Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 127

 

Иргэн Х.Төмөрбаатар нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Х.Төмөрбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бурмаа, Л.Сарнай нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0074 дүгээр магадлалтай, Х.Төмөрбаатар, Х.Манлайбаатар, Х.Далайбаатар, Х.Хашбаатар нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 20 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Төмөрбаатар, Х.Манлайбаатар, Х.Далайбаатар, Х.Хашбаатар нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэр нөхөн олгох тухай шийдвэр гаргахыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0074 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчийг нас барахад гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд, хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл нийгмийн баталгааг хангах зорилгоор олгож байгаа мөн энэ тэтгэврийг авах эрх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 19 нас хүрээгүй хүүхдэд эдлүүлэхээр хуульчилсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хугацааг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгоно гэж заасан байтал нэхэмжлэгч 32 настай Х.Төмөрбаатар, 31 настай Х.Манлайбаатар, 29 настай Х.Далайбаатар, 27 настай Х.Хашбаатар нарт тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгох тухай шийдвэр гаргахыг Орхон аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу хэрэглэж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бол хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүд болон хүүхдэд нийгмийн баталгааг хангах зорилгоор сар бүр олгодог мөнгөн хөрөнгө. Дээрх хуулиар тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохдоо 19 нас хүрээгүй хүүхдэд олгоно гэж шууд тодорхой зааж өгсөн байтал шүүх үүнийг харгалзаж үзэлгүй шүүхийн шийдвэрийнхээ тогтоох хэсэгт үндэслэл болгосон. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг даалгасан байдаг. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээр саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк, санхүү, нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлөх бөгөөд буруутай албан тушаалтанд 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заажээ. Шүүх дээрх заалтыг баримталж байгаа бол манай байгууллагыг тэтгэвэр олголтыг саатуулсан гэж үзээд холбогдох албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр торгож байгаа мэт ойлгогдож байна. Дээрх хуулийн заалтаар тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон байхыг шаардаж байгаа мөн ямар нөхцөл шалтгааны улмаас саатуулсан гэж дүгнэж байгаагаа анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын аль алинд тодорхой дурдах ёстой байтал дурдаагүй, тодорхой тайлбарлаагүй байна. Мөн тэтгэвэр олголтыг саатуулсан гэдэг нь өөрөөс нь хамаарах гэм буруугийн санаатай хэлбэрээр нотлогдсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Тухайн үед хүүхдүүдийг “Энэрэл” асрамжийн газарт шилжүүлснээс хойш тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдоогүй байгаа нь манай байгууллагаас хамааралгүй нөхцөл байдал гэж үзэж байна. Энэ шүүхийн шийдвэрүүдийг амьдралд буулгаж хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк, санхүү, нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлнө гэж байгаа. Гэтэл тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан өвөө А.Лувсанданаа банкаар дамжуулж тэтгэврийг авдаггүй тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг байсан банк тодорхой бус байхад ямар банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр мөнгөн дүнг яаж тооцож олгох нь ойлгомжгүй байна. Манай байгууллагад тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах үүрэг болгож байгаа нь өөрөө үүргийн харилцаатай салшгүй уялдаа холбоотой байна. Аливаа үүргийн харилцаа хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж тус тус зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийг хэрэглэж дээрх үүргийн харилцааны хөөн хэлэлцэх хугацааг тоолвол мөн адил хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу манай байгууллага тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгох үүргээс татгалзах эрхтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль буруу хэрэглэж манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүрээгүй хүүхэд...” гэж заасны дагуу Х.Төмөрбаатар, Х.Далайбаатар, Х.Манлайбаатар, Х.Хашбаатар нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх 1995 онд үүсэж, нийгмийн даатгалын байгууллагаас уг тэтгэврийг нэхэмжлэгч нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч /өвөө/ А.Лувсанданаад 1996 оны 6 сарыг хүртэл олгосон үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нар 1996 оны 3 дугаар сард “Энэрэл төв”-ийн асрамжид шилжин, тэтгэврийг үргэлжлүүлэн авч чадаагүй, мөн тухайн үед өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох эрх зүйн бүрэн чадамжгүй байсан тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1/-д заасан насанд хүртэл тэтгэвэр олгохыг шаардах боломжгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Гэтэл нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын санд зохих журмын дагуу шимтгэл төлсөн даатгуулагч нас барж, тvvний асрамжид байсан хүмүүсийн хуульд заасан тэтгэвэр авах нийгэм, эдийн засгийн баталгааг /төр/ хангаагүй атлаа эдгээр иргэдийг “насанд хүрсэн, тэтгэврийн хувийн хэрэг материал олдохгүй байгаа” гэсэн үндэслэлээр даатгуулагчийн төлсөн шимтгэлээс олговол зохих тэтгэврийг /нөхөн/ олгохоос татгалзсан нь хууль бус, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11/-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн зарчимд харшилж байна.

Нөгөөтэйгүүр, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг тухайн цаг хугацаанд олгоогүй, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ төр бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээн тогтоолгох захиргааны эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд буюу ердийн эрх зүйн харилцааны хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул хариуцагчийн “уг үүргийн харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тэтгэврийг нөхөн олгох зохицуулалт байхгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг зохих хугацаанд нь олгох, олгоогүй, тасалдсан бол нөхөн олгох харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1996 оны 6 дугаар сараас тооцон нөхөн олгохыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан нь зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0074 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН