Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

 

 

   

                                 

      2022         11           07                                        2022/ШЦТ/202

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн 2219000810278 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ... суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... гэх газарт оршин суух, урьд нь Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж 4 жилийн хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Э.Т /регистрийн .../,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Т нь ... гэх газраас 2021 оны 08 дугаар сард алдагдсан Н.Аийн эзэмшлийн нэг тооны Хонгор зүсмийн шүдлэн насны морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Э.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 01 сарын үед хөдөө явж байгаад отрын улсуудтай таарсан. Отрын хүмүүс мал зардаг болохоор асуугаад шарга байдас, хонгор үрээ хоёрыг авсан. Шарга байдас нь алга болсон. Харин хонгор үрээг нь 5 сар тэжээж байгаад мөнгөний хэрэг болоод Баяраа гэдэг хүнд зарчихсан. Тухайн үед үхүүлж байхаар гээд отрынхон хямдхан зардаг. Хонгор үрээг хүнд зарсны дараа эзэн нь холбогдсон. Хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, гэмшиж байна гэсэн мэдүүлэг, 

          -Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...хонгор үрээгээ сураад сураг гараагүй. 2021 оны 12 дугаар сард Сайншанд сумын 5 дугаар багаар нутаглах Норсүрэн гэх айлаас сураглахад Хонгор үрээ чинь зүүн урагшаа Цээсүрэнгийн Баяраа гэх залуу гаргасан сурагтай байна гэж хэлэхээр нь би Баяраагаас нь асуухад ...Сайншанд сумын 5 дугаар багийн иргэн Т гэх хүнээс сольж авсан гэж надад хэлсэн. ...Би урьд нь 3 үрээгээ хайж явахдаа Т гэх хүнтэй тааралдаад сурахад мэдэхгүй хараагүй гэж хэлж байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдрийн үед шил Т гэх хүнтэй ... дугаарын утсаар холбогдон чи яагаад хонгор халзан үрээг Баяраа гэх хүнд зарчихсан юм гэхэд би мэдэхгүй надад хамаагүй гэж хэлээд утас нь тасарсан дахиж холбогдоогүй” гэсэн /хх 09-11, 70 ху/,

          -Гэрч А.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг дээр явж байхдаа Цээсүрэнгийн Баяраа гэх хүнтэй таарсан юм. Бид хоёрын хооронд адууны яриа байсан юм. Тэгээд би Баяраагаас адуугаа авъя гэж хэлэхэд та маргааш яваад оч гэж хэлэхээр нь би эхнэрийнхээ хамт Цээсүрэнгийн Баяраагийн хөдөө гэрт нь очсон. Тэгсэн чинь надад хонгор халзан ч гэх юм уу сартай ч гэх юм уу зүсмийн дугуй хүрээтэй чагтан тамгатай үрээг ав ижил буруу юм аа, би Т ахаас үхэр өгч авсан юм гэж хэлэхээр нь би үрээг нь ачаад явсан. ...Би хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй надад Цээсүрэнгийн Баяраа нь хэлэхдээ Т ахаас авсан л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 53-54 ху/,

          -Хохирлын үнэлгээ  /хх 17 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 64, 67-68 ху/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 85 ху/

          -2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тамганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 97 ху/

          -2021 оны малын тооллого /хх 93-96 ху/

          -Дорноговь аймгийн шүүхийн 1995.11.24-ний өдрийн 14 дугаартай, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007.07.19-ний өдрийн 97 дугаартай, 2012.01.26-ны өдрийн 20 дугаартай,  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016.09.30-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 107-149 ху/

          -Хохирол төлсөн баримт /хх 150 ху/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Т нь ... гэх газраас 2021 оны 01 дугаар сард алдагдсан Н.Аийн эзэмшлийн нэг тооны хонгор зүсмийн шүдлэн насны морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Тын “...Отрын хүмүүс мал зардаг болохоор асуугаад шарга байдас, хонгор үрээ хоёрыг авсан. Шарга байдас нь алга болсон. Харин хонгор үрээг нь 5 сар тэжээж байгаад мөнгөний хэрэг болоод Баяраа гэдэг хүнд зарчихсан. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Аийн "...2021 оны 12 дугаар сард Сайншанд сумын 5 дугаар багаар нутаглах Норсүрэн гэх айлаас сураглахад Хонгор үрээ чинь зүүн урагшаа Цээсүрэнгийн Баяраа гэх залуу гаргасан сурагтай байна гэж хэлэхээр нь би Баяраагаас нь асуухад ...Сайншанд сумын 5 дугаар багийн иргэн Т гэх хүнээс сольж авсан гэж надад хэлсэн. ...Би урьд нь 3 үрээгээ хайж явахдаа Т гэх хүнтэй тааралдаад сурахад мэдэхгүй хараагүй гэж хэлж байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдрийн үед Шил Т гэх хүнтэй ... дугаарын утсаар холбогдон чи яагаад хонгор халзан үрээг Баяраа гэх хүнд зарчихсан юм гэхэд би мэдэхгүй надад хамаагүй гэж хэлээд утас нь тасарсан дахиж холбогдоогүй” гэсэн, гэрч А.Золзаяагийн "... би Баяраагаас адуугаа авъя гэж хэлэхэд та маргааш яваад оч гэж хэлэхээр нь би эхнэрийнхээ хамт Цээсүрэнгийн Баяраагийн хөдөө гэрт нь очсон. Тэгсэн чинь надад хонгор халзан ч гэх юм уу сартай ч гэх юм уу зусмийн дугуй хүрээтэй чагтан тамгатай үрээг ав ижил буруу юм аа, би Т ахаас үхэр өгч авсан юм гэж хэлэхээр нь би үрээг нь ачаад явсан. ...Би хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй надад Цээсүрэнгийн Баяраа нь хэлэхдээ Т ахаас авсан л гэж хэлсэн" гэсэн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, тамганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж бэлчээр нутгаасаа холдож, өөр орон нутагт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь тодорхойгүй байгаа таван хошуу мал, бусад тэжээвэр амьтдыг ойлгох бөгөөд “алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдыг өмчийг өөрт олж авахын тул идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрж, захиран зарцуулах эрх үүссэнээр төгссөнд тооцно.

          Шүүгдэгч Э.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,  2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заасан.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Аид 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА