Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 629

 

186/2019/0182/Э

 

 

 

 

 

2019          6             25                                           2019/ДШМ/629

 

Ч.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ч.А , түүний өмгөөлөгч Н.Санчирдорж,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.А холбогдох эрүүгийн 1803010060040 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Ч-ын А , ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Ч.А  нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 55-10 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Сильвия Грендиенег мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Сильвия Грендиене, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Баттуяа нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 6,237,078 төгрөгөөс 5,669,178 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.А  хохирогч Сильвия Грендиенед 1,220,030 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Ч.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баттуяа давж заалдах гомдолдоо: “...Шүүгч Б.Мөнхбаяр нь шүүх хурлаар шийдвэрлэсэн эрүүгийн 1803010060040 дугаартай хэргийн шийтгэх тогтоолд, шүүгдэгч Ч.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуульд энэ гэмт хэрэг үйлдсэн хүнд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч Ч.А  нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ ...Ажил руу явж байгаад баруун 4 зам руу эргэх үед гэнэт хурц нар өөдөөс туссан. Тэр үед би нар тусахаар нь нүдээ анивчаад, нээгээд хархад хохирогчийг мөргөчихсөн байсан. Би машинаасаа буугаад хохирогчтой ярилцаж байгаад зам дээр суулгаж, холбогдох байгууллагуудад дуудлага өгсөн. ...Баруун гар талыг бариад 10-20 км цагийн хурдтай явж байгаад “Бөмбөгөр” худалдааны төвийн урд уулзвараар баруун тийш эргэтэл гэнэт миний машины урдуур хүн орж ирэнгүүт нь тормозоо гишгээд урдах хүнээ мөргөж зогссон. Тэгээд машинаасаа гарч нөгөө хүн дээр очтол миний машинд мөргүүлсэн хүн гадаад эмэгтэй хүн байсан. Дараа нь би тэр хүнийг замаас татаж босгоод замын хашлага дээр суулгаад түргэн, цагдаад дуудлага өгсөн” гэж 2 өөрөөр мэдүүлэг өгсөн байдалд анхаарал хандуулсангүй. Уг мэдүүлэгт шүүгдэгч нь өөрийн үйлдлийг нотлох үүрэггүй ч болсон үйл баримтыг зориуд гуйвуулан, өөрийгөө буруугүй, жолоочоос хамааралгүй хүчин зүйлсийн улмаас зам тээврийн осол гарсан, жолооч шаардлагатай арга хэмжээ тормоз гишгэж зогссон гэж нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа байдлыг мэдүүлсэн. Энэ нь Ч.А  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй байгааг харуулж байгаа юм. Мөн хохирогч эмэгтэйтээ ярилцаж түргэн тусламж дуудсан гэж хэлж байгаа хохирогч мэдүүлэгтээ ухаан алдсан байсан талаараа хэлсэн, Ч.А  нь гадаад хүнтэй хэл ойлголцсон байх боломжгүй буюу гадаадаар ярьдаггүй.

Нотлох баримт болох камерын бичлэгт Ч.А  нь хохирогч эмэгтэй автомашинаас холдохыг оролдсон хөдөлгөөн эхлэх үед хурд нь нэмэгдэж очиж мөргөөд, улмаар автомашины копутан дээр хохирогчийг дайрсан чигээрээ мөргөж, улмаар замын эсрэг урсгал руу хохирогч шидэгдэж автомашин зогссон байдаг. Хэргийн газрын үзлэгт тормозны мөр, жолооч самбаачлан автомашиныг зогсоосон талаарх нэг ч үйл баримт байхгүй байгааг анхааран хэргийн шийдвэрт харгалзан үзэх ёстой.

Мөн бичлэгт авто замын зорчих хэсэг нь зүүн чиг рүү нэг эгнээтэй буюу Ч.А саад учруулах ямар хөдөлгөөний нягтрал байхгүй, түүний хэлсэн баруун эргэхдээ баруун эгнээнд явж байсан гэдэг нь бас л орчныг буруугаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдсөн мэт ярьсан байсан. Шүүгч Б.Мөнхбаяр нь нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно гэж тодорхойлсон атлаа хохирогчоос гаргаж өгсөн ямар баримтыг энэ тодорхойлолтдоо багтаасан нь ойлгомжгүй.

“Шүүгдэгчид ял оногдуулахдаа прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв” гэж байгаа ч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хүнд 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр ял оногдуулж байгаа нь үнэхээр ял завшуулж байгаа үйлдэл юм.

Учир нь, хуульд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульчилсан байхад яагаад эдгээр ялаас энэ хэмжээнд сонгож ял оногдуулаагүй талаар дурдаагүй байж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн хэсэгтэйгээ зөрчилдөж байна.

Дараагийн маш том хууль зөрчсөн үйлдэл бол хохирогчийн хохирол, гэм хорын нөхөн төлбөрөө гаргуулах эрхийг шийтгэх тогтоолоороо шууд хааж хязгаарласан үйлдэл юм. Хэрвээ шүүгч нэхэмжилж буй мөнгөн төлбөрийн баримтуудаас орчуулаагүй, үсчний газар, гэр цэвэрлэгээний газруудаар үйлчлүүлэхгүйгээр яваад байж болно гэж нотлох баримтаар үнэлэхгүй байгаа бол эдгээр нотлох баримтыг бүрдэл хангагдах эсэхийг үргэлжлүүлэн нягталдаг, хохирогч нэхэмжлэл гарган иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх ёстой байсан. Гэвч шүүгч өөрт нь гараа хугалуулсан, хүний нутагт таньж мэдэх хүнгүй, бодитой шаардлагын үндсэн дээр бусдаас төлбөртэй үйлчилгээ авсан гээд баримтаа гаргаж өгч байхад өөрөө хажууд нь хараад зогсож байсан мэт “энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна” гэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Хохирогч оёдлын дамжаанд сурсан, гэрийн үйлчлэгч, үсчинд, орчуулагчид төлсөн төлбөр нь энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна, мөн Тайланд улсад очиж эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай байсан талаар ямар нэг баримт байхгүй гэжээ. Гэтэл хэрэгт өгсөн баримт нь Тайланд улсын эмнэлгийн эмчилгээ хийсэн баримт байгаа. Энэ эмчилгээг хийлгэсэн хугацаанд замын зардлын төлбөрөө төлсөн баримтууд нь байгаа. Хохирогч өөрийн эрүүл мэнддээ анхаарч Тайланд руу эмчилгээ хийлгэснийг шаардлагатай эмчилгээ мөн гэдэг нь тодорхойгүй гэж дүгнэж байгаа нь өөрөө эмчлэгч эмч мэт дүгнэсэн шийдвэр болсон. Сайн харвал энэ эмчилгээний онош, хохирогчийн биед хийгдсэн эмчилгээ гэмтлийн, шинжээч эмчийн оноштой уялдаатай байгааг ойлгох болно. Энэ байдлыг шүүгч өөрөө биш хуульд заасан зохицуулалтыг удирдлага болгож, нотлох баримтыг шаардлагатай бол нэмж шалгуулж шийдвэрлэх байсан.

Шүүгч энэ шийтгэх тогтоолдоо үнэхээр хайнга хандсан нь түүний 4 нүүрэнд “онгоцны 2 талын зардалд 1,715,700 төгрөг” гэж бичжээ. Хохирогч ийм мөнгөн дүнтэй баримт гаргаж өгөөгүй, энэ бичигдсэнийг бид ямар баримтыг талаар дүгнэж байгааг ойлгохгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй 6,237,078 төгрөгөөс 5,669,178 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн нь мөн л ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. “Хохирогчоос гаргаж өгсөн нэхэмжлэх болон төлбөрийн баримтууд давхардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгов” гэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн шийдвэр нь үндэслэлтэй, ойлгомжтой байх шаардлагыг, мөн хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгах талаар хуульчилсан байгааг илт зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, гэмт хэргийн хохиролд хор уршигт тооцох шинж байдлыг хуульчилсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэж заасан байгаатай энэ шийтгэх тогтоолын хэлбэр, агуулга, ач холбогдол нь бүхэлдээ зөрчилдөж байна.

Шүүгдэгч Ч.А ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж шүүгч дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр бага ял оногдуулсан. Шүүхийн тогтоолд хохирогч талаас гомдол гаргах эрхийг огт тусгаагүй хууль зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохирогч Сильвия Грендиенед учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг Ч.А оос нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.А ын өмгөөлөгч Н.Санчирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.А  мөрдөн шалгах ажиллагаанд болон гэрчийн мэдүүлэг, бэхжүүлэгдсэн камерын бичлэгийн хүрээнд өөрийнхөө болон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлсэн. Анх осол болсон тэр даруйд өөрийн гар утаснаас залгаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгч, анхан шатны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Интермед” эмнэлгүүдэд очиж зургийг авахуулж, тухайн үед өөрөө хамт яван хохирогчид тусалж, төлбөр тооцоог хийж байсныг үзвэл тухайн үйлдэлдээ гэмшиж ухамсарлаж байгаа нь харагддаг. Эдгээр нь нотлох баримтын шаардлага хангаж тухайн хавтас хэрэгт авагдсан.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо “ажилгүй хүнд торгох ял оногдуулсан нь хууль зөрчсөн” гэж байна. Шүүгдэгч Ч.А  нь компанид борлуулалтын менежер хийдэг, 600,000 төгрөгийн цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх лавлагаа хавтас хэрэгт авагдсан. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргээр ажил хийдэг болох нь нотлогддог. Анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсан учраас “ажил хийдэггүй” гэж мэдүүлсэн. Энэ асуудлаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт биеийн байцаалтаа залруулж, ажилтай гэдгээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Тийм учраас эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилтай гэдэг үүднээс анхан шатны шүүхийн шийдвэр тухайн шийдвэрийг гаргах болсон гэж үзэж байна. Хохирогч Сильвия Грендиене нь гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан. Тухайн үед нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ бүх эмчилгээний бүх зардлуудыг шүүгдэгч Ч.А  нь хамт явж төлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн шаардлага хангасан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Ч.А  нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 55-10 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Сильвия Грендиенег мөргөж, түүний эрүүл мэндэд нь “...зүүн дээд зовхи, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун зүүн шилбэний гадна ба дотор дээд хэсэгт цус хуралтууд, зүүн шуу ясны доод булууны далд хугарал...” гэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

хохирогч Сильвия Грендиенегийн “...өглөө 10 цаг 00 минутын үед би “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талын замын зүүн талаас баруун тал руу зам хөндлөн гарч байтал хойд талын төв замаар нэг автомашин баруун гар тийш эргэж орж ирэнгүүтээ намайг мөргөснөөс болж би газар шидэгдэж унасан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч байсан. Миний зам хөндлөн гарч байсан замд ямар ч машины хөдөлгөөн байхгүй, зам чөлөөтэй, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж, зам дээр халтиргаа гулгаа байхгүй, гадаа цаг агаар тогтуун сайхан байсан. ...” /хх 13-14/ гэх,

шүүгдэгч Ч.А ын “...“Бөмбөгөр” худалдааны төвийн урд замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад 10-20 км цагийн хурдтай явж байгаад Бөмбөгөр худалдааны төвийн урд талын уулзвараар баруун эргэтэл гэнэт миний машины урдуур хүн орж ирэнгүүт нь тоормозоо гишгээд урдах хүнээ мөргөж зогссон. ...” /хх 45, 73-74/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14254 дугаартай “...Сильвия Грендиенегийн биед зүүн дээд зовхи, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун зүүн шилбэний гадна ба дотор дээд хэсэгт цус хуралтууд, зүүн шуу ясны доод булууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 50-51/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6 дугаартай “...Тоёота Приус маркийн 55-10 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.А  нь Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүн гарц нэвтрэх”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Литва улсын иргэн Сильвия Грендиене нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх 55/ гэх дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.А ын замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баттуяа “...учирсан хохирлыг нөхөн төлөөгүй хүнд торгох ялыг оногдуулж ял завшууллаа, хохирогч Сильвия Грендиенед учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг Ч.А оос нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 450 нэгжээс 5400 нэгжээр торгох, эсхүл 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс Ч.А 700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсан нь тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд нийцэж байх төдийгүй Ч.А ын гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн  нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт үйлдсэн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Хохирогч С.Грендиене нь хохирлын төлбөрт 6,37,078 төгрөгийг /хх 18/ Ч.А оос нэхэмжилжээ. Үүнээс:

Эм тариа 189,000 төгрөг, гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэг, эмчилгээ, шинжилгээ, анхны тусламж, компьютер томографи, зөвлөгөөний төлбөр 601397 төгрөг, физик эмчилгээний зардал 515,000 төгрөгийг баримтаа гарган /хх 19-23 36-40/ нэхэмжилсэн байх ба эдгээр баримтаас данснаас гүйлгээ хийж гаргасан 225,000 төгрөг, 20000 төгрөг /хх19/, 46,000 төгрөг /хх 36/-ийн баримтыг Ч.А оос гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь, уг банкны данснаас гаргуулан авсан мөнгөөр эмчилгээ, үйлчилгээний төлбөр төлсөн эсэх, чухам ямар зүйлд зарцуулсан учраас нэхэмжлэх болсон  зэрэг нь тодорхой бус байна. Иймд тус нэхэмжлэлээс дансны гүйлгээг нотолсон 291,000 төгрөгийн нэхэмжлэлийг хасаж тооцоход, 1,014,397 төгрөг болж байх ба энэ нь Ч.А ын хохирогчид төлсөн 1,220,030 төгрөгөөс илүү гарахгүй байх тул шийтгэх тогтоолоор Ч.А оос төлбөр гаргуулж шийдээгүй нь үндэслэл бүхий байна.

 

Харин хохирогчийн оёдлын дамжаа 600,000 төгрөг, гэрийн үйлчлэгч 800,000 төгрөг, үсчин 360,000 төгрөг, орчуулга 1,000,000 төгрөг, хими цэвэрлэгээ 34,000 төгрөг, Тайландын олон улсын эмнэлэгт үзүүлсэн оношилгоо, эмчилгээ 610,792 төгрөг, онгоцны билетний үнэ 1,715,700 төгрөг /хх 18/ зэргийг нэхэмжилснийг анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй гэж үзэж шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдах бөгөөд хохирогч нотлох баримтаа бүрэн бүрдүүлээгүй, дутуу байгаа нь тодорхой байхад шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдалд хүргэжээ.

Иймд энэхүү эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлээгүй хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич нотлох баримтаа гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч С.Грендиенегийн дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг болон шүүх хохирогчийн гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байгаа тул  Ч.А ыг бусдад төлөх төлбөргүй гэснийг өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Сильвия Грендиене, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Баттуяа нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 6,237,078 төгрөгөөс 5,669,178 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.А  хохирогч Сильвия Грендиенед 1,220,030 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай...” гэснийг “...Хохирогч Сильвия Грендиенегийн энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй хохирлоо жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ч.А  нь хохирогч Сильвия Грендиенед 1,220,030 төгрөг төлсөн болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч С.Грендиенегийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ