| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2019/0723/Э |
| Дугаар | 670 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 670
С.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч С.Огийн өмгөөлөгч Р.Түвшинбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэгийн өмгөөлөгч А.Бүдханд,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Огийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлоор С.Од холбогдох эрүүгийн 1819003470101 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
........................., 1967 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь Эхийн 10 дугаар гудамжны 1002 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;
С.О нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 цагийн үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 35 дугаар зөрлөгөөс урагш 235/425 дугаартай тэмдэгт буюу Улаанбаатар хотоос Замын-Үүд явах босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замд “Toyota Wish” маркийн 93-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж, мөн дүрмийн 12 дугаар бүлэг/ Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна” гэж, мөн бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, мөн бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөний аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч А.Баяртуулын амь нас хохирч, иргэн Ш.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, Б.Нямганьдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь хохирсон хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Огаас 1.302.600 төгрөгийг гаргуулан хохирогч Шинжээгийн Болортуяа /РД:ХП67111301/-д, 11.269.420 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгорхандын Чулуунчимэг /РД:УА67080204/-т олгож, мөн “Монгол Даатгал” ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байршуулсан 5.000.000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгорхандын Чулуунчимэг /РД:УА67080204/-т олгож, хохирогч Ш.Болортуяа, Б.Нямганьд нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдан ирсэн С.Огийн В ангилалын 47167 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд
шилжүүлж, 01955122 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Од буцаан олгож, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Огийн өмгөөлөгч Р.Түвшинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй. Анхан шатны шүүхээс С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлан хүлээн зөвшөөрч, дийлэнх хохирлыг төлсөн, хохирлыг цаашид төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэгтэй харьцуулан үзэхэд эрүүгийн хариуцлага хүндэдсэн, ялын бус эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна. С.Огийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа /болгоомжгүй, хөнгөн/ гэмт хэрэг үйлдсэн, ...хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. С.Огийн хувийн байдлын хувьд 1967 онд төрсөн, 52 настай, эхнэрийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Хувийн машинаар халтуур хийж, ам бүлээ тэжээн тэтгэж байсан. Дээрх зам тээврийн ослын улмаас өөрөө тархи, нугасандаа гэмтэл авч 1 cap эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Одоо ч тархи, нуруу нь өвддөг зэрэг байдлуудыг нь харгалзан үзнэ үү. С.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Нямганьд 580.600 төгрөгийн хохирол нэхэмжилсэнд 600.000 төгрөг, Ш.Болортуяа 3.597.759 төгрөг нэхэмжилсэнд 3.631.500 төгрөг төлж мөрдөн байцаалтын шатанд бүрэн барагдуулсан. Шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэгт 5.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Шүүхийн шатанд хохирогч Ш.Болортуяа, Д.Чулуунчимэг нарын шинээр нэхэмжилсэн нийт 12.572.020 төгрөгийг төлөхөө илэрхийлэн шүүхийн шийдвэрт тусгасан болно. Давж заалдах гомдол гаргасны дараа шүүгдэгч С.О нь 8.000.000 төгрөгөөр нэг удаа, 3.500.000 төгрөгөөр нэг удаа, нийт 11.500.000 төгрөгийн хохирлыг Баянзүрх дүүргийн хохирол, барьцаа шилжүүлэх дансанд хийсэн. Хохирогчид төлөх 1.072.000 төгрөгийн хохирол үлдээд байна. Нийтдээ хориод сая төгрөгийн хохирол төлөгдсөн. Үлдсэн хохирлыг төлөх бүрэн боломжтой. Төлөхөө илэрхийлсээр байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 61 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзна” гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэн тодорхой хугацааны дотор тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, оноосон ялыг хөнгөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэгийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч Д.Чулуунчимэг нь 16.269.410 төгрөгийн хохирлын тооцоо гаргаж өгсөн байдаг. Шүүх хуралдааны явцад 1.000.000 төгрөгийн хохирлыг нэмж гаргаж өгсөн. Эдгээр хохирлоос нэг ч төгрөг гар дээр бодитоор аваагүй байгаа. Эдгээр хохиролд төлж байгаа мөнгөнүүд хэдэн төгрөг нь хэн гэж хохирогчид төлөгдөж байгааг тодорхой бус хэллээ гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэг хэлэхдээ “нэгэнт нас барсан хүнийг босгож чадахүй юм чинь оршуулгын төлбөр мөнгө, хохирлыг барагдуулчихвал шүүх хэрхэн шийдэх нь хуулийн хүрээний асуудал” гэсэн. Иймд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бодитоор арилаагүй, арилгах боломжгүй нөхцөл байдал байгаа. Иймд шүүгдэгч С.Од оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
С.О нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 цагийн үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 35 дугаар зөрлөгөөс урагш 235/425 дугаартай тэмдэгт буюу Улаанбаатар хотоос Замын-Үүд явах босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замд “Toyota Wish” маркийн 93-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж, мөн дүрмийн 12 дугаар бүлэг/ Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна” гэж, мөн бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, мөн бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөний аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч А.Баяртуулын амь нас хохирч, иргэн Ш.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, Б.Нямганьдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэгийн “...маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ийм зүйл болсон гэдгийг нь мэдсэн юм. ...Бид нарын зүгээс маш их гомдолтой байна. ...” /1 хх 24/,
хохирогч Ш.Болортуяагийн “...жолооч машинаа нэг л эвгүй жолоодоод байсан. Нэг эсрэг урсгал руу ороод нэг өөрийнхөө урсгал руу ороод машинаа 2 тийш нь болгоод байсан. Мөн нэг гартаа тамхи татаад, нөгөө гартаа ус барьж уугаад жолоогоо тэр болгон бариагүй, нэг л эвгүй яваад байхаар нь би уурлаад жолоочид “Чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд “Би очих газар чинь хүргэж өгөхгүй, замд чинь буулгачихаж чадна шүү” гээд уурлаад байхаар нь би нээх юм хэлээгүй чимээгүй болсон. Тэгтэл хэсэг хугацааны дараа машин гэнэт замаас гараад осолдсон. Би ч ухаан алдаад юу болсныг сайн мэдээгүй. ...Би гомдолтой байна. Эрүүл саруул байсан биеэ ийм болгоод маш хэцүү байна. ...” /1 хх 59-61/,
хохирогч Б.Нямганьдын “...Би гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ би болсон явдлын талаар маш тодорхой дэлгэрэнгүй мэдүүлсэн. Иймд нэмж ярих зүйл алга байна. Осолд орсноос хойш би урьдынх шигээ ажиллаж, хөдөлж чадахаа байсан. Байнгын зовиуртай, биеийн байдал дээрдсэн зүйл алга байна. ...” /1 хх 91/,
гэрч Б.Нямганьдын “...жолооч машинаа 2 тийш нь найгуулаад яваад байсан. Тэгэхээр нь гайхаад “хөөе чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд удаагүй байтал машин онхолдсон. Би машин онхолдохоос өмнө жолооч руу харахад 2 гар нь жолооны хүрд дээр байгаагүй юм шиг санагдсан. Хэрэв байсан бол тэгж явахгүй байсан байх. Тэгээд осол болсны дараа би машин дотор сэрээд өөрийгөө бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж үзэхэд гайгүй байсан. ...” /1 хх 112-115/,
гэрч Т.Булганы “...Тэгээд явж байтал автомашин гэнэт замын хажуу тал руу орсон. Тэгээд эсрэг урсгал руу дараад 3-4 удаа машин хөлбөрсөн, машины хөдөлгөөн зогсоход арын 2 эгчийн нэг нь ухаан алдсан байдалтай, жолооч болон урд суусан охин ухаан алдсан юм шиг байсан. ...” /1 хх 29-31/ гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 100 дугаартай “...Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогчийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч А.Баяртуул нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. ...” / 1 хх 155-156/,
хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 175 дугаартай “...Ш.Болортуяагийн биед хүзүүний 4 дүгээр нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны эдийн няцрал, хүзүүний 5 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1 хх 164/,
хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1798 дугаартай “...Б.Нямганьдын биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1 хх 168/,
техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай “...Тоёота Виш маркийн 93-18 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.Отгодаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтыг, 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тоёота Виш маркийн 93-18 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.Отгодаваа нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх бөгөөд осол хэргийн газарт тоормосны мөргүй байна. ...” /1 хх 201/ гэх дүгнэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Ог Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч С.Ог “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна”, “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “жолооч хөдөлгөөний аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч А.Баяртуулын амь насыг хохироосон, иргэн Ш.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, Б.Нямганьдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, нэг хүний биед хүнд хохирол, нэг хүний биед хүндэвтэр хохирол учирсан байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгч С.Огийн өмгөөлөгч Р.Түвшинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Огийн өмгөөлөгч Р.Түвшинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Огийн өмгөөлөгч Р.Түвшинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ