Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1028

 

 

 

 

 

 

 

 

 

   2022       07          01                                     2022/ШЦТ/1028

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч К.Чимгээ,

          шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа /ҮД:32-16/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 600 000 1533 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх,  бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ  эрхэлсэн тодорхой ажилгүй байсан , ам бүл-7, эцэг эгч, дүү, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 1640 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

 -Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 192 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим  болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын сарын хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны буюу 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.М, /РД:ЗЕ89040514/,

 

                                                             Холбогдсон хэргийн талаар:

 

Э.М нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 4-1667 тоот буюу иргэн Э.М байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, Хайсенсе /Hisense/ загварын 43 инчийн зурагт, хяналтын камерын хард диск зэрэг эд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ:  Хэргийн талаар  ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                            Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.М өгсөн:... Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 4-1667 тоот гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөнд байсан хөргөгчний хаалга дэлгээтэй, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд байшингийн дотор ороход манай 43 инчийн ухаалаг зурагт алдагдсан байсан. ...Манай хашаа урд хэсэгтээ дэлгүүртэй ба дэлгүүрийн дээд хэсэгт манай хашаан доторх хэсгийг харуулсан хяналтын камер байдаг ба хяналтын камераа шалгах гэтэл хард диск нь алдагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Галаагийн өгсөн:...30 гаран насны өндөр туранхай залуу бүтээлэгтэй зурагт авчраад бухимдаад байхаар нь ямар учиртайг нь асуутал ломбардад тавих гэсэн чинь хар дансанд орсон гээд авахгүй байна гэхээр нь ганц юмны мөнгө олох санаатай ахад нь бичиг баримт байгаа тавиад өгье гээд Сансарын туннелийн хойд талд байрлах ломбардад 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд бид хоёр манай гэрт очоод хамт 2 шил архи хувааж уугаад явсан. Тэр залуу надад хэлэхдээ буцааж авна, гэрийг чинь мэдээд авна гээд манайд ирсэн. Мөн 10.000 төгрөг өгсөн, өөр зүйл болоогүй би гэртээ амарсан. Тэр залуу өөрийгөө Мөнхзаяа гэж байсан. Надад 88443020, 91803020 гэсэн дугаар өгөөд Дарь-Эхэд гэртэй гэж байсан. Хамт архи ууж байхад хөлөндөө цахим бугуйн гав шиг төхөөрөмжтэй байсан.Манай гэрийн зурагт, хулгайн юм биш гээд байсан...гэх мэдүүлэг /хх-29-30-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Мын өгсөн...Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Сансарын туннелийн хойно “Өндөр цахир” ХХК-д барьцаалан зээлдүүлэгч үйл ажиллагаа явуулдаг. Галаа гэх хүн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 43 инчийн зурагт 300.000 төгрөгт тавьсан. Галаа гэгч нь нэг танихгүй залуутай ирээд надад иргэний үнэмлэхийн лавлагааг үзүүлээд барьцаанд тавьсан. Тухайн үед цэнхэр бүтээлэгтэй зурагт оруулж ирээд 14 хоногийн хугацаанд тавьсан. Тухайн үед барьцаанд тавьсан 14 хоногийн хугацаа дуусаад дахин 10 хоног хүлээгээд ирэхгүй байхаар нь танихгүй хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Би зурагтыг худалдахаас өмнө барьцаанд тавьсан гэх Галаа гэгчийн гар утас руу хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байхаар нь зарсан...гэх мэдүүлэг /хх-32-33-р тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн БЗД2-22-934 дугаартай алдагдсан эд зүйлийг 542.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /хх-ийн 38-39-р тал/,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БЗД2-22-1065 дугаартай эвдэрсэн төмөр хаалгыг 390.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /хх-ийн 46-47-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Э.Мгийн өгсөн:... Би өмнө нь өгсөн  мэдүүлэгтээ өмгөөлөгчтөй мэдүүлэг өгсөн. Одоо өмгөөлөгч Б.Байгалмааг оролцуулан мэдүүлэгээ өгье 2022 оны 04 дүгээр сарын 15-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1340 тоот гэрээсээ ганцаараа гарч яваад төв замаар уруудаж яваад Дарь Эхийн шинэ эцэс ороод “ХААН” банкны АТМ-ээс дансаа шалгаж үзэхэд мөнгө байхгүй байхаар нь буцаад гэрлүүгээ өгсөж яваад ногоон өнгийн дэлгүүртэй гудамж таарахаар нь тэр гудмаар алхаж яваад ногоон дэлгүүрийн арын хашааг давж ороход хашааны урд тал ногоон өнгөтэй дэлгүүр, 2-3 кантнерийн хойд талд байсан улаан өнгийн 1 давхар байшингийн хамгийн зүүн талын жижиг вакум цонхыг мөрлөж түлэхэд онгойхоор нь цонхоор нь дотор талд нь орж байшингийн хойморьт  байсан авдар онгойлож үзэхэд авчихаар юм байгаагүй. Тэгээд би онгойлгосон цонхны хажуу талд байсан 43 инчийн зурагтыг орон дээр байсан саарал цэнхэр бүтээлгийг аваад зурагтыг даавуугаар ороож, удирдлагын хамтаар аваад орж ирсэн босоо цонхоор гарч ирсэн. Тэгээд би ногоон өнгийн дэлгүүрийн амбаарын хаалга онгойрхой байсан. Дэлгүүрийн дээврийг  харсан чинь 2 ширхэг камер харагдсан. Тэгээд би дэлгүүрийн амбаарын хаалгаар нь ороход бүргэд хаалга байхаар нь хаалганы доод булаг нь сиймэрхий байхаар нь талыг нь гараараа татаж байгаад онгойлгож дотор нь орсон чинь ямар нэгэн бараа байгаагүй байхаар нь камерын утсыг нь хөөж явж байгаад камер байршуулсан газраас жижиг хар өнгийн дөрвөлжин хард болон утас холбогдох гэх жижиг цагаан өнгийн дөрвөлжин эд зүйлийг нь аваад хаалгаар  нь гарч ирээд зурагтаа тавьсан газраас зурагтыг нь дэлгүүрийн хажуу талын хашааны  хаалгаар нь гарч явсан. Дэлгүүрээс авсан хардыг нь гудамжинд байсан хогийн цэг дээр хаячихаад зурагтаа авч яваад гэртээ ирээд, байшингийн ард нуучихаад гэртээ орж амарсан.

Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өглөө 10 цагийн үед босоод гэрээсээ гарч ирээд зурагт нуусан газраас зурагтыг нь аваад, гэрийн зүүн талын автобусны зогсоолтоос автобусанд сууж яваад Сансарын түнелийн автобусны буудал дээр буугаад, байран дунд байрлах жижиг ламборданд ороод зурагтаа өгөх гэсэн чинь чи хар дансанд орсон байна гэж хэлээд аваагүй. Тэгээд ломбардоос гарч яваад сааданд очиж суугаад зурагтаа даавуугаар боох гэж байхад хажуугаар явж байсан танихгүй ах наадахаа сайн боохгүй бол дэлгэц нь аймархан хагардаг юм байна шүү гээд чи наад зурагтаа яах гэж байгаа юм вэ ломбарданд тавих гэж байгаа юм гэхээр нь би ломбарданд тавих гэсэн чинь хар дансанд орчихсон байна гээд авдаггүй гэхэд ахынхаа паспортоор тавих юм уу гэхээр нь тэр ахын хамтаар цуг яваад түнелийн арын “ХААН”  бууз нэртэй цайны газрын дотор байрлах ламборданд 300,000 төгрөгөөр тавьсан Ламбордоос гарч ирээд тэр ахын хамтаар гарч ирээд алхаж яваад Бөхийн өргөөний хажуу байдаг Баянзүрх дүүрэг зах руу очиход тэр ах дүүдээ нэг түлхүүр өгсөн. Тэгээд бид хоёр тэндээс гарч ирээд такси бариад Дарь эхийн дунд автобусны буудал дээр буугаад дэлгүүрээс орж нэг шил архи авсан. Дэлгүүрээс гарч яваад тэр ахын хамтаар гэрт очоод дэлгүүрээс авсан архийг хувааж ууж дуусгачихаад, би тэндээс гарч яваад автобусанд суугаад Дарь эхийн шинэ эцсийг автобусны буудал дээр буугаад гэрлүүгээ орсон...гэх мэдүүлэг/хх-64-66-р тал/,

 

                         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

    

Шүүгдэгч Э.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Э.М нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 4-1667 тоот буюу иргэн Э.М байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, Хайсенсе /Hisense/ загварын 43 инчийн зурагт, хяналтын камерын хард диск зэрэг эд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч болон  гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Э.М нь хохирогч Э.М байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Хайсенсе /Hisense/ загварын 43 инчийн зурагт, хяналтын камерын хард диск зэрэг эд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч аваад цааш  бусдад худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг  шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Э.М нь хохирогч Л.Мөнгэрэлд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Хохирогч Л.Мөнхгэрэл нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 932.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Мөнхзаяөа нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Э.Мгаас баримтаар нэхэмжилсэн 932.400 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Э.М олгуулахаар шийдвэрлэв. /хх-ийн 38-39-р тал/, /хх-ийн 38-39-р тал/,

         Шүүгдэгч А.Мөнхзаяа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан  санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш  санаатай үйлдснийг эрүүгийн хариуцлага  хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулснаас  эдлээгүй үлдсэн ялыг  нэмж нэгтгэх  саналыг гаргаж байна.

 

Шүүгдэгч Э.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны буюу 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна./ хх-н 94-97-р тал/,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...  ялтан оногдуулсан ялыг  эдлэх дуусахын өмнө  шинээр гэмт хэрэг үйлдсэн,  эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө  өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа  тогтоогдсон бол  тухайн гэмт хэрэгт нь  ял оногдуулж,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  ялыг нэмж нэгтгэн  нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч  Э.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны буюу 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 23 хоногийн ялын  үлдэгдэлтэй болох  нь шүүхийн  шийтгэх тогтоол,  ялын тооцооны тодорхойлолт  зэргээр тогтоогдож  байх тул  уг эдлээгүй үлдсэн  ялыг нэмж нэгтгэн  нийт  биечлэн эдлэх ялыг тогтоох үндэстэй байна.  /хх-н  83-р тал/,

 

            Шүүхээс  Э.Мгийн  гэмт хэрэг  үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал,  гэмт хэрэгтний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын дагуу Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих  ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх  хорих ялыг тогтоон шийдвэрлэх нь  Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

 Шүүгдэгч Э.Мг  2022 оны  04 дүгээр сарын 28-ны өдрөөс  эхлэн  шүүхийн зөвшөөрөлгүйгээр  сэжигтнээр баривчлан  2022 оны  04 дүгээр сарын 29 -ны өдрөөс  эхлэн  яллагдагчаар  цагдан хорьж  2022 оны  07 дугаар сарын 01 -ны  өдөр хүртэл  нийт   64  хоног   цагдан хоригдсон болох сэжигтнийг  шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн  тогтоол   шүүгчийн  захирамжуудаар  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э. Мөхнзаяагийн  цагдан хоригдсон   64  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна. /хх-н 50-59-р тал, 113-116-р тал/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Эрдэнэцацралтын Мөнхзаяаг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэцацралтын Мөнхзаяаг энэ тогтоолоор  оногдуулсан  2 /хоёр/ жилийн  хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны буюу 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 23 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн  эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 3 /гурван/ сар 23 /хорин гурван/ хоногоор тогтоосугай..

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Э.Мд  оногдуулсан  4  /дөрвөн/ жил 3 /гурван/ сар 23 /хорин гурван/ хоногийн хугацаагаар  хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Мгийн  цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.М  932.400/ есөн  зуун  гучин хоёр мянга  дөрвөн зуун / төгрөгийг гаргуулж хохирогч Э.М олгосугай.

 

6. Хэрэгт  эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэн  ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус   дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ