Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0363

 

 

 

 

 

 

 

 

Г.О нарын нэр бүхий 5 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Г.Х

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ж.Ц, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгч Ш.Бын эрх залгамжлагч, нэхэмжлэгч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч: НДЗД

Гуравдагч этгээд: Г.Х, ТАЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжийн Г.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0265 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ж.Ц, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгч Ш.Бын эрх залгамжлагч, нэхэмжлэгч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Г.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 123/2023/0858/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ц, Г.Д, Г.О, Б.Э, Ш.Бын эрх залгамжлагч Б.О нараас НДЗДд холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжийн Г.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0265 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн: Гунгаа овогтой Х миний бие нь Монгол Улсын Газрын тухай хуульд заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-нд нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших 1261410628 нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тариалах зориулалт бүхий 10,000 мкв газар эзэмших эрхийг Монгол Улсын иргэн Бэгзсүрэн овогтой Жгаас хууль ёсоор шилжүүлэн авсан.

Үүнийг баталгаажуулж нийслэлийн НДЗД 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 тоот захирамж гаргаж, иргэн надтай 01113-2022/00356 тоот газар эзэмших гэрээ байгуулж, 34732 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар олгосон болно.

Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хамаарна хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ шүүх шийдвэр гаргахдаа баримталсан нотолгооны эх сурвалж болох УИХ-ын 1996 оны 24, 1998 оны 42 дугаар тогтоолын зүйл заалтыг буруу үнэлж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг буруу үнэлжээ.

Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсгийн 8 дахь заалтад "УИХ-ын 1998 оны 42 дугаар тогтоолоор Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт буюу... Эрдэнэ... сумын хилийн цэс сэргэсэн" гэж тайлбарлажээ. Гэтэл УИХ-ын 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолд “Нийслэлийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 3 дахь заалтын" 131 дүгээр зарлигийг" гэснийг " 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтыг" гэж өөрчилсүгэй" гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дахь заалт болох "Нийслэлийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай” гэсэн заалт хүчингүй болоогүй буюу өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

Үүнийг баталгаажуулж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас надад олгосон газрыг нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэсийн маргаантай хэсэгт байршилтайг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өврийн 1/696 тоот албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг ч энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүйн улмаас хилийн цэсийн маргаан үүссээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ батална" гэж заасны дагуу УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлж нийслэлтэй хил залгаа Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийг шинэчлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлал 2023 онд батлагдсан.

Иймд нийслэлтэй хил залгаа Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийг УИХ-ын тогтоолоор шинэчлэн баталсны дараа миний эзэмшиж буй газартай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх ёстой.

Гэтэл холбогдох хууль тогтоомж нь батлагдаагүй, газар нутгийн маргаантай байгаа асуудлыг нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэнд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн миний бие гомдолтой байна.

3.2. Нэхэмжлэгч холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй буюу хууль зөрчсөнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй: Нэхэмжлэгч нь маргаан үүсгэсэн газрыг 2015 оноос хойш эзэмшиж, модон он босгож, төмөр хашаа хийсэн гэж нэхэмжлэлдээ бичжээ.

Гэвч уг газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан эсэх нь тодорхойгүй /нэхэмжлэлдээ төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй байсан/ байгаа юм. Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлөх /Газрын тухай хуулийн 35.3.3 дахь заалт/ үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч газартаа хашаа хийсэн гэж байгаа ч үүнийгээ нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасангүй.

Эндээс харахад нэхэмжлэгч нь маргаж буй газраа 2015 оноос хойш өнөөг хүртэл огт анхаарч хайхраагүй, эргэж тойроогүй, зориулалтынх нь дагуу ашиглаагүй гэж үзэж болохоор байна.

Хэрэв газар эзэмшигч газраа зориулалтынх нь дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор дээрх хуульд заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0265 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох замаар гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Ц, Г.Д, Г.О, Б.Э, Ш.Бын эрх залгамжлагч Б.О нараас НДЗДд холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжийн Г.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Хэргийн үйл баримтаас үзэхэд анх Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Төв аймгийн Эрдэнэ сумын Аржанчивлан сууринд байрлах 3,550 м.кв газрыг иргэн Г.Түмэнбат, Г.Д, Г.О, Ш.Б, Б.Э нарт зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

3.1. Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/388 дугаар захирамжаар Төв аймгийн Эрдэнэ сумын Аржанчивлан сууринд байрлах 10,000 м.кв газрыг Б.Жд эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын дээрх газрыг бүхэлд нь давхцуулж олгосноор энэхүү маргаан үүсжээ.

3.2. Улмаар Б.Жгийн эзэмшлийн 10,000 м.кв газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Хд шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

4. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг, 2 дугаар хавсралтаар Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумдын хилийн цэсийг тогтоосон байх ба Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор нийслэлийн хилийн цэсийг шинэчлэн батлахдаа АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг бүхэлд нь хүчингүй болгож,

мөн Монгол Улсын Их Хурлын 1998 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 42 дугаар тогтоолоор АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумдын хилийн цэсийг сэргээсэн байна.

4.1. Өөрөөр хэлбэл, АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумдын хилийн цэсийг, мөн Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Налайх дүүргийн хилийн цэсийг тус тус тогтоосны улмаас нийт 54,118.5 га газрын давхцал бий болсон.

4.2. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3/2464 тоот албан бичгээр дээрх маргаан бүхий 54,118.5 га газарт аль нэг засаг захиргааны нэгжээс шийдвэр гаргахгүй байх, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл хийхгүй талаар арга хэмжээ авахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт үүрэг болгосон байна.

4.3. Улмаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас уг маргаан, давхцал бүхий газарт газар олголт шинээр хийх, газрын мэдээллийн санд нэгж талбар бүртгэхийг хаасан болох нь тогтоогдсон.

5. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргаан байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэх судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

5.1. Хариуцагч НДЗД нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/388 дугаар захирамжаар Төв аймгийн Эрдэнэ сумын Аржанчивлан сууринд байрлах 10,000 м.кв газрыг Б.Жд эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцуулсан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөнөөс гадна хилийн цэсийн маргаантай газрыг мэдээллийн санд бүртгэсэн нь буруу байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ. Энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна.

6. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамжийн гуравдагч этгээд Г.Хд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

6.1. Учир нь, гуравдагч этгээд Г.Хд эзэмшүүлсэн 10,000 м.кв газар бүхэлдээ нэхэмжлэгч нарын газартай давхцаагүй буюу зөвхөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Г.Түмэнбат, Г.Д, Г.О, Ш.Б, Б.Э нарт эзэмшүүлсэн 3,550 м.кв газрын хэмжээгээр давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар газрын давхцалтай хэсгээс үлдэх 6,450 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Хд эзэмшүүлснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрт Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжийн Г.Хд холбогдох хэсгийг нэхэмжлэгч нарын эзэмшлийн буюу 3,550 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0265 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/321 дүгээр захирамжийн Г.Хд холбогдох хэсгийг нэхэмжлэгч нарын эзэмшлийн 3,550 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ