Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

 


2022             08               29                                            2022/ШЦТ/347

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д.Хд холбогдох эрүүгийн 2234000000352 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3 дугаар баг, 07-09 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, __________ дугаарын регистртэй, Х овгийн Д.Х,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Х нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Клонкийн задгай” гэх газар эхнэр __________ маргалдах явцад уг маргааныг салгасан иргэн Д.Бямбабатыг зүүн бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Х:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000352 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Клонкийн задгай” гэх газар эхнэр Б.Ганцолмонтой маргалдах явцад уг маргааныг салгасан иргэн Д.Бямбабатыг зүүн бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10271 дугаартай ...Д.Бямбабат нь биед хүзүүний зулгаралт, зүүн бугалганы шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

хохирогч Д.Бямбабатын ...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг туулийн гүүрний урд хувийн уурхай дээр байж байгаад Хайлааст багийн төв орох хэрэгтэй болоод такси дуудсан тухайн таксины жолооч Ганцолмон гэх жолооч эмэгтэй найзын хамт ирж намайг авсан тэгээд би ирсэн найзтай нь хамт нэг шил 0.5 граммын эдэн архи уугаад Хайлааст багийн төвд ирсэн тэгээд эмийн сангаас хамт гарсан зүйлийг арилгах эм тариа аваад буцаад хүргүүлэх гээд явж байхад жолооч Ганцолмон нөхөр Хөгжил дээр очино гээд Хайлааст багийн төвөөс урьд колонкын задгайд очиход Хөгжил өөрөө болон түүний хамаатан садны хамт байсан би тухайн хүмүүсийг танихгүй тэгтэл Хөгжил эхнэртэйгээ маргалдаад байхаар нь дундуур нь ороход Хөгжил салаад машин дээрээ очиод хаанаас нь юм мэдэхгүй хутга гаргаж ирээд миний зүүн гарын бугалга хэсгийн булчинд нэг удаа зоосон тэгээд би шууд салаад сахиул хийдэг хуурай эгчийндээ ирээд цагдаад мэдэгдсэн удахгуй цагдаа эмч ирсэн өөр зүйл болоогүй. Хэвийн зүгээр байна, гартаа 4 оёдол тавиулсан. Согтуурхаад тэгсэн гэж бодож байна маргалдсан шалгаан бол байхгүй. Согтуурхаад ийм үйлдэл хийсэн байх уул нь надад ямар нэгэн өш хонзон, бодож санасан зүйл байхгүй, согтуурлын хувьд нэлээн согтуу байсан тухайн өдөр хүүхэд нь байшингийн найр хийсэн байсан юм байна лээ. Надад гомдол санал байхгүй байна... /хх-ийн 4 дүгээр хуудас/,

сэжигтэн Д.Хийн ...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай охины байрны найр болсон тэгээд манай ах дүү нар ирээд хөдөө хээр гарч амрая гээд Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг колонкын залгайд гарсан тэнд манай ах дүү хоёр хоорондоо маргалдаад байсан тухайн үед би машин дотроо дуугай сууж байсан 21-22 цагийн орчимд манай эхнэр Ганцолмон нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн тэгээд түүнээс хойш юу болсонг би санахгүй байна ямарч байсан буруу зүйл хийж хүний гарт мэс хүргэж гэмтээсэн байна өөрийн хийсэн үйлдлээ гайхаж байна архи уугаад уг буруу зүйл хийлээ би уул нь 20 жил архи уугаагүй өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр архи уугаад ийм буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Ер нь нэлээн их хэмжээгээр хэрэглэсэн тэгээд ч ухаанаа алдатлаа согтсон байх. Байхгүй гэмгүй сайхан ах дүү нар ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсгэсэнг ойлгохгүй байна. Би хувиараа танкны үйлчилгээ хийдэг 25 жил хийж байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,

гэрч Б.Ганцолмонгийн ...Би Д.Х гэх хүний эхнэр учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Ямар ч байсан манай нөхөр 20 гаран жил архи уугаагүй ганц уусан асуудлаас болоод ийм байдалд хүрчихлээ өөрөө их гэмшиж байгаа би машин дотроос буугаагүй байсан учраас гадаа юу болсонг нь мэдэхгүй байна. Ийм учраас мэдүүлэг өгөх боломжгүй байна. Хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Миний нөхөр таксинд явж ар гэрээ тэжээдэг бид хоёр дундаасаа 6 настай охинтой. Бид хоёр багийн найзууд найзлаж нөхөрлөөд 10 гаран жил болж байна... /хх-ийн 8 дугаар хуудас/,

гэрч Х.Алтанзулын ...Тухайн өдөр манай гэр шинэ газар очоод шинэ гэрт орсон юм тухайн өдөр манай аав Хөгжилийн талийн хамаатнууд ирсэн орой хээр гарч хонох гээд гарсан би араас нь хоноглох гэж байгаа газар нь очиход манай аав хүнтэй маргалдсан гэж хүмүүс хэлсэн мөн тухайн хүний гар хэсэгт хутга хүрсэн гэсэн тэгээд яасан талаар асуух гэхэд хүмүүс мэдэхгүй нэг залуу ирээд миний гарыг хутгалсан гэж хэлээд яваад өгсөн гэж надад хүмүүс хэлсэн тухайн хүмүүсээс юу болсон талаар асуухад мэдэж байгаа хүн байгаагүй бөгөөд нэг залуу тэгж яриад яваад өгсөн гэж надад хэлсэн манай аав 20 гаран жил архи уугаагүй байж байгаад тухайн өдөр шинэ гэрийн найр болоод ах дүү нар нь ирээд уучихсан нийлээн согтсон байсан тэгээд харих гээд машин руугаа явж байхад газар модон иштэй шар өнгөтэй хутга байхаар нь аваад харихдаа жорлонд хийсэн өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. Шөнө байсан учраас би анзаараагүй газарт хутга байхаар нь аавын барьсан гээд байгаа хутга юм байна гэж бодоод авсан, тухайн хутгалуулсан гэх хүний яасан бол гэж санаа зовоод сураглахад ямар хүн гэдэг нь мэдэгдэхгүй байсан маргааш өглөө нь сураглахад манай аавын хуурай дүү нь гэж би сонссон. 20 орчим см урт өргөн 2 орчим см өргөн хуучин зэв идсэн маягтай хутга байсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

яллагдагч Д.Хийн ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаярын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна тухайн үед уураа барьж дийлэлгүй ийм асуудал гаргачихлаа би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... /хх-ийн 45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Хийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 16-23, 26 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Хийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Клонкийн задгай” гэх газар эхнэр Б.Ганцолмонтой маргалдах явцад уг маргааныг салгасан иргэн Д.Бямбабатыг зүүн бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

...Шүүгдэгч Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 21-ний  өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Клонкийн задгай” гэх газарт эхнэр Б.Ганцоожтой маргалдах явцад уг маргааныг салгасан Д.Бямбабатыг зүүн бугуйнд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийм шүүгдэгч Д.Хөгжлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Х:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Хийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Х дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Хийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Х нь хохирогч Д.Бямбабатыг хутгалах, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Х нь хохирогч Д.Бямбабатыг хутгалсны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хүзүүний зулгаралт, зүүн бугалганы шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

... Шүүгдэгч Д.Хөгжлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Х:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Хд 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Д.Х хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.Хд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Хийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бямбабатын биед хүзүүний зулгаралт, зүүн бугалганы шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч Д.Бямбабат нь шүүгдэгч Д.Хөөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ч шүүгдэгч Д.Х 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 36 хуудаст хохирогчийн гаргасан хүсэлт, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Хийг бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000352 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Батжаргал энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.               

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Д.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х овгийн Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х овгийн Д.Хд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000352 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Д.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН