Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

 


  2022            08               29                                             2022/ШЦТ/350

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Х.Тд холбогдох эрүүгийн 2234003840329 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  дугаарын регистртэй, Б Х.Т,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Одонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа толгой руу нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Х.Т:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234003840329 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Одонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа толгой руу нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №295 дугаартай ...Ц.Одонтуяагийн биед духан шарх, хуйханд зулгаралт, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дэрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

хохирогч Ц.Одонтуяагийн ...Би Төв аймгийн Цээл сумын төвд байдаг гэртээ ээж Эрдэнэцэцэг, манай ах дүү нарын 8 хүүхдийн хамт байж байтал 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 21 цаг өнгөрч манай ахын эхнэр болох Х.Т ганцаараа нилээн согтуу орж ирээд манай байшингийн хаалганы үүдэн дээр суусан би архи уусан. Минжмаа, Дэлгэрмаа нараар хүргүүлж ирсэн гэхээр нь би эгч Урнааг хамт байсан уу гэтэл Т, Урнаа байсан гэхээр нь би тамгын газрын хэдэн хүүхнүүд байнгын цуг архи ууж байхын, маргааш тамгын даргад нь хэлнээ гэсэн чинь Түмээ уурлаад өөрсдийнх хүүхдийн хэлэхгүй байж, хүний хүүхэд ямар хамаатай юм бэ, янханууд, бөгс бөөрөө л боддог, үр хүүхдээ боддоггүй гээд агсараад байхаар нь  би дуугай бай, бид нарын яаж амьдрах чамд хамаагүй, харанхуй шөнө хэрүүл хиймээргүй байна, гэр рүүгээ ор гэсэн чинь чи дуугай бай, өөрөө зайл гээд агсараад байсан, тэгэхээр нь би том өрөөндөө ороод байж байтал араас орж ирээд намайг янхан банзалаар дуудаж хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод, салаавч өгөөд байхаар нь Түмээгийн гар руу нь би цохисон чинь миний толгой руу гараараа цохиод үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдээд нуруу руу нь гараараа цохисон бид хоёрыг зууралдаад зодолдож байхад хажуугаас ээж орж ирээд Түмээгийн гарыг мушгиж тавиулж салгасан тэгэхэд Түмээ над руу чамайг ална гээд над руу дайраад байсан, ээж Түмээг барьж зогсоогоод чи ямар даварсан юм бэ, харанхуй шөнө согтуу орж ирээд хүн зодоод гээд 2-3 удаа алгадсан, өөдөөс салаавч гаргаад доромжлоод байсан, тэр хооронд би гэрээс гараад явсан. Миний духны хэсгийн үсийг зулгааж халцалсан, дух, хемсог, зовхины дээр хумсаараа маажсан, баруун мөрөн дээр хехерсон, зүүн гар бугалга хехерсен гэмтэл учирсан. Урьд өмнө бид хоёр ероосоо муудалцаж байгаагүй. Түмээ намайг гараараа цохиж аваад, хумсаараа нуур маажаад уснээс зулгаагаад байсан. Хажууд манай ээж Эрдэнэцэцэг байсан, манай ах дүү нарын 2 настайгаас 12 настай 8 хүүхэд байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Маш их гомдолтой байна... /хх-ийн 5 дугаар хуудас/,

гэрч С.Эрдэнэцэцэгийн ...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой Цээл сумын төвд байдаг гэртээ охин Одонтуяа, манай хүүхдийн 8 хүүхэд хамт байж байтал 21 цагийн орчим манай бэр Х.Т ганцаараа орж ирээд байшингийн үүдний довжоон дээр суугаад би өнөөдөр архи уусан, Минжмаатай муудалцаад гээд яриад байсан хажуугаас Одонтуяа Суусаа эгчид хэлнээ /цэцэрлэгийн багш/ дандаа ажлаа хийхгүй, хүмүүстэй нийлээд архи ууж байхын гэсэн чинь Түмээ өөдөөс нь чамд ямар хамаатай, аав ээж нь юм хэлээгүй байхад, чи муу юу юм, пизда минь, чи өөрөө зайл, чи дуугай бай, өөрсдийгөө мэдэхгүй байж гэхээр нь Одноо өөдөөс одоо харанхуй шөнө битгий гэрт хэрүүл хийгээд бай, гэртээ ор гэсэн миний утас дугараад хүнтэй утсаа яриад жижиг өрөөнд байж байтал том өрөөнд Одноо ээжээ намайг авраачээ, энэ чинь намайг аллаа шдээ гээд хашгирахаар нь том өрөө рүү ортол, Түмээ Одноо орон дээр дараад үснээс зулгаагаад байхаар нь би очоод Түмээгийн гарыг татаж чангааж байж салгасан Түмээ эргээд өнөөдөр би Одноог ална гээд дайраад над руу салаавч өгөөд, дунд хуруугаа гаргаад байхаар нь би уур хүрээд 2 алгадаад, үснээс зулгаагаад суулгасан тэр хооронд Одноо гэрээс гараад зугтаад явсан. Түмээ манайд согтуу орж ирэхээр нь Одноо хамт ажилладаг Суусаа гэдэг хүнийг, архи дандаа ууж байхын хэлнээ гэтэл Түмээ өөдөөс нь чамд ямар хамаатай юм гээд, хэл амаар доромжилж байгаад муудалцсан. Одноо бол гэртээ эрүүл байсан, Түмээ бол нилээн согтуу байсан, эрүүл хүнээс тийм үйлдэл гарахгүй байх гэж бодож байна. Намайг жижиг өрөөнд утсаар ярьж байхад Одноо хашгирахаар нь том өрөө рүү ороход Түмээ Одноог орон дээр унагаад үснээс зулгаагаад дээрээс нь дараад байж байсан, өөр хаана нь хэдэн удаа юугаар цохисныг нь хараагүй. Шөнө нь харахад Одноогийн духны урд хэсгийн үсийг халзан болтол нь зулгаасан байсан, баруун мөрөн дээр нилээн том газар хөхөрчихсөн, зүүн гарын бугалга нь бас хөхөрчихсөн байсан. Одноо бол Тыг зодож цохисон зүйл байхгүй, Тын биед учирсан гэмтэл харагдаагүй. Над руу салаавч өгөөд, дунд хуруугаа гаргаад байхаар нь уурандаа хэд хэд удаа алгадсан, үснээс зулгаагаад суулгасан. Үгүй ээ тийм асуудал байхгүй. Хаая хэрэлдэж л байдаг байсан, зодолдож байсан удаа байхгүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

сэжигтэн Х.Тын ...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө гэрээсээ гараад Одонтуяагийн төрсөн эгч болох Уранчимэг дээр очоод нийлээд архи уусан. Тэгээд ууж байгаад орой гэртээ орж ирээд хүүхэддээ миний охин ороо засаж бай ээж нь эмээ дээр нь орчихоод ирье гээд хадам ээж болох Эрдэнэцэцэгийн гэрт орсон. Би гэрт нь ороод хадам ээжтэй юм яриад сууж байхад Одонтуяа жижиг өрөөнөөс гарч ирээд балиар заваан юмнууд хүүхэд уруу татаад заваартал архидаад гээд уурлахаар нь би уруу татаад байх юм юу байхав дээ чи өөрөө ч гэсэн ууж идэдгүй хүн шиг байх юм гэхэд Одонтуяа надтай нийлж архи уусан хүмүүсийг ар гэрт нь хэлнэ хүүхэд уруу татаад архичин болголоо гэхээр нь хэрэггүй Одноо минь битгий ийм муухай зан гаргаж бай гэхэд намайг бузартай архичин гээд доромжлоод том өрөө рүү орчихсон. Тэгэхээр нь би ардаар нь ороод хэрүүл хийж байхад намайг хөшиглөөд авахаар нь би үсдэж аваад буйдан дээр дарчихсан. Тэгээд хадам ээж намайг араас үсдээд алгадаад авсан тэгсэн чинь Одонтуяа босч ирээд миний 2 гарыг өчсөн. Ийм зүйл болсон. Одонтуяа нь миний нөхрийн хамгийн бага дүү нь байгаа юм. Би Одонтуяаг үсдэж доошоо дарсан удаа байгаа. Надад цохисон удаа байхгүй. Өс хонзонгийн асуудал байхгүй. Гэхдээ өмнө нь зөндөө муудалцаж байсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

яллагдагч Х.Тын ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Одонтуяатай маргалдаж ноцолдож байхад биед нь гэмтэл учруулсан. Манай хамаатан садан, ойр дотны хүмүүс маань ирж мэдүүлэг өгөх боломжгүй байгаа тул би өөрийн хувийн байдлын талаар өөрөө ярина. Би 1993 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ 2 ах, 2 эгч, 1 дүүтэй. Бага насаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2000-аас 2009 он хүртэл Ерөнхий боловсролын сургуульд сурч боловсроод 2009 оноос 2011 он хүртэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. 2011 оноос 2014 он хүртэл Улаанбаатар хотод хувийн зоогийн газруудад тогоочоор ажиллаж байгаад нөхөр Эрдэнэ-Очиртой танилцаад Төв аймгийн Цээл сум руу нүүж очиж одоог хүртэл Цээл суманд амьдарч байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй, том нь 12 настай, удаах нь 7 настай, дараах нь 5 настай, бага нь 3 настай. Нөхөр Эрдэнэ-Очир газар тариалангын ажил эрхэлдэг. Одоо Дорнод аймагт хадландаа гарсан байгаа... /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Х.Тын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31, 34, 41 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Х.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Х.Тыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Одонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа толгой руу нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

...Шүүгдэгч Х.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Одонтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нь гараараа толгой руу нь цохих, үснээс нь зулгаах, зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Т:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Х.Тыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Х.Т дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Х.Тын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Х.Т нь хохирогч Ц.Одонтуяаг зодох, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Х.Т нь хохирогч Ц.Одонтуяаг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед духан шарх, хуйханд зулгаралт, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

...Шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэх тухай саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Т:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Х.Тыг хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүх шүүгдэгч Х.Тд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Х.Тд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Тд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Одонтуяагийн биед духан шарх, хуйханд зулгаралт, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч Ц.Одонтуяа нь шүүгдэгч Х.Таас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.   

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234003840329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.               

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Х.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Б Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Х.Тд шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5.Шүүгдэгч Б Х.Тд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.    

 

6.Эрүүгийн 2234003840329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Х.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Х.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Х.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН