Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0247/Э |
Дугаар | 2022/ШЦТ/254 |
Огноо | 2022-09-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч ********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************холбогдох эрүүгийн 2238000000523 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Аянчин” баарны гадаа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө тохиолдлын шинжтэй маргааны улмаас ********************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Аянчин” баарны гадаа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө тохиолдлын шинжтэй маргааны улмаас ********************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000523 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... Пүрэвням гэх залуутай яриа өгүүллэгээс болж үл ойлголцол гарч бид хоёр маргалдаж бие биеэ барьж авсан. Би Пүрэвнямтай барилцаж авах үедээ цементэн зам дээр хөл алдаж хамт унасан. Тэгэхдээ Пүрэвням миний доор унаад унахдаа нүүрээрээ уначихсан юм. Харин Пүрэвням намайг хавсарч унагаасан гэж яриад байгаа юм. Уг нь барилцаж аваад унах үедээ л Пүрэвням зам дээр нүүрээрээ уначихсан юм. Тэгээд тэр шөнөө би Пүрэвнямыг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч биеийг үзүүлсэн...”, “Зодоон болсны дараа уулзаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 5 хоногийн мөнгө 300,000 төгрөг төлсөн. ...Одоо баримтаар нэхсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...
Доргио баар хаах цаг болоод бид нар баарнаас гараад гудамд 2 том пиво хувааж уусан. Тэндээсээ хөдлөөд Аянчин караоке баар луу явсан. Аянчин караоке баарны гадаа очоод би машины дэргэд зогсож байтал Ундрах гэдэг залуу миний араас хавирч унагаагаад миний хамар руу хөлөөрөө өшиглөсөн. Би тэгээд хамраа бариад сууж байтал миний толгойн дээрээс дараад цементэн зам мөргүүлсэн. Тэгсэн хамт явж байсан хүмүүс нь салгасан. Мөн цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нартай хамт болон нөгөө залуучуудтай намайг зодсон Ундрах над дээр ирж уулзаад “бие чинь гайгүй юу, би юу ч санахгүй байна” гэхээр нь би “чамайг цагдаагийн газар өргөдөл бичиж өгсөн байгаа” гэж хэлсэн...”, “...би түлшний машинч ажилтай сарын үндсэн 800.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг. Мөн хамраа үзүүлж Сонгодо эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэхэд 2,600,000 төгрөгийн урьдчилсан төлбөр гарна гэсэн. ...Одоогийн байдлаар нийтдээ 3,550,000 төгрөгийн хохирол гарчхаад байна. Цаашид яг хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 8-9, 21 дүгээр хуудас) мэдүүлэг,
Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Намайг очиход халзан толгойтой залуу, хоёр найзтайгаа тэр халзан толгойтой залууг Ундрах гэдэг нэртэй хип хоп дуулдаг залуу байсан. Тэгээд дуудсан хүнийхээ машин дотор суугаад, машиныг асаагаад “за явцгаая, хаашаа очих юм” гэж асуухад Ундрахын найз нь гэх залуу машинд ороод суучихсан байсан. Тэгсэн чинь Мөрөн сумын Дулаанд ажилладаг сагс тоглодог Пүүска гэдэг залуу машины ойролцоо зогсож байхад халзан толгойтой Ундрах гэдэг залуу Пүүска гэдэг залуугийн араас нь очоод хоолойг нь боож унагаагаад дээрээс нь ганц хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Пүүска босож “би яачхав, би юу болчхов” гээд орилоод Ундрах гэдэг залууг тэврээд авсан. Тэгээд цагдаа нар ирээд Пүүскаг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Буяа гэдэг залуутай “яагаад машин тэрэг авч яваад байгаа юм” гээд ярилцаад зогсож байтал гэв гэнэт Пүүска, Ундрах хоёр газар уначихсан хоёулаа зэрэг босож ирж байгаа харагдсан. Тэгээд Пүүска над дээр ирээд “намайг ийм болгочихлоо” гээд хамраа харуулахад хамрын нуруу нь шалбараад цус гарсан байсан. Бид нар тэр даруйдаа эмнэлэг авч явж боолгосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаартай:
1. ********************биед хамар ясанд хугарал, духанд зулгаралт, хамарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.
4. ********************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 24-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42- 43, 57-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000523 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Аянчин” баарны гадаа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө тохиолдлын шинжтэй маргааны улмаас ********************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч ********************(хх-ийн 15-16-р хуудас), гэрч ********************(хх-ийн 18-19-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаартай дүгнэлт (хх-ийн 24-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ********************нь хохирогч ********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч ********************нь шүүгдэгч ********************эмчилгээний зардал 2,600,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсантай холбогдон ажилгүй байсан хугацааны буюу үйл ажиллагааны олох байсан орлого 800,000 төгрөг, замын болон бусад зардалд 150,000 төгрөг нийт 3,550,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.
Харин хохирогч ********************нийт нэхэмжилсэн 3,550,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч ********************нь 3,550,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ********************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************** 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238000000523 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ********************нь 3,550,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ********************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР