Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2018/01316/И |
Дугаар | 2283 |
Огноо | 2018-09-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2283
2018 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 184/ШШ2018/02283
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х. Банк
Хариуцагч: Н.Н холбогдох
Хууль бус эзэмшлээс банкны өмчлөлийн эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Х банк " ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагвадорж, Х.Тэмүүжин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банк” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.Нтой Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нөхцөл тохирох гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших 6 дугаар хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байрны 104 тоот хаягт байршилтай орон сууцыг авахаар тохирсон. “Х банк” ХХК нь уг 61,18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ү-2201042108 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Гэтэл Н.Н нь нөхцөл тохирох гэрээний 2.1, 4.2.1, 4.2.7-д тус тус заасан үүргээ биелүүлэхгүй, өмнөх өмчлөгч түлхүүрийг банкинд хүлээлгэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл уг орон сууцыг өмчлөгчийн хувьд эзэмшилдээ авч чадахгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу “Х банк” ХХК нь өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. “Х банк” ХХК-иас удаа дараа уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч Н.Н нь явдаг газраараа явж хөрөнгөө ав, суллаж өгж чадахгүй гэх хариу тайлбарыг өгдөг. Иймд Н.Ноос хууль бус эзэмшлээс “Х банк” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, бодитоор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Худалдах худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож хийсэн гэрээ байгаа. Нөхцөл тохирох гэрээгээр тухайн байрыг мөнгөө төлснөөр байрыг эргүүлээд шилжүүлж авах нөхцөлтэй гэрээ болохоос худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлээд авсан асуудал байхгүй. Өөрт нь тайлбарлаж өгөөд хүчээр байгуулсан зүйл байхгүй. Дансны хуулгаар мөнгө орсон гэдэг нь харагдана. Халхавчлах зорилгоор гэрээ байгуулагдаагүй. Банкны тухай хуулийн 7.1-т зааснаар банк санхүүгийн байгууллага нь зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авч болно. Нягтлан бодох бүртгэлийн дагуу тайландаа тусгаж тухайн эд хөрөнгийг зарж зээлийг хаадаг жишиг банкны салбарт хэрэгжиж байна. “Монгол цавуу” ХХК-ийн зээлийн төлбөрүүдийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа гэв.
Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрээс харахад хариуцагчаар иргэн Н.Нийг татсан байгаа, харин тэмдэгтийн хураамжийг “Монгол цавуу” ХХК-иар төлсөн байгааг шүүх харгалзаж үзэхийг хүсэж байна. Иргэн Н.Н “Монгол цавуу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тэр компаниараа “Х банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийнхээ барьцаанд байраа тавьсан байдаг. Энэ хугацаанд зээлээ төлөх нөхцөл байдал хомс байсан. Тухайн үед нөхцөл тохирох гэрээг байгуулан. 77.214.268 төгрөгийг 3, 4 сарын хугацаанд төлөх нөхцөл тохироод гэрээ байгуулсан байдаг. Тэр хугацаанд төлөөгүй учраас үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. 2018 оны 12 дугаар сард график хугацаагаараа төлөөд дуусах ёстой байсан. 5, 6 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байдаг. 5 сарын хугацаанд төлөөгүй байхад худалдах худалдан авах гэрээгээр халхавчлаад уг байрыг авсан гэж үзээд байгаа юм. Нөхцөл тохирох гэрээ гэдэг нь нэрлэгдээгүй гэрээ байх зохицуулж байгаа зүйл нь 6 сарын хугацаанд 77.214.268 төгрөгийг төл гэдэг нөхцөлтэй. 6 сарын хугацаанд төлөх боломжгүй байна гээд албан бичгээр хүсэлт гаргасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдаас мөнгө хүлээж авснаар хүчин төгөлдөр болдог. Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнд харилцагчийн 5001758514 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Гэсэн боловч “Монгол цавуу” ХХК-ийн данснаас хаачихсан байгаа. Энэ дансанд ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Нөхцөл тохирох гэрээний дагуу л шилжүүлээд өгчихсөн байдаг. Банкны хуулинд заасны дагуу төлбөр төлөх чадваргүй гэж үзээд нөхцөл тохирох гэрээг байгуулаад 6 сарын төлбөр төлөөгүй үндэслэлээр байрыг худалдах худалдан авах гэрээгээр халхавчлаад авчихсан байгаа нөхцөл байдлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн графикийн хугацаа дуусаагүй байхад худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлаад байрыг авчихсан байгаа. Худалдах худалдан авах гэрээ, нөхцөл тохирох гэрээг хоёуланг нь нэг өдөр байгуулсан байдаг. Энэ хүний тохирсон данс руу мөнгө орсон зүйл байхгүй байгаа. Худалдах худалдан авах гэрээгээр тохирсон зүйл ондоо байгаа. Банкны тухай хуулийн 7.1-т зааснаар шилжүүлж авч болно, гэхдээ тэр хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа. Хуулийн дагуу явагдаагүй учраас маргаад байгаа юм. Барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавиад, худалдах худалдах авах гэрээг ойлгоод, нөхцөл тохирох гэрээг ойлгоогүй дараа нь хуульчаас тодруулж мэдчихээд маргаад байгаа юм. Хугацаа нь болоогүй байхад л гэрээ байгуулаад авчихсан байгаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан 10 нөхцөл байдлыг тогтоох эсэх нь шүүхэд байгаа. Нөхцөл тохирох гэрээ гэдэг нь худалдах худалдан авах гэрээнээс илүү зүйл харагдаад байна. Би зээлийн үр шимийг хүртэх хүртэл зээлийн төлөлтийг царцаах зорилготой байсан гээд байгаа тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х Н Ь:
Нэхэмжлэгч "Х банк" ХХК нь хариуцагч Н.Нийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч "Х банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Монгол цавуу” ХХК-иас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон нөхцөл тохирох гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байрны 104 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авахаар тохирч “Х банк” ХХК нь уг орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, Ү-2201042108 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан боловч Н.Н нөхцөл тохирох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өмчлөгч эзэмшилдээ тус орон сууцыг авч чадахгүй байгаа тул тус орон сууцыг хууль бус эзэмшлээс шаардаж байна. Тус гэрээнүүдийг харилцан тохиролцож сайн дураар байгуулсан, 77.214.268,50 төгрөгийг төлснөөр байрыг эргүүлээд шилжүүлж авах нөхцөлтэй гэрээ боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж марган мэтгэлцдэг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Нийг хариуцагчаар татсан атал улсын тэмдэгтийн хураамжийг “Монгол цавуу” ХХК гэж төлсөн, иргэн Н.Н бол “Монгол цавуу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Х банк” ХХК-тай “Монгол цавуу” ХХК зээлийн гэрээ байгуулсан, зээлдэгч “Монгол цавуу” ХХК нь 2018 оны 5 дугаар сард графикт хугацаагаараа зээлээ төлөөд дуусах ёстой байсан атал 5, 6 сарын хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй гэх үндэслэлээр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон нөхцөл тохирох гэрээг байгуулаад өмчлөх эрхийг улсын бүртгэлд зээлдүүлэгч “Х банк” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн нь зээлийн гэрээг худалдах худалдан авах гэрээгээр халхавчилж өмчлөх эрхийг зөрчсөн, худалдах худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй худалдагч “Монгол цавуу” ХХК-ийн 5001758514 тоот дансанд “Х банк” ХХК нь 77.214.268 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч төлөөгүй “Монгол цавуу” ХХК-ийн данснаас зээлийг хаасан нь өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Гэсэн хэдий боловч хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
"Х банк" ХХК болон “Монгол цавуу” ХХК нар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцож харилцагч “Монгол цавуу” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Х банк” ХХК-тай байгуулсан 1160031965 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн 77.214.268,50 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлбөрийг “Монгол цавуу” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “Х банк” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар ингэхдээ “Монгол цавуу” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 дугаар байрны 104 тоот хаягт байршилтай 61,18 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийг “Х банк” ХХК-д шилжүүлэн өгч, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлснөөр тус өмчлөлийн орон сууцыг “Монгол цавуу” ХХК буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулжээ./ХХ-ийн11-13 дугаар хуудас/
Уг нөхцөл тохирох гэрээнээс гадна мөн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр "Х банк" ХХК болон хариуцагч “Монгол цавуу” ХХК нар тус биет болон эрхийн доголдолгүй орон сууцны үнийг 77.214.268,50 төгрөг байхаар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ худалдан авагч “Х банк” ХХК-ийн нэр дээр гарсны дараа худалдан авагч төлбөрийг худалдагчийн санал болгосон “Х банкин дахь 5001758514 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна./ХХ-ийн 9-10 дугаар хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрөн маргадаг тул шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт шаардан бүрдүүлэхэд маргаан бүхий орон сууц буюу 104 тоотод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Н.Н, эхнэр Э.Ундрах, хүү Н. Баянжаргал, хүү Н.Буянхишиг нарын хамт амьдран суудаг гэдэг боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга С.Отус хаягт Н.Н бүртгэлгүй боловч амьдардаг талаар тодорхойлолт ирүүлжээ./ХХ-ийн 40-41, 154 дүгээр хуудас/
Өөрөөр хэлбэл тус орон сууцыг одоогоор Н.Ноос гадна эхнэр Э.Ундрах, хүү Н. Баянжаргал, хүү Н.Буянхишиг болон “Монгол цавуу” ХХК нар түүнчлэн өөр хэн нэгэн эзэмшиж ашиглаж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгч эдгээр этгээдүүдийг хамтран хариуцагчаар татаагүй, хууль бусаар эзэмшиж байгаа этгээдүүдийг нотлоогүй.
Тус маргаж буй орон сууцны өмчлөх эрх “Х банк” ХХК-д шилжихээс өмнө 2016 оны байдлаар “Х банк” ХХК нь “Монгол цавуу” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1160031965 дугаартай зээлийн болон 1160031965-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулж “Х банк” ХХК нь 70.000.000 төгрөгийг жилийн 28,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэж зээлдүүлэн, зээлийн гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б дүгээр байрны 11 тоот хаягт байршилтай 59,92 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн Ү-2201045874 дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран/13301/, Улаанхурангийн гудамж 63 дугаар байрны 167 тоот хаягт байршилтай 53,12 метр квадрат талбайтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн Ү-2204076062 дугаарт бүртгэлтэй орон сууцыг тус тус барьцаанд бариулсан байдаг./ХХ-ийн 54-72 дугаар хуудас/
Мөн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэх огноотой боловч хэзээ байгуулсан нь тодорхойгүй 2016 оны 1160031965 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд дээрх зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э.Ундрахыг нэмж бичсэн байдалтай, мөн ижил огноо дугаартай “Батлан даалтын гэрээ” гэрээнд “Х банк” ХХК нь “Монгол цавуу” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг Н.Н бүрэн биелүүлж чадахыг батлан даасан талаар баримт хэрэгт авагдсан байдаг./ХХ-ийн 73-75 дугаар хуудас/
Маргаан бүхий орон сууцыг анх нь “Монгол цавуу” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тэсо констракшн” ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр захиалан бариулж, тус гэрээ болон төлбөр тооцоо дууссан албан бичиг бусад баримтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042108 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000410729 тоот гэрчилгээг олгосон байна. Үүний дараагаар “Монгол цавуу” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Сонгинохайрхан дүүргийн 324 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ хуулийн этгээд “Х банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна./ХХ-ийн 83, 90-147 дугаар хуудас/
Дээрх үйл баримтаас үзвэл “Х банк” ХХК болон “Монгол цавуу” ХХК нар 2016 оноос хороондоо зээл, барьцааны болон бусад гэрээний үүргийн харилцаатай байсан болох нь тогтоогдож байна. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эцсийн үлдэгдэл 148.897.293,17 төгрөг болсон байдаг./ХХ-ийн 82 дугаар хуудас/
Харин “Монгол цавуу” ХХК нь 2013 онд байгуулагдсан 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Н.Н болох нь тогтоогддог./ХХ-ийн 85 дугаар хуудас/
Дээрх үйл баримтуудаас үзвэл маргаж буй орон сууц өмчлөх эрх нөхцөл тохирох болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр “Х банк” ХХК-д шилжсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлж, худалдан авагч үнийг төлөх үүрэг хүлээхээр заасан байх боловч маргаан бүхий орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар худалдан авагч “Х банк” ХХК-д шилжүүлэн өгөөгүй, худалдагч “Монгол цавуу” ХХК үнийг хүлээн аваагүй, үнэ төлөх үүргийг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг түр зогсоосон агуулгатай хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл “Монгол цавуу” ХХК болон “Х банк” ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан худалдах худалдан авах гэрээний бодит агуулга хүсэл зоригийг илэрхийлээгүй, зээлийн гэрээний үүргийг халхавчлан хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах, уг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй боловч орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус ба нэхэмжлэгч “Х банк” ХХК нь өмчлөх эрхийг хуульд заасан арга хэрэгсэл болон шудрагаар олж аваагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол цавуу” ХХК-иас бус иргэн Н.Нийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг шаардсан нь үндэслэлгүй гэх татгалзал үндэслэлтэй байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Монгол цавуу” ХХК нь “Х банк” ХХК-д шилжүүлж өгсөн, “Х банк” ХХК нь “Монгол цавуу” гэх хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцсон байх атал “Монгол цавуу” ХХК-ийн өмнө хүлээх хариуцлагыг бүхэлд нь Н.Н нөхөн хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн этгээд хэн болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар маргаж буй орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн “Х банк” ХХК-ийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дах хэсгүүдэд зааснаар “Х банк” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байрны 104 тоот орон сууцыг Н.Нийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас 473.821 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “Х банк” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байрны 104 тоот орон сууцыг Н.Нийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас 473.821 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА