Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

 

 

 

 

 

 


 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С Б.Бт холбогдох эрүүгийн 2234000000364 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Төв аймаг, Зүүн дэлгэр сум, 4 дүгээр баг, 8-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, С Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зүүн дэлгэр 4 дүгээр багийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бүрэнжаргалтай муудалцаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000364 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зүүн дэлгэр 4 дүгээр багийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бүрэнжаргалтай муудалцаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 412 дугаартай ...Ц.Бүрэнжаргалын биед тархи доргилт, Уруулын салстанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

хохирогч Ц.Бүрэнжаргалийн ...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 09 ц цагийн үед Дэнжин гутлын үйлдвэрийн дарга Бэхээ гэдэг хүнтэй “Хийморь” нэртэй дэлгүүрээс 0.75-ын хараа 3 шилийг аваад манай гэрт 0.75-ын хараа 2 шил архи уусан. Тэгээд нэг шил хараагаа аваад Бэхээг унаанд суулгаж өгөх санаатай байж байтал Батаа нь Зүүн дэлгэр 4 дүгээр багаас гэрийнхээ тэндээс 13 орчим насны хүүхэдтэйгээ гарч ирсэн. Тэгээд бид гурав нэг шил архиа хувааж ууж дуусаад Бэхээ түрүүлээд таксинд суугаад яваад өгсөн. Дараа нь би Батаатай муудалцаад Батаа намайг зодсон юм шиг байна лээ. Би их согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 19-ний  өдөр манай дүү Энхтүвшин цагдаад өргөдөл өгсөн байсан. Батаа намайг зодсон. Би хаана юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Миний баруун нүд хөхөрч хавдсан, үүдэн 2 шил хөдөлсөн, уруул хавдаж язарсан байдалтай байсан.../хх-ийн 5 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Бын ...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн хооронд хүү Буянбатын хамт дэлгүүр ороод гарч ирэхэд Бүрэнжаргал,  Бэхээ хоёртой таарсан. Тэгээд Бэхээ  нь наадмын юм гээд Өрнөх хүнсний дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа аваад бид гурав хувааж уугаад Бэхээ удалгүй айлд очно гээд яваад өгсөн. Тэгээд Бүрэнжаргал бид 2 архиа хувааж уугаад хоорондоо маргаад зодолдсон. Би яг юунаас болж маргалдаж зодолдсоноо сайн санахгүй байна. Учир нь бид хоёр согтуу байсан. Би цохисон. Би баруун гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Бүрэнжаргал намайг цохисон юм шиг байна лээ. Би хаашаа хэдэн удаа цохисныг нь хэлж мэдэхгүй байна.../хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бын ... Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн хооронд хүү Буянбатын хамт дэлгүүр ороод гарч ирэхэд Бүрэнжаргал,  Бэхээ хоёртой таарсан. Тэгээд Бэхээ  нь наадмын юм гээд Өрнөх хүнсний дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа аваад бид гурав хувааж уугаад Бэхээ удалгүй айлд очно гээд яваад өгсөн. Тэгээд Бүрэнжаргал бид 2 архиа хувааж уугаад хоорондоо маргаад зодолдсон. Би яг юунаас болж маргалдаж зодолдсоноо сайн санахгүй байна. Учир нь бид хоёр согтуу байсан. Би цохисон. Би баруун гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Харин Бүрэнжаргал намайг цохисон үгүйг би мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундаа их хэрэглэсэн болохоор санахгүй байна.../хх-ийн 31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38-40, 42-43 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зүүн дэлгэр 4 дүгээр багийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бүрэнжаргалтай муудалцаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

 Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

... Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зүүндэлгэр 4 дүгээр багийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бүрэнжаргалтай муудалцаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Яллагдагч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Бүрэнжаргалын нүүрэн тус газар нь цохих, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Бүрэнжаргалын нүүрэн тус газар нь цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд биед 22, 23-р шүдний мултрал, дээд уруулын салстад шарх, дээд урууланд зулгаралт, духанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

...Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

шүүгдэгч Б.Бт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бүрэнжаргалын биед тархи доргилт, уруулын салстанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хохирогч Ц.Бүрэнжаргал нь шүүгдэгч Б.Баас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН