Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

Улсын яллагч М.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Х.Баатарбилэг,

Шүүгдэгч Н.А /цахимаар/, Ш.О, Р.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г, Ш.О нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.А

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Р.Г

 Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш.О

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Яллагдагч Н.А нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... тоотод оршин суух Р.Г, Ш.О нарыг цагдаагийн газар дуудлагаар очиж, Р.Гыг эрүүлжүүлэгдсэний дараа хоёуланг нь 30 хоногоор баривчлах юм байна гэж үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулан Р.Г, Ш.О нараас 1.000.000 төгрөгийг авч, уг мөнгөнөөс Р.Гыг хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шийтгэлийн хуудас бичиж 300.000 төгрөгийг О.Б гэгчээр тушаалгаж, 700.000 төгрөгийг өөртөө авсан, яллагдагч Ш.О, Р.Г нар нь өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Н.Ад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.Аийн Хаан банкны ... дугаартай дансаар дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 -Шүүгдэгч Н.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, 2010 онд Дорноговь аймгийн Цагдаагийн газарт ажилд орсон. 2021 оны 11 сард Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г, О нар хүүхдийнхээ дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэж маргалдсан байсан. Тэгээд Г нь ээжийн бие муу байна, яаралтай шийдээд өгөөч мөнгө, төгрөгийг нь өгье гэсэн. Тэр үед манай гэр бүлд хорт хавдартай хүн байсан болохоор 1 сая төгрөг аваад 300.000 төгрөгийг нь тушааж 700.000 төгрөгийг нь өөрөө авсан. Энэ хоёр хүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шалгасан. Энэ зүйл хэсэг нь баривчлах шийтгэл байхгүй. Энэ хүмүүс нь хоорондоо илтэд маргаантай байсан. Энэ хүмүүсийг 30 хоног баривчилна гэж хэлээгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ албадан шахсан зүйл байхгүй. Энэ хоёрыг хурдан шийдүүлмээр байна. Цагдаа дээр очмооргүй байна гэхээр нь ийм үйлдэл хийсэн. Г энэ асуудлыг хурдан шийдэж өгөөч мөнгө өгье гэхээр нь авсан, тэрнээс биш тулган шаардсан зүйл байхгүй. Одоо миний зүүн хөл мэдээ алдсан байдалтай байгаа 10 дугаар сард хагалгаанд орох оноштой байгаа. Буруу үйлдэл хийж мөнгө авснаа хүлээн зөвшөөрнө. Энэ 2 хүн манай өрөөнд нилээн маргалдсан. Энэ байдлаас харахад гэр бүлийн хүчирхийлэл байж магадгүй гэж бодсон. Энэ 2 хүнд хуулийн зүйл заалт танилцуулсныг тэгж ойлгосон байх гэсэн мэдүүлэг,  

-Шүүгдэгч Р.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр найзынхаа төрсөн өдөрт очоод гэртээ орж ирэхдээ нэг пиво бариад орж ирсэн. Намайг пиво уулаа гэснээс болж нөхөртэйгөө муудалцсан. Намайг алгадахаар нь цагдаа дуудсан. Цагдаагийн газар очоод би гуйж байгаад эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь энэ А гэдэг хүн дээр ор гэж хэлсэн. Тэр үед А гэдэг хүн та хоёрыг гэр бүлийн хүчирхийллээр 30 хоног баривчилна гэж хэлсэн. Би 5-15 насны 3 хүүхэдтэй 30 хоног баривчлагдаж чадахгүй гэж хэлсэн. Манай охиныг дуудаж мэдүүлэг авсан. Маргааш нь шүүхийн гадаа байна, хүрээд ир гэхээр нь очтол та хоёр юу болж байна гэж хэлсэн. Би хүүхдүүдээ орхиод баривчлагдаж чадахгүй, торгууль төлж болохгүй юм уу гэж хэлэхэд эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд над руу нэг сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ мөнгийг 30 хоног баривчлагдахгүй гэж найзаасаа авч өгсөн. Гаальд ажилладаг найздаа энэ талаар хэлсэн. Би торгууль гэж ойлгосон. А худал мэдүүлж байна. А анх надад 30 хоног баривчилна гэж хэлсэн Би анх прокурорт энэ талаараа мэдэгдсэн. Нөхрөөсөө мөнгөө яасан бэ гэсэн чинь хувь хүний данс руу хийсэн гэхээр нь гайхсан. Тэгээд маргааш нь найзыгаа ирэхэд хэлсэн. Тэгтэл ингэж болохгүй гэхээр нь Прокурорт мэдэгдсэн. Би анх мөнгө өгье гэж хэлээгүй, торгуулийн шийтгэл байдаггүй юм уу гэж хэлсэн. Мөнгө өгсний дараа холбогдоход О та хоёрыг тус бүрийг 300.000-р торгоно, үлдэх мөнгийг нь прокурорт хэрэг шилжсэн учир хоол унданд оруулна гэж ярьсан гэсэн мэдүүлэг,  

-Шүүгдэгч Ш.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ А гэдэг хүн дээр маргааш нь очисон. Намайг ороход хууль танилцуулаад 30 хоног баривчлагдана, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ гэж байхгүй, та хоёр хоёулаа баривчлагдана эсвэл нэг нь баривчлагдана гэж хэлсэн. 1 сая төгрөгийн хувьд эхнэр яриад Ад 1 сая төгрөгийг аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд уг мөнгийг бэлнээр нь аваад тэмээтэй хөшөөний тэнд очиход дансаар хийчих гээд нэг данс өгөхөөр нь хийсэн. Тухайн үед эхнэр аваачиж өг гэж хэлсэн болохоор торгуулийн мөнгө гэж ойлгосон. Би энэ мөнгийг юун мөнгө гэдэгт нэг их ач холбогдол өгөөгүй, тухайн үед эхнэр ууртай дуугаа хураасан байсан болохоор эхнэртэйгээ харьцаж байгаа нь надад гол байсан. Орой нь эхнэртээ хувь хүний данс руу хийчихсэн, цагдаагийн газрын данс гэж байдаггүй юм байхдаа гэж ярилцсангэсэн мэдүүлэг,

-Гэрч Р.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...намайг байцаагчийн өрөөнд байхад нөхрийг дуудаад нөхөр өрөөнд нь орж ирсэн. Бид 2-ыг суулгаж байгаад та 2-ыг зөрчлийн хуулиар 30, 30 хоног баривчлах юм байна гэж хэлсэн. Бид 2-ыг хамт баривчлах юм уу гэж асуусан чинь яаж ч магадгүй ийм хуультай гээд хууль үзүүлсэн. ...Охиноос мэдүүлэг авсан. ...Тэгээд хуулийн ном гаргаж ирээд хүүхдэд гар хүрэх юм бол 300000 төгрөг торгох заалтыг надад уншуулсан. Би намайг 300000 төгрөгөөр торгох юм байна гэж ойлгосон. Тэрүүгээр арга хэмжээ авна гэж бол хэлээгүй. Би хүүхдээ зодсон зүйл бол байхгүй гэж хэлсэн. Орой охиноос асуухад ээж чинь 2 дүүтэй чинь хэвийн харилцаатай юу гэхэд хэвийн гэж хэлсэн гэсэн. Тэгээд...тэр өдрөө намайг маргааш дуудна гээд явуулсан. Ажил дээрээ ирээд байж байтал “Та 2 Шүүхийн гадаа хүрээд ир би ажлаас гараад очъё гэсэн. Бид 2 машинтайгаа очсон. Машинд арын суудал дээр суугаад Та 2 эвлэрсэн үү. Учир эвээ ололцсон уу, Та 2-т юу бодогдож байна гэсэн. Юм юм бодогдож байна, хэцүү байдаг юм байна. Ээж бие өвдсөн байгаа учир эмнэлэг орно цагдаагаар байнга явмааргүй байна. Баривчлахгүй шийдэх ямар арга байна уу гэсэн. За за эргээд та 2 руу ярья, 2 хүний шүүх хуралтай гэсэн. Тэгээд тэр өдрөө эргэж яриагүй. Маргааш нь над руу яриад Та 2-ыг тус бүр 300.000, 300.000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгээд нэг сая төгрөг өгчих гэхээр нь би дансаа өгчих гэсэн чинь дансаар авч болохгүй бэлнээр өгчих гэхээр нь манай нөхөр рүү ярьчих, би ажилтай завгүй байна гэсэн. ...Бид 2-ыг тус тусад нь дуудаад байсан юм. Орой нь чамд торгуулийн хуудас өгсөн үү гэж нөхрөөс асууж торгуулийн хуудсыг харуулахад өгөөгүй гэсэн. ...Мөнгө өгсний дараа 300,000 төгрөгийн баримт дээр ажил дээр нь очиж гарын үсэг зурсан. 700,000 төгрөгийн баримт байхгүй байсан. Би яасан талаар нь бол асуугаагүй. ...Би ойлгохдоо 400,000 төгрөгийг бусад хахууль байдлаар өгөөд бид нарыг баривчлахгүй болгох юм байна гэж ойлгосон. ...би торгуулийн арга хэмжээ аваад өгөөч битгий баривчлаач гэж 1 сая төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 15-17 ху/,

-Гэрч Ш.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Цагдаагийн газар очиход цагдаагийн ахмад А гэх хүн намайг дуудаж хууль сануулж мэдүүлэг авсан ба мэдүүлэг авч байхдаа эхнэр бид хоёрт хандан хэлэхдээ “Та хоёр 30 хоногоор баривчлагдах юм байна. Хоёулаа явах уу Аль эсхүл хоорондоо ярилцаж байгаад аль нэг нь явах уу гэхэд манай эхнэр Г А байцаагчид хандан бид хоёр нялх нойтон хүүхэдтэй шүү дээ гэж хэлэхэд ...А байцаагч бид хоёрт хандан хэлэхдээ бага хүүхэд чинь 0-3 насны хүүхэд байхгүй юм чинь яах аргагүй баривчилгаанд явна шүү дээ гэж хэлж байсан. ...Намайг мэдүүлэг өгсний дараа маргааш нь билүү нөгөөдөр нь манай эхнэр Г надтай хамт А байцаагчтай очиж уулзъя гээд А байцаагчтай Дорноговь аймгийн Шүүхийн гадна талын зогсоол дээр очиж уулзахад А байцаагч бид хоёрт хэлэхдээ та 2 эвлэрсэн үү О чи юу бодож байна гэх мэт зүйл асуусан. Тэгэхэд манай эхнэр Г хорихоос өөр төрлийн торгууль байхгүй юм уу гэхэд А байцаагч би одоо та хоёрын асуудлыг бодох сөхөө алга. Шүүх дээр 2 хүн хүлээлгэсэн шүүх хурал болох гээд байна. Тэгж байгаад та 2-той холбогдъё гэж хэлээд Шүүх рүү яваад орсон ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр Г надад хэлэхдээ “А байцаагч 1.000.000 төгрөг өг гэнээ гэж байсан ба ажил дээр сууж байхад манай эхнэр над руу залгаад байцаагчид өгөх 1.000.000 төгрөгийг нь Гансаруулаас аваад 60-н айлд очоод өгчих гэхээр нь ...Сайншанд сумын тэмээтэй хөшөөний хажуугийн 60-н айлын гадаа очоод эхнэрийнхээ хэлсний дагуу А байцаагчтай түүний 96656604 дугаарын утас руу залгаж холбогдоход за одоохон гэж хэлээд хүрээд ирсэн. Тэрээр надад хэлэхдээ би ийшээ ажилтай болчихлоо. Би чам руу нэг данс явуулна. Тэр данс руу  1.000.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн ахмад А над руу хувь хүний Хаан банкны данс явуулсан ...явуулсан данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1хх 64-65 ху/,

-Гэрч Р.Гансаруулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...Манай хүргэн ах О нь надад “Өчигдөр шөнө эгч чинь цагдаа дуудаад цагдаа руу явсан. Гэр рүү явъя гэсэн чинь явахгүй энд хононо гээд үлдсэн. Цагдаа нь мөн яв гэсэн тэгэхгүй яваагүй” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа эгч Р.Г нь заавал арга хэмжээ авуулах ёстой юм байна. 30 хоногоор бид 2-ыг баривчилна гээд байна гэсэн. Тэрийг чинь баривчлагдахаар ажил төрөл чинь хэцүү болно торгууль төлөөд захиргааны арга хэмжээ авхуулж болдоггүй юм уу гэж би хэлж байсан. Би нарын дунд ийм яриа өрнөсөн. Нөгөө асуудал чинь юу болсон бэ гэсэн чинь торгуулаад гайгүй болох юм шиг байна гэсэн. Намайг гадуур явж байхад (Энэ нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болохыг ХААН банкны хуулганаас харахад) эгч Р.Г залгаад карт чинь байна уу гэсэн. Би байгаа гэсэн чинь данс руу чинь нэг сая төгрөг хийчихье ахдаа аваад өгчихөөрэй гэсэн. Би завгүй байна картаа өгчихье гэсэн. Тэгээд картаа Номин дэлгүүрийн гадаа ах Од өгсөн. Ах уг мөнгөө яаж авсан талаар бол мэдэхгүй. Дараа нь картаа авсан. Уг мөнгийг юун зарцуулах гэж байгаа талаар мэдээгүй. Эгч бол картаа хаясан байсан юм. Ах бодвол мөн картгүй байсан юм байлгүй дээ гэсэн мэдүүлэг  /1хх 20-21 ху/,

-Гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 12 сарын 25 билүү 26-ны өдөр амралтын өдөр байсан. Манай найз Р.Г над руу утсаар залгаад нэг сая төгрөг байна уу гэсэн. Тэгэхэд би хөдөө явж байсан юм. Нэг сая төгрөгөөр яах гэж байгаа юм бэ гэхэд би цагдаа дээр асуудалтай болчихлоо найз нь хөдөөгөөс ирэхээр чинь юу болсныг хэлье гэсэн. Би нөхрөөсөө асууж өгье гэсэн. Тэгээд би нөхөр Г.Отгонбаатараас асуухад мөнгө байгаа болно гэсэн. Тэгэхээр нь найз Р.Гын дансыг аваад өгсөн. Манай нөхөр Р.Гын данс руу мөнгийг шилжүүлсэн. Дараа нь ажлын өдөр Р.Гын ажил дээр уулзахад юу болсон талаар надад ярьсан. Гэртээ болон цагдаа дээр болсон асуудлыг нэг бүрчлэн ярьж өгсөн. Тэгээд Гэр бүлийн хүчирхийллийн байцаагч Н.А манай нөхөр бид 2-ыг 30, 30 хоног баривчилна гэсэн. Тэгээд торгуулийн арга хэмжээ авах боломж байна уу туслаач гэсэн чинь тэгэх боломжгүй гэсэн. Тэгээд А над руу маргааш нь билүү нөгөөдөр нь холбогдоод 300.000, 300.000 төгрөгөөр та 2-ыг тус бүрд нь торгоно, 400.000 төгрөгөөр прокурорыг аргална гэж хэлсэн гэсэн. Прокурорын нэгдсэн бүртгэлд баривчлан шийтгэлтэй зөрчлөөр бүртгүүлсэн. Одоо 400000 төгрөгийг энэ зүйлчлэлийг өөрчлөхийн тулд ашиглана гэж хэлсэн гэж надад Р.Г хэлсэн. Тэгэхээр нь би чам дээр 300.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан юм бол шийтгэлийн хуудас өгсөн үү гэж асуухад шийтгэлийн хуудас өгөөгүй гэсэн. Би торгуулийн арга хэмжээ авч байгаа бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд шийтгэлийн хуудас бичиж торгуулийн мөнгийг төрийн дансанд хийлгэх ёстой. Одоо хүртэл та нар дээр шийтгэлийг ногдуулаагүй байгаа юм байна. Лавлаж асуугаарай гэхэд би анх удаа хүнд авлига өгчих шиг боллоо доо гэж надад хэлсэн. Ер нь хэдэн төгрөг өгсөн байсан ч гэсэн хахууль болно. Хэрэв чамайг эрүүгийн хуулийн 22.5 заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийн байгууллагаас шалгавал торгуулийн болон хорих ял авах магадлалтай гэж хэлсэн. Би өөрөө байгууллагаа төлөөлж Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнаар ажилладгийн хувьд энэ талаар мэдэж байсан. Манай найз надаас одоо яах ёстой юм бол гэсэн. Тэгэхээр нь хахууль өгөх процесс нь явагдаад нэгэнт дууссан байсан учир Эрүүгийн хуулийн 22.5 дахь зүйлийн тайлбарт зааснаар хахууль өгөгч сайн дураар хуулийн байгууллагад өөрөө илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдаг тухай хэлсэн. Тэгэхэд найз маань прокурорын дугаар чамд байна уу. Би яриад хэргээ илчлэх нь зөв юм байна гэсэн. Тэгэхэд би прокурорын туслах Цэрэндуламын 91900611 гэсэн дугаар байна гэж хэлсэн. Тэгэхэд чи утаснаасаа залгаад өгчих гэсэн. Би өөрийн 86064445 дугаараас Цэрэндулам руу залгаж өгсөн. Тэгэхэд торгуулийн мөнгийг хувийн данс руу авч болдог юм уу гэж асуугаад тухайн болсон асуудлыг ярьж өгсөн. Тэгэхэд нэг сая төгрөг өгсөн гэдгийг хэлж байсан. ...Би Гын ярианаас ойлгохдоо 30, 30 хоног баривчилна гэснийг сонсоод энэ хоёрын гаргасан үйлдэл нь зөрчлийн хуулиар арай 30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулахгүй санагдсан гэсэн мэдүүлэг /1хх 24-25 ху/,

-Гэрч Н.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би Цагдаагийн газар дээр 15 цагийн үед очиж нэг эмэгтэй байцаагчтай уулзсан. Тэгэхэд тэр эмэгтэй байцаагч өөрөөсөө бэлэн мөнгө 300.000 төгрөгийг дансанд тушаагаад баримтыг аваад ир гэсэн. Тэгээд би ХААН банкин дээр киоскоор нь өөрийн ХААН банкны 5016223366 дугаар дансанд байсан мөнгөнөөс 300.000 төгрөгийг төрийн сангийн бичиж өгсөн дансанд тушаагаад баримтыг киоскоос хэвлээд теллерээр нь гарын үсэг зуруулаад буцаан нөгөө эмэгтэйд аваачиж өгсөн. Би Мандах сум явах гэж байсан учир дээрх бэлэн 300.000 төгрөгийг өөртөө аваад өөрийн данснаас 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Бид нар Номин дэлгүүрээс эд зүйл авсан. Хоолонд орох байсан учир бэлэн мөнгө хэрэгтэй гээд тэр бэлэн авч үлдсэн юм. ...Би тэр эмэгтэйг одоо санахгүй байна. Нэг эмэгтэй байсан гэсэн мэдүүлэг /1хх 57-58 ху/,

-Гэрч Ц.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Дорноговь аймгийн Прокурорын газарт захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтнаар ажилладаг. ...Би 2021 оны 12 сарын 27-ны орой гэртээ амраад байж байхад Мөнхтуяагийн гар утаснаас дуудлага ирсэн. ... Тэгсэн манай найз нэг буруу зүйл хийсэн байнаа, тэр талаараа танай байгууллагад хэлэх гэсэн юмаа гээд А 30 хоног баривчилна гэхээр нь торгох шийтгэл авах санаатай түүнд 1 сая төгрөг өгсөн, тэгээд бодоод байсан чинь төрийн албан хаагч ингэж  болохгүй юм шиг санагдаад хэлэх хүнд нь хэлж байгаа юмаа гэсэн. Би энэ болсон үйл явдлын талаар дэлгэрүүлж цааш асуухад нялх нойтон хүүхэдтэй,, хадам ээж нь билүү аав нь билүү хорт хавдартай, эмнэлгээр явах ажил ихтэй байгаа болохоор баривчлах шийтгэл авмааргүй байсан. Харин А 1 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Ингээд 2021 оны 12 сарын 28-ны өглөө ажилдаа ирээд Т.Цэнд-Аюуш прокурорт урд шөнө болсон явдлын талаар хэлсэн гэсэн мэдүүлэг /2хх 194-195 ху/,

-Гэрч Т.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг гэртээ амарч байх хугацаанд буюу туслах Цэрэндулам миний гар утас руу залгаад цагдаагийн ахмад А гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр бусдаас мөнгө авсан байна гэж хэлэхээр нь маргааш нь туслах ажилтан Цэрэндуламаас асуухад Гаалийн байцаагч Мөнхтуяа над руу ярьсан ба Алтанговь худалдааны төвд гар утас зардаг гэр бүлийн хүнээс 1 сая төгрөг авсан гэсэн.эхнэр нөхөр хоёрыг 30, 30 хоног баривчилна гэж хэлж байгаад мөнгө авсан гэнэ. А нь тэр хүмүүст хэлэхдээ ханш тогтсон байдаг юм. Прокурорт бас мөнгөнөөсөө өгдөг талаар хэлсэн гэж туслах ажилтан Цэрэндулам надад хэлэхээр нь би энэ асуудлыг аймгийн ерөнхий прокурорт танилцуулахад мөнгө өгсөн гэж хэлсэн тэр хүмүүсийг дуудаж тайлбар ав гэсэн. ...маргааш нь О ирж тайлбар өгсөн гэсэн мэдүүлэг /2хх 198-199 ху/,

-Яллагдагч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...23-ны өдөр над дээр мэдээлэл цохогдож ирсэн. ...өөрөөр нь гэр бүлийн асуудлыг нь яриулсан. Тэгээд зөрчлийн хуулийн гэр бүлийн хүчирхийллийн заалт, хүүхдийн эрх зөрчих хуулийн заалт болон эрүүгийн хуулийн зохих заалтыг Ганбөатад номыг нв тавьж байгаад уншиж өгөөд уншуулсан гэсэн мэдүүлэг /2хх 163-164 ху/,

-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 70-71 ху/,

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 86-87, 94-95 ху/,

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 101-103 ху/,

-Шийтгэлийн хуудас /1хх 147 ху/

-300.000 төгрөгийг Төрийн санд тушаасан Хаан банкны баримт /1хх 148 ху/

-Авлигаас ангид байх баталгаа /1хх 157 ху/

-Албан тушаалын тодорхойлолт /1хх 160-167  ху/

-Албаны шалтгалт явуулсан тухай тэмдэглэл /1хх 168-177 ху/

-Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 181-182 ху/

-Утасны холболтын жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 206-208 ху/

-700.000 төгрөгийг  Төрийн санд тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 205 ху/

-ЦЕГ-ын даргын Б/48, Б/523 дугаар тушаалууд /2хх 74-80 ху/

-2021 оны Ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /2хх 83-94 ху/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 154-160, 162-165, 169-172, 174-176, 178-181, 183-186/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 17, 95, 3хх 14,  ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дээрхи нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.А Дорноговь аймгийн Цагдаагийн газарт Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа зөрчилд холбогдон шалгагдаж байгаа Р.Г, Ш.О нараас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль авч, уг мөнгөнөөс Р.Гыг хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж  Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичиж, 700.000 өөртөө төгрөгийг авсан, шүүгдэгч Р.Г, Ш.О нар нь шалгагдаж байгаа зөрчлийн хэрэгтэйгээ холбогдуулан Дорноговь аймгийн Цагдаагийн газарт Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Н.Ад 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Агийн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Г, О нар хүүхдийнхээ дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэж маргалдсан байсан. Тэгээд Г нь ээжийн бие муу байна, яаралтай шийдээд өгөөч мөнгө, төгрөгийг нь өгье гэсэн. Тэр үед манай гэр бүлд хорт хавдартай хүн байсан болохоор 1 сая төгрөг аваад 300.000 төгрөгийг нь тушааж 700.000 төгрөгийг нь өөрөө авсан. ...Энэ хүмүүсийг 30 хоног баривчилна гэж хэлээгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ...Г энэ асуудлыг хурдан шийдэж өгөөч мөнгө өгье гэхээр нь авсан, тэрнээс биш тулган шаардсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Р.Гын “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр найзынхаа төрсөн өдөрт очоод гэртээ орж ирэхдээ нэг пиво бариад орж ирсэн. Намайг пиво уулаа гэснээс болж нөхөртэйгөө муудалцсан. Намайг алгадахаар нь цагдаа дуудсан. ... А гэдэг хүн та хоёрыг гэр бүлийн хүчирхийллээр 30 хоног баривчилна гэж хэлсэн. Би 5-15 насны 3 хүүхэдтэй 30 хоног баривчлагдаж чадахгүй гэж хэлсэн. Маргааш нь шүүхийн гадаа байна, хүрээд ир гэхээр нь очтол та хоёр юу болж байна гэж хэлсэн. Би хүүхдүүдээ орхиод баривчлагдаж чадахгүй, торгууль төлж болохгүй юм уу гэж хэлэхэд эргээд холбогдъё гэж хэлсэн. ...Тэгээд над руу нэг сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ мөнгийг 30 хоног баривчлагдахгүй гэж найзаасаа авч өгсөн. ...А худал мэдүүлж байна. А анх надад 30 хоног баривчилна гэж хэлсэн. Би анх прокурорт энэ талаараа мэдэгдсэн. Нөхрөөсөө мөнгөө яасан бэ гэсэн чинь хувь хүний данс руу хийсэн гэхээр нь гайхсан. ...Би анх мөнгө өгье гэж хэлээгүй, торгуулийн шийтгэл байдаггүй юм уу гэж хэлсэн. Мөнгө өгсний дараа холбогдоход О та хоёрыг тус бүрийг 300.000-р торгоно, үлдэх мөнгийг нь прокурорт хэрэг шилжсэн учир хоол унданд оруулна гэж ярьсан” гэсэн,  шүүгдэгч Ш.Оын “...Би энэ А гэдэг хүн дээр маргааш нь очисон. Намайг ороход хууль танилцуулаад 30 хоног баривчлагдана, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ гэж байхгүй, та хоёр хоёулаа баривчлагдана эсвэл нэг нь баривчлагдана гэж хэлсэн. 1 сая төгрөгийн хувьд эхнэр яриад Ад 1 сая төгрөгийг аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд уг мөнгийг бэлнээр нь аваад тэмээтэй хөшөөний тэнд очиход дансаар хийчих гээд нэг данс өгөхөөр нь хийсэн. Тухайн үед эхнэр аваачиж өг гэж хэлсэн болохоор торгуулийн мөнгө гэж ойлгосон. Орой нь эхнэртээ хувь хүний данс руу хийчихсэн, цагдаагийн газрын данс гэж байдаггүй юм байхдаа гэж ярилцсан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  гэрч Р.Гансаруулын “...хүргэн ах О нь надад “Өчигдөр шөнө эгч чинь цагдаа дуудаад цагдаа руу явсан. Гэр рүү явъя гэсэн чинь явахгүй энд хононо гээд үлдсэн. Цагдаа нь мөн яв гэсэн тэгэхгүй яваагүй” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа эгч Р.Г нь заавал арга хэмжээ авуулах ёстой юм байна. 30 хоногоор бид 2-ыг баривчилна гээд байна гэсэн. ...Намайг гадуур явж байхад (Энэ нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болохыг ХААН банкны хуулганаас харахад) эгч Р.Г залгаад карт чинь байна уу гэсэн. Би байгаа гэсэн чинь данс руу чинь нэг сая төгрөг хийчихье ахдаа аваад өгчихөөрэй гэсэн. Би завгүй байна картаа өгчихье гэсэн. Тэгээд картаа Номин дэлгүүрийн гадаа ах Од өгсөн”  гэсэн, гэрч Б.Мөнхтуяагийн “...Манай найз Р.Г над руу утсаар залгаад нэг сая төгрөг байна уу гэсэн. ...Тэгээд би нөхөр Г.Отгонбаатараас асуухад мөнгө байгаа болно гэсэн. Тэгэхээр нь найз Р.Гын дансыг аваад өгсөн. Манай нөхөр Р.Гын данс руу мөнгийг шилжүүлсэн. Дараа нь ажлын өдөр Р.Гын ажил дээр уулзахад юу болсон талаар надад ярьсан. Гэртээ болон цагдаа дээр болсон асуудлыг нэг бүрчлэн ярьж өгсөн. Тэгээд Гэр бүлийн хүчирхийллийн байцаагч Н.А манай нөхөр бид 2-ыг 30, 30 хоног баривчилна гэсэн. Тэгээд торгуулийн арга хэмжээ авах боломж байна уу туслаач гэсэн чинь тэгэх боломжгүй гэсэн. Тэгээд А над руу маргааш нь билүү нөгөөдөр нь холбогдоод 300.000, 300.000 төгрөгөөр та 2-ыг тус бүрд нь торгоно, 400.000 төгрөгөөр прокурорыг аргална гэж хэлсэн гэсэн. ...би анх удаа хүнд авлига өгчих шиг боллоо доо гэж надад хэлсэн. ...Эрүүгийн хуулийн 22.5 дахь зүйлийн тайлбарт зааснаар хахууль өгөгч сайн дураар хуулийн байгууллагад өөрөө илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдаг тухай хэлсэн. Тэгэхэд найз маань прокурорын дугаар чамд байна уу. Би яриад хэргээ илчлэх нь зөв юм байна гэсэн. ...Би өөрийн 86064445 дугаараас Цэрэндулам руу залгаж өгсөн. Тэгэхэд торгуулийн мөнгийг хувийн данс руу авч болдог юм уу гэж асуугаад тухайн болсон асуудлыг ярьж өгсөн” гэсэн, гэрч Н.Бы “......би Цагдаагийн газар дээр 15 цагийн үед очиж нэг эмэгтэй байцаагчтай уулзсан. Тэгэхэд тэр эмэгтэй байцаагч өөрөөсөө бэлэн мөнгө 300.000 төгрөгийг дансанд тушаагаад баримтыг аваад ир гэсэн. Тэгээд би ХААН банкин дээр киоскоор нь өөрийн ХААН банкны 5016223366 дугаар дансанд байсан мөнгөнөөс 300.000 төгрөгийг төрийн сангийн бичиж өгсөн дансанд тушаагаад баримтыг киоскоос хэвлээд теллерээр нь гарын үсэг зуруулаад буцаан нөгөө эмэгтэйд аваачиж өгсөн” гэсэн мэдүүлгүүд,  бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шийтгэлийн хуудас, 300.000 төгрөгийг Төрийн санд тушаасан Хаан банкны баримт, албан тушаалын тодорхойлолт, албаны шалтгалт явуулсан тухай тэмдэглэл, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Р.Гаас 700.000 төгрөгийг  төрийн санд тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт, ЦЕГ-ын даргын Б/48, Б/523 дугаар тушаалууд, 2021 оны Ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар дээрхи үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “авлига” гэдгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг,  мөн хуулийн 3.1.4. дэх заалтад “давуу байдал” гэдгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна.

Дээрхи нөхцөл байдлаас үзвэл энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.А нь албан тушаалын байдлаа ашиглан  хялбар аргаар мөнгө олж авах, шүүгдэгч Р.Г, Ш.О нар нь өөртөө бусдаас давуу байдал олж авах гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь “...Энэ хүмүүсийг 30 хоног баривчилна гэж хэлээгүй, гэхдээ албадан шахсан зүйл байхгүй” гэж, шүүгдэгч Ш.О нь “...Тухайн үед эхнэр аваачиж өг гэж хэлсэн болохоор торгуулийн мөнгө гэж ойлгосон. Би энэ мөнгийг юун мөнгө гэдэгт нэг их ач холбогдол өгөөгүй, тухайн үед эхнэр ууртай дуугаа хураасан байсан болохоор эхнэртэйгээ харьцаж байгаа нь надад гол байсан” гэж тус тус мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй ба учир нь шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй.

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч “Н.Агийн хувьд гэм буруу дээр маргахгүй, харин түүний үйлдэл нь хясан боогдуулах шинжийг хангаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Р.Г, Ш.О нарын өмгөөлөгч нь “шүүгдэгч Ш.Оын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинж байхгүй, торгуулийн мөнгийг Н.Ад дамжуулж өгч байна гэж ойлгосон. Энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүний сэдэл, зорилго байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж байгааг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч Н.А, Ш.О нарын дээрхи мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.Гын гэрчээр өгсөн “...А гэдэг хүн бид 2-ыг суулгаж байгаад та 2-ыг зөрчлийн хуулиар 30, 30 хоног баривчлах юм байна гэж хэлсэн. Бид 2-ыг хамт баривчлах юм уу гэж асуусан чинь яаж ч магадгүй ийм хуультай гээд хууль үзүүлсэн. Би 5-15 насны 3 хүүхэдтэй 30 хоног баривчлагдаж чадахгүй гэж хэлсэн. ...Маргааш нь ажил дээрээ ирээд байж байтал та 2 шүүхийн гадаа хүрээд ир би ажлаас гараад очъё гэсэн. Бид 2 машинтайгаа очсон. Машинд арын суудал дээр суугаад та 2 эвлэрсэн үү, учир эвээ ололцсон уу, та хоёрт юу бодогдож байна гэсэн. ...Ээж бие өвдсөн байгаа учир эмнэлэг орно цагдаагаар байнга явмааргүй байна. Баривчлахгүй шийдэх ямар арга байна уу гэсэн, за за эргээд та 2 руу ярья, 2 хүний шүүх хуралтай гэсэн. ...Маргааш нь над руу яриад та 2-ыг тус бүр 300.000, 300.000 төгрөгөөр торгоно гэсэн. ...Тэгээд нэг сая төгрөг өгчих гэхээр нь би дансаа өгчих гэсэн чинь дансаар авч болохгүй бэлнээр өгчих гэхээр нь ...би энэ мөнгийг 30 хоног баривчлагдахгүй гэж найзаасаа авч өгсөн” гэсэн, шүүгдэгч Ш.Оын өөрийнх нь гэрчээр өгсөн “...Цагдаагийн газар очиход цагдаагийн ахмад А гэх хүн намайг дуудаж хууль сануулж мэдүүлэг авсан ба мэдүүлэг авч байхдаа эхнэр бид хоёрт хандан хэлэхдээ та хоёр 30 хоногоор баривчлагдах юм байна, хоёулаа явах уу аль эсхүл хоорондоо ярилцаж байгаад аль нэг нь явах уу гэхэд манай эхнэр Г А байцаагчид хандан бид хоёр нялх нойтон хүүхэдтэй гэж хэлэхэд тэрээр танай бага хүүхэд чинь хэдэн настай юм гэхэд 5 настай гэж хэлсэн. ...Намайг мэдүүлэг өгсний дараа маргааш нь билүү нөгөөдөр нь манай эхнэр Г надтай хамт А байцаагчтай очиж уулзъя гээд Дорноговь аймгийн Шүүхийн гадна талын зогсоол дээр очиж уулзахад А байцаагч бид хоёрт хэлэхдээ та 2 эвлэрсэн үү О чи юу бодож байна гэх мэт зүйл асуусан ...1 сая төгрөгийн хувьд эхнэр яриад Ад 1 сая төгрөгийг аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд уг мөнгийг бэлнээр нь аваад тэмээтэй хөшөөний тэнд очиход А дансаар хийчих гээд нэг данс өгөхөөр нь хийсэн” гэсэн, шүүгдэгч Н.Агийн өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...Зөрчлийн хуулийн гэр бүлийн хүчирхийллийн заалт, хүүхдийн эрхийг зөрчих хуулийн заалт, эрүүгийн хуулийн заалтыг Гад номыг нь тавьж байгаад уншиж өгөөд уншуулсан” гэсэн мэдүүлгүүд, 1-р хавтаст хэргийн 137, 141 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 12 сарын 22-ны 22:46 цагт өөрийн биеэр очиж Цагдаагийн газарт дуудлага өгсөн талаархи тоо бүртгэлийн дэвтрийн хуулбар, 1-р хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтууд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Агийн шүүгдэгч Р.Г, Ш.О нарт хууль тайлбарлах, уншиж өгөх зэрэг хэлбэрээр тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан 30 хоног баривчлах талаар ойлголтыг өгч байгаа үйлдэл нь энэ гэмт хэргийн хясан боогдуулах шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

“Хясан боогдуулах” гэдгийг хахууль өгөгчид тохиолдсон онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан түүний хүсэлтийг хахууль өгсөн тохиолдолд бүтээх боломжтой гэдгийг илээр тулгах буюу далдуур ямар нэгэн хэлбэрээр ойлгуулахыг хэлэх бөгөөд заавал хахууль өгсөн тохиолдолд хахууль өгөгчийн хүсэлтийг гүйцэтгэх зорилгоор элдэв саад учруулах аргаар илрэхийг ойлгоно.

Энэ гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан нь хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй хахууль авснаар, авилга өгөгчийн хувьд нэг дор нэг удаагийн үйлдлээр хахуулийг өгснөөр энэ төгссөн гэмт хэрэгт тооцогдох бөгөөд авлигын гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, тэдний хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчиж байгаад оршдог.

Иймд шүүгдэгч Н.Аг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөлийг зориудаар бий болгож хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг хамтран өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг гэмт хэргийнхээ талаар эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлд заасныг баримтлан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1 сая төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Төрийн санд байршуулсан 2021 оны 12 сарын 24-ний өдөр Ж.Б гэсэн нэрээр тушаасан 300.000 төгрөгийг, Г гэсэн нэрээр тушаасан 700.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөлийг зориудаар бий болгож хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг нийтийн албанд томилогдох эрхийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн санд байршуулсан 2021 оны 12 сарын 24-ний өдөр Ж.Б гэсэн нэрээр тушаасан 300.000 төгрөгийг, Р.Г гэсэн нэрээр тушаасан 700.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Р.Г, Ш.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ад урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.БАЙГАЛМАА