байж байгаад цагдаад аваачиж өгсөн байсан. Тухайн үед хохирогч Ц.С өөрөө 40.000 төгрөгөөр 2 шил архи авч ирүүлсэн. Түүний 70.000 төгрөгийг бид хоёр огт авагүй.Тухайн үед Ц.С-г зодож цохиогүй, түүний биед учирсан гэмтэл юунаас болсныг мэдэхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 116-117-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ийн өгсөн:... Цагдаад дуудлага өгдөг өдрийн өмнө ийн шөнө талийгаач Ц.С нь шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирээд ээжээ би бөгжөө хүнд дээрэмдүүлчлээ гэж хэлээд унтсан.Маргааш нь эрүүл болсныхоо дараа танихгүй хоёр хүнд архи авч өгч, хамт уусан чинь казак Б гэх залуу толгой руу цохиж бөгж дээрэмдсэн гэж хэлсэн.Тэгээд би ахыг нь дагуулаад архи уусан хүмүүс дээр нь очсон чинь эхнэр хүүхэдтэй Д.Б гэх хүнтэй уулзахад би бөгжийг нь аваагүй гэсэн тул хорооны цагдаад мэдэгдээд явсан.Түүнээс хойш хэд хоногийн дараа бид хоёр цагдаа дээрээс хүүгийн дээрэмдүүлсэн гэх бөгжийг бүрэн бүтэн хүлээж аваад гомдолгүй гэж хэлээд явсан. Түүнээс хойш хүүгийн ясны хорт хавдар нь 4-р үедээ хүндэрсний улмаас эмчлэгдэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан. Би хохирогч Ц.С-ыг хэдэн төгрөгтэй явсныг мэдэхгүй байна, энэ талаар надад юм хэлээгүй.Маргааш нь харахад толгой нь язарсан, нүүр нь бага зэрэг шалбарсан харагдаж байсан. Бид нарын зүгээс энэ асуудалд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 121-122-р тал/,
Хохирогч Ц.С нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсан тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1100007131 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 123-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4012 дугаартай:
1.Ц.С-ын биед дагз, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн оаруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг журмын 2.4 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 47-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
-Шүүгдэгч Е.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 84-р тал/,
-Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 95-р тал/,
-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 96-102-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 811 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарболон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 75-82-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Е.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
“Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
“Хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Е.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.С-д хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан , гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эд хөрөнгө болох 38 грамм бүхий алтан бөгж, бэлэн 70.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч болон гэрчийн мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл Е.А нь хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Е.А-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө тус тус хуульчилжээ.
Хохирогч Ц.С-ын дээрэмдүүлсэн “38 грамм бүхий алтан бөгж/-ийг хөрөнгийн үнэлгээний “DAMNO” ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр дээд тал нь дөрвөлжин хэлбэртэй алтан бөгжийг нийт 7.980.000 /долоон сая есөн зуун наян мянган/ төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэргийн 55-56 дугаар талд авагдсан байна.
Шүүгдэгч Ц.С-ын хохирогчид учирсан хохирол болох 7.980.000 /долоон сая есөн зуун наян мянган/ төгрөгийн үнэ бүхий 38 грамм бүхий алтан бөгжийг буцааж өгсөн талаарх баримт:
-хохирогч Ц.С-ын:...Б над руу утасдаад бөгжийг чинь олчихлоо авах уу гэхээр нь авъя гээд бөгжөө буцаагаад өгсөн. Тэгээд би маргааш нь цагдаа дээр очоод өөрийн алдсан бөгжөө бүрэн бүтэн хүлээж авсан.Гомдол санал байхгүй гэж бичиг хийж өгсөн... гэх мэдүүлэг, / хх-ийн 19, 31-33-р тал/,
-Шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан тухай тэмдэглэлд: Хохирогч Ц.С нь Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх тайлбар / хх-ийн 48-р тал/ авагдсан баримтаар шүүгдэгч Е.А нь баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Е.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байчдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан: хохирогчийг айлган сүрдүүлж, сэтгэл санааны шаналалд оруулж, эд зүйлийг нь дээрдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт: ...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,
Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж тус тус хуульчилсан байна
Шүүгдэгч Е.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.С-д хүч хэрэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эд хөрөнгө болох 38 грамм бүхий алтан бөгж, бэлэн 70.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл Үзүүлэх хуулинд хамрагдах цаг хугацаанд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Е.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирол төлбөр нөхөн төлсөн болон түүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Е.А-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Е.А нь хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид эд зүйлийг нь буцааж өгсөн байгаа зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Е.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Е.А нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт Е-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Е-ийн А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Е.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Е.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.А нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Е.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай .
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Е.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Е.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ