Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0103/З |
Дугаар | 221/МА2024/0364 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0364
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/474 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0253 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2024/0103/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь БОАЖСад холбогдуулан “БОАЖСын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/474 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0253 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: ““Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖСад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0253 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийн тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0253 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7. Хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч маргаан бүхий актыг мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгчээс тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, санал авах боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ.
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасан. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу сонгох боломжоо ашиглан өөрийн болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан мэдэгдсэн. Иймд сонсох ажиллагааг хууль ёсны дагуу гэж үзэх нь үндэслэлгүй.
3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь үндэслэлийн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10. "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно." гэж тайлбарласан байна. Гэтэл нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны явцад газрын төлбөр төлсөн болон зориулалтын дагуу ашигласан талаарх тайлбараа ирүүлээгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас ковид цар тахлын нөхцөл байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг боловч энэ талаарх баримт болон force majure гэрчилгээг гарган өгөөгүй тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлгүй ба шүүх үүнийг хангалттай дүгнэн үзээгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0253 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “БОАЖСын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/474 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг БОАЖСад холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтыг үзэхэд БОАЖСын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/147 дугаар тушаалаар “Б” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай Зайсангийн ам нэртэй газарт 6,030 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах гэрээ байгуулжээ.
3.1. Гэвч БОАЖСын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/474 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
3.2. Анхан шатны шүүх “... 2020-2023 оны газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаар тооцоо нийлсэн актыг ирүүлснээр газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна ... газрын үзлэгээр барилгын суурь цутгасан байсан нь тогтоогдсон тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
4.1. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
4.2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
4.2.1. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10-17/137 дугаар албан бичгээр “Б” ХХК-тай тооцоо нийлсэн актыг ирүүлсэн байна.
Үүнээс үзвэл “Б” ХХК нь маргаан бүхий актыг гарахад буюу 2020-2023 онд газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.
4.2.2. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2022/33-018 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, схем зураг хийлгэж, барилгын суурь цутгасан болох нь анхан шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байгаа энэ тохиолдолд “Б” ХХК-ийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхгүй.
Энэ үндэслэлүүдээр түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн БОАЖСын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/474 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зоригодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонсох боломжоо ашиглан өөрийн болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудаст байршуулсан ... сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгчээс төлбөр төлсөн болон зориулалтын дагуу газраа ашигласан талаарх тайлбараа ирүүлээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
5.1. Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ зөрчиж, газрын төлбөр төлсөн болон газраа зориулалтын дагуу ашигласан эсэийг тогтоохгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, бодит нөхцөлд тохироогүй шийдвэр гаргажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ