Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 146

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч Н.Батзориг, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД:0025/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг /ҮД:1898/, гэрч П.Баярсайхан, Ж.Батсайхан, Д.Ариунаа, Ц.Тогтохсүрэн, шинжээч эмч Б.Долгормаа, М.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамж 883а тоотод оршин суудаг, 1990 оны 7 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын шүүхийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 7 сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УГ69082812/ Олхонуд овогт Надмидын Батзоригт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525022332 дугаар 185/2016/0093/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Батзориг нь согтуурсан үедээ 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байранд хамтран амьдрагч Ц.Үүрцайхыг хардалтын улмаас биед нь баруун 9,10-р хавирга, бүсэлхийн 1,2,3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хүзүүнээс хэвлийн баруун тал хүртэл үргэлжилсэн булчин, арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун хацар, шанаа, уруул, эрүүг бүхэлд нь хамарсан хүзүүний урд гадаргуу, цээжний урд хэсэг, нуруу, хэвлий, баруун гуяны өмнөд гадаргуу, шилбэний цус хуралт зэрэг олон тооны гэмтэл учруулан зовоон тарчлаан зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батзоригийн: 2015 оны 11 сарын 8-ны өдрөөс талийгаач Үүрцайх архи ууж эхэлсэн. Харин би 2015 оны 11 сарын 12-ны өдрөөс архи уусан. Талийгаач Үүрцайх 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой хүүгийнхээ гэрт очиж хононо гээд явсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр намайг такситай ирж аваад “Анар” дэлгүүрээс 3 шил архи худалдаж авчихаад гэртээ ирээд хоол хийж идсэн. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны 17 цагийн үед талийгаачийн найз Тогтохсүрэн утсаар яриад ирсэн бөгөөд бид 3 архи уусан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай найзаас 300.000 төгрөг авсан. Тэр мөнгийг дуустал нь архи уусан. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тогтохсүрэнгийн нөхөр Тогтохсүрэнгээс гар утсаа авах гэж ирээд 1-2 шил архи уусан бөгөөд Тогтохсүрэнд “дэндүү их архи уулаа, одоо хариарай” гэж хэлээд ажилдаа явсан. Тогтохсүрэн, талийгаач Үүрцайх бид гурав 20-иод шил архи хувааж уусан болохоор архины хордлогонд орсон байсан. Тогтохсүрэн хэдэн цагт явсныг мэдэхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өглөөний 6 цагт талийгаач Үүрцайх бид хоёр сэрээд “Сархад” гэсэн архины тал нь үлдсэн байхаар нь хувааж уусан. Үүрцайх нээх уугаагүй. Тэгтэл талийгаач Үүрцайх руу нэг эрэгтэй утасдсанаас болж хэрүүл үүссэн. Би түрийвчтэй мөнгөө аваад гарах гэтэл түрийвчээ орхи гээд миний нүүр рүү нулимахаар нь уурлаад 2-3 удаа алгадаад 2 удаа өшиглөсөн. Тухайн үед бид хоёр хувцсаа ч өмсөөгүй байсан. Өмнө нь талийгаач Үүрцайх пар руу унасан гэж хэлж байсан. Би тэр үед нь согтуу байсан байх. Бид хоёр архины хамааралтай хүмүүс байсан. Архи уугаагүй үедээ нийлэмжтэй, сайхан харилцаатай байдаг байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбатын: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед над руу Батсайхан ах залгаад “миний дүү Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир ээжийн чинь бие тааруу байна” гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиход Батсайхан ах, Буяка эгч хоёр байсан. Тухайн үед манай ээж босч чадахгүй коридорт хэвтэж байсан. Өөрөө юм ууж чадахгүй, хоёр хүн түшиж байж юм уулгаж байсан. Тасаг руу орсны дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 2 цагдаа ирж мэдүүлэг авахад би хажууд нь байсан. Ээж “тийм, үгүй” гэдэг үгээр хариулт өгч байсан. Хэднээс хэдний хооронд зодсон талаар асуухад 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны хооронд Н.Батзориг зодсон гэж мэдүүлэг өгч байсан. 1 цагийн хугацаанд тэгж зодно гэж байхгүй. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Гомдолтой, эмчилгээний болон оршуулгын зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Баярсайханы: Талийгаач Үүрцайх зөөлөн эдийн няцрал, цээжний битүү гэмтэлтэй гэсэн оноштой манай тасагт хэвтсэн байсан. Өвчтөний биеийн байдлыг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, цээжний зүүн, баруун талын арьсан доороо хий хурсан шинжтэй 2-3 удаа эхо-д харахад хэвлийн хөндийд шингэн байгаагүй. 3-5 хоногийн дараа хэвлийн хөндийд шингэн хурсан учраас онош тодруулах зорилгоор хэвлийн хөндийн хагалгаанд оруулж хэвлийг шалгасан. Тухайн үед Үүрцайх өвчинтэй байсан. Зодуулсан нь уг өвчнийг сэдрээх хүчин зүйл болсон. Эмчилгээ хийж байх явцад элэгний цирозтой, эмчилгээ хийлгэж байсан талаараа хэлж байсан. Тухайн үед цус алдахаар нь дурандахад хуучин шарх гэж гарсан. Талийгаач залгиураараа цус алдсан. Тухайн үед цусаар бөөлжөөд байхаар нь 3-р эмнэлгээс эмч авчирч үзүүлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Батсайханы: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Буянжаргал “манай эгчийг хамтран амьдрагч нь зодоод хөдөлж болохгүй байна гэнэ, хоёулаа хамт очоодохъё” гэж хэлсэн. Тэгээд хадам ахын эхнэр бид гурав очиход талийгаач Үүрцайх хэвтрийн байдалтай, аймшигтай зодуулсан байсан.  Тухайн үед талийгаач, Н.Батзориг архи уучихаад гурван өдөр зодсон гэж хэлсэн. Би “та хүн дуудахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд “хүн дуудуулахгүй зодоод байсан, өнөөдөр намайг хэд өшиглөчихөөд дусал хийлгэнэ гээд гараад явахаар нь байрны эзнийг гуйгаад гэрт нь орж ирээд хэвтэж байна” гэж хэлсэн. Талийгаач Үүрцайх ямар ч хөдлөх тэнхэлгүй байхаар нь үүрч гарч байсан. Талийгаач Үүрцайх 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хэвлийн хөндийн хагалгаанд орсон. Хааяа хааяа архи уудаг байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ариунаагийн: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач Үүрцайхыг амьдарч байгаа байрнаас нь очиж авахад юм ярьж чадахгүй байсан бөгөөд бид нар аман дээр нь чихээ ойртуулж байж хэлсэн үгийг нь ойлгож байсан. Тухайн үед байр түрээслүүлэгчийн гэрт нь хэвтэж байсан. Яагаад ийм болсон талаар асуухад “Н.Батзориг 3 өдөр зодсон” гэж хэлж байсан. Хүн дуудахгүй яасан юм бэ гэхэд “намайг гаргахгүй байсан, Н.Батзоригийг архи их уусан болохоор хордлогонд орсон байгаа дусал хийлгэчихээд ир гэж хэлээд дусал хийлгэх гээд гараад явахаар нь арай гэж мөлхөөд байрны эзний гэрт нь орж ирсэн” гэж хэлж байсан. Архи үнэртээгүй бөгөөд архи уусан шинж байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хагалгаанд орсон. Талийгаач Үүрцайхыг Н.Батзориг олон удаа зодож байсан.  …гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Тогтохсүрэнгийн: Би 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой ажлаа тараад Н.Батзоригийн гэрт очоод 2015 оны 11 сарын 15-ны өдрийн 14-15 цагийн үед харьсан. Намайг байх хугацаанд Н.Батзориг, Үүрцайх нар муудалцаж байгаагүй. Намайг очих үед Н.Батзориг, Үүрцайх нар архи жаахан уусан байсан. Тухайн үед бид нар Ерөөл,Хараа,Улаанбаатар нэртэй нилээн хэдэн шил архи уусан. Н.Батзориг мөнгөтэй байсан. Тухайн үед Ерөөл, Хараа, Улаанбаатар нэртэй архи уусан.  Бид гурав шөл хийж идсэн. Талийгаач тухайн үед бие өвдөөд байна, архи уухгүй гэж хэлж байгаагүй. Талийгаач 8 дугаар сард таарахдаа элэг өвдөөд эм ууж байгаа гэж хэлж байсан. Талийгаач өөрөө гуйж архи уудаг байсан. Эмнэлэг дээр очиход талийгаач бие өвдөөд байна гэж хэлсэн. Би Үүрцайхын элэг нь өвдсөн гэж бодсон. Тэгтэл талийгаачийн нүүр нь хавдсан байсан. ...гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Долгормаагийн: Хэрвээ зодсоноос болж талийгаач Үүрцайхын улаан хоолойноос цус алдсан бол Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхэнд тэмдэглэсэн байх ёстой, танилцахад анх ирэхдээ цус алдсан талаар байхгүй байдаг. Цээж рүүгээ өшиглүүлснээс болж цус алдсан бол  Гэмтлийн эмнэлэг дээр ирэх үед тийм зовиур байх ёстой, 3 хоногийн дараа өвчний хүндрэл үүсээд цус алдсан. Тухайн хүн архаг хууч өвчинтэй байх үедээ зодуулаад хэвтрийн байдалд ороход биеийн дархлаа нь муудаж элэгний үйл ажиллагаа алдагдаад эхлэхээр хүндрэл нь илэрч болно. Элэгний өвчинд архи нөлөөлдөг учраас олон хоног архи уусан нь хордлогын шинж өгсөн байж болно. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгт ирэх үед нь эхо-д хараад хэвлийн хөндий сул шингэнгүй гэж тэмдэглэгдсэн байсан. 2015 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр эхо-д харахад сул шингэнгүй байсан байна. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эхо-д харахад шингэнтэй гэсэн байна. Талийгаач элэгний хатуурал өвчинтэй байсан. Өөр архаг өвчин байгаагүй. Ходоод, нойр булчирхай зэрэг өвчин нь нас барах үеийн олон эрхтний дутагдалд орж байгаа шинжүүд юм. Өөрөөр хэлбэл тухайн өвчний хүндрэл гэсэн үг. Онош дээр элэгний жижиг зангилаат хатуурал гэсэн нь тухайн хүнийг үхэлд хүргэх үндсэн онош юм. Харин №2 гэсэн дээр элэгний үүдэн замын даралт ихсэлт, улаан хоолойн дунд хэсгийн хураагуур судасны өргөсөл, хагарал, цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд шингэн хуралт, улаан хоолойн салстын ховхрол, жижиг шархлаан хоол боловсруулах зам дахь сул цус, уушигны хаван, бөөрний сувганцар, нойр булчирхайн үхжилт, дотор эрхтний цус багадалт, дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хэмнэлт гэдэг нь энэ өвчний хүндрэл юм. Талийгаачийн нас барах хүндрэл. Тэрнээс биш эдгээрийг архаг хууч өвчин гэж хэлэхгүй. Архаг хууч өвчин нь элэгний хатуурал. Талийгаач Үүрцайхын биед үүссэн олон тооны цус хуралт, хөхрөлт, няцралт нь биеийн тухайн хэсэгт хүч үйлчилсний улмаас өнгөц венийн судас нь арьсан доор нэвчээд цус хуралт үүссэн гэсэн үг. Баруун талын 12 дугаар хавирганы доор элэг байрладаг. Тэгэхээр 9, 10 дугаар хавирга хөхний доор байрладаг. Бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэн элэгний түвшнээс арай доор байрладаг. Хажуугийн хөндлөн сэртэн гэж нугалмын их бие дээр илүү гарсан хөндлөн сэртэнг хэлэх бөгөөд уг сэртэнгүүд хугарсан гэсэн үг. Талийгаач Үүрцайх эдгээр гэмтлийг авснаас болж хэвтэрт орсон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаярын: Элэгний өвчин гэнэт үүсдэггүй. Зодуулаад очиход хэвлийд усжилт байхгүй байсан боловч дараа нь усжилт үүссэн. Уг шингэн нь өвчнөөс үүдэлтэй юу эсвэл гэмтлээс үүдэлтэй юу гэдгийг тогтоохоор хагалгаа хийхэд гэмтлийн гаралтай бус харин элэгний хатуурал өвчний улмаас шингэн үүссэн гэдэг нь тогтоогдсон. Эд эсийн шинжилгээгээр хордлогын шинж тэмдгүүд харагддаг. Энэ нь элэгний өвчинд нөлөөлсөн байх боломжтой. Өшиглөхөд хагарсан бол эмнэлэгт ирэхдээ цус алдсан байх ёстой. Дурангаар харахад судаснаас цус шүүрч гарч байгаа бол дөнгөж цус алдаж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр зодох явцад биш эмнэлэгт хэвтэж байхад үүссэн байна. Зодуулсантай холбоотой биш харин элэгний цирроз гэсэн өвчинтэй холбоотойгоор улаан хоолой, ходоодны  замаар цус алдсан хүндрэл гарсан. Элэгний циррозын хүндрэл хэзээ үүсэхийг хэлж мэдэхгүй. Зодуулснаас болоод хүндрэл үүссэн гэж хэлэхэд хэцүү. Бидний хувьд өвчин, гэмтэл зэргийг салгаж дүгнэлт гаргасан.  Тэгэхээр зодуулснаас болж судас хагарсан гэж хэлж болохгүй, зодуулаагүй байсан ч судас хагарна. Талийгаач 3 өдөр архи уусан нь элэгний өвчний хүндрэлд нь нөлөөлсөн байж болно. 3 хоног 20-иод шил архи уусан хүмүүс өөрсдийнхөө үйлдлийг ярих хэмжээнд байж чадахгүй. Согтолтын зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж хуваадаг. Архи уусан үед цуснаас нь шинжилгээ аваад тухайн хүн хэдэн шил архи уусан гэдгийг тогтоож болдог. Гэхдээ тухайн хүний согтолтын зэргийг тогтоосон зүйл байдаггүй учраас хэдэн шил архи уусан гэдгийг тогтоох боломжгүй байсан. Хохирогч биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй, элэгний хатуурал өвчний улмаас улаан хоолойн өнгөц венийн судас хагарч, хоол боловсруулах замд цус алдсанаас шалтгаалж нас барсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбатын: ...Миний сонссоноор манай ээж Ц.Үүрцайх нь Надмид овогтой Батзоригтой 2012 оноос эхлэн хамтран амьдарч байна гэж сонссон. 2014 оны 11-р сарын үед Н.Батзориг талийгаач ээжийг нэг удаа хуучин ажлын хүнтэй нь хардаж зодож байсан. Тухайн үед би гэрт нь очиж Н.Батзоригт нэгэнт хамт амьдарч байгаа бол битгий хоорондоо маргалдаж манай ээжийг зодож бай гэж хэлж байсан. Маш их гомдолтой байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Цэвэлмаагийн: ...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагийн үед манай байрны доод давхарт нөхрийн хамт байр түрээслэж амьдарч байсан эмэгтэй миний утас руу залгаад би нөхөртөө зодуулчихлаа танайд орж болох уу гэхээр нь би тэг тэг манайд ороод ир гэж хэлсэн. Би яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодоод цонхоороо хартал манай гэрийн шатан дээр Үүрцайх босох ямар ч тэнхэлгүй мөлхөж байхаар нь би арай гэж гэртээ оруулж ирээд орон дээрээ хэвтүүлсэн. Үүрцайх гэрт орж ирээд юм ярьж чадахгүй, цай хийж өгтөл ууж ч чадахгүй байсан. ... Нүүр нь бараг хүн харахын аргагүй хөхөрч хавдсан, хүзүү, цээж гээд бие нь бүхэлдээ хөхөрч хавдсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн шинжээчийн №16533 тоот:

  1. Үүрцайхын биед баруун 9,10-р хавирга, бүсэлхийн 1,2,3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хүзүүнээс хэвлийн баруун тал хүртэл үргэлжилсэн булчин, арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун хацар, шанаа, уруул, эрүүг бүхэлд хамарсан, хүзүүний урд гадаргуу, цээжний урд хэсэг, нуруу, хэвлий, баруун гуяны өмнөд гадаргуу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /1хх-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №2121 тоот:

1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэн, баруун талын 9,10-р хавирганы хугарал, цус хуралт, духны хуйх, баруун, зүүн чих, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, уруул, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн мөр, баруун, зүүн суга, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн алга, цээж, хэвлий, баруун хөх, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, баруун хөлийн хуруу, нурууны цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун тохой, зулайн хуйхны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэн, баруун талын 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Талийгаач нь эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно.

7.ГССҮТ-ийн өвчний түүхэнд талийгаач нь АВ /IV/ бүлгийн цустай байна.

6.8.Талийгаач нь элэгний хатуурал өвчний улмаас улаан хоолойн хураагуур судаснаас, хоол боловсруулах замд цус алдаж олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Шинжээч  эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /1хх-57-61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №818 тоот:

  1. 2016-01-21-ний өдөр шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан ШЭ-ийн задлан шинжилгээний 2121 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. 2015-11-19-ний өдөр шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан ШЭ-ийн үзлэг хийсэн 16533 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  3. 4. Ц.Үүрцайхын биед баруун 9,10-р хавирга, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, дух, 2 нүдний зовхи, 2 хацар, 2 чих хамар, уруул, эрүү, хүзүү, цээж, 2 мөр, суга, баруун бугалга, 2 гарын шуу, сарвуу, цээж, хэвлий 2 гуя, шилбэ, баруун хөлийн хуруу, нурууны цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун тохой, хуйхны зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цохих, өшиглөх, унах, ойчих ямар ч байдлаар үүссэн байж болно. Учирсан гэмтлийн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

5.  Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

  1. 7. Талийгаач Ц.Үүрцайх нь элэгний холимог зангилаат хатуурал, элэгний архаг үрэвсэл, өөхөн хувирал, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт, нойр булчирхайн архаг үрэвсэл, хатууралт, өөхлөлт зэрэг архаг хууч өвчтэй байжээ.
  1. 9. Талийгаач Ц.Үүрцайх нь элэгний хатуурал өвчний улмаас элэгний үүдэн венийн даралт ихсэж, үүдэн замын зогсонгишил үүссэнээс улаан хоолойн өнгөц венийн судас өргөсөн хагарч хоол боловсруулах замд цус алдсанаас нас баржээ.
  1.  Талийгаач Ц.Үүрцайхын биед учирсан гэмтлүүд нь нас барахад нөлөөлөөгүй болно.
  2. Талийгаач Ц.Үүрцайх нь элэгний хатуурал өвчтэй байсан нь нас барах шууд шалтгаан болсон байна. Шинжээч эмч М.Энхбаяр, М.Золжаргал, Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /1хх-246-250/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхбаярын: ...Үүрцайх нь элэгний хатуурал өвчний улмаас улаан хоолойн өнгөц венийн судас хагарч, хоол боловсруулах замд цус алдсанаас шалтгаалж нас барсан байсан. Энэ нь биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй. ...гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-1-2/,

 

Хохирлын тооцоо /1хх-176-178/, хохирлын баримтууд /1хх-179-190/, Ц.Үүрцайхын өвчний түүхийн хуулбар /1хх-117-153/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Шүүх сэтгэц эмгэг судлалын №53 тоот:

1. Н.Батзориг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  1. Н.Батзориг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна.
  2. Н.Батзориг нь хэрэг хариуцах чадвартай байна.
  3. Н.Батзориг нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.
  4. Н.Батзориг нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Комиссын дарга Н.Туяа, гишүүд С.Дашпэлжээ, илтгэгч Я.Ганхүү гэсэн дүгнэлт /1хх-72-73/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-98/, Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-113-116/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-27/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Н.Батзориг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байранд хамтран амьдрагч Ц.Үүрцайхтай архидан согтуурч улмаар хардалтын улмаас хохирогч Ц.Үүрцайхын биед баруун 9,10-р хавирга, бүсэлхийн 1,2,3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хүзүүнээс хэвлийн баруун тал хүртэл үргэлжилсэн булчин, арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун хацар, шанаа, уруул, эрүүг бүхэлд нь хамарсан хүзүүний урд гадаргуу, цээжний урд хэсэг, нуруу, хэвлий, баруун гуяны өмнөд гадаргуу, шилбэний цус хуралт зэрэг олон тооны гэмтэл учруулан цохиж, өшиглөн зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан ба уг үйлдэл нь хохирогчийг зовоон тарчлаах шинжтэй байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад гэрч Ш.Цэвэлмаагийн …Үүрцайх босох ямар ч тэнхэлгүй мөлхөж байхаар нь би арай гэж гэртээ оруулжирээд орон дээрээ хэвтүүлсэн. …Нүүр нь бараг хүн харахын аргагүй хөхөрч хавдсан, хүзүү, цээж гээд бие нь бүхэлдээ хөхөрч хавдсан байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн шинжээчийн №16533 тоот актын:

  1. Үүрцайхын биед баруун 9,10-р хавирга, бүсэлхийн 1,2,3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хүзүүнээс хэвлийн баруун тал хүртэл үргэлжилсэн булчин, арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун хацар, шанаа, уруул, эрүүг бүхэлд хамарсан, хүзүүний урд гадаргуу, цээжний урд хэсэг, нуруу, хэвлий, баруун гуяны өмнөд гадаргуу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /1хх-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №2121 тоот актын:

1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэн, баруун талын 9,10-р хавирганы хугарал, цус хуралт, духны хуйх, баруун, зүүн чих, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, уруул, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн мөр, баруун, зүүн суга, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн алга, цээж, хэвлий, баруун хөх, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, баруун хөлийн хуруу, нурууны цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун тохой, зулайн хуйхны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэн, баруун талын 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. …Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /1хх-57-61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №818 тоот актын:

  1. 2016-01-21-ний өдөр шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан ШЭ-ийн задлан шинжилгээний 2121 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. 2015-11-19-ний өдөр шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан ШЭ-ийн үзлэг хийсэн 16533 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  3. 4. Ц.Үүрцайхын биед баруун 9,10-р хавирга, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, дух, 2 нүдний зовхи, 2 хацар, 2 чих хамар, уруул, эрүү, хүзүү, цээж, 2 мөр, суга, баруун бугалга, 2 гарын шуу, сарвуу, цээж, хэвлий 2 гуя, шилбэ, баруун хөлийн хуруу, нурууны цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун тохой, хуйхны зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цохих, өшиглөх, унах, ойчих ямар ч байдлаар үүссэн байж болно. Учирсан гэмтлийн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

5.  Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. …Шинжээч эмч М.Энхбаяр, М.Золжаргал, Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдон нотлогдов.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Батзоригийг хохирогч Ц.Үүрцайхын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан ба уг үйлдэл нь хохирогчийг зовоон тарчлаах шинжтэй байсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбат шүүгдэгч Н.Батзоригийн гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал, оршуулгын зардал 6.842.592 төгрөг нэхэмжилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаярын: …хохирогч нь биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй, элэгний хатуурал өвчний улмаас улаан хоолойн өнгөц венийн судас хагарч, хоол боловсруулах замд цус алдсанаас шалтгаалж нас барсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №818 тоот актын:

   …6.7. Талийгаач Ц.Үүрцайх нь элэгний холимог зангилаат хатуурал, элэгний архаг үрэвсэл, өөхөн хувирал, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт, нойр булчирхайн архаг үрэвсэл, хатууралт, өөхлөлт зэрэг архаг хууч өвчтэй байжээ.

8.9. Талийгаач Ц.Үүрцайх нь элэгний хатуурал өвчний улмаас элэгний үүдэн венийн даралт ихсэж, үүдэн замын зогсонгишил үүссэнээс улаан хоолойн өнгөц венийн судас өргөсөн хагарч хоол боловсруулах замд цус алдсанаас нас баржээ.

10. Талийгаач Ц.Үүрцайхын биед учирсан гэмтлүүд нь нас барахад нөлөөлөөгүй болно.

11.Талийгаач Ц.Үүрцайх нь элэгний хатуурал өвчтэй байсан нь нас барах шууд шалтгаан болсон байна. Шинжээч эмч М.Энхбаяр, М.Золжаргал, Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /1хх-246-250/-ийг үндэслэн гэм хорын хохиролд эмчилгээний зардал болох 1.244.900 төгрөгийг шүүгдэгч Н.Батзоригоор нөхөн төлүүлж, оршуулгын зан үйлтэй холбоотой зардал 5.597.692 төгрөг буюу нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Батзориг Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 7 сарын 2-ны өдрийн 88 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-98/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-113-115/, зан байдлын тодорхойлолт /1хх-116/ зэргээр тогтоогдож байгаа боловч Н.Батзоригийн ялтай байдал дууссан байна.

 

Шүүгдэгч Н.Батзориг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Надмидын Батзоригийг бусдын бие махбодид зовоон тарчлаах шинжтэйгээр хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар Надмидын Батзоригийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Батзоригт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Батзоригийн 2015 оны 11 сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 270 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Батзоригоос эмчилгээний зардал 1.244.900 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 4-396б тоотод оршин суудаг Баяраагийн Мөнхбат /РД:ХБ87041832/-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Батзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Батзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ү.ТҮМЭНЖАРГАЛ