Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

    

   

                                 

      2022         08           26                                        2022/ШЦТ/146

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Г.М,

         шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         шүүгдэгч Л.Б, Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Г.Н нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Б

 

        Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Н

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Б, Г.Н нар нь бүлэглэн .... багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын эзэмшлийн 27 тооны алдуул шүдлэн ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 3.240.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Л.Б, Г.Н нар нь бүлэглэн бусдын алдуул 27 тооны шүдлэн ямааг завшиж, гэмт хэргийн улмаас олсон мал болохыг мэдсээр байж, .... дугаар багийн нутаг дэвсгэрт О.Бы гэрт аваачиж ямааны ноолуурыг самнан авч ашиглан бусдад 925.600 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө манай гэрийн хойно байдаг том гэрлийн доор 27 тооны шүдлэн ямаа байсныг сумын нохой үргээх болов уу гээд тэр хавьд байдаг хашаанд хашсан. 04 дүгээр сарын 24-ний өдөр Хутагтын өлгий гэдэг зарын групп дээр энэ талаар зар тавьсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр айлд очиж ямаа самнах байсан болохоор 04 дүгээр сарын 26-ны өдөр нөгөө 27 тооны ямааг өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан. Эхнэр, дүү хоёр хамт явсан ба Б гэх хүнээс авсан миний шүдлэн гэж хэлсэн. Тэр үед 27 тооны ямаа байсан. Тухайн үед салхитай байсан. Эдгээр ямааг би ганцаараа самнасан. Нийт 8 кг гаран ноолуур болж, 900 гаруй мянган төгрөг болсон. Ямаа самнахад Нандинцэцэг байгаагүй, дүүтэйгээ аргалд явсан байсан. 27 шүдлэнгийн ноолуурын мөнгө 925.000 төгрөг, 1 шүдлэнгийн 120.000 төгрөг, шатахууны үнэ 360.000 төгрөг нийт 1.405.000 төгрөгийг төлсөн. 27 ямааг 1 өдөрт самнаж амжина. Бүдүүн ямаа 15-г самнадаг. Ноолуурын мөнгөө зээлд өгсөн. 27 тооны шүдлэнг авсан ба бусдыг нь мэдэхгүй. Би Бд миний ямаа л гэж хэлсэн. Ямаануудын эврийг нь будсан ба Баас будаг авсан гэсэн мэдүүлэг, 

          -Шүүгдэгч Г.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой нөхөр дэлгүүр яваад ирэхдээ хойд гэрлэн доор хэдэн ямаа байна хашчихлаа гэхээр нь хэний мал юм гэсэн чинь маргааш зар тавина гэсэн. 04 дүгээр сарын 26-ны өдөр айл руу ямаа самнахаар явсан. Хөлсөөр айлын ямаа самнадаг. Би фейсбүүк дээр зураг тавьсныг хараагүй. Нөхөр бид 2 малгүй, хүний малыг гэрийн гаднаас ачаад айлд тавьсан үйлдлийг мэдэж байсан гэж болно. 27 тооны ямаа самнахад хамт явсан. Гэхдээ өглөө 09 цагийн үед аргалд яваад өдөр 14 цагийн үед ирсэн. Банзрагч ямаа самнаад ноолуураа авч явааг мэдсэн. Миний хувьд хамт явсан. Ноолуураа зараад зээлэнд өгснийг мэдээгүй. Надад урьд нь зээл авсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг,

         -Хохирогч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 49 ямаагаа алдсан. Түүнээс 26 шүдлэнг олж авсан, үлдсэн малаа олж аваагүй. Эдгээр малыг алдсан цагаас хойш 1 сар эрж хайсан. Ойр хавийн баг бригадын айлын малыг нэг бүрчлэн шүүрдсэн боловч олоогүй. Тэгээд нэг өглөө суман дээр ирээд худгийн мөнгө хэрэг болж банк орсон. Банкин дээр байж байтал Батаа гээд нэг хүү Баатараа ямаагаа эрээд явж байсан, дөрвийг нь оллоо гээд ярихаар нь очиж үзтэл манай шүдлэнгүүд байсан. Тэгэхээр нь Баатараатай уулзаж асуухад зөв ганзага зүрхтэй ухамтай 49 шүдлэн алдсан, дөрвийг нь оллоо гэсэн. Тэгтэл Банзрагчийг авчирч тавьсан, наймаанд авсан, ногоо идээд байж байг гэж тавьсан гэж хэлсэн. 26 шүдлэнгээ хүлээн авсан ба 1 шүдлэнгийн үнэ 120.000 төгрөг, ноолуурын мөнгө гэж 925.000 төгрөг, бензины мөнгө 360.000 төгрөг, нийт 1.405.000 төгрөгийг Банзрагч өгсөн. Эдгээр хүмүүс нь бидний амьдралыг мэднэ, манай малыг таних ёстой. Буруу зүйл хийсэн гэж үзэж байна. Үлдсэн 12 шүдлэнгийн 6 нь бүдүүн хонь, ямаа мал байсан. Үүнийхээ үнийг төлүүлмээр байна. Би 04 дүгээр сарын 15-ны өдөр хургатай хонь, ишигтэй ямааг ялгасан. Энэ алдсан шүдлэнгүүд сувай малд хамт байсан. Энэ 43 шүдлэнгээ бордоогүй, харин 3 ямаа, 3 хонь нь бүдүүн борлогдохоор байсан. Энэ алдсан малаас 6 малыг зарж борлуулахад боломжтой байсан. Манай малыг Банзрагч нь эхнэр, дүү нарынхаа хамт ачиж аваачиж тавьсан гэж Б хэлсэн. Шүдлэнгээс 500 гр ноолуур гардаг. Шүдлэнг хурдан самнахад 30 минут самнана. Удаан самнахад 45 минут самнана. Ер нь бол самнана, будна гэдэг бол ажиллагаатай. Банзрагчтай сүүлд уулзсан. Тэгэхэд муухай юм боллоо, төлье гэсэн. Үлдэгдэл 12 шүдлэнг цагдаа шалгаж байгааг мэдэж байгаа. Надаас мэдүүлэг авсан гэсэн мэдүүлэг,

            -Гэрч О.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр он сарыг нь санахгүй байна. Л.Б утсаар холбогдоод танай гэрт мал дээр чинь хэдэн шүдлэн аваачаад тавьж болох уу гэж ярьсан. Тэгэхээр нь би юун шүдлэн хэзээ авах юм бэ гэж асуух үед би наймаанд хэдэн шүдлэн авсан юм. Ногоо идүүлж байгаад зунаас удахгүй авна гэсэн. Тэгэхээр нь би за тэг гэсэн. Тэгтэл маргааш нь өөрийнхөө бор ногоон өнгийн 21-94 ДГА улсын дугаартай байх, сайн санахгүй байна, тээврийн хэрэгсэлтэй 27 ширхэг зөв нь араараа ганзага буруу нь үзүүрээсээ онь чихлээстэй бүгд ноолууртай шүдлэн ямаануудыг эхнэр Нандинцэцэг, Л.Б, дүү Заяа нар ачиж ирсэн. Тэгээд малд нийлүүлээд явсан. Тэгээд хоёр хоногийн дараа Л.Б, Нандинцэцэг, Заяа нар ирж уг шүдлэнгүүдээ самнаж аваад ноолуурыг нь аваад ямаагаа үлдээгээд явсан. Тэгтэл ямаагаа самнаснаас нь хойш 7 гаран хоногийн дараа 5 ширхэг шүдлэн нь тасраад алга болсон байсан. Тэгээд би хүний мал алдсан гээд айлуудаас сураглаад байж байтал 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сумын төв дээр М ах ирж уулзаад чиний сураад байсан шүдлэн миний хайгаад байгаа шүдлэн байна гэсэн. ...Ирсэн шүдлэнгүүд нь эвэр дээрээ будаггүй байсан. Банзрагч ноолуурыг нь самнаад дараа нь будаг тавьсан. Тэмдэггүй бол хүний малтай холино гэж бодсон. М ахын мал гэж мэдээгүй. Банзрагчийг худалдаж авсан байна гэж бодсон гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

          -Гэрч Л.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг хөдөөнөөс ирэх үед Банзрагч ах 27 ноолууртай шүдлэн ямаа өөрийн эзэмшлийн бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд чиргүүл зүүж дээр нь ачсан байсан. Тэгэхээр нь энэ юун ямаа юм бэ гэхэд шуурганаар манай гэрийн арын гэрлийн шонгийн хажууд бөөгнөрөөд байж байхаар нь гэрийн ард байдаг блокон хашаанд хашиж 2 хоног эзнийг нь сурагласан олдохгүй байна, урагшаа Бы гэрт аваачиж тавих гэж байгаа гэсэн. ...Маргааш нь өглөө Нандиа эгч бид хоёр аргалд явж ирээд орой нь шууд сум явсан. Нандиа эгч бид хоёрыг аргалд яваад ирэхэд ирэх үед Банзрагч ах самнасан ноолуурыг нь машины ард хийж байсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

          -Гэрч М.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр малаа бэлчээгээд гэрээс баруун тууш явж байтал бага мал тараад явж байсан. Тэгэхээр нь би очиж гэрийн зүг туугаад явж байгаад могойтын замын зүүн талд малынхаа бэлчээр дээр орхиод гэрээдээ явах байх гээд үлдээсэн. Орой нь малаа хотлуулах үедээ нийлсэн байх гэж бодсон. Тэгээд маргааш нь малаа үзэх үед бага мал дутуу байсан. Тоолох үед 43 ширхэг ноолууртай шүдлэн, самнасан 3 эр ямаа 3 хонь нийт 49 мал байхгүй байсан. Тэгэхээр нь малаа хайж би дуугүй Эрдэнээ, Зооёо, Ганхөлөг, Болдоо зэрэг айлуудаар орсон. Тэгээд олохгүй болохоор нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймаг Хөвсгөл сумын Хутагтуудын өлгийн нутаг зарын группт мал хайж байна гэсэн зар оруулсан. Би удалгүй Сайншанд сум явсан манай аав М малаа эрээд айлуудаар сураглаад яваад байсан. Малаа олохгүй болохоор нь дахин 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зар оруулсан. Тэгтэл манай аав малаа хайж байгаад сургийг нь гаргасан байсан. ...Тухайн үедээ мэдэгдээгүй байж байгаад суулд нь 2022 оны 06 дугаар 08-ны өдөр Дорноговь аймгийн цагдаагийн газрын малын хулгай хариуцдаг хүнд нь мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

         -Гэрч С.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б 2022 оны 05 сарын сүүлээр манайд ирээд цэнхэр будагтай 5 шүдлэн ямаа алга боллоо, багийнхаа иргэдээс асуугаад өгөөч гэсэн. Банзрагчийг хэдэн шүдлэн ямаа авчирч тавьсан гэж хэлж байсан. Хүний ямаа алга болгоод өрөнд орох гээд байна гэхээр нь багийнхаа иргэдээс асууж сураглаж өгсөн. ...2022 оны 06 сарын эхээр банкинд очоод байж байтал  М ах ирээд цэнхэр будгаар хэнийх малынхаа эврийг буддаг вэ гэсэн. Тэгэхээр нь хаана байна ...Б асуулгаад байсан гэтэл малын чихлээс нь ямар юм бэ гэхээр нь 2 талаас ганзага гэж харагдаж байсан гэхдээ тэр хэдэн шүдлэн Банзрагч авчирч тавьсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 25-26 ху/

          -Гэрч Ц.Баатарчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын дундуур ноолуур авч байсан. ...Би ноолуур зарсан мөнгийг нь Банзрагчийн 5372090165 дугаарын Хаан банкны дансанд өөрийн эхнэрийн хаан банкны 5372014297 дугаарын данснаас газар дээр нь шилжүүлж хийсэн. 8 килограмм гаран ноолуур авчирч зарсан. Би 1 килограмм ноолуур 110.000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 925.600 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

          -Гэрч Т.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын дундуур яг хэдний өдрийг санахгүй байна их шороотой өдөр байсан. Би сумын төвөөс баруун урд зүгт 30 орчим км байдаг Цагаан хад гэх газарт хөдөө гэртээ өөрийн мал дээрээ очоод оройн ирсэн. Сумын төв дээрх гэрт Нандинцэцэг Банзрагч хоёр хэдэн хүүхэд хараад үлсэн. Орой ирэх үед Нандинцэцэг Банзрагч гэрийн хойд талд байх Лантуугийн эзэнгүй блокон хашаанд хэдэн шүдлэн байхаар нь авчраад хашсан гэж байсан. Зургийг нь сумын групп дээр тавьсан юм уу гэж асуух үед фэйсбүүк дээр тавьсан гээд Нандинцэцэг зураг үзүүлж байсан. Би хөдөө ирэн очин байдаг болохоор нөгөө малыг нь хаашаа авч явсан талаар нь мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

          -Гэрч Л.Цэндмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...өглөө нь малаа хотноос гаргаад хартал шүдлэн ямаанууд дутуу байсан. Тэгтэл манай хүү Мөнх-Од өчигдөр дөхүүлээд орхисон шүдлэн голдуу ямаанууд ирээгүй байна гэсэн. Манай нөхөр М өглөө эрт Сайншанд сум явсан байсан. Тэгээд хүү бид хоёр малаа тоолох үед ноолууртай 43 шүдлэн ямаа 3 хонь, 3 эр ямаа нийт 49 тооны мал дутуу байсан. ...Тэгээд мал алга болсон байхаар нь манай хүү араас нь малаа эрж хайсан. Манай нөхөр 2 хоноод Шандаас ирсэн. Тэгээд ирээд хоёулаа хамт малаа хайсан. Танай баруун талаар ойрхон 10 гаран км бага малтай айл огт байхгүй. Тэгтэл манай малын бэлчээрээс баруун талаар Эрдэнэбулган бага мал хадмаасаа тастаад аваад явж байхаар нь манай хүү очиж мал дотор нь малаа үзсэн байхгүй байна гэж байсан. ...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр би дэлгүүртээ сууж байтал манай дэлгүүрт Банзрагч Нандинцэцэг нар орж ирсэн. Надаас машины сэлбэг сураглаж орж ирсэн. Тухайн үед нь би Банзрагч Нандинцэцэг нараас зөв нь араасаа ганзага, буруу нь зүрх ухам буюу онь чихлээстэй 50 орчим шүдлэн голдуу мал харсан уу гэж асуух үед Банзрагч Нандинцэцэг нар хараагүй гэж хэлж байсан. ...Манай хүү Мөнх-Од зар оруулсан. Яг хэзээ оруулсан талаар санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

          -Яллагдагч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчимд дэлгүүр орчоод иртэл манай гэрийн ард талын гэрлийн шонгийн доор хэдэн ямаа бөөгнөрөөд зогсож байсан. Очоод харахад дандаа шүдлэн ямаа байсан. Тэгэхээр нь манай гэрийн ард талд байдаг лантуу гэх хүний блокон хашаанд оруулж хашсан. Уг хашаа нь блокон хаалга нь жижиг торон хаалгатай байсан. Тэнд оруулж хашиж орхиод гэртээ харьсан. Тухайн үедээ би ганцаараа байсан. Маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө нь очиж тоолох үед 27 ширхэг шүдлэн ямаа байсан. Тоолоод Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хутагтуудын өлгий нэртэй зарын группт 27 тооны шүдлэн ямаа явж байна хашлаа холбогдоорой гээд 88238221дугаарын утас тавьсан. Тэгээд 2 хоног болсон. Уг хоёр хоногт 27 ямаа хашаатай байсан. Тэгээд би Батчулуун ахын хүү Эрдэнэболдын гэрт очиж ямаа самнах ёстой байсан. ...би өөрийн эзэмшлийн 21-94 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлд чиргүүл чирч чиргүүл дээрээ 27 шүдлэнгээ ачаад эхнэр Нандинцэцэг, дүү Отгонзаяа нарын хамт ачиж хүргэж өгсөн. ...Ямаа самнахдаа эхнэр дүүргийн хамт явсан. Бы гэрт аваачиж тавьсан 27 ширхэг шүдлэн ямаагаа би самнасан. ...27 ширхэг шүдлэн ямаа хашаанд хашсан талаар манай эхнэр Нандинцэцэг мэдсэн. Өөр хүн мэдээгүй. ...би 27 шүдлэн ямааны 2 эврийг цэнхэр өнгийн будгаар будсан. ...ноолуур нийт 900.000 гаран мянган төгрөг болсон гэсэн мэдүүлэг /хх 16-17, 30, 99 ху/,

         -Яллагдагч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би нөхөр Банзрагчтай нийлж 27 тооны мал хашилцаагүй, ноолуурыг нь самнаж хэрэглээгүй гэсэн мэдүүлэг /хх 101 ху/,

          -Хохирогч Г.Мын мал тооллогын бүртгэл /хх 39-44 ху/,

         -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 46-52 ху/,

         -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 53-55 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 67-68 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 84-91, 99 ху/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 123 ху/,

          -Хохирол төлсөн баримт /хх 195 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 160-162 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

        Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Г.Нийг Л.Бтай бүлэглэн .... багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын эзэмшлийн 27 тооны алдуул шүдлэн ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 3.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Г.Н, Л.Б нарыг бүлэглэн бусдын алдуул 27 тооны шүдлэн ямааг завшиж, гэмт хэргийн улмаас олсон мал болохыг мэдсээр байж, ямаануудын ноолуурыг самнан авч ашиглан бусдад 925.600 төгрөгөөр худалдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзлээ.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Нийг бүлэглэн алдуул мал завших, мөн шүүгдэгч Г.Н, Л.Б нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой нөхөр дэлгүүр яваад ирэхдээ хойд гэрлэн доор хэдэн ямаа байна хашчихлаа гэхээр нь хэний мал юм гэсэн чинь маргааш зар тавина гэсэн. 04 дүгээр сарын 26-ны өдөр айл руу ямаа самнахаар явсан. Хөлсөөр айлын ямаа самнадаг. Нөхөр бид 2 малгүй, намайг хүний малыг гэрийн гаднаас ачаад айлд тавьсан үйлдлийг мэдэж байсан гэж болно. 27 тооны ямаа самнахад хамт явсан. Гэхдээ өглөө 09 цагийн үед аргалд яваад өдөр 14 цагийн үед ирсэн. Банзрагч ямаа самнаад ноолуураа авч явааг мэдсэн. Ноолуураа зараад зээлэнд өгснийг мэдээгүй. Надад урьд нь зээл авсан гэж хэлж байсан. Миний хувьд хамт явсан” гэж, шүүгдэгч Л.Б “...манай гэрийн хойно байдаг том гэрлийн доор 27 тооны шүдлэн ямаа байсныг сумын нохой үргээх болов уу гээд тэр хавьд байдаг хашаанд хашсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр айлд очиж ямаа самнах байсан болохоор 04 дүгээр сарын 26-ны өдөр нөгөө 27 тооны ямааг өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан. Эхнэр, дүү хоёр хамт явсан. ...Эдгээр ямааг би ганцаараа самнасан. ...Ямаа самнахад Нандинцэцэг байгаагүй, дүүтэй аргалд явсан байсан. ...Ноолуурын мөнгөө зээлэнд өгсөн” гэж,  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Б “...өөрийнхөө бор ногоон өнгийн 21-94 ДГА улсын дугаартай байх, сайн санахгүй байна, тээврийн хэрэгсэлтэй 27 ширхэг зөв нь араараа ганзага буруу нь үзүүрээсээ онь чихлээстэй бүгд ноолууртай шүдлэн ямаануудыг эхнэр Нандинцэцэг, Л.Б, дүү Заяа нар ачиж ирсэн. Тэгээд малд нийлүүлээд явсан. Тэгээд хоёр хоногийн дараа Л.Б, Нандинцэцэг, Заяа нар ирж уг шүдлэнгүүдээ самнаж аваад ноолуурыг нь аваад ямаагаа үлдээгээд явсан. ...Банзрагч ноолуурыг нь самнаад дараа нь будаг тавьсан” гэж /хх 13-14 ху/, гэрч Л.Отгонзаяа “...Намайг хөдөөнөөс ирэх үед Банзрагч ах 27 ноолууртай шүдлэн ямаа өөрийн эзэмшлийн бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд чиргүүл зүүж дээр нь ачсан байсан. Тэгэхээр нь энэ юун ямаа юм бэ гэхэд шуурганаар манай гэрийн арын гэрлийн шонгийн хажууд бөөгнөрөөд байж байхаар нь гэрийн ард байдаг блокон хашаанд хашиж 2 хоног эзнийг нь сурагласан олдохгүй байна, урагшаа Бы гэрт аваачиж тавих гэж байгаа гэж хэлсэн” гэж /хх 21 ху/, гэрч Т.Сүнжидмаа “...Орой ирэх үед Нандинцэцэг Банзрагч гэрийн хойд талд байх Лантуугийн эзэнгүй блокон хашаанд хэдэн шүдлэн байхаар нь авчраад хашсан гэж байсан” гэж /хх 28 ху/, яллагдагч Л.Б “...манай гэрийн ард талын гэрлийн шонгийн доор хэдэн ямаа бөөгнөрөөд зогсож байсан. Очоод харахад дандаа шүдлэн ямаа байсан. Тэгэхээр нь манай гэрийн ард талд байдаг Лантуу гэх хүний блокон хашаанд оруулж хашсан. Тухайн үедээ би ганцаараа байсан. Маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө нь очиж тоолох үед 27 ширхэг шүдлэн ямаа байсан. ...Тэгээд би Батчулуун ахын хүү Эрдэнэболдын гэрт очиж ямаа самнах ёстой байсан. ...би өөрийн эзэмшлийн 21-94 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлд чиргүүл чирж чиргүүл дээрээ 27 шүдлэнгээ ачаад эхнэр Нандинцэцэг, дүү Отгонзаяа нарын хамт ачиж хүргэж өгсөн. ...Ямаа самнахдаа эхнэр дүүгийн хамт явсан. Бы гэрт аваачиж тавьсан 27 ширхэг шүдлэн ямаагаа би самнасан. ...27 ширхэг шүдлэн ямаа хашаанд хашсан талаар манай эхнэр Нандинцэцэг мэдсэн” гэж /хх 16-17, 30, 99 ху/, яллагдагч Г.Н “Би нөхөр Банзрагчтай нийлж 27 тооны мал хашилцаагүй, ноолуурыг нь самнаж хэрэглээгүй” гэж тус тус мэдүүлж байх бөгөөд шүүгдэгч Г.Нийг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэх, мөн Л.Б, Г.Н нарыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авсан гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж бэлчээр нутгаасаа холдож, өөр орон нутагт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь тодорхойгүй байгаа таван хошуу мал, бусад тэжээвэр амьтдыг ойлгох бөгөөд “алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдыг өмчийг өөрт олж авахын тул идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрж, захиран зарцуулах эрх үүссэнээр төгссөнд тооцох тул тухайн шүдлэнгийн ноолуурыг самнаж ашиг олсон үйлдлийг тусдаа бие даасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Б, Г.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Харин шүүгдэгч Л.Б нь .... багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын эзэмшлийн 27 тооны алдуул шүдлэн ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 3.240.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

          Шүүгдэгч Л.Бийн 27 тооны шүдлэн ямааг бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших сэдэл төрж, улмаар “наймаанд авсан” гэж бусдад итгүүлэн, эврийг нь будаж, ноолуурыг нь самнан авч 925.000 төгрөгийн ашиг олж захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой бөгөөд алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

      Шүүгдэгч Л.Бид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

          Шүүхээс шүүгдэгч Л.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Хохирлын хувьд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мт 27 тооны шүдлэн буюу 3.240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 26 тооны шүдлэнг хохирогчид биет байдлаар буцаан олгож, үнэлгээний дагуу 1 шүдлэнгийн үнэ 120.000 төгрөг, ноолуурын үнэ 925.000 төгрөг, бензины зардал 360.000 төгрөг, нийт 1.405.000 төгрөгийг төлж, хохирол төлбөрийг барагдуулсан байна.

          Улсын яллагчаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ УАЗ-31512 маркийн, 21-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэж хурааж, улсын орлого болгох дүгнэлтийг гаргаж байх боловч тухайн алдуул мал гэмт этгээдийн мэдэлд орж, захиран зарцуулах эрх үүссэнээр энэ гэмт хэрэг төгссөнд тооцогдох тул дээрхи тээврийн хэрэгслийг завших гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

          Иймд УАЗ-31512 маркийн, 21-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн Прокурорын 5/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Б, Г.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан адуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         6.Энэ хэрэгт УАЗ-31512 маркийн 21-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 5/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА