| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0090/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/163 |
| Огноо | 2022-09-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
2022 09 08 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
улсын яллагч Б.Мөнгөнтуяа,
хохирогч Б.У /цахимаар/,
хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Н.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох эрүүгийн .. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д овогт Н.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Т нь “Баяр Транс” ХХК-ны хувьцаа эзэмшигчийн хувиар тус компанийг төлөөлж, иргэн Б.Утай харилцан тохиролцож, “Б.Уын эзэмшлийн чирэгч тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт “Баяр Транс” ХХК-ны нэр дээр шилжүүлэн авч, нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болох үед тухайн тээврийн хэрэгслийг буцаан Б.Уын өмчлөлд буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний дагуу 20 ширхэг Татра маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, 24 ширхэг чиргүүлийг, 150 ширхэг запас дугуйны хамт итгэмжлэн хариуцаж хүлээн авсан боловч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох хугацаанд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Уын итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслээс 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж борлуулан хувьдаа завшсаны улмаас хохирогч Б.Уд их хэмжээний хохирол буюу нийт 245.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу дээр маргах зүйлгүй, хохирогчоос дугуй, чиргүүл, чирэгч толгой зэрэг зүйлүүдийг хүлээн авсан. Гэхдээ 150 ширхэг шинэ дугуй ирээгүй, хуучин дугуйнууд байсан. Харин толгойны дугуй гэж 20, 30-д шинэ дугуй ирсэн нь үнэн. Бид гэрээгээ цуцлаад Б.У нь машин, чиргүүлээ аваад явсан. Сүүлийн 3 машин нь Хятадаас орж ирсэн. Тэр машин нь тоногдсон. Энэ засварын үнийг төлнө. 86 ширхэг дугуйны үнэ 36 сая төгрөгийг төлнө. Хохирогчийн чиргүүлийн 175.000.000 төгрөгөөс төлөөд 29.000.000 төгрөг үлдсэн. Энэ чиргүүлийн тооцоогоо дуусгаад дараа нь дугуй, засвар зэргийн мөнгийг төлнө. Бас Б.У 60.000.000 төгрөгөөр Прадо машин авсан. Бид хоёр тохироод би түүний өмнөөс ББСБ-ын зээлийг төлж байгаа. Цаашид бүх төлбөрийг нь төлж хохиролгүй болгоно. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Үйл ажиллагаа яваагүй удсан, ковид гараад бас зогссон, би өртэй байсан учраас өр төлбөрийг барагдуулж чадаагүй удсан. Б.У бид хоёрын хооронд мөнгөний тооцооны маргаантай байсан. 8 машинаас 5-ыг нь эдний хүмүүс ирж авч явсан. Харин 3 машиныг нь засварлаад бүрэн бүтэн болгож хүлээлгэж өгнө. Дугуйны асуудал дээр маргаантай байгаа. Бусад зардлуудыг зөвшөөрнө. Харин засварын сэлбэгүүдийг нь авч өгнө гэсэн бодолтой байгаа. 150.000 долларыг яагаад байршуулаагүйн учир нь энэ машинуудыг засварлаж, цалинжуулах гээд зардал их гарсан учраас чадаагүй. Иргэний нэхэмжлэгч Б.Эын 71.200.000 төгрөгийн нэхэмжлэлээс 56.200.000 төгрөгийг төлсөн. Одоо 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 86 ширхэг дугуй, 3 ширхэг обудны үнэ 53.550.000 төгрөг, 5 ширхэг чиргүүлийн үнэ 175.000.000 төгрөг, 2 ширхэг чиргүүлийн үнэ 72.000.000 төгрөг, 8 ширхэг чирэгч машины мотор 12.000.000 төгрөг, машины засварын зардал 60.000.000 төгрөг, 17 тээврийн хэрэгслийг зөөсөн 60.676.800 төгрөг, нийт 429.226.800 төгрөгийн бодит хохирол гарсан. Т 145.738.000 төгрөг төлсөн. ББСБ-д хэдийг төлснийг нь тооцоогүй байна. Анх бид хоёрын маргаан гарах болсон шалтгаан нь төлбөр тооцоо хийхгүй байснаас болсон. Энэ хугацаанд ажил эрхлээгүй, бизнес зогссон, ямар нэгэн ашиг олоогүй учир аав ээж, дүү нарынхаа байрыг барьцаанд тавьж зээлээ төлж байгаа. Сэтгэл санаа болон хөрөнгөөрөө их хохирч байгаа болохоор гомдолгүй гэх хэцүү байна.Тыг залилсан гэж үзэж байгаа. Анхнаасаа барьцаа хөрөнгө өгөөгүй, тээврийн мөнгөө хугацаанд нь өгөөгүй. Одоо Айл баян уурхай дээр байгаа 8 чирэгч толгойг засварлуулж хүлээж авна. Одоо 283.488.800 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...тухайн үед Т яаралтай мөнгөний хэрэг гарсан зарж байгаа, бэлэн мөнгөөр зарна гэж хэлсэн. ...Таас 1 чиргүүлийг авахаар болж ...25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 4 таслан 10 сая төгрөгийг шилжүүлж өмнөхтэйгөө нийлээд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2018 оны 06 сард Т над руу утсаар ярьж мөнгөний хэрэг гараад байна дахиад 1 чиргүүл авах уу гэсэн. Миний авсан чиргүүл гайгүй байсан тул Тын санал болгосноор дахин 1 чиргүүл 33.000.000 төгрөгөөр авахаар болж ...нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлж авч байсан. ...тухайн чиргүүлийг цагдаагаас эзэнд нь өг гэсэн. ...Б.Уас гуйж ярилцаж тохиролцож байж зээл аваад 72.000.000 төгрөгийг Б.У гэх хүнд өгөөд 2 чиргүүлийг өөрийн нэр дээр авсан. ...Т надад цувуулаад 3 тасалж 6.878.500 төгрөгийг өгсөн. ...бодохоор 64.321.500 төгрөгийг нэхэмжилнэ Дээр нь зээлийн хүүнд төлөгдөх 28.000.000 төгрөг, нийт 92.321.500 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2хх 182-185 ху/,
-Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Эрүүгийн 1709019991275 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 8 ширхэг Татран чирэг толгой болон автомашины 86 ширхэг дугуйны үнэлгээг Хас үнэлгээний газраар гаргуулан үнэлгээний ажлын хөлс болох 994.600 төгрөгийг гэм буруутай хүнээс нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /3хх 190 ху/,
-Гэрч Д.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Баяр Транс ХХК-аас санал тавихдаа Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах “Их говь энержи” ХХК болон “Айл баян” ХХК-ны уурхайгаас БНХАУ-ын Мандал хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэх ажил хамтран хийе. Дээрх компанитай үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн байгаа. Тийм болохоор танай өмчийн Татра маркийн автомашинуудыг чиргүүлийн хамт өөрийн нэр дээр шилжүүлэн аваад холбогдох бүх зардлыг манайх гаргаж, цаашид нүүрс тээвэрлэлтээс ашиг хувааж авъя гэж итгүүлэн гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлж, хэсэг хугацаанд төлбөрөө шилжүүлж байгаад 2017 оны 09 сараас эхлээд төлбөрөө шилжүүлэхээ больж асуудал үүсгэж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээг цуцалсан талаар “Баяр Транс” ХХК-д албан бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь анхнаасаа бидний итгэлийг олж аваад хамтран ажиллах нэрийдлээр халхавчилсан гэрээ байгуулж, бидний өмч хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхийг олж аваад бидний шаардлагыг үл тоож, өөрийн өмчлөлийн мэт ашиглан дураар авирлаж байгаа байдал нь анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан гэж үзэхээр байна гэсэн мэдүүлэг /1хх 91-92 ху/,
-Гэрч Захрадник Жозепын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...анх Баяр Транс ХХК-тай Б.У нь гэрээ байгуулан, Бэстфикс ХХК-иас 24 ширхэг Татра маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, 20 ширхэг чиргүүлийг хүлээлгэн өгсөн. Түүнд дагалдуулж кемпийн хэрэгслүүдийг өгсөн. Хүлээлгэн өгөхөд бүх техник хэрэгсэлд засвар хийн ажилд гаргахад бэлэн болсон байсан. ...2018 оны 08 дугаар сард Нацагдорж, механик Петр Михалов, Оргил гэх хүмүүсийн хамт Ханги боомтод очиж, Баяр Транс ХХК-ны кемп гэх газарт очиж бүх техник тоног төхөөрөмжүүдийг хүлээж авахаар тээврийн хэрэгслүүдийг шалгахад машинууд нь эзэнгүй хаягдсан, цахилгааны утсуудыг тастаад гаргаад ирсэн, ихэнх нь дугуйгүй, тоногдсон байдалтай байсан. Нийт 13 чиргүүл, 20 толгой байсан. Бүх техник хэрэгслүүдэд 12 хоног засвар хийсэн. Ханги боомтоос 13 чирэгч толгойг явах хэмжээний засвар хийсэн. ...20-31 УНП дугаартай татра маркийн чирэгч толгой, 13-45 УНӨ дугаартай татра маркийн чирэгч толгой, 22-51 УНӨ дугаартай татра маркийн чирэгч толгой, 18-62 БЧ урт чиргүүл, 13-07 ГЧ урт чиргүүл, 13-02 ГЧ урт чиргүүл, 13-00 ГЧ урт чиргүүл, 06-73 ГЧ урт чиргүүл, 06-77 ГЧ урт чиргүүл, 18-63 БЧ урт чиргүүл дутуу байсан. Татра маркийн 1 чирэгч толгой 15.000 долларын үнэтэй худалдаалах ханштай байдаг. Чиргүүл нь 45.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Дунджаар 40.000.000 төгрөгийн үнэтэй, ...Баяр транс ХХК-ны кемп гэх газар нь ямар ч хараа хяналтгүй эзэнгүй байсан гэсэн мэдүүлэг /1хх 102-103 ху/,
-Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...сүүлдээ 2017 оны 09 сар өнгөрөөд мөнгө өгөхөө больсон. Мөнгөө авъя гэхээр мөнгө байхгүй, ажил явахгүй байна гээд байсан ба өдөрт хэдэн тонн явсан талаар асуухад түүнийхээ баримтыг явуулахгүй, утсаа авахгүй, БНХАУ руу гараад явчихдаг байсан. ...Манай эгч Б.У нь Монгол улсад байхгүй. Чех улсад амьдарч байгаа. Урьд нь энэ хэрэгт манай эгчийг төлөөлж өмгөөлөгч нь оролцож байсан. Одоо энэ хэрэгт намайг төлөөлж оролцуулах итгэмжлэл Чехээс ирж байгаа. Тэгэхээр би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох байх. Одоогийн нөхцөл байдлын талаар намайг гэрчийн мэдүүлэг өгчих гээд явуулсан. ...Манай эгчийн зүгээс гэрээнд заасан үүргийнхээ дагуу манайхаас авсан тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг бүрэн бүтэн хүлээж авах хүсэлтэй байгаа ба Тын яриад байгаа өглөг авлагын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэсэн мэдүүлэг /1хх 104-105 ху, 2хх 200 ху/,
-Гэрч Б.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 07 сарын 03-ны өдөр Чех улсын иргэн Жозеп, ОХУ-ын иргэн Петр нарын хамт Ханги боомтод очиж, Баяр Трансын кемп гэх эзэнгүй газрын зогсоолд очиж, тээврийн хэрэгслүүдийг шалгахад ямар ч хараа хяналтгүй, техникүүдийг тоносон, нийт 12 чиргүүл, 19 толгой байна. ...Бүх техникүүдийг бичиг баримтын дагуу тулгалт хийхэд 3 толгой, 7 чиргүүл тухайн газарт байхгүй байна гэсэн мэдүүлэг /1хх 106 ху/,
-Гэрч Моравец Павелын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.У нь миний эхнэр юм. ...Анх “Баяр Транс” ХХК-тай Б.У нь гэрээ байгуулсан гэдгийг би мэдэж байсан. Манай “АУМ” ХХК-ны өмчлөлийн 24 ширхэг Татра маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, 20 ширхэг чиргүүлийг “Баяр Транс” ХХК-д хүлээлгэн өгсөн. Энэ тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах эрхийг Б.Уд би итгэмжлэлээр өгсөн байсан. Тийм учраас энэ гэрээний ажлыг Б.У нь бие даан хийж байсан. Би бол нарийн зүйлсийг нь мэдэхгүй. Одоо энэ тээврийн хэрэгслүүдтэй холбоотой хохирлыг Б.У нь бие даан нэхэмжлэх эрхтэй гэсэн мэдүүлэг /1хх 108 ху/,
-Гэрч З.Анхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 04 дүгээр сард Т миний утас руу залгаад чамд тэрэг байгаа юу нүүрсний тээвэрт явахгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би нүүрсний чиргүүл байхгүй, харин 2 ширхэг толгой байгаа гэдгээ хэлсэн. Тэгтэл Т надад толгойгоо аваад хүрээд ир, миний чиргүүлүүдийг тавиад тээвэрт явчих, олсон ашгаа тавь тавин хувиар хувааж авъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 05 дугаар сард 24-00 ДГО, 55-63 ДГО улсын дугаартай 2 толгойгоо Хангийн боомт дээр авч очиход Т надад улсын дугаарыг нь будгаар дараад будчихсан 2 ширхэг чиргүүл өгөөд 1 сар гаран тээвэрт явуулчихаад Хятад талаас мөнгө өгөхгүй байна гээд ашиг өгөхгүй болохоор нь больчихсон. ...Би уг хоёр чиргүүлийг 2018 оны 06 дугаар сард хамтарч ажиллахаа болиод буцаагаад өгчихсөн. Тэгэхэд Т надад чи наад хоёр чиргүүлээ худалдаж авахгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би 75-77 ДГА улсын дугаартай ланд круйзер 200 автомашиныг 70 сая төгрөгт бодож өгөөд уг 2 чиргүүлийг худалдаж авсан. Тэгээд бичиг баримтаа шилжүүлж авъя гэхэд одоохондоо шилжүүлэх боломжгүй байгаа. Шилжүүлэх боломжтой болохоороо надад хэлье гэж хэлээд түүнээс хойш дахиж надтай холбоо бариагүй. ...2018 оны 10 сарын үед цэнхэр өнгийн нүүрс ачдаг өндөр чиргүүлийг 24-00 ДГО улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд чирч, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хар алт” нэртэй уурхайд явж байгаад ачсан ачааг газар нь дийлэхгүй хажуу тийшээ унаж чиргүүл эвдэрсэн. Тухайн үед эвдэрсэн чиргүүл тараад дууссан. Мөн цэнхэр өнгийн нүүрс ачих зориулалттай өндөр чиргүүлийг 50-94 ДГО улсын дугаартай ПАВ маркийн тээврийн хэрэгсэлд чирч, энэ компанид ажиллаж байсан гэсэн мэдүүлэг /1хх 111-112 ху, 2хх 160-161 ху/,
-Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Анх би 2018 оны наадмын өмнө таньдаг хүнээсээ Ханги Мандлын хилийн боомт дээр Баяраа гэдэг хүний нүүрсний чиргүүл зарах гэж байгаа гэдгийг сонсоод очиж үзэхэд “Баяр Транс” гэдэг компаний хашаанд 10 гаруй чиргүүл байсан ба нэг чиргүүлийн дугуй болон гадна таг нь татчихсан ямар нэгэн дугааргүй чиргүүл байсан. Тухайн чиргүүлийг зарна гэж байхаар нь Баяр гэх хүний 91911121 дугаарын утас руу ярихад 33 сая төгрөгөөр авбал ав гэсэн. Тэгэхээр нь авахаар болж Баяр гэх хүний надад өгсөн данс руу энд тэндээс зээл авч байгаад шилжүүлсэн. Тухайн үед би чиргүүлийн бичиг баримтыг өөрийн нэр лүү шилжүүлж авъя гэсэн боловч нэрийг нь дараа шилжүүлж өгье гэж хэлсэн. ...тухайн чиргүүл зузаан төмөртэй сайн чиргүүл байсан учир 2-3 сарын дараа дахин зээл хөөцөлдөж байгаад 24-37 УБК улсын дугаартай чиргүүлийг Баяраа гэх хүнээс 35 сая төгрөгөөр худалдаж аваад бичиг баримтаа авъя гэхэд удахгүй гаргаад өгчихнө гэж хэлээд түүнээс хойш дахин уулзаагүй гэсэн мэдүүлэг /1хх 113-115 ху/,
-Гэрч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн 96-42 улсын дугаартай Норд бенз маркийн авто машинаар ачаа тээвэрт явдаг юм. Би автомашиндаа нүүрсний чиргүүл авах хэрэг гараад фейсбүүк зар дээрээс чиргүүл зарна гэсэн зарыг хараад уг цэнхэр өнгийн 88-63 ГЧ улсын дугаартай нүүрсний чиргүүлийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр Замын-Үүд суманд очиж, Анхбат гэх хүнээс 35.000.000 төгрөгөөр авсан гэсэн мэдүүлэг /2хх 147 ху/,
-Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 10 сарын үед байх Т надтай утсаар ярьж Хятадын хил дотор нэг том ачааны машины чиргүүл байгаа, тэрийг хямдхан зарах гэсэн юм сонирхох хүн байна уу гэсэн. Тухайн үед чиргүүлийг авъя гэхэд надад 35.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. ...Тэгээд Тт нийтдээ 25.000.000 төгрөгийг цувуулан өгсөн юм. ...миний хувьд өөрийнхөө данс болон эхнэрийнхээ дансны хуулгыг банкнаас авч шүүж үзэхэд Тын 5371056147 гэсэн данс руу 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна лээ. Бусад мөнгө буюу 20.500.000 төгрөгийг ээж болон Хүдэрболд ахын дансаар шилжүүлсэн байх гэж бодож байна. Миний хувьд уг чиргүүлийг Т өөрөө оруулж ирээд надад өгнө гэсэн ба одоог хүртэл би чиргүүлийг аваагүй байгаа гэсэн мэдүүлэг /3хх 50 ху/,
-Гэрч Т.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...машин болон чиргүүлийг буулгаж авахад Баяр транс компаниас хүн байгаагүй. Би л тухайн машинуудыг харж манаачаар ажиллаж байсан. ...Тухайн машиныг хүлээн авсан хүмүүс нь 5 чирэгч толгой авч явах боломжгүй байна гээд манай кемпээс чирч авч яваад “Мон лаа” ХХК-ны хуучин кемпийн хашаанд оруулж тавиад “Мон лаа” ХХК-ны кемпэд ажиллаж байсан Хонгорзул гэх эмэгтэйд захиж үлдээсэн. Сүүлдээ Мон лаа ХХК-ийн кемп нүүгээд 5 чирэгч толгойг харж манах хүнгүй хөдөө хээр үлдсэн. Сүүлд харахад тухайн машинуудын зарим дугуй нь алга болсон хүмүүс тоносон бололтой байсан гэсэн мэдүүлэг /3хх 100-102 ху/,
-Гэрч О.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг ажилд орсноос хойш тухайн автомашиныг харж хандаж байгаа хүн байхгүй байсан. Эзэнгүй хэдэн машин харагддаг байсан гэсэн мэдүүлэг /3хх 103-104 ху/,
-Гэрч Б.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Баяр транс ХХК-ийн кемп дээр 2 Чех засварчин ирчихсэн тухайн машинуудыг засварлаж байгаад зарим машинуудаа унаад, зарим машинуудаа ачаад авч явсан. Огт явах боломжгүй эвдрэлтэй машинууд гээд 5 ширхэг Татра маркийн чирэгч толгойг манай хашаанд үлдээгээд явсан. Тухайн автомашинуудыг албан ёсоор хүлээж аваад хариуцаж байсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /3хх 105 ху/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх 28-49 ху/
-Баяр транс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1хх 59-65 ху/
-Хамтран ажиллах гэрээ /1хх 70-72, 127-130, 162-166 ху/
-Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /1хх 137-138 ху/
-Хөрөнгийн үнэлгээ /2хх 114, 3хх 152, 156, 160, 164, 168, 172, 176, 180, 184, 4хх 31-44, 237-241, 247-248, 5хх 06-07, 16-17, 25, 28, 35, 37, 43, 46, 52, 54, 60, 63, ху /
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 150-152, 156-157, 3хх 197-198, 4хх 60-62, 210, 213 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 231 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 240-241, 3хх 143-145, 4хх 249, 5хх 09-10, 18-19, 26-27, 36, 44, 53, 61-62 ху/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 150-151,154-155, 158-159, 162-163, 166-167, 170-171, 174-175, 178-179, 4хх 246, 5хх 05, 15, 24, 33-34, 42, 51, 59 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.Т нь “Баяр Транс” ХХК-ыг төлөөлж иргэн Б.Утай харилцан тохиролцож “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний дагуу 20 ширхэг Татра маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, 24 ширхэг чиргүүл, 150 ширхэг запас дугуйг итгэмжлэн хариуцаж, нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болох үед тухайн тээврийн хэрэгслийг Б.Уын өмчлөлд буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр шилжүүлэн авсан боловч 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж борлуулан хувьдаа завшсаны улмаас хохирогчид их хэмжээний буюу 245.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Тын “Гэм буруу дээр маргах зүйлгүй, хохирогчоос дугуй, чиргүүл, чирэгч толгой зэрэг зүйлүүдийг хүлээн авсан. Гэхдээ 150 ширхэг шинэ дугуй ирээгүй, хуучин дугуйнууд байсан. Харин толгойны дугуй гэж 20, 30-д шинэ дугуй ирсэн нь үнэн. Бид гэрээгээ цуцлаад Б.У нь машин, чиргүүлээ аваад явсан. Сүүлийн 3 машин нь Хятадаас орж ирсэн. Тэр машин нь тоногдсон. Энэ засварын үнийг төлнө. 86 ширхэг дугуйны үнэ 36 сая төгрөгийг төлнө. Хохирогчийн чиргүүлийн 175.000.000 төгрөгөөс төлөөд 29.000.000 төгрөг үлдсэн. Энэ чиргүүлийн тооцоогоо дуусгаад дараа нь дугуй, засвар зэргийн мөнгийг төлнө. Бас Б.У 60.000.000 төгрөгөөр Прадо машин авсан. Бид хоёр тохироод би түүний өмнөөс ББСБ-ын зээлийг төлж байгаа. Цаашид бүх төлбөрийг нь төлж хохиролгүй болгоно. Буруу зүйл хийснээ ойлгож байна. ...Бусад зардлыг төлнө” гэсэн, хохирогч Б.Уын “...86 ширхэг дугуй, 3 ширхэг обудны үнэ 53.550.000 төгрөг, 5 ширхэг чиргүүлийн үнэ 175.000.000 төгрөг, 2 ширхэг чиргүүлийн үнэ 72.000.000 төгрөг, 8 ширхэг чирэгч машины мотор 12.000.000 төгрөг, машины засварын зардал 60.000.000 төгрөг, 17 тээврийн хэрэгслийг зөөсөн 60.676.800 төгрөг, нийт 429.226.800 төгрөгийн бодит хохирол гарсан. Т 145.738.000 төгрөг төлсөн. ББСБ-д хэдийг төлснийг нь тооцоогүй байна. ...Сэтгэл санаа болон хөрөнгөөрөө их хохирч байгаа болохоор гомдолгүй гэх хэцүү байна. Тыг залилсан гэж үзэж байгаа. ...Одоо Айл баян уурхай дээр байгаа 8 чирэгч толгойг засварлуулж хүлээж авна. Одоо 283.488.800 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч Б.Эын “...тухайн үед Т яаралтай мөнгөний хэрэг гарсан зарж байгаа, бэлэн мөнгөөр зарна гэж хэлсэн. ...Таас 1 чиргүүлийг авахаар болж ...25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 4 таслан 10 сая төгрөгийг шилжүүлж өмнөхтэйгөө нийлээд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2018 оны 06 сард Т над руу утсаар ярьж мөнгөний хэрэг гараад байна дахиад 1 чиргүүл авах уу гэсэн. Миний авсан чиргүүл гайгүй байсан тул Тын санал болгосноор дахин 1 чиргүүл 33.000.000 төгрөгөөр авахаар болж ...нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлж авч байсан. ...тухайн чиргүүлийг цагдаагаас эзэнд нь өг гэсэн. ...Б.Уас гуйж ярилцаж тохиролцож байж зээл аваад 72.000.000 төгрөгийг Б.У гэх хүнд өгөөд 2 чиргүүлийг өөрийн нэр дээр авсан. ...Т надад цувуулаад 3 тасалж 6.878.500 төгрөгийг өгсөн. ...бодохоор 64.321.500 төгрөгийг нэхэмжилнэ Дээр нь зээлийн хүүнд төлөгдөх 28.000.000 төгрөг, нийт 92.321.500 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэнгийн “...эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 8 ширхэг Татран чирэг толгой болон автомашины 86 ширхэг дугуйны үнэлгээг Хас үнэлгээний газраар гаргуулан үнэлгээний ажлын хөлс болох 994.600 төгрөгийг гэм буруутай хүнээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгүүд, гэрч Д.Тамир, Захрадник Жозеп, Б.Энхбат, Б.Нацагдорж, Моравец Павел, З.Анхбат, Б.Э, Д.Эрдэнэбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Баасанжав, О.Отгонбаяр, Б.Хонгорзул нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, хамтран ажиллах гэрээ, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар дээрхи үйл баримт нотлогдож байна гэж үзэв.
“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч Н.Т нь хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу 20 ширхэг Татра маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, 24 ширхэг чиргүүл, 150 ширхэг запас дугуйг итгэмжлэн хариуцсан болох нь тогтоогдож байна.
“Завших” гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд тухайн гэмт хэргийн обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдлээр илэрч, энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.
Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл мөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан их хэмжээний хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Н.Тт ял оногдуулахдаа улсын яллагчийн “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн, хохирогчийн өмгөөлөгчийн “Энэ хүн засраагүй хүмүүжээгүй, хорих ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байгаа, түүний хувийн байдлыг зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Хохирлын хувьд хохирогч Б.Уд 7 чиргүүл буюу 245.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 2 чиргүүлийн үнийг иргэний нэхэмжлэгч Б.Эаас гаргуулсан тул үлдэх 175.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Т хариуцан төлөх үүрэгтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохиролд 145.738.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Уын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна. Иймд үлдэх 29.262.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У “Нийт 86 ширхэг дугуй, 3 ширхэг обудны үнэ 53.550.000 төгрөг, 5 ширхэг чиргүүлийн үнэ 175.000.000 төгрөг, 8 ширхэг чирэгч машины мотор 12.000.000 төгрөг, машины засварын зардал 60.000.000 төгрөг, 17 тээврийн хэрэгслийг зөөсөн 60.676.800 төгрөг, нийт 429.226.800 төгрөгийн бодит хохирол гарсан” гэж тайлбарлан Н.Тын 145.738.000 төгрөг төлснийг хасаж тооцон 283.488.800 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг нэхэмжлэл нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой тул шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч нь гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Мөн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б.Уас гуйж ярилцаж тохиролцож байж зээл аваад 72.000.000 төгрөгийг Б.У гэх хүнд өгөөд 2 чиргүүлийг өөрийн нэр дээр авсан. ...Т надад цувуулаад 3 тасалж 6.878.500 төгрөгийг өгсөн. ... 64.321.500 төгрөгийг нэхэмжилнэ. Дээр нь зээлийн хүүнд төлөгдөх 28.000.000 төгрөг, нийт 92.321.500 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг нь 2-р хавтаст хэргийн 182-185 дугаар хуудсанд авагдсан байна.
Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Иргэний нэхэмжлэгч Б.Эын 71.200.000 төгрөгийн нэхэмжлэлээс 56.200.000 төгрөгийг төлсөн. Одоо 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бид хоёр ярилцаж тохирсон” гэж мэдүүлж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нотлох баримтын дагуу 2 чиргүүлийн үнэ 71.200.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс төлсөн 6.878.500 төгрөгийг хасаж тооцон үлдэх 64.321.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Дорноговь аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилсэн 994.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дулам овогт Нарангийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний буюу 245.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Тыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Таас 93.583.500 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот БЗД 26-р хороо, Кристал таун 802-р байр 1506 тоот Б.Уд /ЦА83110767/ 29.262.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Хэнтий аймаг, Хэрлэн сум 4-р баг Б-53-21 тоот Б.Эт /СЮ86043013/ 64.321.500 тус тус гаргуулан олгож, хохирогч Б.Уын нэхэмжлэлээс 283.488.800 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлээс 28.000.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Таас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 994.600 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.У, иргэний нэхэмжлэгч Б.Э нар нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА