Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1117

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        07          22                                    2022/ШЦТ/1117

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр /ҮД: 25-70  /нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт П-ийн Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 603 795 0732 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

                                Холбогдсон хэргийн талаар:

 

П.Э нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *********-ын хажуугийн “*********” шатахуун түгээх станцын орчимд хохирогч М.З-ийн эзэмшлийн “ Самсунг галакси эс-21”  загварын гар утсыг “гар утсыг чинь худалдаж авна, үзье" гэж хэлж, улмаар 2.279.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-21”  загварын гар утсыг авч зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                                        Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.З-ийн өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гар утсан дээрээсээ Гар утасны хар зах гэсэн групп дээр Самсунг галакси эс-21 плас 5 жи маркийн гар утсаа 2.400.000 төгрөгөөр зарна гэж өөрийн гар утас болох ********* гэсэн дугаараар зар байршуулсан. Тэгсэн орой 18 цаг 30 минутын үед миний дугаар луу ********* гэсэн дугаараас залгаад гар утсыг чинь авмаар байна. Хаана очиж үзэх бэгэхээр нь ********* хотхонд ирж үзээрэй гэсэн. Тэгсэн нөгөө хүн *********-ын ойролцоо явж байна. *********-ын тэнд хүрээд ирж болох уу гэсэн. Тэгээд би дүү Н-ын хамт *********-ын тэнд очоод ********* дугаар луу залгахад нөгөө хүн  “*********” бензен түгээхийн энд хүрээд ир өнгөрөөд явчихсан байна гэсэн тул дүүгийн хамт “*********”клонк дээр ирсэн чинь үл таних эрэгтэй хүн байсан. Тэгээд утас үзэж байгаад ахтайгаа хамт ирсэн. Ах дэлгүүр орсон. Ахын араас очъё гэхээр нь дагаад “*********” дэлгүүрийн хажууд ирэхэд ах нь байгаагүй гар утас аваад зугтаасан. Би гар утасныхаа дэлгэцний кодийг тайлаад кодгүй болгочихсон байсан.Би гар утсаа 2.400.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Э-ийн өгсөн: ...П овогтой Э нь миний төрсөн дүү юм. ********* дүүргийн ********* сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж,   2018 онд ********* их сургуулийн ********* сургуульд суралцаж байгаа. Одоо ** дугаар курсийн оюутан. Э нь нийгмийн идэвхи сайтай, спорт хичээл сургалт гээд бүх төрлийн тэмцээнд хамрагддаг байсан. Муу зуршлын хувьд тамхи татдагч архи согтууруулах ундааг бол хэрэглэдэггүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М-ийн өгсөн: ...П Э нь миний дүү Г-ийн Т-ийн төрсөн хүүхэд байгаа юм. Би П.Э-г багаас нь мэднэ. ********* дүүргийн ********* сургуулийг 2019 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд тухайн ондоо ********* сургуулийн ********* ангид суралцаж байсан. 2021 онд сургуулиасаа жилийн чөлөө аваад одоо сураггүй байгаа. П.Э нь хүүхэд байхдаа Залуучуудын холбоонд явдаг байсан. П.Э нь аав, ээж, эгч, дүүгийн хамт *********-нд амьдардаг. Сургуульд сурч байхдаа сагс тоглодог, жудогийн дугуйланд явдаг байсан. Бусадтай эелдэг зөөлөн харилцдаг нийтэч зантай хүүхэд байгаа юм. Сагс болон жудогийн спортоор их тэмцээн, уралдаанд оролцож медал авдаг байсан. Гэрийнхээ нэг хананд П.Э-ийн медал байдаг юм. Багаасаа аав, ээжийнхээ гар дээр өссөн. 2019 оны 10 дугаар сард аав, ээж нь ********* улс руу ажиллахаар явсан. Дээд талын эгч нь оюутан байсан учир гадаад руу ажил хийхээр явсан. Одоо ээж нь Монгол улсдаа ирсэн. Нуруу нь өвдөөд нурууны суулттай гээд эмчилгээ хийлгээд сайжрахгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М-ын өгсөн: ...Манай “*********” ломбарданд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э гэх хүүхэд ирээд Самсунг галакси эс-21 плас 5 жи загварын хар өнгөтэй ********* гэсэн имай дугаартай содон шинж тэмдэг нь гэвэл арын камерны шил нь цуурчихсан гар утсыг барьцаанд тавьмаар байна гэхээр нь би 1.500.000 төгрөгөөр гар утсыг нь авсан. Тэгээд Э-тэй барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Анх Э 14 хоногийн хугацаатай 1.500.000 төгрөг зээлээд авсан ба зээлээ төлөхгүйгээр 14 хоносон. Тус зээлийн хугацаа дууссанаас хойш 14 хоног Э-ийг хүлээхэд тэрээр зээлээ төлөөгүй. Би удаа дараа түүнд мэдэгдэхэд зээлээ төлж чадалгүй за за хураагаад зар гэсэн тул би 1.300.000 төгрөгөөр хүнээр дамжуулж тус Самсунг галакси эс-21 плас 5 жи загварын хар өнгөтэй, ********* гэсэн имай дугаартай, содон шинж тэмдэг нь гэвэл арын камерны шил нь цуурчихсан гар утсыг заруулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар П.Э-ын өгсөн: ...Энэхүү зээлийн гэрээ нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийсэн ********* ломбартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний баримт байна. Тус барьцаат зээлийн гэрээнд байх барьцаа бүхий эд хөрөнгө нь фэйсбүүк дээр утас зарна гээд тавьсан байсан хүний гар утас юм. Би барьцаат зээлийн гэрээн дээрх гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21-22 цагийн үед фэйсбүүк дээрх зарын дагуу зар тавьсан хүн рүү зар дээрх дугаараар нь холбогдож Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ********* их сургуулийн зүүн талын “*********” клонкоос дээш яваад шороон зам орчим уулзаад утсыг нь үзэж байгаад хүнээс мөнгө аваад ирье гээд утсыг нь аваад цааш жаахан яваад булан эргээд зугтааж гар утсыг нь өөртөө авсан юм. Тэр миний авсан утас нь Самсунг галакси эс-21 плас 5 жи загварын хар өнгийн утас  байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

 

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, *********барьцаат зээлийн гэрээ, /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Samsung s21 plus 5G” маркийн 2021.05.08-нд Өмнөговь аймгийн Нарлаг дэлгүүрээс шинээр нь авсан, хар өнгийн 256gb багтаамжтай утсыг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.279.600 /хоёр сая хоёр зуун далан есөн мянган зургаан зуун төгрөгөөр /үнэлэгдсан байна. / хавтаст хэргийн 45 дугаар тал/,

 

              -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч П.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ********* их сургуулийн ********* сургуулийн оюутан П.Э-ын дүнгийн хуудас, суурь боловсролын гэрчилгээ, 2015 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Батламж, Дэлхийн Зөн Монгол улсын байгууллагын 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Сургагч, сурагч Сертификат, сурагч, элчин сайд Батламж, ********* дүүргийн ********* сургуулийн Өргөмжлөл, 2015 оны Монголын сурагчдын холбооны Гэрчилгээ, дүнгийн хавсралт, 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Олон улсын Таеквон-догийн Өргөмжлөл  /хавтаст хэргийн 56-71 дэх тал/,

 

Шүүгдэгч П.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *********-ын хажуугийн “*********” шатахуун түгээх станцын орчимд хохирогч М.З-ийн эзэмшлийн самсунг галакси эс-21 загварын гар утсыг “гар утсыг чинь худалдаж авна, үзье" гэж хэлж, улмаар 2.279.600 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс-21 загварын гар утсыг авч зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь  болох  нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн  дүгнэлт зэрэг  хэрэгт  авагдсан  бичгийн   нотлох баримтуудаар  нотлогдож  тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч П.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

       Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, / адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөн гийг засах зэргээр / буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө.гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч М.З-д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2.279.600 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.Э нь 2.279.600 төгрөгийг  төлж барагдуулсан болох нь “ ХААН” банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Э-г баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх хуралдаанд  улсын яллагчаас шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн  хорих  ял оногдуулж, эдлэх ялыг  хаалттай хорих байгууллагад   эдлүүлэх саналыг гаргав.

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч П.Э-д гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид учирсан хохирлоо нөхөн  төлсөн  зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зорчих эрхийг  хязгаарлах  ялыг оногдуулах  санлыг  гаргав.

 

Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч П.Э нь  хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа,  хохирол төлбөрөө төлж барагдуулсан,  хэрэг үйлдэх үедээ ********* сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан  зэрэг  хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/  жилийн хугацаагаар  зөрчих эрх  хязгаарлах  ял  оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт П-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П-ын Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх  хязгаарлах   ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э нь 1 /нэг/ жилийн хугацаанд  Улаанбаатар хотын Баянзүрх  дүүргийн  нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

              5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ