Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч ********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************холбогдох эрүүгийн 2238000000487 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********************нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан хад” гэх газрын ойгоос 10 ширхэг босоо модыг сүх ашиглан унагаж 1.8 м3 нойтон Шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн ойн санд 4,192,290 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч ********************нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан хад” гэх газрын ойгоос 10 ширхэг босоо модыг сүх ашиглан унагаж 1.8 м3 нойтон Шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн ойн санд 4,192,290 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000487 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Улаанхад гэдэг газраас 10 ширхэг босоо мод тайрч, ойролцоогоор 6 метр гаран байх малынхаа хашааны урттай тэнцүүлж 20 ширхэг мод бэлтгэсэн...Би өөрийнхөө бурууг ойлгож байна...” гэх мэдүүлэг,    

Шалгалт хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-11-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 20-21-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-18-р хуудас),

       Иргэний нэхэмжлэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын сүүлээр багийн Засаг дарга Б.Даваагийн хамт Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутагт хяналт шалгалтаар явж байгаад Улаан хад гэх газарт нутагладаг ********************гэдэг хүний намаржаан дээр яваад очтол шинэхэн тайрсан бололтой сүхээр тас цавчсан оромтой 20 ширхэг шургааг мод намаржааны хашаан дээрээ тохоод орхисон байхыг тухайн үед нь баримтжуулаад явсан. Тэгээд сумын төв орохоороо Байгаль орчны улсын байцаагч Д.Отгонжаргалд материалыг нь шилжүүлсэн...бүгд нойтон шинээр тайрсан моднууд байсан...экологи эдийн засагт учирсан хохирлыг орон нутагт нөхөн төлөх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-28-р хуудас),

Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай байгаль хамгаалагч ********************нь Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн буюу Дэлгэрхаан багийн иргэн ********************нь өвөлжөөнийхөө хашаа, хороог сэлбэх зориулалтаар хууль бусаар босоо нойтон мод бэлтгэсэн гэх зөрчлийн шалгалт хийсэн тэмдэглэлийг надад шилжүүлж өгөхөд нь би хүлээж авсан. Ингээд миний бие байцаагчийн хувиар уг шалгалтын материалд 23-04-354 гэсэн хэргийн дугаар авч шалгаж үзэхэд гэмт хэргийн шинжтэй байсан учир харьяаллын дагуу Цэцэрлэг сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч дэслэгч Ц.Батсүхэд материалыг шилжүүлж өгсөн болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),

Шинжээч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би экологийн байцаагч Ц.Батсүхтэй хэргийн газарт очиж үзлэг хийсэн. Мод бэлтгэсэн газарт 10 ширхэг хожуул байсан. Мөн өвөлжөөн дээр нь очиж үзлэг хийхэд уг бэлтгэсэн модыг 6.50 метр хэмжээтэй тайрч бэлтгэн хашаан дээрээ тавьсан байсан...Би дүгнэлтийн бичвэр хэсэг дээр 0-ийн тоо тавих гэж байгаад 1-ийн тоо андуураад дарагдсан байна. Одоо тэгэхээр  20 ширхэг нойтон шургааг модоор явна гэсэн үг...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

 Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай: “...Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн “Улаан хад” гэх газарт хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон 1.8 м3 Шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,397,430 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ********************2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “...Яллагдагч ********************ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 4,192,290 төгрөг...Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт (хх-ийн 60 дугаар хуудас),

Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт (хх-ийн 84-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний  хуулбар, Малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-74-р хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000487 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********************нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан хад” гэх газрын ойгоос 10 ширхэг босоо модыг сүх ашиглан унагаж 1.8 м3 нойтон Шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн ойн санд 4,192,290 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шалгалт хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-11-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 20-21-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-18-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч ********************(хх-ийн 26-28-р хуудас), гэрч ********************(хх-ийн 39-40-р хуудас), шинжээч ********************(хх-ийн 43-44-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ********************2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-ийн 60-р хуудас),

Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт (хх-ийн 84-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ********************нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 1,397,430 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ********************экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 4,192,290 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт (хх-ийн 84-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 3,692,290 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ********************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ялаас чөлөөлөх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000487 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр баг Улаан хад гэх газар/ 1.8 м.куб хэмжээтэй шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************  450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********************3,692,290 (гурван сая зургаан зуун ерэн хоёр мянга хоёр зуун ер) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

      5. Эрүүгийн 2138000000627 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 1.8 м.куб хэмжээтэй шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР