Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/720

 

   Ц  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Көнкөр овогт Доржпаламын Бд холбогдох эрүүгийн 2211 00705 1346 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Көнкөр овогт Доржпаламын Б /РД: ./

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 8-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди” худалдааны төвийн зүүн талын зам дээр “гар утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хохирогч Б.Цогбадрахыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Самсунг А-72” загварын гар утсыг залилан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Б нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди” худалдааны төвийн зүүн талын зам дээр “гар утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хохирогч Б.Цогбадрахыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Самсунг А-72” загварын гар утсыг залилан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч Б.Цогбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Д.Б гэх хүүхдийг 2020 оноос хойш таньдаг болсон бөгөөд анх таксинд явж байгаад танилцсан. Түүнээс хойш хааяа такси барих хэрэг гарахаараа намайг дууддаг. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчим над руу ярихдаа Тэнгис кино театрын ойролцоо байна та хүргээд өгөөч гэж ярьсан. Би таксинд явж байгаад 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын буудал дээрээс очиж авахад хоёулаа байсан. Би Бг найзтай нь хамт аваад Тэнгис кинотеатрын урд талд байдаг “Тэди” худалдааны төвийн эсрэг талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь ирж зогссон. Бгийн хамт явж байсан найз нь түрүүлээд гэр лүүгээ орлоо гээд буугаад явсан. “...найзыгаа буулгачхаад миний гар утсаар ярьчхаад буцаагаад өгье гээд буцааж өгөөгүй. ... би индүүгээ ороод аваад ирье гээд миний гар утсаар яриад буусан. Тэгээд 20-30 минут хүлээж байгаад хүний утас гуйгаад өөрийн 88852332 дугаар луу залгахад миний гар утас унтарсан байсан. ...Би гар утсаа хаана ломбардад тавьсныг нь мэдээд өөрөө 500,000 төгрөгөөр нь буцааж авсан...” /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,

Гэрч Г.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б гэх эмэгтэй нь миний гар утас байгаа юм гэдгийг сонсоод 500,000 төгрөгөөр гар утсыг нь барьцаанд авч үлдсэн. Тэгээд байж байтал цагдаагийн байгууллагаас яриад ямар хүн гар утас ломбардад тавьсан талаар тодруулахад нь хулгайн утас байсныг мэдсэн... Б гэх эмэгтэйн 500,000 төгрөгт барьцаанд тавьсан гар утсыг Б.Цогбадрах гэх хүнээс 500,000 төгрөгийг авч утсыг нь өгч явуулсан...” /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 622/3508 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би тухайн Б.Цогбадрах гэх хүний гар утсыг нь 500,000 төгрөгөөр ломбардад тавьсан байсан бөгөөд тухайн мөнгөөр нь өөртөө ойр зуурын юм аваад үрж дуусгасан. Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гар утасны 500,000 төгрөгийг буцаагаад өгсөн байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахиж ийм үйлдэл гаргахгүй...” /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

 Барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 38 дугаар тал/

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлсөн, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Цогбадрах хохирол төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 64-р тал/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Көнкөр овогт Доржпаламын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                  П.АРИУНБОЛД