Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

 

 

 

 

 

 

 

 

  2022          08              29                                             2022/ШЦТ/349                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т Т.Дид холбогдох эрүүгийн 2234003240347 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймаг, Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шинжилгээний инженер мэргэжилтэй, “Эрдэнэ силвер ресурс” ХХК-ний лабораторын шинжилгээний инженер ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Т Т.Д, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Д нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Дов гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг орох замд “Тоёота клугер” маркийн 21-10 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын  болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалдан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Прадо” маркийн 21-01 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж улмаар замын хажуу руу онхолдож зорчигч Э.Мөнхзул нас барж, зорчигч Э.Чүлтэмийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Т.Д:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234003240347 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Дийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Дов гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг орох замд “Тоёота клугер” маркийн 21-10 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын  болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалдан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Прадо” маркийн 21-01 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж улмаар замын хажуу руу онхолдож зорчигч Э.Мөнхзул нас барж, зорчигч Э.Чүлтэмийн эрүүл мэнд хүнд хохирсон үйл баримт нь дараах

 

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-32 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай ... Э.Чүлтэмийн биед хэвлийд сул шингэн /800 мл/, нарийн бүдүүн гэдэсний чацархайн урагдал, элэгний няцралт, цөсний хүүдий, нойр булчирхайн их биеийн няцралт цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай ...Талийгаач Э.Мөнхзулын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцралт, зүүн бугалга ясны хугарал, биед шарх зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Э.Мөнхзул нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь /I-р/ бүлгийн цустай байна... /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22/39 дугаартай ...”Тоёота Прадо” маркийн 21-01 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ган-Эрдэнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “Тоёота клүгэр” маркийн 21-10 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйл дэх “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйг байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Т.Д тээврийн хэрэгслийн жолоог бусдад шилжүүлсэн Э.Чүлтэмийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “Тоёота клүгэр” маркийн 21-10 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан гэж үзэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 95-97 дугаар хуудас/,

Хохирогч Э.Мандухайн ...Эрдэнээ овогтой Мөнхзул нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ дүү маань айлын 3 дахь хүүхэд байсан юм. Хамгийн том ах Чүлтэм маань сая хамт явж байгаад осолд орсон. Хамгийн бага дүү маань одоо 16 настай 11 дүгээр ангид суралцдаг юм. Талийгаач дүү маань 1999 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, дунд сургуулиа сумандаа сурч төгсөөд 2018 онд Улаанбаатар хотод Этүгэн их сургуульд эдийн засаг нягтлан бодогчийн ангид элсэн орж суралцаад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сургуулиа төгссөн байсан. Найз залуутай албан ёсоор гэр бүл болоогүй байсан.Осолд орох үедээ 7 сартай жирэмсэн байсан. Осол болох өдрийн өглөө Улаанбаатар хотоос төрсөн ах Чүлтэм, үеэл Д нартай Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу гэр рүүгээ очихоор явж байгаад зам тээврийн осолд орсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 42 дугаар хуудас/,

Хохирогч Э.Чүлтэмийн ...Тус өдөр 07 цагийн орчимд төрсөн дүү Мөнхзул, үеэл дүү Д нарын хамтаар өөрийн өмчлөлийн 21-10 ДУЭ улсын дугаартай “Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу гарсан. Ингээд хурдны замаар явж байгаад миний нойр хүрээд үүрэглээд байхаар нь Дийг жолоо бариач гэж гуйгаад жолоогоо шилжүүлээд өөрөө арын суудалд суугаад унтсан. Ингээд хэсэг унтаж явж байгаад Ногоон довын даваа өнгөрөөд явж байхад сэрээд зам хараад явж байсан. Урд талд саарал өнгийн жийп машин явж байгаа харагдсан тус машин зүүн гар талын дугуй нь замын голын цагаан зураас дээгүүр явж байгаа харагдсан тэгтэл энэ үед Д урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь ороод манай машины зүүн гар талын хойд дугуй, замын зүүн талын шороо хөвөө дээгүүр гарч шороо шажигнах чимээ гарсан тэгтэл жолооч баруун гар тал руугаа зам руугаа орох гээд шороо шажигнах чимээ гарсан тэгтэл жолооч баруун гар тал руугаа орох гээд дараад ногоон машины хажуу талаас очиж мөргөөд түүнээс хойш яасныг мэдээгүй нэг мэдэхэд бид онхолдчихсон би машинаас шидэгдсэн байсан. 80 орчим км цагийн хурдтай явсан байх. Би арын суудалд суудлын бүс зүүгээгүй байсан. Жолоочийн хажуу талд суусан зорчигч жолооч хоёр зүүсэн байсан. Нуруу хугарсан, 4 хавирга хугарсан, элэг, нойр булчирхай бяцарч оёулсан. Нарийн бүдүүн гэдэс бөөр бяцарсан гэсэн. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.../хх-ийн 45 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Ганболдын ...Тухайн үед хадам ах Ган-Эрдэнэ унаж явж байгаад зам тээврийн осолд холбогдсон байсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.../хх-ийн 49 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Э.Чүлтэмийн ...Би  өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа тул нэмж ярих зүйл байхгүй. Тухайн осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гарсан. Т.Д бид хоёр үеэлүүд байгаа юм. 21-10 ДУЭ улсын дугаартай “Тоёота клугер” маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн осол болох үед миний нойр хүрээд би тэгээд цуг явсан Т.Дид тээврийн хэрэгслийг шилжүүлэн жолоодуулан явж байсан... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Д.Ган-Эрдэнийн ...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос 07 цаг 15 минутад гараад 21-01 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод Өмнөговь аймгийн Ноён сум руу хувийн ажлаар 4 зорчигчийн хамт явж байсан. Ингээд Төв аймаг өнгөрөөд явж байтал гэнэт араас гүйцэж түрүүлж гарч ирсэн. Машин миний жолоодож явсан машины жолоочиййн эсрэг талын хажуугаас мөргөсөн. Ингээд би шууд замын баруун гар талын хажуу руу шахагдаж замаас гараад шороон дээгүүр давхиад арай гэж машинаа тогтоож тоормослож машинаа эргүүлж зогсоосон. Нөгөө машин замын зүүн гар талын хажуу руу онхолдсон байсан. Ингээд зогсоод байж байтал нөгөө машинаас жолооч нь гэх залуу бид нар дээр гүйж ирээд эмнэлэг дуудаад өгөөч гээд тусламж гуйсан. Би машинаасаа буугаад хамт гүйгээд ирээд очиход жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан эмэгтэй хөдөлгөөнгүй нас барчихсан байсан. Тэгтэл нөгөө залуу орилж бахираад машинаас буулгаад газар хэвтүүлсэн. Машинаас ар талд нэг залуу шидэгдсэн байдалтай газар ёолоод хэвтэж байсан. Ингээд нөгөө жолооч залуу надад хандаж түргэн дуудаад өгөөч гэхээр нь би замын машин зогсоогоод замдаа Төв аймгийн эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч осол гараад хүн нас барчихлаа гэж хэлсэн. Ингээд эмнэлэг цагдаа ирэхийг хамтдаа хүлээсэн удалгүй эмнэлэг цагдаа хамт ирээд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Би 80-82 км цагийн хурдтай явсан. Би яг гүйцэж түрүүлэх үед толинд хараагүй өмнө нь бол харсан байсан. Миний ард 2 цагаан машин явж байсан. Нэг машин нь осол болохоос арай өмнөхөн гүйцэж түрүүлээд яваад өгчихсөн байсан. Тус машин гэнэт л хажуугаас орж ирээд мөргөчихсөн би бодохдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг дүрмийн бусаар хийж дутуу дараад миний хажуугаас ирж мөргөсөн гэж дүгнэж байна. Ослын үед ярилцаж байхад ер нь жолоо бариад байдаггүй хажууд сууж явсан  ах нь бариач гэж гуйхаар нь жолоо барьсан гэж ярьж байсан. Тийм болохоор жолоодох туршлага их муутай байсан юм болов уу гэж бодож байна. Миний жолоодож явсан 21-01 ДАХ улсын дугаартай “Тоёота прадо” маркийн тээврийн хэрэгсэл манай хүргэн Намсрай овогтой Ганболд гэх хүний нэр дээр байдаг юм. 99003554 гэсэн утасны дугаартай. Би тус машиныг Өмнөговь аймаг орохоор Улаанбаатар хотоос гуйж унаад явж байсан юм. Зүүн гар талын хаалга гажсан ,будаг халцарч дотогш цөмөрсөн, хөлийн гишгүүр доогуураа сэтэрч түгжээ мултарч доош унжсан, шаврын хаалт мөн түгжээ нь мултарч доош унжсан, крило дотогш цөмөрч хөмсөг нь хагарсан. Эвдрэлийн үнэлгээг эзэмшигчтэй нь ярьж байж шийдвэрлэнэ. Үгүй би эрүүл байсан. Би архи уудаггүй юм. Надад учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.../хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Гэрч Т.Дийн ...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  Улаанбаатар хотоос үеэл ах Чүлтэм, үеэл дүү Мөнхзул нарын хамтаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу 6 цаг өнгөрч байх үед 21-10 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Чүлтэм ах өөрөө жолоодоод гарсан. Ингээд хурдны замд ороод Чүлтэм ах надад хандаж миний дүү засмал зам дээр жолоо барьчих гэхээр нь би зөвшөөрөөд жолоо барьсан. Чүлтэм ах хойшоо ороод суусан, миний хажууд Мөнхзул сууж явсан. Ингээд Төв аймаг өнгөрөөд нилээн явж байгаад урд явж байсан 21-01 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гарах гэтэл арай амжаагүй хажуу талаас нь очоод мөргөчихсөн тэгээд л түүнээс хойш юу болсныг мэдээгүй маш хурдан осол болсон нэг мэдэхэд машинаас би өөрөө буучихсан дүүгээ машинаас бүсийг нь мулталж буулгаж авсан тэгээд л цаашаа санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа эмнэлэг ирчихсэн  байсан тэгээд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Би 70-75 км цагийн хурдтай явсан. Чүлтэм ах намайг бензин бага байгаа учир моторын даралтыг 2-оос хэтрүүлэхгүй яваарай гэж захиж байсан. Би суудлын бүсээ бүс хэсгээрээ бүслээгүй мөрөөрөө углаад зүүсэн байсан. Хажуу талд суусан зорчигчийг би хөдлөхдөө ахын дүү суудлын бүсээ зүүгээрэй гэж хэлж байсан. Харахад зүүсэн байх шиг байсан. Чүлтэм ах суудлын бүсээ зүүсэн эсэхийг би мэдээгүй. Зорчигч бас суудлын бүсээ дутуу углаж зүүсэн байсан юм шиг байна билээ. Би 2015 онд жолоодох эрхийн Б ангилал төгссөн. Түүнээс хойш тогтмол машин жолоодоогүй өөрийн гэсэн машин байхгүй хааяа хааяа л машин  барьдаг байсан. Би эрүүл байсан. Надад ослын улмаас гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Д.Эрдэнэчулууны ...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос 7 цаг өнгөрч байхад Өмнөговь аймаг руу гараад явсан. Манай машиныг машинууд гүйцэж түрүүлээд л яваад байсан.  Гэтэл гэнэт цагаан машин миний сууж явсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд зэрэгцэж орж ирээд хажуу талаас ирээд хүчтэй шахаад мөргөсөн миний сууж явсан машин шахагдаад замаас гараад жолооч зогсоосон. Ингээд зогсож байтал нөгөө машины жолооч гэх хүү гүйж ирээд тусламж гуйгаад манай жолооч хамт явж эмнэлэг цагдаа дуудаж өгсөн. Бид машинаасаа буугаагүй хүлээгээд сууж байсан. Би жолоочийн яг ард сууж явсан. Манай машин 80 орчим км цагийн хурдтай л явсан. Надад учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.../хх-ийн 64 дүгээр хуудас/,

Гэрч Б.Амгаланбаатарын ...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос найзуудтайгаа хамт гараад Өмнөговь аймгийн Топин хад гэх газар руу явж байсан. Би жолоочийн хажуу талд суугаад юм яриад урагшаа хараад явж байтал гэнэт миний сууж явсан талын хажуу талаас түс гээд машин ирээд мөргөсөн би тус мөргөсөн машиныг ч харж чадаагүй манай машин замаас шахагдаад гараад явчихсан. Жолооч маань машинаа зогсоогоод бид замын нөгөө тал руу машин дотроосоо хартал замын нөгөө талд цагаан өнгийн машин зогсож байгаа харагдсан. Ингээд машинаасаа буутал замын нөгөө талаас нэг залуу туслаарай гээд гүйгээд ирсэн. Ингээд манай жолооч нөгөө залууг дагаад явсан би зам дээр машин зогсоож цагдаа түргэн дуудаад өгөөч гэж замын машинуудад хэл хүргэсэн тус газарт сүлжээ байхгүй байсан. Тэгтэл залуу машинтайгаа ирж зогсож жи-мобайлын утсаараа яриулж бид нар тусламж дуудсан. Удалгүй цагдаа түргэн ирсэн.../хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрч З.Эрдэнэчимэгийн ...Бид нар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Толин хад руу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7 цаг өнгөрч байхад гараад нэлээн явж байтал машины хажуунаас гэнэт түс буугаад явчихсан бид нар хашхиралдаад тэгээд машин замаас гараад зогссон. Хажуухнаас орж ирсэн машин замын цаана зогсож байсан. Тэгээд хартал нөгөө машинаас хүн гарч ирж байсан. Тэгээд жолооч нь бид нар дээр ирээд яанаа гээд орилоод байсан. Манай машины жолооч тусламж үзүүлэхээр явсан. Бид нар машиндаа үлдсэн. Бид нарын хажуунаас орж ирсэн машины буруу, тэр машины жолооч анхаарал алдсан байх. Бид нар дүрмээрээ явж байсан. Миний бие зүгээр байна.../хх-ийн 68 дугаар хуудас/,

Яллагдагч Т.Дийн ...би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу үеэл ах Чүлтэмийн машинд зорчиж явсан. Замдаа Чүлтэм ах миний нойр хүрээд байна ахын дүү жолоо барьчих гэж хэлээд би зөвшөөрөөд жолоо бариад явж байсан. Чүлтэм ах арын суудалд сууж явсан. Миний хажууд үеэл дүү Мөнхзул сууж явсан. Ингээд замд явж байгаад би урд машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд өөрийн урсгал руу орох гэтэл дутуу дарж ороод урд явж байсан машины хажуу талаас шүргээд буцаагаад рүйлээ мушгиад замаас гарч замын зүүн хажуу тал руу онхолдсон. Ослын улмаас миний хажууд сууж явсан үеэл дүү  Мөнхзул нас барсан, Чүлтэм ах гэмтсэн. Миний хувьд хохирол төлбөрөө барагдуулчихсан, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа надад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... /хх-ийн 111 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 98, 114 дүгээр  хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Т.Д болон түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Дийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Дов гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг орох замд “Тоёота клүгэр” маркийн 21-10 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын  болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалдан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцон онхолдож зорчигч Э.Мөнхзул амь нас хохирсон зорчигч Э.Чүлтэмийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн Т.Дид холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:

            ...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Т.Д:

            ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч Т.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Д нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Прокуророос шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” гэсэн Хорин долдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Энэ гэмт хэргийг ...согтуурсан, мансуурсан үедээ..., ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн..., ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол..., ...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол..., мөн хүний амь нас хохирсон бол..., ...хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол... гэсэн шинжүүдийг хангаж байвал хамаарч буй шинжээрээ тухайн гэмт хэргийн зүйлчлэл хүндэрч зүйлчлэгдэх болно.

 

Шүүгдэгч Т.Д нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Чүлтэмийн эрүүл мэндэд хүнд хохирол учирж,  Э.Мөнхзулын амь нас хохирсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Өөрөөр хэлбэл Захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 13.1-г зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Тэрээр Автотээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн амь нас хохирсон хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчийн амь насыг хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

            ...Шүүхээс шүүгдэгч Т.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Прокурорын шатанд шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зорчин явах, оршин суугаа газраа өөрчлөхдөө харьяалах эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан. Уг саналаа дэмжиж байна гэв. 

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:

...Манай үйлчлүүлэгч Т.Дийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 17.1, 2 дугаар зүйлийн заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцсон. Уг прокурорын ялыг саналыг хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Т.Д:

            ...Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч Т.Дид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Т.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Чүлтэмийн биед хэвлийд сул шингэн /800мл/, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн урагдалт, элэгний няцралт, цөсний хүүдий, нойр булчирхайн их биеийн няцралт цээжинд зулгаралт бүхий гэмтэл,

мөн амь хохирогч Э.Мөнхзулын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцралт, зүүн бугалга ясны хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тус тус учирсан байна.

    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандухай, хохирогч Э.Чүлтэм нар нь шүүгдэгч Т.Доос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Т.Д нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлбөрт нийт 13.513.200 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандухай, хохирогч Э.Чүлтэм нар нь шүүгдэгч Т.Доос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэргийн 124-125 дугаар хуудаст тэдний гаргасан хүсэлтүүдээр нотлогдож байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Н.Ганболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн иргэний хариуцагч Э.Чүлтэмээс дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзэж гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Бусад асуудлын талаар

Эрүүгийн 22340032402347 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т Т.Дийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т Т.Дийг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Т.Дийг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн 2234003240347 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нараас шүүгдэгч болон иргэний хариуцагч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Т Т.Доос тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Т.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т Т.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т Т.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

    

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН