Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/725

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батсүрэнгийн Ад холбогдох эрүүгийн 2209 01517 1375 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Батсүрэнгийн А /./,

Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3-278 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ийн тойргийн замаар урд зүгт чиглэн ногоон өнгийн “DSH20051187” арлын дугаартай унадаг дугуйгаар зорчиж байхдаа явган хүний гарцаар гарч байсан иргэн Д.Алтанцэцэгийг дайрч унагаж биед нь “гавлын дагз яс, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, эрүү, зүүн чихний ар хөхлөг орчим, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, хэвлийд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 631 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ийн тойргийн замаар урд зүгт чиглэн ногоон өнгийн “DSH20051187” арлын дугаартай унадаг дугуйгаар зорчиж байхдаа явган хүний гарцаар гарч байсан иргэн Д.Алтанцэцэгийг дайрч унагаж биед нь “гавлын дагз яс, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, эрүү, зүүн чихний ар хөхлөг орчим, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, хэвлийд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа явах гээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 16-685 тоот гэрээс гараад, 5 буудлаас 32-ийн тойргийн автобусны буудал орох гээд ямар ч хамаагүй автобусанд суугаад, 32-ийн тойргийн автобусны буудалд буугаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад машинууд дундаас хоёрдугаар эгнээнээс нэг дугуйтай хүн гарч ирэхээр нь би сандарсандаа зээ охиныгоо түлхээд, өөрөө дайруулаад ухаангүй байдалтай болсон тэгээд тухайн өдрөөс хойш эмчилгээнд ороод 29-ний өдөр эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн...” гэх /хавтаст хэргийн 48-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан №7783 дугаартай дүгнэлтэд:

Д.Алтанцэцэгийн биед гавлын дагз яс, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, эрүү, зүүн чихний ар хөхлөг орчим, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 18-20-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №1944 дугаартай дүгнэлтэд

“...шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн DSH20051187 арлын дугаартай унадаг дугуй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” гэх /хавтаст хэргийн 26-27-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10-р тал/,

Шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50-р тал/

Шүүгдэгч Б.А мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруугаа хүлээж байна. Тухайн хүнийг зам хөндлөн гарч байхад нь мөргөж унагасан...” гэх /хавтаст хэргийн 69-р тал/,   

шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Аыг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах  ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Иймд шүүхээс прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Д.Алтанцэцэг нь хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 4,229,460 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овгийн Батсүрэнгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Батсүрэнгийн Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Б.Аыг чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            П.АРИУНБОЛД