Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0271

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр           Дугаар 128/ШШ2021/0271            Улаанбаатар хот

                            

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А.с” ХХК

Хариуцагч: Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Д.Б, Г.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “А.с.” ХХК-ийн захирал Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “А.с” ХХК нь 2810328 регистрийн дугаартай, 9******* улсын бүртгэлийн дугаартай, 52,896,000 төгрөгийн дүрмийн сантай 2004 оноос барилга угсралт,  засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлж байсан.

Компанийн 2010-аас 2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар нийт 164,905,527.00 төгрөгийн зөрчил  нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар тэлсэн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэн 16,490,552.70 төгрөгийн нөхөн татвар 4,947,165.81 төгрөгийн торгууль, 3,298,110.54 төгрөгийн алданги нийт 24,735,829.05 төгрөгийн төлбөр ногдуулсныг бид дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ”Ю*******” ХХК-тай байгуулсан USS-PA-12-065 дугаар гэрээт ажлыг гүйцэтгэн 2014 оны 01 дүгээр сард оффис болон агуулахын зориулалттай барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материалыг 2013 оны 04 дүгээр сард ”А*******” ХХК-иас 13679525 дугаар падаанаар 41,004,545.00 төгрөгийн, 13679526 дугаар падаанаар 29,135,455.60 төгрөгийн, 7 дугаар сард ”Н*******” ХХК-иас 0014188047 дугаар падаанаар 28,299,345.00 төгрөгийн, 9 дүгээр сард 14684192 дугаар падаанаар 66,466,182.00 төгрөгийн, нийт 164,905,527.00 төгрөгөөр /НӨАТ ороогүй дүн/ худалдан авч барилгын гэрээт ажилд зарцуулсан.

Нягтлан бодох бүртгэлийн болон татварын хуулийн дагуу бид нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт уг худалдан авалтыг тусгаж тайлагнасан. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татварын баримт /падаан/ өгсөн атал цааш нь төлөөгүй хариуцлагыг бараа материал худалдан авсан бидэнд тохож төлбөр, торгууль ногдуулсанд гомдолтой байна.

Хий бичилттэй падааныг ил тодын тайланд тусгасан үндэслэлээр прокурор хэргийг хүчингүй болгосон байхад татварын байцаагч дахин шийтгэлийн хуудсаар захиргааны акт тогтоож байгааг 1 зөрчилд 2 арга хэмжээ хэрэглэж байна гэж үзэж байна. Прокурорын тогтоолыг буруу гэж үзвэл зөвхөн дээд шатны прокурорт гомдол гаргах зохицуулалттай.

Дээрх бараа борлуулсан “А*******” ХХК, Н*******” ХХК-иуд падаан тараасан нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 82 тоот тогтоолоор батлагдсан боловч падаан авсан компаниуд дотор манай “А.с”  ХХК байхгүй байгаа болно

Тус компани нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, нэмэгдсэн өртгийн албан татварын нэмж мэдүүлсэн тайлан гаргасан.

Татварын улсын байцаагчийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар  164,905,527.00 төгрөгийн хий бичилттэй падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд 16,490,552.70 төгрөгийн нөхөн татвар, 4,947,165.81 төгрөгийн торгууль, З,298,110.54 төгрөгийн алданги нийт 24,735,829.05 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т  заасныг зөрчсөн байна.

Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 1-д “Энэ хуулийн 4.1, 5 1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс бид тамга, тэмдэгтэй НӨАТ-ын падаан, барааны орлогын баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт гэх мэт санхүүгийн анхан шатны баримттай байхад шийтгэлийн хуудсаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д ”Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэнийг бид зөвшөөрөхгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн Ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн З дугаар зүйлийн З 1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт ”энэ хуулийн 3.1 дэх хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагт 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан. Иймд татварын улсын байцаагчид дээрх хуулийн үйлчлэлд шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон зөрчлийг хамруулаагүй байгааг Татварын маргаан таслах зөвлөл 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот тогтоолоор 0******* дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулсан болно.

Иймд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын томилолтын дагуу 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3500162 дугаар дүгнэлтийг үндэслэн 35180200035 тоот томилолтын дагуу тус компанийн 2010-аас 2014 оны хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.

Тус компани нь 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “А*******” ХХК-иас 41,004,545.00 төгрөгийн, 13679526 дугаар падааны дугаартай 29,135,445.00 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сард “Н*******” ХХК-иас 28,299,345.00 төгрөгийн, 9 дүгээр сард 14684192 дугаар падааны дугаартай  төгрөгийн нийт   төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл  нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг эсгэх” 74.1.6-д “баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах”, 74.1.8-д “хууран мэхлэх, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийх”, 74.3-д “Энэ хуулийн 74.1 , 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх...татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 16,490,552.70 төгрөгийн нөхөн татвар, 4,947,165.81 төгрөгийн торгууль, 3,298,110.54 төгрөгийн алданги ногдуулсан.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д ”Энэ хуулийн 3.1-д заасан ”гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасныг баримтлан Нийслэлийн Татварын газрын Маргаан Таслах Зөвлөлийн бүрэлдэхүүн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот тогтоолоор 4,947,165.81 төгрөгийн торгууль, 3,298,110.54 төгрөгийн алданги, нийт 8,245,276.З5 төгрөгийн торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулж,  төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул “Анар сан" ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “А.с” ХХК -иас Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г нарт холбогдуулан гаргасан ” Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г нар “А.с” ХХК -ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, “А” ХХК-иас 2013 оны 04 дүгээр сард 13679525 дугаар падаанаар 41,004545.00 төгрөгийн, 13679526 дугаар падаанаар 29,135,455 төгрөгийн, “Н.х” ХХК-иас 2013 оны 07 дугаар сард 0014188047дугаар падаанаар 28,299,345 төгрөгийн, 09 дүгээр сард 14684192 дугаар падаанаар 66,466,182 төгрөгийн худалдан авалт хийснийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” мөрөнд тайлагнан төлөх татвараа бууруулсан гэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо, хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн”[1] гэж зааснаар шийтгэл оногдуулж, 16,490,552.70 төгрөгийн нөхөн татвар, 4,947,165.81 төгрөгийн торгууль, 3,298,110.54 төгрөгийн алданги ногдуулсан байна. 

Эрх бүхий албан тушаалтан буюу татварын улсын байцаагч Д.Б, Г.Г******* нар “А.с” ХХК -ийн гаргасан зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлан, татварын улсын байцаагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх; ...”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:

1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрхтэй боловч хариуцагч нар “А.с” ХХК -ийн гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 350000162 дугаар дүгнэлтэд “Н” ХХК, “А” ХХК, “С.с” ХХК, “Б” ХХК, “Ё” ХХК-иудаас 364,287,393 төгрөгийн хий бичилттэй падаан худалдан авсан гэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч нар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “А” ХХК, “Н” ХХК-иудтай холбоотой зөрчилд шийтгэл оногдуулж, “С.с” ХХК, “Б” ХХК, “Ё” ХХК-иудын худалдан авалттай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тэмдэглэлд энэ талаар тусгаагүй байна.

Шүүхэд Цагдаагийн ерөнхий газрын газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11и-8/6937 дугаар албан бичгээр ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10д/27  дугаар албан бичигт Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 350000162 дугаар дүгнэлт бичиж ирүүлсэн “А.с” ХХК -д холбогдох 2014260006305 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг явагдаж байгаа талаар дурдсан байх боловч зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд авагдсан Эрүүгийн цагдаагийн албаны мөн албан бичигт Баянгол дүүргийн Прокурорын газарт 2017 оны 08 дугаар сарын 25-нд хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн гэж зөрүүтэй байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн 2014260006305 дугаартай хэргийг хаасан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоол болон Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн “Эрүүгийн хэрэг тусгаарлах” тухай тогтоолоос үзвэл  “А” ХХК, “Н” ХХК-иудаас бараа материал худалдан аваагүй атлаа авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвартай дотоодын худалдан авалт хэсэгт тайлагнаж татвар төлөх хэмжээг бууруулсан компаниуд дотор ““А.с” ХХК -ийн нэр байхгүй байхад дээрх байдлыг хариуцагч нар зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх явцад тодруулаагүй, татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 350000162 дугаар дүгнэлтийн дагуу “А.с” ХХК -д холбогдох асуудлыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн цагдаагийн албаны албан бичигт нэхэмжлэгч компанийн нэрийг дурдсан боловч эрүүгийн хэрэг тусгаарлах болон хэргийг хаасан прокурорын тогтоолд “А.с” ХХК  байхгүй, дүгнэлт эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад “А” ХХК, “Н” ХХК-иуд хий бичилттэй падаан тараасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийг буруутган шийтгэл оногдуулсныг зөвтгөх боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээр “... “А” ХХК, “Н” ХХК-иуд үйл ажиллагаа явуулдаггүй цаасан дээрх компани болох нь прокурорын тогтоолоор нотлогдсон. Улсад төлөх татвараас зайлсхийх боломжийг бусдад олгодог компани. …” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх асуудлыг шалгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаарх баримт зөрчлийн материалд байхгүй, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “А” ХХК, “Н” ХХК-иуд нь тайлангаа харьяа татварын хэлтэст гаргаж байсан байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нар холбогдогч “А.с” ХХК -д шийтгэл оногдуулахдаа зөрчлийг нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчил нотлогдсон бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн заалт хангагдаагүй байхад зөрчлийг хангалттай нотолж тогтоолгүй, шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж, “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3,  106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А.с” ХХК -ийн гомдлын шаардлагыг хангаж, Ч.д.Т.х.т.у.б.Д.Б, Г.Г нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН

 

 

[1] Тус зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд шийтгэл хуудас үйлдэх үед энэ заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан.