| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0117/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/154 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/154
2022 09 05 2022/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч М.Отгонбаатар,
Иргэдийн төлөөлөгч А.Чимгээ,
Хохирогч Ж.О,
Гэрч Б.Буянжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эод холбогдох эрүүгийн 2219000000095 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... эх газарт өөрийн гэртээ ахуйн хэрэглээний заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Ж.Оын нуруун тус газарт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би буруутай зүйл хийсэндээ гэмшиж байна. Би эхнэрээ л айлгах гэж байсан юм. Эхнэртэйгээ маргалдаад гал тогооны шургуулгаас заазуур аваад байж байтал найз О гаднаас орж ирээд юундаа уурлаад байгаа юм гээд урдуур орж намайг тэвэрсэн юм. Би санаандгүй найзыгаа гэмтээсэн. Энэ үед эхнэр баруун орны хойд талд зогсож байсан. Намайг заазуур бариад зогсож байхад О гаднаас орж ирээд тэврээд авахад нь заазуур барьж байсан чигээрээ ар талаас нь цохигдсон байсан. О бид хоёр урьд нь муудалцаж байгаагүй. Би нэлээн согтуу байсан, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Найзыгаа эмнэлэгт байхад нь тусалсан, гэхдээ баримт байхгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ж.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гадаа гарч бие засчихаад орж иртэл манай хоёр найз муудалцаж байсан. Найз маань заазуур бариад зогсож байхаар нь урдуур нь ороод тэвэртэл заазууртай гарт нь цохигдож таарсан. Тэрнээс биш далайж, дайрсан зүйл байхгүй. Бид тэр орой пиво ууцгаасан. Би 7 хоног эмнэлэгт хэвтээд гарч гадуур эмчилгээ хийлгэсэн. Зүүн далан доогуур зүсэгдсэн байсан. 11 оёдол тавиулсан гэж байсан. Уушиг унжилттай байна гээд хагалгаанд орсон, хавирга цууралттай байна гэж байсан. Одоо эдгэрсэн, биеийн байдал зүгээр болсон. Гомдол санал байхгүй. Эрдэнэболд нь надад эмнэлгийн зардал болон хоол ундны бүх зардлыг өгч байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед бид хоёр гал тогооны шүүгээний зүүн урд талд байсан гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Буянжаргалын Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би баруун орны хажууд байсан. Эрдэнэболд зүүн урд гал тогооны шүүгээний наана зогсож байсан. Бид хоёр хүүхдэдээ тоглоом авч өгөхөөс болоод маргалдсан. Энэ үед Эрдэнэболд заазуур аваад гараа алдлаад байж байсан. Тэгтэл гаднаас О орж ирээд Эрдэнэболдыг тэврээд авсан.Тэр өдөр бид пиво, вино уусан байсан гэсэн мэдүүлэг,
-Гэрч А.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө унтаж байтал 02-03 цагийн орчимд манай бэр эгч Буянжаргал утсаар залгаад бөөндөө хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь эгч Боролзоймаагийн хамт Эрдэнэболдын гэрт очсон. Бид хоёрыг очих үед Буяндэлгэр эгч Эрдэнэболд Оыг хутгалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид эмнэлэгт утсаар мэдэгдээд Оыг аваад эмнэлгийн машин тосоод явсан гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,
-Гэрч Х.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би үзлэг хийсэн. Тэгээд хагалгаанд орсон. Цээжний нуруун талд буюу далны зүүн талын доод талд байрлах оёсон шарх байсан. Уг шархыг задалж үзэх үед уг шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсан. Тийм учраас хагалгаанд орсон. Цээжний хөндийд хурсан цусыг угааж цэвэрлэн цээжний хөндийд байх эрхтнүүдэд илэрхий гэмтлийн шинж үгүй байсан учир цээжний хөндийд гуурс байрлуулж хагалгааг дуусгасан. ...цээжний хөндийд цус байна гэдэг нь цээжний хөндийд нэвтэрсэн гэсэн үг. Цээжний хөндийд нэвтэрсэн үед заавал цус байх ёсгүй, цээжний хөндий нэвтэрсэн тохиолдолд шалгах хагалгаанд орох заалттай гэсэн мэдүүлэг /хх 97, 104-15 ху/,
-Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Цээжний зүүн ар талд 10 дугаар хавирганы орчимд зүсэгдсэн шархтай байсан. Шарханд гадна оёдол тавьсан байсан, шархыг оёдлыг авч шалгах үед цус гадагч урсаж гарсан. Багаж хийж шалгахад хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч байв. ...Цээжний хөндийд нэвтэрсэн байсан. ...Зүүн ар талын 10 дугаар хавирга дундуураа хөндлөн байрлалтай цуурч хугарсан байсан. Тэгээд цээжний хөндийг шалгахад ойролцоох эрхтэнд илэрхий гэмтлийн шинжгүй байсан. Цээжний хөндийд ариун вакум гуурс байрлуулж шархыг үечлэн хаасан гэсэн мэдүүлэг /хх 101-102 ху/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/0129 дугаартай дүгнэлтэнд:
1.Ж.Оын биед нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 78-79 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/0147 дугаартай дүгнэлтэнд:
1.Ж.Оын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт, нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт, гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Учирсан нурууны шарх, зүүн 10 дүгаар хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 107-108 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 551 дугаартай дүгнэлтэнд:
1.Ж.Оын нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, 10 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл учирчээ.
2.Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрхи гэмтлүүд нь амь насанд аюулгүй, эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт үүсгэхгүй гэмтэл болно.
4.Шинжээчийн 02/0129 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 02/0147 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх 176-178 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 668 дугаартай дүгнэлтэнд:
1.Хохирогч Ж.Оын биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, арьсан дор хий хуралт, зүүн 10-р хавирганы хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
3.Урьд гаргасан шинжээчийн 02/0129, 551 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй, 02/0147 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /2 хх 25 ху/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 ху/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 26-28, 30-31, 33 ху/,
-Хувцсанд болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29, 32 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 ху/,
-Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх 80-93 ху/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 112-114, 116-118 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хадан Хошуу гэх газарт өөрийн гэртээ ахуйн хэрэглээний заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Ж.Оын нуруунд цээжний хөндий нэвтэрсэн хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч А.Эын “...Эхнэртэйгээ маргалдаад гал тогооны шургуулганаас заазуур аваад байж байтал найз О гаднаас орж ирээд юундаа уурлаад байгаа юм гээд урдуур орж намайг тэвэрсэн юм. Би санаандгүй найзыгаа гэмтээсэн. ...Намайг заазуур бариад зогсож байхад О гаднаас орж ирээд тэврээд авахад нь заазуур барьж байсан чигээрээ ар талаас нь цохигдсон байсан” гэсэн, хохирогч Ж.Оын “...Гадаа гарч бие засчихаад орж иртэл манай хоёр найз муудалцаж байсан. Найз маань заазуур бариад зогсож байхаар нь урдуур нь ороод тэвэртэл заазууртай гарт нь цохигдож таарсан. Тэрнээс биш далайж, дайрсан зүйл байхгүй” гэсэн, гэрч Б.Буянжаргалын “...Бид хоёр хүүхдэдээ тоглоом авч өгөхөөс болоод маргалдсан. Энэ үед Эрдэнэболд заазуур аваад гараа алдлаад байж байсан. Тэгтэл гаднаас О орж ирээд Эрдэнэболдыг тэврээд авсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч А.Эрдэнэбаярын “...унтаж байтал 02-03 цагийн орчимд манай бэр эгч Буянжаргал утсаар залгаад бөөндөө хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь эгч Боролзоймаагийн хамт Эрдэнэболдын гэрт очсон. Бид хоёрыг очих үед Буяндэлгэр эгч Эрдэнэболд Оыг хутгалсан гэж хэлсэн” гэсэн, гэрч Х.Эрдэнэбулганы “...Цээжний нуруун талд буюу далны зүүн талын доод талд байрлах оёсон шарх байсан. Уг шархыг задалж үзэх үед уг шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсан. Тийм учраас хагалгаанд орсон. Цээжний хөндийд хурсан цусыг угааж цэвэрлэн цээжний хөндийд байх эрхтнүүдэд илэрхий гэмтлийн шинж үгүй байсан учир цээжний хөндийд гуурс байрлуулж хагалгааг дуусгасан” гэсэн, гэрч Д.Гантулгын “...Цээжний зүүн ар талд 10 дугаар хавирганы орчимд зүсэгдсэн шархтай байсан. Шарханд гадна оёдол тавьсан байсан, шархыг оёдлыг авч шалгах үед цус гадагч урсаж гарсан. Багаж хийж шалгахад хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч байв. ...Зүүн ар талын 10 дугаар хавирга дундуураа хөндлөн байрлалтай цуурч хугарсан байсан. Тэгээд цээжний хөндийг шалгахад ойролцоох эрхтэнд илэрхий гэмтлийн шинжгүй байсан. Цээжний хөндийд ариун вакум гуурс байрлуулж шархыг үечлэн хаасан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт, нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд учирч цээжний хөндийд нэвтэрсэн шархыг хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 02/0147, 668 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас зэргээр дээрхи үйл баримт нотлогдож байх бөгөөд түүний гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр шалтгаант холбоотой байна.
Энэ хэргийн хувьд хохирогч Ж.Оын биед учирсан гэмтлийг тогтоохдоо “нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн 02/0129, 551 дугаартай дүгнэлтүүд, мөн “цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт бүхий гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн 02/0147, 668 дүгнэлтүүд тус тус гарсан бөгөөд хэргийн үйл баримт болон энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Эрдэнэбулганы “...Цээжний нуруун талд буюу далны зүүн талын доод талд байрлах оёсон шарх байсан. Уг шархыг задалж үзэх үед уг шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсан. Тийм учраас хагалгаанд орсон. Цээжний хөндийд хурсан цусыг угааж цэвэрлэн цээжний хөндийд байх эрхтнүүдэд илэрхий гэмтлийн шинж үгүй байсан учир цээжний хөндийд гуурс байрлуулж хагалгааг дуусгасан” гэсэн, гэрч Д.Гантулгын “...Цээжний зүүн ар талд 10 дугаар хавирганы орчимд зүсэгдсэн шархтай байсан. Шарханд гадна оёдол тавьсан байсан, шархыг оёдлыг авч шалгах үед цус гадагч урсаж гарсан. Багаж хийж шалгахад хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч байв. ..Тэгээд цээжний хөндийг шалгахад ойролцоох эрхтэнд илэрхий гэмтлийн шинжгүй байсан. Цээжний хөндийд ариун вакум гуурс байрлуулж шархыг үечлэн хаасан” гэсэн мэдүүлгүүдээр хохирогчид учирсан гэмтэл нь цээжний хөндий нэвтэрсэн хүнд гэмтэл байх тул шинжээчийн 02/0147, 668 дүгнэлтүүдийг үндэслэл болгосон болно.
Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Эын үйлдэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оын “...Гадаа гарч бие засчихаад орж иртэл манай хоёр муудалцаж байсан. Найз маань заазуур бариад зогсож байхаар нь урдуур нь ороод тэвэртэл заазууртай гарт нь цохигдож таарсан. Тэрнээс биш далайж, дайрсан зүйл байхгүй” гэсэн, гэрч Б.Буянжаргалын “...Бид хоёр хүүхдэдээ тоглоом их авч өгөхөөс болоод маргалдсан. Энэ үед Эрдэнэболд заазуур аваад гараа алдлаад байж байсан. Тэгтэл гаднаас О орж ирээд Эрдэнэболдыг тэврээд авсан” гэсэн тогтвортой өгсөн мэдүүлгүүд, цээжний хөндийд нэвтэрсэн хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0147, 668 дугаартай дүгнэлтүүд болон бусад нөхцөл байдлаар шүүгдэгч А.Эыг согтууруулах ундаа хэрэглэж улмаар өөрийгөө хянах, үйл хөдлөлөө удирдах чадвар нь тодорхой түвшинд буурсан үедээ бусадтай маргалдаж хайхрамжгүй байдлаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт, нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирлыг болгоомжгүй учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Э нь бусадтай маргалдаж байх үедээ ахуйн хэрэглээний заазуурыг авч далайх явцад хохирогч тэвэрч авснаар түүний нуруун тус газар хутгатай гараараа цохиж хохирогчид цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт, нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд учрахад хүргэжээ.
Дээрхи үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй ба хор уршгийн субъектив шинжийн хувьд мэдээгүй, ухамсарлаагүй гэж үзэж болох боловч объектив талаас нь харвал хор уршгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой, уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эод Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Эын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хэргийн бодит байдалтай тохирч байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу дээр маргаагүй болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгчээс “Эрдэнэболд нь эмнэлэгт байх хугацаанд бүх зардлыг өгч байсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр заазуур 1 ширхэг, CANTI нэртэй дарсны шил 1 ширхэг, MERLOT нэртэй дарсны шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 2 метр 60 см урттай бент 1 ширхэг, хөх өнгийн даавуун пудволк 1 ширхэг, ноосон цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тооцож, жолоочийн үнэмлэхийг хурааж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр заазуур 1 ширхэг, CANTI нэртэй дарсны шил 1 ширхэг, MERLOT нэртэй дарсны шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 2 метр 60 см урттай бент 1 ширхэг, хөх өнгийн даавуун пудволк 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.АДЪЯАСҮРЭН
А.ЦЭРЭНХАНД