Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

 

 2022       08           31                                           2022/ШЦТ/358                                         

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

насанд хүрээгүй хохирогч Б.С, Б.С,

хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч Ж Б.Бд холбогдох эрүүгийн 2234000000350 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 31-72 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Ж Б.Б

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Хөшигт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөлгөөн” гэх газар 14 настай Б.С8 настай Б.С нарыг морь унаж чадахгүй байна гэж үл ялих зүйлээр шалтаглан суран ташуураар зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б: 

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.С:

... Миний өгзөг дээр 13 удаа суран ташуураар ороолгож, шилбүүрээр нуруу руу 2 удаа цохисон. Цусыг нь шүүрүүлнэ гэж хэлсэн гэв.... гэж,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Сампилдэндэв:

...Морь унаж байхад морь хадуураад би ойчсон. Морь унаж чадахгүй байна гээд зодсон... гэж,

 

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал:

...Дамдинбазар гэх манай эгчийн хүүхэд морь унах морины хүүхэд олдохгүй байна. Танай хүүхдэд морь унахыг зааж, сургаад дараа жил наадмын үеэр гэрээ хийж байгаад  морь унуулмаар байна.Энэ  жилдээ морь унахгүй гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай эгчийн хүүхэдтэй 3-лаа морь унахаар явсан. 2022 оны 07 дугаар сарын 17, 18-ны өдөр 2 хүүхэд рүүгээ наадамлахаар явсан. Тэгээд 07 дугаар сарын 19-ний өглөө бид хоёр хүүхдийнхээ утсыг янзална гээд аваад явсан.  Тэр үед 07 дугаар сарын 21-ний өглөө танихгүй дугаараас Долоогоны тэнд хоёр хүүхэд байна. Та Сампилдэндэв, Сундуйжавын ээж нь мөн үү гээд эхлээд манай нөхөр лүү залгасан байсан. Над руу залгахад нь би хуралтай байсан болохоор утсаа авч чадаагүй. Хурлаас гараад танихгүй дугаар луу залгахад 2 хүүхэд чинь Долоогоны тэнд морь унаж байсан айл зодсон гээд зугтаагаад явж байна гэсэн. Тэгэхээр нь би та байлгаж байгаарай, би эндээс гартал шөнө болно, Улаанбаатар хотоос эмээ, өвөө нь ирээд авна гэж хэлсэн. Манай бэр дүү болон эмээ, өвөө нь очиж авсан. Хүүхдүүдээ аваад нөгөө айлд очоод яагаад хүүхэд зодсон юм бэ гэж асуухад, юу нь сүртэй юм бэ, ганц хоёр л шавхуурдсан биз гэж хэлсэн. Бид хоёр тэр шөнө оройтоод, өглөө  эрт 05 цагийн үед гэртээ ирээд хартал хөхөрч, хавдаад, бөгс нь улаан эрээн болж, цус хурсан байсан. Алхаж явж чадахгүй, халуурсан байдалтай байсан. Эмнэлэгт үзүүлтэл хөнгөн гэмтэлтэй хэмээн 3 хоногийн дотор жин нь буурахгүй бол эргээд эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. Толгой тархи нь хөдөлж, доргисон байсан. Ууг нь эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан хэдий ч наадам гээд амжаагүй. Халуурахаар нь эм өгөөд л байж байгаа. Том хүүхдийг өдий болчхоод морь унаж чаддаггүй арчаагүй гээд шавхуурдсан. Дараа нь морин дээрээс буулгаж зодсоны дараа машин дотор ороод бас зодсон. Бага хүүхдийг морь хадууруулсан гэж зодсон талаар хүүхдүүд надад ярьсан. Хүүхдүүд зодож явуулчхаад алга болсон талаар хэлээгүй, хүүхдийн биеийн байдлыг асуугаагүй, нэг л удаа холбоо барьсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардлыг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000350 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Хөшигт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөлгөөн” гэх газар 14 настай Б.С8 настай Б.С нарыг морь унаж чадахгүй байна гэж үл ялих зүйлээр шалтаглан суран ташуураар зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

            шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 416 дугаартай ...Б.Сын биед баруун, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

           шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 417 дугаартай ... Б.Сампилдэндэвийн биед зүүн гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

            насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргалын ...Манайх Дундговь аймгийн Адаацаг суманд байдаг айл юм. Тэгтэл 2022 оны 06 дугаар сарын эхээр манай хамаатны У.Дамдинбазар, Б.Цоожоо гэх хүмүүс ирж уулзаад танай бага хүү Б.Сыг энэ жил дадлагажуулж морь унуулж сургах гэсэн юм гээд Төв аймаг руу авч явна гээд аваад явсан юм. Дараа нь манай том хүү Б.Сампилдэндэвийг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдөр дүүтэйгээ ханьтай байж байг гээд бид нар араас нь явуулсан юм. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд би нөхөр С.Бүрэнтогтохын хамтаар хоёр хүүгийнхээ араас очиход Төв аймгийн Сэргэлэн сумын “Дөлгөөн” гэх газарт байх Б.Б гэх айлд манай хоёр хүү морь унаж байсан. Тухайн үед бол манай хүүхдүүдийг зодож нүдсэн юм бол байж байсан. Тэгтэл 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай нөхрийн утсанд танихгүй дугаараас дуудлага ирээд аваад ярьтал “Танай хоёр хүү морь унуулж байгаа айлынхаа хүмүүст зодуулаад гэр рүүгээ харина гээд Улаанбаатар хот руу явж байна гээд бид нар замд нүүдлийн хүмүүс байна утсаараа яриуллаа гэж хэлсэн даруй Улаанбаатар хотоос манай аав, ээж хоёр Б.Тогтохбаяр, М.Түвшинбаяр гэх настай хүмүүс тэр морь унуулж байсан Б.Б гэх айлд явж очих замдаа уг утсаар яриулсан нүүдлийн айлаас 2 хүүгээ аваад очтол уг Б.Бтай уулзсан. Манай том хүү Б.Сампилдэндэвийг болохоор зайдан морь унаж чадахгүй байна гээд ташуураар зодоод нуруу руу нь ташуураар шавхардсан, баруун гарын тохой нь хавдсан. Морь унуулж байгаад араас нь ташуураар шавхардаад гуяа шилбэ нь хөхөрсөн байсан. Бага хүү Б.Сыг болгохоор 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр даага уралдуулж унуулаад хоцорч ирлээ гээд бөгсөн дээр нь ташуураар хөхөрч хавдтал нь ташуурдаж гэмтээсэн байсан. Энэ бүгдийг ямар учраас ингэж зодсон талаар Б.Бгаас манай аав, ээж хоёр асуухад –Би зодсон гэхдээ  би бага хүүг чинь хоёр л удаа шавхардсан. Том хүүг чинь би ажил сураг өдийн 10 дугаар ангийн хүүхэд байж ажил хийж сураагүй гээд өөрийнхөө хүүхэд шиг загнаж бас л 2-3 удаа ташуурдсан гэж хэлсэн. Тэр айлаас тухайн үед бид нар хүүхдүүдээ авч яваад замдаа аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Улаанбаатар хот руу авч явсан. Анх бол тэр манай хамаатны У.Дамдинбазар, Б.Цоожоо гэх хүмүүст л хүүхдүүдээ даатгаж өгч явуулсан чинь нөгөө хоёр маань уяачдаа тэр Б.Б гэх айлдаа манай хүүхдүүдийг үлдээчихсэн байсан. Бага хүү маань хөл, бөгс нь хөхөрч хавдсан шархтай үе үе халуурах зовуурьтай байна. Том хүү  маань болохоор гар гуяндаа хөхөрч хавдсан шархтай байна. Дандаа хээр морины ажил хийж байхдаа дагуулж яваад зодсон байсан. Тухайн үед бол нөхөр бид хоёрыг очиход зодсон шинж тэмдэг байгаагүй. Бид хоёрыг явсны маршаа өдөр л зодсон юм шиг байна.../хх-ийн 6-7 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Сампилдэндэвийн ...Би анх 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Самбартын гуанз гэх газарт байх Б.Б гэх айлд Дундговь аймгаас гэрээсээ ирсэн. Тухайн үед уг айлд манай төрсөн дүү Б.С хурдан морь унах гээд бэлтгэгдэж байсан юм. Тэр айлдаа би дүүгийн хамтаар хурдан морь унах, хөтлөх хөлслөх зэрэг ажил хийдэг байсан. Тэр айлдаа дүү бид хоёр сар гаруй хугацаанд байхад гайгүй л байдаг байсан. Сүүлд бүр манай аав, ээж хоёр 2022 оны 7 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд дүү бид хоёрыг эргэж тухайн айлд ирээд 2 хоног цуг байж байгаад явсны маргааш нөгөөдрөөс тэр Б.Б гэх ах хээр хөдөө гаргаад намайг зайдан морь унаадах гээд унуулах гээд байхаар нь би –ахаа би чадахгүй шдээ гэж хэлсэн чинь өөдөөс –хамаагүй чад уна гэж хэлээд намайг унуулсан. Би тухайн унуулсан хээр зүсмийн зайдан морийг нь унаж байгаад мориноосоо уначихсан чинь намайг хажууд дагаж машинтай явж байсан Б.Б ах намайг машин руу суулгаж байгаад ташуураар миний ар нуруу орчимд 7-8 удаа шавхардсан, хөл шилбэ рүү мөн адил ташуураараа 4-5 удаа шавхардаж зодсон. Өдийн 9 дүгээр ангид орчхоод морь унаж чадахгүй гээд зодоод хэзээ морь унаж чаддаг болтол чинь зодно гээд намайг зодоод байсан. Намайг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Даваа ар гэх газарт хээр хөдөө зодсон. Өөр хажууд цуг хүн байгаагүй. Тэр Б.Б ах 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зодсон гэж манай ах өөрөө  надад хэлсэн. Бас над шиг хээр морь тарлаж хээр явахдаа зодсон гэж надад хэлсэн. Дүү бид хоёр өөрсдөө утасгүй хааяа нэг бид хоёрыг Б.Б гэх хүн утсаараа яриулдаг байсан. Миний баруун гарын тохой орчимд ташуураар шавхардаж цохисон нь хөндүүртэй байгаа. Зүүн хөлийн гуя, шилбэ орчимд шавхардсан нь хөндүүрлээд байсан..../хх-ийн 9 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй хохирогч  Б.Сын ...2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр би Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг Б.Б гэх айлд хурдан морь унах унаач хүүхдээр Дундговь аймаг дахь гэрээсээ очсон. Намайг манай гэрээс Б.Цоожоо ах У.Дамдинбазар, Б.Б ах нар очиж авсан. Тэр айлд би хурдан морь бараг сар гаруй хугацаанд унасан бүр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын наадамд хүртэл Б.Б ах намайг дагуулж очиж морь унаж уралдуулсан. Сүүлд манай намайг тэр айлд очсоноос нэлээн хэд хоногийн дараа манай ах Б.Сампилдэндэв тэр айлд миний хойноос ирж цуг морины ажил хийж байдаг байсан. Тэр айлын ах Б.Б ах намайг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орчим хээр морио унуулж тарлуулж байхдаа замаас гаргаж хадууруулаа гээд 2 удаа миний нүүр рүү алгадсан. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 16-17 цагийн үед  бас намайг хээр хөдөө даага унуулж тарлуулж байхдаа даага шогшууллаа явуулсангүй гэж уурлаж Б.Б ах намайг дааганаас татаж буулгаад миний бөгс рүү морины ташуураар 17 удаа ороолгож шавхардсан. Би уйлсан чинь намайг боль чи гээд загинаад байсан. Ингээд би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ахтайгаа цуг тэр айлдаа хэлэлгүй Улаанбаатар хот руу эмээ өвөөгийндөө очих гээд явсан. Замдаа нүүдэллэж явсан  айлын утсаар аав, ээжтэйгээ утсаар холбогдож дуудсан. Намайг тэр айлд байх хугацаанд Б.Б ах 2 удаа зодсон. Морь унаж чадахгүй байна гээд зодсон. Миний бөгс, хонго хавиар битүү хөх эрээн болсон байгаа. Өөр миний гарын бугалга хавиар хөндүүртэй байна.../хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Б.Чойжамцын ...Би 2022 оны 06 дугаар сарын эхний 7 хоног орчимд Б.Б, У.Дамдинбазар гэх хүмүүсийн хамтаар Дундговь аймаг Адаацаг суманд морь унуулах хүүхэд авахаар С.Бүрэнтогтох гэх айлд очсон. Биднийг очиход гэрийн эзэн эзэнгүй эхнэр М.Отгонжаргал гэх эгч байсан. Бид нар уулзаж ярилцаад тэдний бага хүү Б.С гэх 8 настай эрэгтэй хүүхдийг авч яваад Төв аймгийн Баянцагаан сумын Эрчүүд гэх газарт Б.Б, У.Дамдинбазар хоёртой цуг морь малтай цуг үлдээсэн. Түүнээс хойш ер нь би бол байнга очдог байсан. Уг Б.Б гэх хүн бол Төв аймгийн урдуур нүүдлийн маягаар бэлчээр дагаж морь мал уяж явдаг уяач хүн байгаа юм. Намайг очиход уг Б.С сүүлд ах нь Б.Сампилдондов гэх хүүхэд дүүтэйгээ хамт хань болоод очсон байсан. Би бол тэр хүүхдүүдийг Б.Б зоддог нүддэг байсан гэж огт мэдэхгүй. Би бол очих болгондоо тэд нар дээр байдаг морь малынхаа ажлыг хийчхээд л яваад өгдөг. Харин сая 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тэр У.Дамдинбазар гэх залуу утасдаад –нөгөө морь унах гээд очсон хүүхдүүдийг чинь нөгөө Б.Б зодсон  байна гэж хэлж мэдэгдсэн.  Өөр зүйл мэдэхгүй.../хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч С.Удвалын ...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотод ажил дээрээ байж байтал манай эгч М.Отгонжаргал утсаар залгаад “хоёр дүү чинь Төв аймагт оччихсон байна очоод аваадах нөгөө байсан морь унуулж байсан айлын хүн нь зодсон юм шиг байна гэж хэлсний дагуу би зам заалгаад тэр өдрийнхөө орой 18-19 цагийн үед Төв аймгаас урагшаа отор нүүдэл хийж явсан айлд очиход манай эгчийн хоёр хүүхэд болох Б.С, Б.Сампилдэндэв нар тэр айлд түр байж байсан. Уулзаад үзэхэд нөгөө хоёр хүүхэд маань –морь унуулж байсан айлын Баднаа гэх ах –морь унаж чадахгүй байна гэх шалтгаанаар зодоод байхаар нь хурдан морины уралдаан сунгаанд явсан хойгуур нь Улаанбаатар хот руу өвөө, эмээ дээрээ очихоор гэрээс нь гараад явж байгаад уг нүүдлийн айлтай таарч утсаар холбогдож түр амсхийж авсан гэж хэлсэн. Тэндээсээ би уг тэр морь унуулж байсан гэх Баднаа гэх залуугийнд очиход тэр Б.Б гэх залуу гэртээ байсан. Бид нар очоод ямар учир шалтгааны улмаас морь унуулж байсан хүүхдүүдэд гар хүрч зодсон талаар асуухад Б.Б өөдөөс –нэг их сүртэй зодоогүй шдээ би 2 удаа л суран ташуураар Б.Сыг ороолгосон, Б.Сампилдэндэвийг ч бас өөрийн хүү шигээ зодож загинаж ажил хийж сураасай гэж хэдэн үг хэлсэн гэж хэлсэн. Тухайн үед бид нар тэр Б.Б гэх залуутай хэрэлдэж маргалдаагүй шууд хүүхдүүдийн хувцас хунарыг аваад дүү нараа Улаанбаатар хот руу аваад явсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бгийн ...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Хөшигт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөгөөн” гэх газар 8 настай Б.Сундуйжав нь унаж явсан хээр үрээгээ замаас гаргаад байхаар нь барианд орж ирсэн хойно нь Б.Сундуйжавын бөгсөн дээр нь 2-3 удаа суран ташуураар ороолгоод “Дахиж замаасаа гаргуул дахиад ороолгоно шүү” гэж анхааруулж хэлсэн. Тэгсэн чинь дахиад даага унах үедээ Б.Сундуйжав дахиад замаасаа гараад даагаа хадууруулаад байхаар нь ташуураараа 3 удаа ороолгож шийтгэсэн. Маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед бас тэр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт 2-р багийн Дөлгөөний ар гэх газар орчимд би хээр үрээгээ хөлслөх гээд Б.Сампилдэндэвээр унуулаад явж байх үед морио хоргодуулаад гэлдрээд байхаар нь морин дээр байхад нь гуяа руу 1 удаа, нуруу 1-2 удаа ташуураар ороолгосон. Би тухайн үед араас нь машинтай дагаад явж байсан юм. Б.Сампилдэндэвийн унаж явсан морь зайдан морь байсан тул унаж чадахгүй мориноосоо унасан. Тэгэхээр нь би машиндаа Б.Сампилдэндэвийг суулгаад өдий 10 дугаар ангийн хүүхэд байж ямар арчаагүй юм бэ гээд ташуураар 2-3 удаа ороолгож цохисон. Тэндээсээ бид хоёр гэртээ буцаж очоод Б.Сампилдэндэвт  дахиж хээрх үрээгээ унуултал бас унаж чадахгүй байхаар нь дахиад 2-3 удаа удаа хүрээд ташуурдсан. Манайд өмнө нь ирж чадаагүй учраас өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед уур хүрээд энэ гэмт хэргийг үйлдсэн юм... /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-62 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Хөшигт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөлгөөн” гэх газар 14 настай Б.С8 настай Б.С нарыг морь унаж чадахгүй байна гэж үл ялих зүйлээр шалтаглан суран ташуураар зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

            ...Шүүгдэгч Бадмаанямбуу нь 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Түшиг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дөлгөөн” гэх газар 14 настай Сампилдэндэв, 8 настай Сандуйжав нарыг морь унаж чадахгүй байна гэх шалтгаанаар суран ташуураар зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал:

            ... Гэм буруутай гэж үзэж байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:  Хохирол төлнө гэсэн байр суурьтай байгаа. Хохирлын баримтгүй ч гэсэн тодорхой хэмжээний түлшний болон бусад зардлыг төлнө. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа.  

 

            Шүүгдэгч Б.Б:

            ...Миний буруу. Уучлалт хүсэж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Учир нь шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Бгийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.С, Б.С нарыг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.С, Б.С нарыг суран ташуур, шилбүүрээр цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Улмаар хоёр хүн болох насанд хүрээгүй хохирогч Б.С, Б.С нарыг цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн “хоёр буюу түүнээс дээш хүний” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байгаараа хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн ба хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хоёр удаагийн үйлдлээр учруулсан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзсэн.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Сампилдэндэвийн эрүүл мэндэд зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Сын эрүүл мэндэд баруун, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

            ... Шүүгдэгч Бадмаанямбуу нь 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Түшиг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Дөлгөөн гэх газар 14 настай Сампилдэндэв, 8 настай Сандуйжав нарыг морь унаж чадахгүй байна гэх шалтгаанаар суран ташуураар зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох саналтай байна. Энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэв... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал:

            ...700.000 мянган төгрөгийн торгох шийтгэл тохирохгүй, хөнгөн байна гэж үзэж байна.... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр: ...Тодорхой хэмжээний хохирлыг төлнө. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Гэм буруугийн шүүх хуралдааны дараа тодорхой хэмжээний хохирол төлье гэсэн саналтай байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлын талаар баримт гаргаагүй учир прокурорын саналыг дэмжиж, торгох ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь тодорхой ажил мэргэжилтэй, гэр бүлтэй тул торгох ял эдлэх боломжтой. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ялаар шийтгүүлэх санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Б:

            ... Уучлалт хүсэж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Бг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

шүүгдэгч Б.Бд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Сампилдэндэвийн биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Насанд хүрээгүй хохирогч Б.Сын биед баруун, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна. 

    

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал нь шүүгдэгч Б.Бгаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлээгүй ба цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бгаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000350 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж Б.Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2234000000350 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал нь насанд хүрээгүй хохирогч нарын эмчилгээний зардалтай холбоотой баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН