Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/1047/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1116 |
Огноо | 2022-07-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1116
2022 7 22 2022/ШЦТ/1116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,
хохирогч О.С, түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа /ҮД:27-20/,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:21-85/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Б-ын Ц-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 600 000 1643 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” нэртэй үсчингийн байран дотор хохирогч О.С-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар маажих, аягатай шар айраг шидэх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь тархи доргилт, дух, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, дух, хамар, баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч О.С мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед ажил руугаа ороход Г, Ц, У, Ц гэх хүмүүс байсан. Ажлын хаалгаар орж ирэхэд үсчингүүдийн үсчний багаж хэрэгсэл байхгүй байсан тул үсчингүүд хаачсан талаар асуухад бүгд гараад явсан гэж хэлсэн. Би дээшээ гараад гоо сайхны өрөө рүү шагайхад дээрх хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яагаад үсчингүүд гараад явсныг асуухад өглөө орж ирээд бүх юмаа аваад гараад явсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би түрээсээс болсон байх гэж хэлсэн. Бид сард 500.000-540.000 төгрөгийн түрээс төлдөг. Сар бүрийн 20-ны өдөр түрээсээ бүгдийг нь төлдөг. Өмнөх өдөр нь түрээсийн төлбөрийн талаар ярилцаж байхад Ц, Г хоёр байсан. Гэтэл Ц орой түрээсийн төлбөр өдрийн 2000 төгрөгөөр нэмэгдсэн гэж хэлсэн. Тэгэхэд нь би “түрээсийн төлбөрийг нэмэх гэж байгаа бол урьдчилж хэлээд ярилцах ёстой шүү дээ” гэхэд Ц “юун сүртэй юм бэ өдрийн 2000 төгрөг шүү дээ” гэж хэлсэн. Түүнээс болоод үсчингүүд бүгд дургүйцсэн. Би түрээсийг огцом нэмж болохгүй ярилцаад шийдэх ёстой гэдгийг хэлсэн. Манай түрээсийн байранд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Нэг ч удаа засвар хийгээгүй. Түрээслэгчийн зүгээс ажлын байрны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлгийг шийдэж өгөөгүй байж яагаад түрээсийг нэмж багаа талаар хэлсэн. Үсчид түрээс нэмэгдэх юм бол гарах талаар ярьсан. Би Г-тэй ярилцаад шийдье гэж хэлсэн. Энэ яриа өрнөж байхад Ц байсан. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 22-ны өдөр Г-тэй ярилцаж байхад Ц танаас болоод үсчид ажлаас гарлаа гэж хэлээд гичий, банзал гэх мэтээр дуудаад танаас болоод үсчид ажлаас гарч байна гэх мэт зүйлийг хэлэхэд нь чамд хамаагүй, гэхэд халтар авгай гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би “чи ууж идэхээрээ агсам согтуу тавиад байдаг. Чи согтуу байна гар” гэхэд над руу дайрч давшлаад байхаар нь би урдаа байсан пивыг цацсан. Бүх хүний урд пиво байсан. Би доошоо тонгойход миний нүүрнээс цус гараад явчихсан. Аягатай пивоор намайг цохисон юм шиг байгаа юм. Шилний хагарсан хэсэг миний нүүрийг зүссэн. Г-г цагдаа дууд гэхэд чадахгүй гэсэн тул би өөрөө цагдаа, түргэн дуудсан. Би цусаа гоожуулаад уйлаад байж байхад Ц дахин дайраад хэл амаар доромжилсон. Хэн ч цагдаа дуудаж өгөөгүй. Анхны тусламж үзүүлээгүй атлаа тэнд байсан хүмүүс тэр хавиарх цусыг цэвэрлээд байсан. Цагдаагийн машин дотор цус тогтохгүй явахад У миний цусыг арчих гэхэд Ц яах гэж наадахдаа туслаад байгаа юм, өөрөөс нь болсон гэж хэлсэн. Ядаж уучлаарай гэж хэлэх ёстой шүү дээ. Ямар ч гэмших сэтгэл байхгүй. Гэмтлийн эмнэлэгт очоод толгой, нүдэндээ 8 оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт очиж дүгнэлт гаргуулсан. Зайсанд байрлах “Синдрелла” эмнэлэгт гоо сайхны эмчилгээ хийлгэж байгаа 3.640.066 төгрөгийн нөхөн сэргээх, гоо сайхны эмчилгээ хийлгэсэн. Би өөрийн гэсэн машингүй тул эмчилгээ хийлгэх бүртээ такси барьж явдаг байсан.Такси үйлчилгээний төлбөрт 527.000, өмгөөлөгчийн хөлсөнд 1.500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4.781.000 төгрөг нэхэмжилж байгаа. Орлого олж байсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Үүнээс түрээсийн төлбөрт 520.000 төгрөг төлдөг байсан. Цаашид 5.069.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудсанд нүдний хагалгаанд орох шаардлагатай талаарх нэхэмжлэх авагдсан. “Синдрелла” эмнэлгээс цаашид хийх нөхөн сэргээх эмчилгээний зардал 9.109.000 төгрөгийн болох талаар хийж өгсөн баримт байна. Ирээдүйд нийт 16.378.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Над руу нэг ч удаа залгаагүй. Өчигдөр 11 цагийн үед над руу залгасан байсан. Дахин танихгүй дугаараас залгаж яриад дансны дугаар авч 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.С-ийн өгсөн:...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би 14- 15 цагийн үед би өөрийн ажилладаг ажпын байр болох Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” үсчин гоо сайхны газарт ажил дээр ирсэн. Намайг ажлын байран дээр ирэхэд манай түрээслүүлэгч Г түүний эхнэр мөн гоо сайханч Ц, маникюр У, Ц нар ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байж байсан... маникюр Цэ гарч яваад буцаж орж ирсэн. Тэгээд Г бид хоёрын яриан дундуур орж ирж надад хандан чи үсчингүүдийг ажпаас нь гаргахад нөлөөлсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц-д хандан би энэ талаар Г-тэй ярилцаж байна. Мөн тэр гарсан гээд байгаа үсчингүүд нь нас биед хүрсэн хаана өөрсдөө ажиллах, ажиллахгүйгээр шийдэх чадвартай хүмүүс, энэ түрээсийн талаарх асуудал чамд хамаагүй, энэ бол үсчингүүдийн дундах асуудал, маникюр хийдэг хүнд бол ямар ч хамаагүй гэж хэлсэн. Тэгтэл намайг элдэв хэл, амаар доромжилж тохуурхаж дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би Ц-ийг гар гэж хэлсэн. Тэгэхэд миний нүүр лүү гараараа самардаж, дайрч давшилж эхэлсэн. Тэгэхэд нь тэнд байсан хүмүүс Ц-ийг надаас холдуулж болиулсан. Тэгтэл Ц тэр болиулж байгаа хүмүүсийн цаанаас над руу дайраад байхаар нь би тэнд байсан аягатай пиво байхаар нь би аваад аягатай пивийг анхаарлыг нь сарниулах зорилгоор Ц рүү цацсан. Тэгтэл Ц улам дайрч хэл амаар доромжпоод байсан. Тэр үед би сандал дээр сууж байсан. Тэгтэл намайг доош тонгойх үед Ц аягатай пиво авч аягатай нь хамт шидэж аяга нь миний толгой дээр хагарч, хагарсан аяганы шил нь бутарч унах үедээ миний нүүрийг зүссэн.Миний толгой болон нүүр, нүдний хэсэгт аяга шидэгдэх үед олон удаагийн зүсэгдсэн. Өөрөөр бол ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний биед учирсан гэмтлийг Ц аяга шидэж учруулсан. Г бид хоёрыг түрээсийн төлбөрийн талаар ярилцаж байхад Ц бидний яриан дундуур орж ирж маргаан үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Г-ын өгсөн:.. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай түрээслэгч болох С, Ц, манай эхнэр Ц, У нарын хамт түрээсийн тухай ярилцангаа ажпын байран дээрээ тухайн өдрийн 13-15 цагийн хооронд пиво ууцгааж ярилцсан... гурван үсчин нь шалтгаан тодорхойгүйгээр гараад ажпаасаа гарсан байсан. Тэрийг нь манай бусад түрээслэгч нар надад хэлэхдээ С гэдэг үсчин яахаараа ингэж нэмдэг юм тодорхой гэрэл болон дотор тохижилтоо хийхгүй гэж хэлээд бусад үсчингүүдэд ятгах өнгийн хэлбэрийн үг хэллэг хэлснийг надад мэдэгдсэн. Тэгээд тухайн үед пиво уугаад ярилцаж байхад Ц нь С-тэй бусад үсчингүүд ажпаасаа гарсан шалтгаан нь таниас болж гарсан гэх утгатай зүйл ярьж маргаан үүссэн. Тэгээд С, Ц нарын дуу нь өндөрсөж бие бие рүүгээ орилж байхад С нь аягатай ууж байсан пивоо Ц рүү цацсан. Тэгтэл Ц нь урдаа байсан шилэн аягатай пивоороо С-ийн нүүр хэсэгт шидсэн. Тэгтэл С-ийн нүүр толгой хэсгээс цус гоожоод эхэлсэн. Тэгэхээр нь Ц-г тэнд байсан бусад хүмүүс нь аваад гарсан. Харин манай эхнэр бид хоёр С-ийн цусыг тогтоох арга хэмжээ аваад байж байхад С нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн өдөр нь ажпын өдөр байсан, мөн ажпын цагаар тухайн хэрэг гарсан. Сэрүүн гэдэг 2,5 литрийн хэмжээтэй пивоноос нэгийг хувааж ууцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ц-ийн өгсөн:.. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай түрээслэгч болох С, Ц, манай нөхөр Г, У нарын хамт түрээсийн тухайн ярилцангаа ажпын байран дээрээ тухайн өдрийн 13-15 цагийн хооронд пиво ууцгааж ярилцсан... С, Ц нарын дуу өндөрсөж бие бие рүүгээ орилж байхад С нь аягатай ууж байсан пивоо Ц рүү цацсан. Тэгтэл Ц нь урдаа байсан шилэн аягатай пивоороо С-ийн нүүр хэсэг нь шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Ц-ийн өгсөн: ...С эгч хажуу талаас намайг халтар минь чи дуугүй бай чамд ердөө огт хамаагүй гэх мэт үг хэлээд надад гараараа салаавч өгөөд элдвээр хэлээд байсан. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэр үед С эгч миний нүүр хэсэг рүү аягатай пиво цацсан. Тэгэхээр нь би өөрийн урд байсан шилэн аягыг аваад С-ийн нүүр хэсэг рүү цохисон. С-ийн биед учирсан гэмтлийг би аягаар цохиж учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /х-ийн 102-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6113 дугаартай:
1. О.С-ийн биед тархи доргилт, дух, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, дух, хамар, баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26, 27 дахь тал/,
Хохирогч О.С-ийн биед учирсан гэмтлийн шинж байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 129-р тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 81-85-р тал/,
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 86-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Б.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30-р тал/,
-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 31-р тал/,
-Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 32-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33-р тал/, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй үсчингийн байран дотор хохирогч О.С-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар маажих, аягатай шар айраг шидэх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь тархи доргилт, дух, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, дух, хамар, баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч О.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Б.Ц-ийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна .
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанд О.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 16.378.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-ээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч О.С нь эмчилгээнд зарцуулсан 2.212.766+1.372.300=3.585.066 төгрөгийн зардлын баримтыг ирүүлсэн байна. /хх-н 53-79-р тал/,
Мөн такси үйлчилгээний зардалд 527.600 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна./хх-н 72-78-р тал/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1-д зааснаар: ...хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байна.
Хохирогч О.С нь өмгөөлөгч Б.Сэвжидмаатай эрх зүйн туслалцаа авахаар гэрээ хийж, шүүх хуралдаанд оролцуулж өмгөөлөгчид төлсөн зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлсэн байна /хх-н 145, 147, 154-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1-д : ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч , гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.
Иймд хохирогч О. С-ийн өмгөөлөгч Б.Сэвжидмаад өмгөөлөгчийн зардалд төлсөн зардалд 1.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Хохирогч О.С нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байх боловч орлого нь тогтмол биш байх ба түүнийгээ нотолсон баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж хуульчилжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №05 дугаар тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөгөөр тооцохоор тогтсон байна.
О.С-д ажилгүй байсан хугацааны цалин орлогыг 2 сараар тооцож 420.000х2 = 840.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Хохирогч О.С-д учирсан хохирлоос 3.585.066 + 527.600 + 1.500.000 +840.000=6.452.666 - 1.000.000 + 5.452.666 төгрөгийг Б.Ц-ээс гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Хохирогч О.С нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан ш ударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:.. согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ын Ц-ийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх санлыг гаргав.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Сэвжидмаа эрүүгийн хариуцлагын хувьд прокурорын санлыг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгөх саналыг гаргав.
Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд прокурорын гарсан саналын дагуу Б.Ц-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зөөврийн хадгалах төхөөрөмж буюу “плаш”-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Б-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ыын Ц-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан 900 /есөн зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган / төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар С овогт Б-ын Ц /РД: ХХ00000000/-ээс 5.452.666 /таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч О-ын С /РД: ХХ00000000/-т олгосугай.
6. Хохирогч О.С нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаан/ сарын хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Б.Ц-д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зөөврийн хадгалах төхөөрөмж буюу “плаш”-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэжилээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ